ЧИНГИС ХААНЫ МЕНЕЖМЕНТИЙН УХААН БУЮУ БАЙГУУЛЛАГА ХАМТ ОЛНОО ХЭРХЭН БАЙЛДАН ДАГУУЛАХ ТУХАЙД
8 жил, 11 сар өмнө

Зураг. Зураач Р.Батцэнгэлийн Монголын Нууц Товчоо түгээмэл эх-ээс

(Чингэс хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулав)

Америкийн “Вашингтон Пост” сонин 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартаа өнгөрсөн мянганы хүнээр (Мянган жилийн хамгийн алдарт хүн) Чингис хааныг тодруулж "Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг лүндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө... Тэр /Чингис хаан. Б. Л./ болон түүний залгамжлагчид Европ-Ази тивийг хамарсан чөлөөт худапдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, дорно-өрний соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно... Тэд Интepнeт бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр /Чингис хаан Б. Л./ хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн..." хэмээн түүнийг үнэлэн дүгнэсэн байдаг. (The Washington PostDecember 31, 1995, Joel Achenbach)Browse back issues of this publication by date

Үнэндээ Монголчуудын нэрийг дэлхийн тавцанд ингэж гаргасан хүн бол Чингэс хаан бөгөөд түүний удирдагчийн шинж чанарууд, удирдах ур чадвар, арга барил ньудирдахуйн ухааны судалгааны зүйл болж гадаадын эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Сүүлийн үед Нэгдсэн вант улсын (Английн) Лийдс хотын Бизнесийн сургуулийн профессор Mick Yates нэг сонирхолтой судалгаа дүгнэлтийг гаргасан байдаг. Түүний Чингис хааны манлайллын 4Е хүрээ (4E’s leadership framework) онол арга зүй нь удирдахуйн ухааны хувьд шинэ зүйл болсон бөгөөд одоо энэ арга зүйгээ практикт ашиглаж, бас менежерүүдэд зөвлөгөө өгдөг байна. (www.leader-value.com)

Миний хувьд Чингис хаанд удирдагчийн ямар гол шинж чанарууд ялгаран гарч байгаа болон эдгээр нь түүний амжилтанд хэрхэн нөлөөлсөн гэдгийг судлахыг хичээсэн юм.

Удирдагчийн хувийн шинж чанарын талаар олон эрдэмтдийн хийсэн судалгаа, тодорхойлолтууд байдаг бөгөөд энэ нь ерөнхийдөө удирдагч хүний удирдагч бус хүнээс ялгарч түүгээрээ бусдыг дагуулах, нөлөөлөх, амжилт олоход тусалдаг хувийн онцгой шинжүүдийн цогцыг хэлдэг байна. Олон эрдэмтэд удирдагчийн хувийн шинж чанарыг төрөлхийн гаралтай ба орчин тойрны хүчин зүйлээс үүсдэг, энэ 2 нь салшгүй зүйл гэж үздэг байна (Ilies, R., Arvey, R. D., & Bouchard, T. J. (2006). Darwinism, behavioral genetics, and organizational behavior, A review and agenda for future research. Journal ofOrganizational Behavior, 27(2), pp.121-141.).

Америкийн “Уолл стрит” сэтгүүлийн Gallup – ын судалгаагаар 282 том хэмжээний корпорацийн 782 топ менежерээс авсан “Удирдагчийн амжилт олох хамгийн чухал шинж чанарууд (traits) юу вэ?” гэдэг судалгааны дүнгээр хамгийн чухал 3 шинжэд голч шударга чанар (integrity), ажилсаг шургуу чанар (industriousness), хүмүүстэй нийцтэй чанар (ability to get along with people) орсон байдаг. (Wall Street Journal, November 14, 1980, p. 33)

Голч шударга чанар гэдэгт өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байх, яриа ба үйл ажиллагаандаа тууштай туйлбартай байх болон захирагдагсдаасаа хүсч байгаа сайн чанаруудыг өөрөө гаргаж харуулах чадварууд (Жишээ нь, захирагдагсадаа үнэнч шударга байлгахын тулд өөрөө үйлдэл, үйл хэргээрээ шударга байх) (Leadership skills, 2010, bookboon.com, p. 15) ордог байна. Тэгвэл Тэмүжин сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй байх үед ирж нийлсэн Боорчи, Зэлмэ хоёроос эхлэн төр улсыг байгуулахад гавъяа байгуулсан нөхдөө хийсэн гавъяаг нь марталгүй, ард язгууртан гэж ялгалгүй (жишээ дурдахад Зэлмэ бол Тэмүжиний зарц байсан) мянгат, түмтийн ноёдоор томилж, зарим хүмүүст дархан цол олгож, янз бүрийн хэлбэрээр гүйцэтгэсэн үйл хэргийг нь шударгаар үнэлдэг хүн байжээ.

Тэмүжиний шударга шулуун зан багаасаа тодорч, дээрэлхүү түрэмгий занг тэвчиж чаддаггүй байсан тул нөгөө эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёрын дээрэнхүй, дээрмийн үйлдэл дахин дахин давтагдах болмогц дүү Хасартай “Ийм бол эдэнтэй яаж хамт амьдарч чадна” гэж ярилцаад Бэгтэрийг 2 талаас нь харван алсан байдаг. Үүний дараа эдний гэр бүлд дахин хэрүүл гарсангүй, үлдсэн Бэлгүтэйг насан туршдаа өөрийн төрсөн дүү шигээ хайрлаж зовлон жаргалаа хуваалцаж ирсэн байдаг билээ.

Ер нь Тэмүжин багаасаа өөрөө зовж ядарч явсан хүний хувьд хүмүүсийг их бага, дээд доод гэж ялгалгүй адил тэгш шударга харьцдаг байсан ба тэдний зовлон жаргалыг мэдэрч найз нөхөр мэт харьцаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхнийг хүртэл харж хамгаалдаг байсан тул олон сайн хүлэг баатар, нөхөдтэй болж тэд нар нь үхэхээс буцахгүй дайн байлдаанд ордог байсны нэг жишээ бол Ван хан, Жамуха хоёртой байлдахад Мангудын Хуйлдар сэцэн дайсны өөдөөс бусдын манлай болж явах саналыг өөрөө гаргаж “Тэмүжин андын өмнөөс би байлдъя. Миний хойно хоцорсон өнчин хөвүүдийг асрахыг Тэмүжин анд мэдтүгэй” гэж өөрийн амийг үл хайрлан байлдаанд манлайлан орж шархадсан байдаг.

Чингис хаан дайснуудаа хүртэл шударга үнэлж нөхөрлөж байсан жишээ олон бий. Тухайлбал Тайчуудтай хийсэн байлдаанд Чингис хааны хүзүүг харваж шархдуулсан Зургаадайг үнэнч бөгөөд нөхөрлөж болох хүн гэж үзэж Зэв гэж нэр өгөн дотны ноёноо болгосон, Тайчуудын Таргудай Хирилтугийг барьж авчрах замдаа эзнээ яаж барьж өгөх вэ хэмээн тавьж суллаад өөрөө ирсэн Ширээт өвгөний хүүхдүүд Алаг, Наяа хоёрыг сүүлд мянганы ноён болгосон байдаг юм.

Чингис хаан байлдааны дараа олсон олзыг шударгаар хувааж тараадаг байсан учир дайны цагт түүний цэргүүд олзонд шунадаггүй хамгийн сахилгатай цэргүүд байдаг байжээ. Дайсан дарагдвал олз болон бүх юм нь биднийх болно шүү дээ гэж цэргүүддээ сургадаг байв. 1211 онд Алтан улсыг дайлаар мордоод ирэхдээ манай цэргүүд эд уурсыг өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа татаж явж байсан байдаг. (МНТ х. 123)

Чингисийн голч шударга зан чанарыг бас нэг харуулдаг зүйл бол хүмүүсийн олз ашиганд шунах, хар амиа бодох, урван тэрслэх, тогтоосон цаазыг зөрчих, худлаа ярих, хэлсэн ам, андгай тангарагаасаа буцах (Өглөө хэлснээ үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичгүүртэй бишүү. Урьд хэлснээ хатуу барьж явбал дээр биш үү МНТ х.120)зэрэг ёс зүйгүй, шударга бус үйлдлүүдийг үзэн яддаг байсан ба ийм явдлыг улс дотроо хойшид гаргуулахгүйн тулд хатуу шийтгэдэг байсан нь түүнийг ямар ёс зүйтэй шударга хүн байсныг тодруулж өгдөг билээ. Тухайлбал эзнээсээ урваж, барьж өгсөн Жамухын 5 хүнийг цаазалсан; Сэнгүмийг элсэн цөлд явган хаяад ирсэн агтач Хөхөчүг цавчин алсан;1202 оны намар татааруудтай байлдах цагт олз ашиганд шунаж байлдаанаас саатан, тогтоосон цаазыг зөрчсөн Алтан, Хучар, Даридай отчигин нарын хаан язгуур угсааг үл харгалзан олзолсон адуу ба юмыг бүрэн хураан авсан; ам тангарагаа зөрчиж ар хударгаар орж ауруг гэрт халдсан жүрхиний Сача бэхи, Тайчу нарыг байлдаж дарсан ба нэгэнтээ нөхөр болж, нөгөө удаадаа өрсөлдөгч дайсан нь болж, Хэрэйд, Найман улсуудын дунд олон жил хутган үймүүлж дайсагнаж байсан Жамухаг өөрийн хүслээр нь хороосон байдаг. Чингис хаан шударга зангийн улмаас заримдаа хатуу мэт санагдах цээрлэлийн аргууд хэрэглэдэг байсан боловч эдгээр нь “эсгий туургатан энх шударга болж”, нэгдсэн Монгол улсыг байгуулах зорилтыг биелүүлэхэд аргагүй авах ёстой, чухал арга хэмжээнүүд байжээ. Үүний хүчинд ч “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтох бололцоо бүрдэж ирсэн байна.

Түүний гаргасан Их Засаг хуулинд өөрөө бөөгийн шашин буюу Тэнгэрийг шүтэх үзэлтэй хэдий ч “бүх шашныг ялгаварлалгүй хүндэтгэх хэрэгтэй” гэж (Ким Жон Рэ, Мянган жилийн түүхт хүн, Монгол ньюс,1999, х 182) заасан байдаг бол “байлдааны талбар дээр шархтанаа хамааралгүй орхиж болохгүй”, “харгис ба элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах хэрэгтэй”, “хүн алагсдыг алмой” (Х. Шагдарын “Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх (XIII зуун)” дэд боть, х. 618, 2000) гэсэн нь шударга энэрэнгүй зан чанарыг нь харуулдаг. Харин энэ хуулинд хулгай хийх, худлаа ярих, завхайрах гэх мэт ёс зүйгүй үйлдлүүдийг хатуу шийтгэхээр тогтоож өгсөн байдаг нь түүний аливаа ёс зүйгүй үйлдлүүдийг жигшин үздэг байсны тодорхой баримт юм. Чингис хааны шударга зан чанарын талаар ШУТИС-ын профессор Х. Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” номондоо “Чингис хаан үнэнч шударга занг хүндэлж, шударга бус, хуурамч занг үзэн яддаг байжээ” (Х. Пүрэвдагва “Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 69), эрдэмтэн Балжинням “Хаан харц 2 нэгэн адил үүрэг, эрхтэй болсон” гэж бичсэн байдаг нь Чингис хааны энэ шинж чанар судлаачдын анхаарлыг аргагүй татдаг болохыг харуулж байна. Италийн жуулчин Монголын түшмэл агсан Марко Поло “Аялалын тэмдэглэл”-дээ “Түүний нийтлэн захирах нь туйлын төв голч бөгөөд найрамдуу, ард иргэн түүнийг хүндлэн хайрлах нь эзэн болсоор шууд “өөрийн эцэг, эх” мэтээр санана.” гэж тэмдэглэсэн байдаг нь Чингэс хааны голч шударга занг ард түмэн хир их хүндлэн хайрлаж биширч байсныг илтгэн үзүүлдэг.

Захирагдагсад удирдагч хүнээс хүсдэг хамгийн гол бөгөөд чухал зүйл болшударга шагнал, шударга шийтгэл байдаг. Хүмүүс үүргээ сайн гүйцэтгэлээ гэж бодвол тохирсон шагнал хүсч байдаг хэдий ч муу гүйцэтгэсэн үедээ ямар ч хатуу шийтгэл хүлээлгэсэн гомддоггүй. Чингис хаан, хаан цол өргөмжлөгдөөд шинэ Монгол улсын зохион байгуулалтыг хийхдээ улс төрийг байгуулахад гүйцэтгэсэн гавъяагаар нь хүмүүсийг албан тушаалд шударгаар томилж урамшуулж байсан нь гарцаагүй ухаалаг удирдагчийн шинж юм. Тэр тусмаа хүн бүрийн гавъяа зүтгэлийг нэгд нэгэнгүй тоочсон байдаг нь хүний хийсэн үйл ажил, гүйцэтгэсэн үүргийг марталгүй олон жил санаж явдаг гайхалтай удирдагч болохыг нь харуулдаг. Одоо үеийн удирдагч, менежерүүдэд Чингэс хаанаас суралцах зүйл энэ мэт олон байдаг билээ.

Энэ мэтчилэн удирдагч өөрөө ёс зүйтэй, голч шударга, тууштай байж чадвал захирагдагсад нь тэр жишгээр явахыг хичээдэг учраас орчин үеийн менежментийн шинжлэх ухаанд удирдагчийн энэ шинж чанарыг чухалчлан үздэг байна. Энэ шинж чанарын талаар АНУ-ын Ерөнхийлөгч агсан Дуайт Эйзенхауэр “Удирдагч хүний хамгийн дээд зэргийн чанар бол гарцаагүй голч шударга шинж юм” гэж үнэлсэн байдаг.(Leadership skills, 2010, bookboon.com, p. 16) Үүнийг дэлхийн II дайны цэргийн томоохон жанжин, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний ерөнхийлөгч, олон жилийн удирдах ажлын туршлагатай хүн хэлснээс үзэхүл томоохон хэмжээний удирдагчид зайлшгүй байх ёстой шинж чанар гарцаагүй мөн билээ.

Эндээс үзвэл Чингис хааны голч шударга шинж чанар нь тархай бутархай, хоорондоо дайсагнасан монголчуудыг нэгдмэл төр засагтаа итгэх итгэлтэй болгож, нэгтгэж, сахилга хариуцлагатай, зорилготой болгож, “орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдэж байсан” улс оронд шударга ёс, дэг журам, ёс зүй, хууль ёс, энх тайван тогтоход багагүй үүрэг гүйцэтгэсэн байна.

Нөгөө нэг шинж чанар бол хүмүүстэй нийцтэй чанар юм. Чингис хаан бага наснаас хүнтэй нийцтэй, бусдын үзэл бодлыг сонсдог, өөрийн үзэл бодлыг хүнд хүчээр тулгадаггүй хүн байжээ. Тэмүжинийг эв эеийг эрхэмлэдэг, нийцтэй хүн болоход “Өэлүн эхийн хүмүүжил ихээхэн нөлөөлсөн бөгөөд эвтэй бол хүчтэй гэдэг гүн ухааны ойлголтыг хүүхдүүддээ суулгасан нь Өэлүн эхийн мөнхийн гавъяа билээ.” (Х. Пүрэвдагва “Чингэс хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 40)

Анх 13 настай (МНТ х.39) байхдаа Жамухатай сайн анд нөхөр бололцож андын тангарагийг баримтлан нөхөрлөж ирсэн ба түүнийг ялагдаад баригдаад ирэхэд ч гэсэн найз нөхөр хэвээрээ байх санал тавьж байсан, огт танихгүй Боорчитой нөхөрлөсөн, зарц болгож өгсөн Зэлмэ-г өөрийн нөхөр мэт үзэж харьцдаг байсан зэргээс үзэхэд Тэмүжин багаасаа дээрэлхүү, бардам ихэмсэг зангүй бөгөөд хүнтэй нийцтэй хүн байсныг нотолж байна.

Жамухаас салсны дараа Монголын язгууртнууд түүн дээр цуглаж Тэмүжинийг хаан өргөмжлөхөд өөрөө Алтан, Хучар, Сача бэхи, Тайчу зэрэг хаан гарлын язгууртнуудыг “Чи хаан бол” гэж тус бүрт нь санал болгож байсныг үзэхэд Монгол улсын эв нэгдлийн төлөө бусадтай эв эетэй байж, нийцэж ажиллахыг хичээж байсан байдаг.

Түүнчлэн Чингис хаан өөрөө эхэлж дайн байлдаан сэдээд байсангүй, голдуу гадна талаас дайн өдөөж байсан харагддаг. Тухайлбал тайчууд, мэргидүүд Тэмүүжинг бага балчир байхаас нь дээрэлхэн довтолж өөрийг нь болон эхнэрийг нь олзлон аваачиж дайсагнаж байсан учраас л тэдний эсрэг тэмцэхээс өөр аргагүй болсон, Хэрэйд, Найман, Жамух нар л дайныг эхэлж өдөөсөн, мөн Сартуулын султаны эсрэг Монголын ард түмэнд дутагдаж буй бөс даавуу, үр тариа, бусад барааны төлөө буюу чөлөөт арилжаа наймааны төлөө аргагүйн эрхэнд тулалдах хэрэгтэй болсон байдаг.

Чингис хааны үйл ажиллагаанд шударга бус үйлдэл хийсэн хүнийг л хатуу шийтгэдэг байснаас бусдаар хүнийг алаглаж үздэггүй, гадаад дотоод, нөхөр дайсан, харь болон өөрийн овог аймаг, баян ядуу гэлгүй хүн бүртэй нийцэж харьцаж чаддаг чанар ажиглагддаг.

Хүнтэй нийцтэй байх талаар Чингис хааны өөр нэг арга бол аливаа зөрчил тэмцлийг хоёр талын эрх ашгийг бодолцож, хүчээр бус, эв зүйгээр, дипломат аргаар шийдвэрлэхийг хичээдэг байсан явдал юм. Тухайлбал, өөрөө дөнгөж хаан өргөмжлөгдөөд Тоорил ханд Тахай, Сүхэхэй хоёрыг элч болгон илгээж найрсаг харилцаа тогтоох, энх тайванч санаагаа илэрхийлж байсан байдаг. Жүрхин нартай зөрчилдөхөд хүлээцтэй байж буулт хийн Хорижин хатан, Хуурчин хатныг буцааж өгч байсан. Хэрэйд улстай дайн тулаангүй амар тайван байя гэж сэтгээд Зүчид Сэнгүмийн дүү Чаурбэхийг гуйж бас Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг өгье гэж санал тавьж байсан юм.

Чингис хаан судлаач профессор Б.Балжинням “Монголчууд төвшитгөсөн ард түмнүүддээ хэзээ ч ертөнцийг үзэх үзэл, ёс заншил, хэл, шашин гэх мэт амьдралын хэвшлээ тулган хүлээлгэж байсангүй. Энэ бүхэн өнөөгийн хүн төрөлхтөнд нэн чухал үлгэр мөн.” (Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) гэж дүгнэсэн байдаг нь Чингэс хааны үзэл бодлоо бусдад тулгадаггүй зан болон үүнийг нь өвлөн авсан түүний залгамжлагчдын үйл ажиллагааны талаарх чухал дүгнэлт юм.

Түүнчлэн Чингис хаан өөрийн охид болон хүүхдүүдийнхээ охидыг гадны улс оронд бэр болгох замаар (өөрөө элсэн ирсэн Харлагийн Арслан ханд Алха бэхи охиноо, Уйгарын Идүүд ханд Алалтун бэхи охиноо, Ойрдын Худуга бэхийн хүү Иналчид Чэчэйхэн охиноо, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгч) гадаад зөрчилдөөнийг шийдвэрлэх, ялагдсан овог аймгийн охидоос өөрөө хатан болгон авч ураг барилдах зэргээр дотоодын зөрчилдөөнийг шийдвэрлэх дипломат аргыг чадварлагаар хэрэглэдэг байсан юм. Тухайлбал, татаарын ард түмнээс Есүй, Есүгэн хоёр хатныг авсан, Хэрэйдийн Жаха-Хамбугийн охин Ибагыг өөрөө, нөгөө охин Сорхогтанийг хүү Толуйд өгч, Мэргидийн Худугийн охин Дөргэнэ-г Өгэдэйд өгсөн, Мэргидээс Хулан хатан, Найманаас Таян хааны эх Гүрбэсүг авч ураг барилдсан нь тодорхой бодлоготой байсан агаад энэ нь улс дотроо ялсан ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах аливаа зөрчлүүдийг үгүй хийж Монгол гэдэг нэг л үндэстэн гэсэн үзэл санааг төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Энэ талаар АНУ-ын эрдэмтэн Жек Ветерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо (II хэвлэл. 2005. УБ. х.38,39) “Тэр зөвхөн хүчин чадлаар улс орныг байгуулж чадахгүй гэдгийг сайн мэдэх болсон тул ялагч ялагдагч хоёр талын иргэдийг хоорондоо гэр бүл болох, хүүхэд үрчилж авах зэргийг дэмжиж, тэднийг нэгэн шинэ системд оруулан нэгтгэхийг хичээдэг болжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнтэй нэг талаар санал зөрмөөр зүйл бол Чингис хаан үүнийг сүүлд ойлгосон мэтээр бичсэн явдал юм. Чингис хаан угаасаа нийцтэй хүн байсан агаад хүчирхэг Монгол улсыг байгуулахад овгорхох, аймгархах явдал ямар их гайтайг бүр залуугаасаа ухаарч, ялагдсан овог аймгийн иргэдийг гадуурхдаггүй, жигд харьцдаг, албан тушаал дэвшүүлдэг (урианханы Зэлмэ, Киданы Елүй Чу Цай, жалайрын Мухулай, баарины Хорчи г.м.), дайсныхаа өнчдийг тэтгэдэг (мэргидийн Хүчү, бэсүдийн Хөхөчү, татаарын Шихихутуг, жүрхиний Борохул, г.м ) байсан ба ялагдсан мэргидийн Тогтоагийн хөвүүн Худу, Чулууны эхнэрийг хүү Өгэдэйд өгч, Дайр-Үсүний охин Хуланг өөрөө авч хатан болгож байснаас үзэхэд нэгдсэн монгол үндэстэн байгуулах санаа, арга эртнээс төрж, түүнээ хэрэгжүүлж байсныг гэрчилж байна.

Нийцтэй хүний гол чанар бол яс үндэс, мэдлэг чадвар, шашин шүтлэг, албан тушаал болон гарал үүслээр (тухайн үедээ харц, язгууртан) хүнийг ялгаварладаггүй харьцах чадвар бөгөөд үүнийг Чингис хаан төгс эзэмшсэн хүн байсан байна. Үүний бас нэг жишээ бол харь гаралтай олон эрдэмтэн мэргид, гар урчууд, мэргэжилтэн, түшмэдийг өөрийн ажилд татан оруулж Монголын төлөө ажиллуулж чадаж байсан явдал юм. Энэ талаар эрдэмтэн Б.Балжинням “... үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлээс Монголчууд ангид байсны баталгаа нь харийн олон алдарт хүмүүсийг өөрийн төрдөө татан ажиллуулж байсан явдал юм. Энэ бүхэн өнөөдөр ч нэн хэрэгтэй байна.”(Б.Балжинням “Монголын түүхийн товчоон х. 785) хэмээн харамсангүй өгүүлсэн нь угтаа харийн хүмүүстэй ч нийцтэй байж, тэдний мэдлэг чадварыг ашиглаж чаддаг байсан Чингисийн арга барилыг хэлж байгаа хэрэг билээ.

Орчин үед дэлхий ертөнц даяарчлагдаж үндэстэн дамнасан корпорациуд хил хязгааргүй үйл ажиллагаа явуулж буй үед Чингис хаан маягийн удирдагчид хэрэгтэй болж байна. “Зарим том корпорацийн захирлуудын үзэж байгаагаар 21 дүгээр зууны бизнессийн лидерүүдийн нэг номерын сорилт бол даяарчлал болсон.” (R.Harborne, "Wisdom of the CEO: The Challenge to Business Leadership in the 21st Century." Research conducted by Pricewaterhouse Coopers, presented at the New England Business Administration Association International Conference, New Haven, CT, April 28, 2000. Information taken from presenter handout.) Удирдахуйн шинжлэх ухаан хурдан хөгжиж ирээдүйн менежерүүдэд олон улс үндэстнээс бүрдсэн орчинд бусад үндэстнүүдийн ёс заншил, үзэл бодол, шашин шүтлэгийг нь хүндэтгэн үзсэн байгууллагын соёлыг хэрхэн бий болгож, удирдах талаар онол, арга зүй бий болж байна. Энэ онол арга зүйг олон зуун жилийн өмнө Чингис хаан мэдэж, хэрэгжүүлж байсныг энд тэмдэглэх нь зүйтэй юм.

Эндээс үзвэл Чингис хааны хүмүүстэй угийн нийцтэй байдаг шинж чанар нь нэгдсэн Монгол улсын дотоод эв нэгдэл, монгол үндэстний төлөвшилд ихээхэн хувь нэмрийг оруулаад зогсоогүй гадаад дипломат үйл ажиллагааны гол чиглэл болж байсан байна.

Удирдагчийн ажилсаг шургуу чанар (working hardness) бол шинэ сэтгэлгээ, шинэ технологи, шинэ арга барилыг бүтээлчээр хэрэглэн шургуу тэмцэж, зорилгодоо хүрэх чадвар бөгөөд энэ нь удирдагчийн хийсэн бүтээсэн зүйлээр нь илэрдэг билээ.

Чингэс хаан хар багаас өнчирч, айлын том хүүгийн хувьд гэр бүлээ тэжээх, овог аймгаа нэгтгэн удирдах том үүрэг хариуцлагыг хүлээсэн нь түүнийг багаас нь ажилч шургуу болгож сургасан байна. Дээр дурдсан судлаач профессор Х.Пүрэвдагва үүнийг маш оновчтойгоор “Тэмүжиний хүүхэд нас ердөө есхөн жил байсан...” (“Чингис хааны менежментийн товчоон” УБ, 2004, х. 27) гэж дүгнэсэн байдаг.

Чингис хааны бүтээсэн зүйлсийг харахад л маш их хүч хөдөлмөр, тэвчээр, шургуу чармайлт шаардагдсан нь харагддаг. Тухайлбал 1189 онд буюу 27 насандаа өрсөлдөгч дайснуудтай шургуу тэмцэн, монголын ихэнх овог аймгийг нэгтгэж Чингис хаан цол өргөмжлөгдөж байв. Тэгвэл дэлхийн томоохон цэргийн түүхэн жанжны тоонд ордог Наполеон 27 насандаа дивизийн захирагч, Гитлер Дэлхийн I дайнд ахлах байлдагч цолтой байлдаж явжээ. Харин Македоны Александрын хувьд хаан эцгийн бэлэн ор залгамжилсан тул цэргүүдээ удирдан дайн байлдаанаа эхэлсэн байдаг билээ.

Чингис хаан үеэ өнгөрөөсөн хуучныг өөрчилж, байнга шинийг эрэлхийлж, шинэ техник, технолог, гадаадын эрдэмтэн, мэргэжилтнүүдийг бүтээлчээр ашиглаж чаддаг байсныг эх сурвалжууд болон судлаачид нотолдог юм.

1206 онд буюу 44 насандаа Нэгдсэн Монгол улсыг байгуулан, овог аймгийн хуучин тогтолцоог устган зуут мянгатын системээр эдийн засаг, цэргийн нэгдмэл цоо шинэ засаг захиргааны бүтэц зохион байгуулалт хийв. Монголын ард түмэн нэгдмэл нэг үндэстэн болон хувирч, овог аймгийн дайсагналгүй болж, энх амгалан, хууль зүй, шударга ёсыг тогтоов. Улс орноо гадаадын дайснаас найдвартай хамгаалахын тулд батлан хамгаалах хүчийг шинэчлэн зохион байгуулж чадварлаг тактик стратегитай, дэлхийд хамгийн шилдэг армийг байгуулав. Эрдэмтэн Х.Шагдарын судалгаанаас үзвэл монголын цэрэг нь хүнд, хөнгөн морин цэрэг, явган цэрэг, зэвсэг урлах урчуудын цэргээс гадна зам гүүр барих, хэрэм цайз нураах төхөөрөмжүүд, дэлбэлэх шатаах хэрэгслүүд хийдэг инженерийн цэрэгтэй, их бууны анги, ар талын ангитай орчин үеийн армиас дутахааргүй зохион байгуулалттай байсан (Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх, УБ, 2000, х. 512-515) төдийгүй цэргийн тактик стратегийн хичээл судалдаг цэргийн академи (хишигтэн цэрэг)-тай байжээ. Эдгээрээс үзэхэд Чингисийн ямар бүтээлч, үр дүнтэй удирдагч болох нь харагдана.

Чингис хаан Монгол улсыг төвшитгөсний дараа дэлхий ертөнцийн хэмжээнд даяарчлалыг хийж улс орнуудын дунд энх амгалан тогтоох, харилцан ашигтай арилжаа худалдаа хийх, нэгдмэл зах зээлийг бүрэлдүүлэх үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө амьдралын эцэс хүртлээ тэмцэж иржээ.

Чингис хаан аливаа улс оронд дайн байлдаан хийхдээ эхлээд энх тайванч санал заавал тавьж, эсэргүүцсэн үед л хүч хэрэглэдэг байсныг түүхчид тэмдэглэдэг. Эсэргүүцэн тэмцээд эзлэгдсэн орны ард түмнийг дарлан мөлжөөд байдаггүй, албан татвар оногдуулан удирдагчдыг нь солиод орхидог байсан олон жишээ дурдаж болох билээ. Чингис хаан аливаа нэг улс орныг хүч түрэмгийлэн булаан эзлэх, дарлан мөлжих, газар баялгийг нь шунан ашиглах, цөлмөн ядууруулах, шашин соёлыг нь устгах, бусад ард түмнийг хүйс тэмтрэх (жишээ нь Гитлер шиг) зорилго тавьж явсан баримт байдаггүйгээс үзэхэд дэлхийн ард түмний сайн сайхны тулд орчин үеийнх шиг даяарчилсан нийгэм дэлхийд тогтоохыг эрмэлзэж явсан байна.

Чингис хаан Монгол улсыг төвшитгөсөн хэдий ч дэлхийн улс орнууд амар тайван, сайн сайхан байхын тулд дэлхий ертөнцийг нэг зах зээлтэй, үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварладаггүй нэгэн тогтолцоо болсны дараа л дэлхийн хүн амын амар амгалан амьдрах үндэс бий болно гэж үздэг байжээ. Харамсалтай нь феодалын нийгмийн үеийн жижиг хан, вангууд энэ дэвшилт санааг үл ойлгон өөрийнхөө ард түмний тусын тулд бус, өөрийнхөө эрх мэдэл, хангалуун амьдралын төлөө эсэргүүцэн тэмцэж монголын шилдэг армид ялагдаж байжээ.

Түүнчлэн улс орнуудаас уран барилгачид, уран дархчууд, эрдэмтэд, авъяаслаг хүмүүсийг цуглуулж албан татвараас чөлөөлж, санхүүжүүлж, шинжлэх ухаан техник технологийн мэдлэгийг хөгжүүлж, үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглаж, дэлгэрүүлж байсан нь үнэн бодит баримт юм.

Түүхчид Чингис хааны гүйцэтгэсэн түүхэн үүргийг сайн муу олон янзаар бичдэг боловч Америкийн эрдэмтэн Жек Ветерфорд “Чингис хаан салангид олон жижиг аймгуудын эринийг эцэслэж, тэднийг худалдаанд суурилсан дэлхийн нэгдмэл тогтолцоонд оруулан, түүхэнд урьд өмнө байгаагүй нэгдмэл гүрэн болгон нэгтгэсэн билээ” (“Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингэс хаан”. II хэвлэл. 2005. УБ.х.11) гэж дүгнэсэн нь гарцаагүй үнэн билээ.

Дашрамд дурдахад даяарчлалын тухай ойлголтонд дэлхий нийтээр 20 дугаар зууны сүүл үед л хүрсэн билээ. Гэтэл харьцангүй соёлжсон 20 дугаар зуунд хүн төрөлхтөн зөвхөн өөрийн улсын өчүүхэн эрх ашиг, бусдын байгалийн нөөц баялгийн төлөө (нөгөө л дундад зууны хан вангуудын адил) 2 удаа дайн хийж 80-аад сая хүнээ алж устгасан боловч энх тайвнаар зэрэгцэн орших, чөлөөт худалдаа хийх, дутагдмал хэрэгцээгээ тайван замаар хангах, хүн ард нь амгалан тайван, баян чинээлэг амьдрах нөхцлийг бүрдүүлж чадаагүй юм. Одоо ч гэсэн дэлхийн хэмжээнд байгалийн нөөц баялгийн төлөө том гүрнүүд ил далд байлдсаар л байна.

Чингис хаан ингэж олон жил “Алд бие минь алдарвал алдартугай, Аху төр минь бүү алдартугай” гэсэн зарчмын үүднээс морин дэлнээс буулгүй, амь насаа хайрлалгүй, тууштай ажиллаж тэмцэж ирсний үр дүнд зуухан мянган цэргийн хүчээр (удирдахуйн ухаан талаас үзвэл маш бага нөөцөөр) “... эзэлсэн газар нутгийн хэмжээ гэхэд Наполеон, Гитлер, Македоны Александрынхыг бүгдийг нь нийлүүлснээс ч илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин километрт хүрсэн...” (Ким Жон Рэ х.26), Ази Европыг дамнасан, дэлхийд байгаагүй том гүрэн байгуулж, улс ардыг нь түвшитгэж, шударга хууль ёс тогтоож (Дэлхийн түүхэнд анх удаа ... Евразийн нутгийн 80% дээр нэгдмэл хууль “Их засаг” үйлчлэв. Балжинням “Монголын түүхийн товчоон, х. 783) дэлхийн хөгжлийн дараагийн 150-350 жилийн бодлогыг тодорхойлж чадсан (мөн тэнд) байна. Энэ бол түүний хийсэн бүтээсэн зүйл буюу хөдөлмөрч шургуу шинж чанарын үр дүн мөн.

Удирдагчийн ийм ажилсаг шургуу чанар бол өнөө үеийн компани, корпорацийн удирдагч нарт байх заавал байх ёстой шинж чанар бөгөөд үүнийг эрдэмтэн Ким Жон Рэ соргогоор ажиглаж, өнөөгийн Өмнөд солонгосын залуус, корпорацийн удирдагч нарт Чингис хааны арга барилаар ажиллахыг уриалсан байх нь чухам Чингис хааны ажилсаг шургуу чанарыг хэлсэн бөгөөд энэ нь Монголын, мөн дэлхийн хэмжээний бизнесийн удирдагч нарт хэрэгтэй амьд үлгэр дууриал юм.

Чингис хааны удирдагчийн дээрх 3 шинж чанар дээр нэмж зайлшгүй хөндөх нэг асуудал бол хүнд ховорхон тохиолддог харизматик шинж чанарын тухай юм.

Харизма гэдэг грек үг нь дээрээс заяатай гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд ийм хүн төрх байдал, нүүр царай, харьцаагаараа хүмүүсийг өөртөө өөрийн эрхгүй татаж чаддаг ба бусад хүмүүс түүний үгийг хүндэтгэн биширч дагадаг учир бурхнаас заяагдсан хувь хүн гэж үздэг байна. Энэ нэр томъёог анх германы социологич германы Max Weber(1864 –1920) гаргасан ба эрдэмтэн Конгер, Канунго нар судалж харизматик удирдлагын онолын үндэслэлийг 1987 онд гаргасан байдаг. (Conger, J. A., Kanungo, R. N., Menon, S. T., & Mathur, P. (1997). Measuring charisma: Dimensionality and validity of the Conger-Kanungo scale of charismatic leadership. Canadian Journal of Administrative Sciences, 14, 290-302.)

Удирдагчийн харизматик шинж чанарыг орчин үед их сонирхон судалдаг болж байгаа бөгөөд дэлхийн нийгэм, улс төрийн томоохон зүтгэлтнүүдийн олсон амжилтыг түүний харизматик шинж чанараар тайлбарладаг болсон байна. Тухайлбал францууд Наполеоныг, германчууд Гитлерийг, америкчууд Билл Клинтон ба зарим нэг корпорацийн захирал, бизнесменүүдийг, англичууд Черчиль ба Диана гүнжийг, зарим нэг түүхчид Македоны Александрыг харизматик хувь хүн үздэг байна. Одоо ч гэсэн улс төрчид олон түмэнд таалагдаж татахын тулд нүүр царай, хувцас хунарыг нь тордож, хэлэх үгийг нь бэлтгэж дагаж явдаг imagemakers гэдэг баг хүмүүстэй ажилладаг нь чухамдаа харизматик шинжийг бий болгож буй хэрэг билээ.

Тэгвэл Чингис хаанд энэ харизматик шинж (товчоор хэлбэл татах чадвар) нь бүр багаасаа мэдэгдэж эхэлсэн буюу төрөлхийн шинж чанар гэж үзэж болохоор байна. Тухайлбал “Нууц товчооны” 62 дугаар зүйлд (МНТ х. 21) Есүхэй баатар хүү Тэмүжиндээ бэр гуйхаар явах зуур Хонгирадын Дэй сэцэн таарч Тэмүжинг үзмэгц “Энэ хөвгүүн чиньнүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна... Есүхэй худ манай гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз.” гэж хэлсэн байдаг. Энэ бол 9 настай байхдаа ердийн хүүхдүүдээс илүү, том хүмүүсийн анхаарлыг хүртэл татаж чаддаг байсан болохыг нотолж байна. Нөгөө талаас монголчууд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй гэж хир баргийн хүнийг хэлдэггүй ба тэгж хэлэгдэх хүмүүс одоо ч гэсэн маш ховор байдаг. Дэй сэцэнд Тэмүжиний нүүр царай гадаад төрх байдал, биеэ авч явах байдал нь маш их таалагдсан байх ба өөрийн хүргэн болгохыг тэр дороо л хүссэн байдаг.

Бас нэг баримт дурдахад Тэмүжинг тайчуудад баригдаад, оргож голын харгианд нуугдан хэвтэж байхад Сорхан шар таарч “Чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хүн тул тайчууд чамд атаархах ажээ...” (МНТ х. 28) гэж хэлээд барьж өгөөгүйгээр зогсохгүй сүүлд гэрт нь очиход нуун далдалж, хүнс унаа залгуулж оргуулсан билээ. Насанд хүрээгүй байхдаа том хүмүүсийн анхаарлыг ийнхүү татаж бүр атаархлыг нь хүргэж байна гэдэг бол Тэмүжин үнэхээр хүний анхаарлыг татаж чадаж байсныг гэрчилж байна.

Түүнчлэн найман шарга морио дээрэмдүүлээд ганцаар мөр мөшгин явж байх зуур тааралдсан огт үл таних Боорчи ямар ч эргэлзээгүйгээр морийг нь юүлж, өөрөө намбух суулгаа хээр боож тавиад хамт явж харвалдан тулалдан байж морьдыг буцаан авчирч ямар ч хариу нэхэлгүй тус болсон ба сүүлд Тэмүжинийг нөхөрлөе гэж Бэлгүтэйг явуулахад эцэгтээ үл хэлэн ирж насан туршдаа үнэнчээр хүчээ өгсөн байдаг билээ. Мөн тайчууд довтлон ирэхдээ “ Бусад нь хэрэггүй. Тэмүжин ахыгаа гаргаж өг” гэж бахиралдаж байснаас үзвэл Өүлэн эхийн хүүхдүүдээс Тэмүжин хүнийг татах чадвар, хүний анхаарал татах байдлаараа илт ялгарч, монгол овог аймгуудын дунд нэр нь аргагүй яригдах болж, бусад дайсагнагч аймгийнхны атаархлыг төрүүлж байсан байна.

Бас нэг сонирхолтой баримт бол Тайчуудын Таргудай Хирилтуг, Жадараны Жамуха нар Тэмүжинг хүчтэй өрсөлдөгч болохыг мэдсэн хир нь Тэмүүжинийг хүч дорой байх үед устгаж төвдөөгүй явдал байдаг. Таргудай Тэмүжинг барьж аваачсан хойноо алахыг үл төвдөн дөнгөлж айл хэсүүлэн шийтгэж байв. Сүүлд тайчууд бутцохигдсоны дараа Таргудай Хирилтугийг Нүцгэн баарины Ширээт өвгөн хөвгүүдийн хамт барьж аваад Чингис хаанд хүргэхээр явах зуур Хирилтугийн хөвүүд, дүү нар хөөн ирэхэд Таргудай “...Тэмүжинийг эзэнгүй нутагт орхигдоод байхад нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй, сэргэлэн авъяастай хөвүүн гэж би олж авчраад, эмнэг үрээ сургах мэт сургаж хүмүүжүүлж явсан билээ. Тэр цагт түүнийг хялбар үхүүлж чадах боловч өршөөж өсгөсөн юм... Тэмүжин намайг алахгүй. Та хөвүүд дүү нар минь үтэр харигтун” гэж хэлээд буцаасан байдаг. Монголын нууц товчоонд ингэж Тэмүжинг 3 удаа хар багаас нь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй гэж хүмүүс анзаарч, зарим нь атаархаж байснаас үзэхэд Чингисийн харизматик шинж чанар тохиолдлын зүйл биш харин бүр бага наснаасаа буюу төрөлхийн ийм шинжийг агуулсан хүн байжээ гэдэг дүгнэлтэд хүргэдэг.

Тэгвэл Жамуха Даланбалжудад Чингис хааныг ялж Онон мөрний Зээрэн хавчилд шургуулж хүнд байдалд оруулсан ч бүрмөсөн устгахыг бодсонгүй буцсан байдаг ба түүнд Чингисийг Хэрэйдтэй ба Наймантай нийлж устгах бололцоо хоёр ч удаа байсанболовч тулалдааны талбараа хаян харин Чингист урам орох үг хэлүүлэн салж явсан байдаг зэргээс үзэхэд Чингис хаан дайснуудаа хүртэл өөртөө татаж чаддаг байсныг харуулж байна. Ер нь сайн удирдагч гэж дайснаа нөхөр болгосон хүнийг хэлнэ гэж менежментийн шинжлэх ухаанд үздэг бөгөөд дайсны талд байлдаж байсан баатар жанжингууд сайн дураар түүнд ирж нийлж байсан ийм жишээнүүд олныг дурдаж болохоор байна.

Жамуха Гүр хаанаар өргөмжлөгдөж Чингисийн гол өрсөлдөгч болж явсан боловч Тэмүжинг өөрөөсөө илүү билэг авъяастай гэдгийг хар багаасаа ойлгож мэдэрсэн, Монгол улсыг энэ хүн нэгтгэж, улс шиг улс болгож чадна гэдгийг ойлгосон тул ингэж байлдан ядаж байсан байна. Жамуха өөрийн хүслээр үхэхдээ түүний ур чадвар, авъяас билгийг үнэлж, уужим сэтгэлт анд, ухаант царай, тэнгэр заяат, далай Чингис гэх мэтээр хувийн шинж чанаруудыг магтаж хэлсэн нь Чингис хааны хувийн шинж чанарыг бидэнд тодорхойлж өгсөн байна. Хирилтуг бас сэргэлэн авъяастай хөвүүн гэж үнэлж байсан байна. (МНТ х. 63) Түүнчлэн Жамухын үгэнд мөн тэнгэр эцгээс заяатай гэж дурдагдсан байдаг нь лав л Есүхэй баатрыг хэлээгүй, тэхээр тэнгэрээс заяасан авъяас билэг гэдгийг Жамуха төдийгүй тэр үеийн хүмүүс ойлгож байсныг илтгэж байгаа бус уу?

Германы түүхч Райнхолд Нойман – Ходиц “Чингис хаан” (2002) номондооЧингэс хааны хүнийг татах чадварыг онцлон тэмдэглээд “Чингис хаан чухамхүү өгөөмөр сэтгэлийн хүчээр хүмүүсийг татаж чаджээ.” гэж дүгнэсэн байдаг.

Английн профессор Mick Yates судалгааныхаа үр дүнд түүний 4 дэх Е буюуENERGIZE хүрээн дотор Чингис хаан бол харизматик хүн байжээ (He was charismatic)гэдэг дүгнэлтийг өгсөн байна. (www.leader-value.com)

Энэ бүхнээс үзэхэд Тэмүжин хар багаасаа хүнд ховорхон тохиолдох хүнийг өөртөө татах чадвартай байсан бөгөөд цаашдаа Монголын олон овог аймаг, язгууртнууд, жирийн ард иргэд, үнэнч нөхөд, баатар жанжингууд, чадварлаг авъяаслаг хүмүүс төдийгүй өдий төдий харь улсын хаад, албатууд сайн дураараа ирж нийлж үнэнчээр зүтгэж байсан жишээнээс үзэхэд маш сайн харизматик шинж чанарыг агуулсан хүн байжээ гэдэг дүгнэлтэнд хүрч байна. Түүн дээр нэмж дурдахад монголчууд Тэмүжинг дээд дэнгэрээс заяат төрсөн гэж бичиж ирсэн нь санамсаргүй зүйл биш бөгөөд харин харизматик гэдэг ойлголтыг монголчууд дээд тэнгэр, бурхнаас заяатай гэдэг утгаар нь Чингисийн үеэс эхлэн хэрэглэж байсны баримт юм.

Чингис хааны энэ харизматик шинж чанар нь дайн байлдаангүйгээр, гарз хохирол багатайгаар олон овог аймаг, улс, тэдгээрийн удирдагчдыг өөртөө татан нэгтгэж Европ, Азийг дамнасан гүрэн улс байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Дүгнэлт

1. Эндээс үзэхэд Чингис хаан орчин үеийн удирдахуйн ухаанаар тогтоогдсон удирдагчийн гол 3 шинж болон хүнд ховор тохиолддог харизматик шинжийг төгс агуулсан, чадварлаг, ухаалаг, алсын хараатай (envision), дэлхийн хэмжээний удирдагч байсан учраас ийм амжилтанд хүрчээ.

2. Чингис хааны амжилтын үндэс нь удирдагчийн дээрх гол шинж чанарууд болон харизматик чанарт байна. Эдгээр шинж чанарыг эзэмшиж чадвал нүүдэлчин овгийн жижиг удирдагч ч дэлхийн хэмжээний удирдагч болж болдгийг Чингис хааны түүх харуулж байна.

3. Дэлхийн түүх болон Чингис хааны түүхээс түүний удирдагчийн шинж чанар, арга барил, ур чадвар, баялаг туршлагаас судлах, сурч мэдэх, сургамж болох зүйл бидэнд өшөө их байна.

4. Орчин үеийн даяарчлалын нөхцөлд компани, корпорацийн удирдагч нарт Чингис хаанаас сурах, санаа авах зүйл их байгаа бөгөөд зөвхөн дотооддоо, өвөр хоорондоо өрсөлдөх биш, харин Чингис хааны хувийн шинж чанар, ур чадвар, арга барилаас суралцан дэлхийн хэмжээнд сэтгэж, шинэ технолог, дотоодын байгалийн баялаг, гадаадын мэргэжилтнүүдийг бүтээлчээр ашиглан дэлхийн зах зээлд өрсөлдөх өргөн боломж, арга зам нээлттэй байна.


Олон улсын ЭШБХ-д тавьсан илтгэл

Илтгэгч нь Чингис хаан дээд сургуулийн тэнхмийн тэргүүн, дэд профессор Ё. Батсуурь

"Чингис хааны удирдагчийн хувийн шинж чанарын тухай"