СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ЗОРИУЛСАН БЭЛТГЭЛ АЖЛЫН ГАРЫН АВЛАГА
1 жил, 10 сар өмнө
Аливаа сургалт, хөтөлбөрийг зохион байгуулахад бэлтгэл ажлыг чанартай сайн хангаж, хамтрагч талууд болон сургалтын байгууллагатай нягт уялдаж ажилласнаар сургалт өндөр үр дүнтэй болдог. Тиймээс сургалт болон хамт олны өдөрлөг зохион байгуулах анхаарах зөвлөмж гарын авлагыг танд хүргэж байна. Энэхүү зөвлөмж нь ялангуяа амралтын газар, кэмпийн орчинд багаар ажиллах сургалт зохион байгуулахад танд гарын авлага болох юм.
Та бүхэнд хөтөлбөрийн бэлтгэл ажилтай холбоотой болон хөтөлбөрийн үед анхаарах доорх мэдээллийг хүргэж байна.

#

Ажлын нэр

Тайлбар

1

Оролцогчын тоо

Оролцогчийн тооноос хамаарсан хөтөлбөр гардаг учир оролцогчдын тоог эцэслэн гаргаж мэдээллэнэ.

2

Хөтөлбөрийн хугацаа

  • Нийт хөтөлбөрийн хугацаа болон тухайн хөтөлбөр доторхи “Багийн ажил& Багийн тоглолт” хөтөлбөрийн хугацааг тодорхойлно.
  • Байгууллагын дотоод хөтөлбөр, хэлэлцүүлэг, сургалт, илтгэлтэй хослуулж хийж байгаа тохиолдолд тухайн үйл ажиллагааны өмнө нь багийн сургалт нь байвал илүү тохиромжтой, үр дүнтэй болдог.

3

Газар сонгох

  • Сургалт хийх тохиромжтой гадаад, дотоод орчинтой газар сонгоно.
  • Газраа сонгохдоо орчин, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн мэдээллийн зураг, видеог үзэж танилцахаас гадна олон хүнтэй чухал үйл ажиллагаа зохион байгуулж байгаа тохиолдолд тухайн газраа заавал биечлэн үзэх шаардлагатай байдаг. Яг амьдрал дээр фото зурагнаасаа зөрөх, төсөөлснөөс өөр байх тохиолдол их гардаг.
  • Тухайн өдөр өөр байгууллагуудын үйл ажиллагаа давхцаж байгаа эсэх. Ялангуяа гадаад орчны үйл ажиллагаанд олон зуун хүн давхцвал анхаар сарниж үр дүнд сөргөөр нөлөөлдөг.
  • Явах замыг урьдчилан үзэх, том автобус явж чадах эсэх. Замын бартаа, саад, ус, намаг. Явах дундаж хурд г.м
  • Дотор орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд заал танхим нь 1 хүнд 3мКв талбай оногдохуйц байна. Сургалтын заал танхимын сандал нь чөлөөтэй хөдөлж болдог байх. Оролцогчид ширээний ард суухгүй тул хүн бүрд ширээ шаардлагагүй. Багаараа дасгал ажиллахад хэрэглэх 2- 3 ширээ байж болно.
  • Гадаад орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд зүлэгтэй тэгш талбай, эсвэл хөл бөмбөгийн талбай шаардлагатай.
  • Гадаад, дотоод орчинд хослосон байдлаар зохион байгуулах боломжтой.

4

Өдрөө товлож захиалгаа баталгаажуулах

  • Өдрөө товлож захиалгаа баталгаажуулахдаа урьдчилгаа 50% төлбөрөө төлнө. Товлосон өдрөөс 7- 14 хоногийн өмнө захиалгаа баталгаажуулвал тохиромжтой.
  • Нэхэмжлэхээ цахимаар аваад сургалтын үеэр эх хувиар нь авах боломжтой. Шаардлагатай гэвэл гэрээний санал авах боломжтой.

5

Хөтөлбөрийн техник

  • Дотоод орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд сургалтын танхим нь микрофон, проектор, дууны AUX оролттой байвал давуу тал болно.
  • Гадаад орчинд зохион байгуулж байгаа тохиолдолд зөөврийн дипүзер байвал давуу тал болно.

6

Унаа, тээвэрлэлт

  • Оролцогчид нэгдсэн унаагаар явбал давуу талтай байдаг. Өөрсдийн хувийн унаагаар явахаар цуварч цугларах, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулалтгүй болох, дур дураараа буцаж явах гэх мэт эрсдэлтэй байдаг.

7

Багт хуваах

  • Тухайн байгууллага шаардлагатай гэж үзвэл, үндсэн багийг урьдчилан хуваах боломжтой. 
  • Багаа хуваахдаа албан тушаал, нас, хүйсийг тэнцвэржүүлэн, уялдаа холбоо багатай, нэгнийгээ сайн таньдаггүй алба хэлтсийг хольж нэг багт оруулж болно. 1 багийн гишүүдийн тоо 8- 12 хүнтэй байж болно.

8

Хоол, цайны зохицуулалт

  • Хоол, цайны цагийг товлож хөтөлбөрт оруулж, амралтын газартайгаа тохирч зохицуулалт хийнэ. Хоол цагтаа гарахгүй хөтөлбөр удааширах, зарим үед хоцорч орсноос хоол хөрсөн байх зэрэг бэрхшээл тулгардагийг тооцох.
  • Цаг хэмнэх үүднээс өглөөний цайгаа замдаа буюу автобусандаа уудаг хувилбар байдаг.
  • Сургалт, хөтөлбөр нь идэвхитэй аргаар явагддаг учир цайны завсарлагаас гадна нэмэлт ус, ундаа хэрэг болдог.

9

Орчны тохижилт

  • Байгууллага болон брэндүүдийн туг, байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйл, өдөрлөгийн нэр уриа зэргийг хэвлэж тогтоосон байвал давуу тал.
  • Байгууллагын сүлд дуу болон өөрсдийн байнга дуулдаг дуу эгшиглэж байвал давуу тал.
  • Дотор орчинд болон хоолны танхимд проектор болон дэлгэцээр байгууллагын түүхэн үйл явдлыг илэрхийлсэн сонирхолтой фото, видео байнга гарч байвал давуу тал.

10

Оролцогчдын хувцаслалт, жигдрэлт

  • Оролцогчид биед эвтэйхэн, чөлөөт болон спорт хувцастай байна. Өндөр өсгийтэй болон албаны хувцас, унждаг том ээмэг, зүүлт, үнэт эдлэл тохиромжгүй. 
  • Багийн жигдрэлт: Багууд ямар нэгэн хувцас, хэрэгсэл, бүч, малгай, материалаар жигдэрсэн байвал давуу талтай байдаг.
  • Байгууллагынхаа үнэт зүйл, бүтээгдэхүүн, брэндээрээ багуудаа нэрлэж, хувцас жигдрэлтээр хангаж өгдөг хувилбар байдаг.
  • Байгууллагын үнэт зүйл брэндээрээ нэрлэсэн тохиолдолд баг бүр тухайн нэрээрээ жижиг дарцаг хийж барьсан байна.

11

Ялагч багийн урамшуулал

  • Баг хамт олныг идэвхижүүлэх үүднээс зарим даалгаварыг өрсөлдөөнт байдлаар гүйцэтгэж ялагч баг тодруулах боломжтой байдаг. Хэрэв ялагч баг тодруулах тохиолдолд ялагч багт өгөх шагнал. (Шагнал нь тухайн багаараа хамтдаа боулинг тоглох, шүхрээр үсрэх, нохой чарга, билъяард тоглох, кино үзэх, хоол идэх г.м эрхийн бичиг байж болно.)

12

Архи, пивоны хэрэглээ

  • Амралт, зугаалгатай хослуулж хийж байгаа тохиолдолд хамт олон замдаа алкахол хэрэглээд очдог тохиолдол их гардаг. Алкахол хэрэглэсэн тохиолдолд багийн дасгалууд үр дүнгүй болдог тул анхаарна уу.
  • Оролцогчдыг идэвхитэй байлгах зорилгоор замд дасгал ажиллаж болдог бөгөөд автобусанд удирдаж явах хүмүүс замд ажиллах дасгалыг урьдчилан заалгах боломжтой.
  • Сургалт, хөтөлбөрийн үеэр согтууруулах ундааг хэрэглэснээр багийн сургалт, өдөрлөгийн үр дүн болон багийн амжилтанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бид хөтөлбөрийн үеэр согтууруулах ундааг зөвшөөрдөггүй. 
  • Хөтөлбөр дууссаны дараа хэрэглэвэл тохиромжтой байдаг.

13

Нэмэлт бусад хөтөлбөр

  • Галын наадам гэх мэт нэмэлт хөтөлбөр байгаа тохиололд тухайн газарт гал түлж болох эсэх, галын модыг хэн хариуцах зэргийг урьдчилан тохиролцох шаардлагатай байдаг.
Үндэстэн Баг ХХК