ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!
8 сар, 3 долоо хоног өмнө

Цуврал №5

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ӨРСӨЛДҮҮЛЖ АВЪЯАСТАЙ, АВЪЯАСГҮЙ ГЭЖ ЯЛГАВАРЛАХ НЬ БОЛОВСРОЛЫН ЗОРИЛГО МӨН ҮҮ!!!Урлагийн үзлэг нэрээр цэцэрлэг, бага ангиас нь хүүхдүүдийг дээр доор нь оруулж, өрсөлдүүлж, оддын өвчнөөр өвчлүүлж, хэнд ч хэрэггүй төмөр медаль, цаас тараадагаа хэзээ болих вэ?Бага насны боловсролын зорилго бол хүүхдийг сургахад биш өөрийгөө нээхэд чиглэх ёстой. Өөрийн өгөгдлийг зөв нээж, хөгжүүлээд явсан хүн өөрөө өөрийнхөө оргилд л хүрнэ. Өөрийнхөө аварга л болно.Боловсролын зорилго бол хүүхдийг өрсөлдүүлэхэд огт оршдоггүй, хүүхэд бүрийн авъяас, өгөгдөл өөр, тэр өөр өгөгдөл бүрийг дуу, бүжгээр зэрэглэн өрсөлдүүлэх ямар ч боломжгүй, ингэж хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэхгүй шүү дээ!

Жишээ нь: Дуу хөгжмийн хичээл гэхэд хүүхдийг дуулж чаддаг, чаддаггүйгээр ялгаварлаж, авъяастай, авъяасгүйгээр нь зэрэглэж байгаа нь энэ боловсрол мөн үү?! Хүүхдийг насан туршид нь "чи авъяасгүй, би солгой" гэсэн бодлыг суулгана гэдэг гэмт хэрэг шүү дээ!! 

Эхлээд дуу, хөг гэж юу вэ гэдгээ ойлгох ёстой. Дууг хүн өрсөлдөх гэж дуулдаггүй, харин дуу хууртай, хөг аялгуутай байх гэж л дуулдаг, мөн сурдаг.Угтаа бол хүүхдэд ноот, дуу гэхээс илүүтэй дуу, хөгжим сонгох, дуу чимээг ойлгох, хүний дотоод хөг аялгуу, өөрийгөө хэрхэн хөглөж урам зоригтой байх, дотоод хэмнэлийн бие хэрхэн ажилладаг, хүн хэмнэл, долгионыг хэрхэн хүлээж авдаг, монгол хүн хурай, уухайгаараа хэрхэн багаасаа өөрийн дотоод хэмнэлийг хөглөх, байгалийн хэмнэл, аялгуутай хэрхэн нэгсэх, бүүвэйн дуу аялаж чадахгүй эх хүн байхгүйтэй адил, охидууд хэрхэн бүүвэйн дуу аялах, бий биелгээгээр хэрхэн 81 мөчийг биесүүлж, эртэй, иртэй, уртай, эрүүл чийрэг амьдрах гэх мэтээр хүнийг өөрт нь байгаа өгөгдлөөр нээж боловсруулах ёстой болохоос хиймэл хэдэн хоолой, хөдөлгөөн тавилтаар авъяасыг нээх ямар ч боломжгүй шүү дээ! 

Яст мэлхий, туулай хоёр өөр өөрийнхөө онцлогоор хөгжиж боловсрох ёстой болохоос нэгэн хэмжүүрээр хэмжиж, яст мэлхий удаан гүйдэг гээд муу, авъяасгүй гэсэн үг биш шүү дээ, тэгж цоллож болох уу!!!Угтаа бол хүн энэ хорвоод ирэхдээ хэн нэгэнтэй өрсөлдөх гэж огт ирээгүй, өрсөлдөөд байх шаардлага ч байхгүй, яагаад гэвэл "хүн хүнстэйгээ ирнэ" буюу анхнаасаа өөрийн удамшлын өгөгдөлтэй, авъяастайгаа, хийх зүйлтэйгээ ирчихдэг, тэр зүйл нь бусдынхтай огт давхцдаггүй учир өрсөлдөөд байх шаардлага байхгүй, харин яг өөрөө өөрийгөө, өөрийн "бий"- г сэрээх нь чухал юм. ТИЙМЭЭС БАГА НАСАНД НЬ УРАЛДУУЛДАГ ӨРСӨЛДҮҮЛДЭГЭЭ БОЛЬЦГООЁО ОО!!! Буруу тавигдсан хөрсөн дээр ямар ургамал торниж ургах вэ!Ахлах ангиасаа нь илэрсэн авъяас, чадварынхаа дагуу дагнан хичээллэж, түүгээрээ өрсөлдөж болно шүү дээ!

By: Ж.Лувсандорж (2024/1/30, Ур сарын шинийн 21) 
Нүүдэлчний тэмдэглэл

#НүүдэлчнийТэмдэглэл #НүүдлийнСоёлИргүншил #МонголынЦаг #МонголЗагвар #МонголУхаан #ЭкоХөгжлийнҮлгэр #МалчинАав