Шавирайн ЦОГТХҮҮ- Морьтон цирк, морьт харвааны нэрт зүтгэлтэн
4 жил, 9 сар өмнө

Монголын морьт харвааны холбооны тэргүүн, "Хан Монгол" морьтны холбооны тэргүүн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Морьт цирк, морьт харваа, орлон тоглогчдыг хөгжүүлэхэд үнэт хувь нэмрээ оруулсан эрхэм хүмүүн.

Монгол Улсын циркид циркчнээр ажлын гараагаа эхэлж, Морьт үзүүлбэрийн циркчин болж "Морьтны гайхамшиг" үзүүлбэрийн анхны багт ажиллаж байгаад Солонгос Улсын Чежү-д монгол цирк, морьт циркийг сурталчилан танилцуулахад үнэт хувь нэмрээ оруулсан. Тэрээр морьт цирк болон амьтны циркийг хөгжүүлэх зорилготой ажилладаг бөгөөд Морьт харвааг хөгжүүлэх зорилгоор олон улсын хэмжээний тэмцээн уралдааныг Монголдоо зохион байгуулсаар ирлээ. Түүний бэлтгэсэн шавь нар морьт цирк, морьт харвааны үзүүлбэрээр дэлхийн хэмжээнд амжилт гаргаж байгаа бөгөөд Кино орлон тоглогчдын зах зээлд амжилттай ажиллаж байна.

https://www.facebook.com/khanm...

https://www.facebook.com/Khanm...

Ярилцлага унших

Ш.ЦОГТХҮҮ: “МОРЬТНЫ ГАЙХАМШИГ” ҮЗҮҮЛБЭРИЙГ ДЭЛХИЙД ГАЙХАГДТАЛ НЬ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ

"Циркиус Монголиа Хадгаа" болон "Хан Монгол" морин циркийн хамтлаг хамтран энэ сарын 25-наас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр Монгол үндэсний хэв маягтай циркийн үзүүлбэрүүдээрээ үзэгч түмнийгээ бахдуулах бишрүүлж байгаа. Тэр дундаа олон жилийн турш гадна дотнын үзэгчдийг гайхуулж, 2012 оноос эх орондоо тоглолтоо толилуулж ирсэн "Морьтны гайхамшиг" үзүүлбэрийн хамт олныг онцлохгүй байж болохгүй. Ингээд "Хан монгол" циркийн захирал Ш.Цогтхүүтэй ярилцлаа.

-Энэ удаагийн тоглолт чинь юугаараа онцлог вэ. "Циркиус Монголиа Хадгаа" продакшнтай хамтран тоглож байгаа гэсэн?

-Энэ жил "Морьтны гайхамшиг" үзүүлбэр үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ой, мөн тэрхүү номерыг санаачлагч Монгол Улсын гавьяат жүжигчин Долгорын Норовцэрэн багшийн маань мэндэлсний 90 жилийн ой давхцаж байгаа. Энэхүү тоглолт маань эдгээр ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах ажлын нэг байсан. Тодорхой шалтгааны улмаас хугацаанаасаа бага зэрэг хойшлогдсон ч амжилттай явагдаж байна. "Циркиус Монголиа Хадгаа" манай цирк хоёр хамтраад үндэсний хэв маягтай нэгдсэн тоглолт 30-ны өдөр хүртэл үзэгчдэдээ хүргэнэ. "Морьтны гайхамшиг" үзүүлбэр маань циркийн манежинд тоглогддог хэлбэрээрээ тоглогдоно. Өмнө дандаа цэнгэлдэх хүрээлэн, стадионд тоглож байсан бол одоо циркийн үзүүлбэр гэдэг утгаараа манежинд хийж байгаа .

-Циркийн манежинд тоглох,задгай талбайд тоглох хоёр юугаараа ялгаатай юм. Илүү давчуу орон зайд баригдаж тоглох болохоор нарийн ажиллагаа шаардагдах байх?

-Яг ч давчуу гэж хэлж болохгүй л дээ. Манежны тойрог маань олон улсын стандартад нийцсэн хэмжээтэй байдаг. Морины хурдаар давхиж болох хамгийн жижиг тойрог буюу 13.5 метрийнхэмжээтэй.Энэ бол морин циркийн үзүүлбэрийн нарийн гүйцэтгэл хийхэд хамгийн тохиромжтой талбай юм.Яагаад гэхээр гадны нөлөө багатай. Задгай талбайд тоглож сураагүй морь бол гаднах талбайд замныхаа дагуу явах ч байна, явахгүй ч байна. Тойрогт анхнаасаа хийгээд дасчихсан морь нарийн гүйцэтгэлийг хийж ажиллаж чаддаг.

-"Морьтны гайхамшиг" тоглогч эртнээсээ алдартай байсан. Гэхдээ нэлээд хугацаанд тасалдсан шүү дээ?

-Яг ч тасалдсан гэж хэлж болохгүй. Бид гадаадад тоглолтоо хүргээд л явж байсан.Харин сүүлийн жилүүдэд хүний нутагт хөгжүүлээд байдаг Монголдоо яагаад хөгжүүлж болдоггүй юм бэ гэсэн байр сууринаас эндсургалтын төв байгуулаад яваандаа цирк болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай морьтны тоглолт социализмын үед анх гарч байхдаа "Моринд гарамгай монгол залуус" нэртэйгээр нээгдэж байсан. Үнэхээргайхалтай үзүүлбэрүүд үзүүлдэг байсан учраас яваандаа "Морьтны гайхамшиг" гэж нэртэй болсон. Улсын циркт л тоглогдохгүй удсанаас биш харин ч хуучин "Морьтны гайхамшиг" тоглолтоосоо өргөн цар хүрээтэй, илүү үзүүлбэр нь баялаг, үзүүлэх чиглэл нь хүртэл өөрчлөгдөж, хөгжсөн.

-Монголчууд моринд гарамгай гэдэг үүднээсгадны үзэгчид илүү сэтгэл хөөрлөөр хүлээж авах, хүлээлт байдаг болов уу?

-Сайн хүний нэрийг мянга худалдаж иднэ гэдэг шиг бидний өвөг дээдэс Чингэс хаан монголчуудыг морьтой нь, Монгол гэдэг нэртэй нь дэлхийд дархалж өгсөн гавьяатай хүн. Тийм ч учраас гадны хүмүүс дайчин монголчууд гэдэг утгаар нь хүлээж авдаг. Энэ ч үүднээс бид ялангуяа морины үзүүлбэрийг дутуу хийх, алдаа гаргах, муухай харагдах эрх байхгүй.

-Манайхаас өөр морин цирк нь өндөр хөгжсөн ямар орнууд байна?

- Европын орнууд чинь ерөөсөө морины соёл нь урлаг болж хөгжөөд нэлээд удчихсан. Хэдэн зуун жил үе, удам дамжчихсан байдаг. Манайх морины ахуй соёл гэдэг утгаараа хэдэн мянга жил хөгжсөн ч урлаг тал руугаа бол 70 гаруй жилийн л түүхтэй. Яг энэ чиглэлээрээ сонгодог морин цирк болгож хөгжүүлсэн орон Оросоос авахуулаад олон байгаа.

-Сонгодог морин циркийн үзүүлбэр гэхээр юугаараа онцлог вэ?

-Миний мөрөөдөл гэвэл Монголын морин циркийн үзүүлбэрийг "Морьтны гайхамшиг" үзүүлбэрээс гадна сонгодог чиглэл рүү хөгжүүлэх гэсэн туйлын хүсэл.Энэ бол морины төгс сургалтыг хэлээд байгаа юм. Морь хүнтэй бараг ярихаас наагуур болоод ойлгодог. Яв гэхээр яваад, унт гэхээр унтаад бүжиглэдэг, ямар ч ташуургүй, эмээл хазааргүй морийг сургадаг болсон байна. Манай морин цирк ч мөн адил нийгэмтэйгээ хөл нийлээд энэ чиглэл рүүгээ хөгжих хэрэгтэй байгаа юм. Циркийн урлагт манай бусад урлагаас онцгой нэг юм байдаг. Дэлхийн улс оронд Монголын циркчид л Монголын нэрийг өндрөөр өргөж, тахалж явдаг. Гашуун үнэнийг хэлэхэд манай эстрад, поп рок оддын ажил уран бүтээл дотоод зах зээлдээ л хүрч байдаг бол бид нарынх хүний нутагт очиход хэл яриа гэхгүй бие, сэтгэл үйлдлээрээ үзүүлбэрээ толилуулдаг. Түүнчлэн манай цирк дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг Орос суурин дээр монгол хөөмий, уртын дуу, бүжигтэйгээ хослуулж чаддаг болохоор манай циркчид хаана ч очсон нүүр бардам байдаг.

-Морин циркийн морьдыг хэрхэн яаж сонгодог юм бол?

-Зарим хүмүүс миний морь номхон юм чинь циркт сургаж болох байх гэдэг. Болно л доо. Гэхдээ миний баримталдаг зарчим эсрэгээрээ огт хүн эдэлж байгаагүй, эмнэг адуу аваад, анхнаасаа суурийг тавих сонирхолтой. Хоёрт, "Морьтны гайхамшиг" тоглолтын хувьд биерхүү, том морь хэрэгтэй болдог. Яагаад гэхээр хажуу талд нь зүүгдэх, дээгүүр доогуур нь орж гарахад гэдэс, хөл хоорондын зай хол байх ёстой, хажуу талд нь унжихад дагаад ороод ирэхгүй байх ёстой. Ийм шалгуур хангахаас гадна мэдээж царай зүс, өнгө үзэмж, нас хүйсийг нь харна. Залуу морь сургаад авчихсан байхад удаан эдэлнэ. Түүнээс биш баячуудтай адил хурдан морь сонгодог шиг шилж сонжоод аманд нь орсон үнээр нь худалдаж авахгүй.

-Том биетэй адуу гэхээр Монгол морьд жижигддэг байх нь ээ?

-Биерхүү Монгол адуу байна. Баруун, баруун хойд зүг рүүгээ гайгүй том адуу байдаг. Ерөнхийдөө эрлийзжсэн адуу л ажлын шаардлага хамгийн сайн хангадаг. Яг Европын цэвэр цусны том адуу болохоор илүү эмзэг болчихдог.

-Адуугаа та өөрийн биеэр сонгодог уу. Адуу, малтай их харьцдаг болохоор ер нь уяачдаас дутахгүй морь шинжинэ биз?

-Ерөнхийдөө л өөрөө харж, үзэж байж сонгоно доо. Өөрийнхөө мэргэжил, ажлын шаардлагын хүрээнд бол шинжээч байлгүй яахав. Сэтгэлд хүрсэн адуугаа шөнөжин зүүдэлж байгаад л, ямар ч үнэтэй байсан авахын төлөө л зүтгэдэг.

-Адуугаа хэдэн настайгаас, хэдий хэр удаан хугацаанд сургадаг вэ?

-Тухайн адууны характер болон ямар сургалт гэдгээс шалтгаална. Түүнээс би нэг сарын дотор ч юм уу, арван хэд хоногийн дотор сургачихдаг юм гэж амлаж болохгүй. Шинэ мал, шинэ амьтантай ажиллаж эхлэнэ гэдэг чинь ахиад л анхнаасаа л амьтан сургаж эхэлж буй шинэ сургагч шиг байдаг. Эхлээд морьныхоо характерийг мэдээд, түүнд нь тааруулж сургана уу гэхээс өөрийнхөө хийлгэх гэсэн юмыг хүчээр нүдээд байвал яг хийлгэх гэж байгаа үзүүлбэрт нь таараагүй адуу байна. Морийг сонгоод унаж үзэхэд энэ морь нэг тиймэрхүү үзүүлбэрт л таарах юм байна даа гэсэн багцаатай болдог. Аль болох богино хугацаанд сургаад авахыг боддог ч багадаа л хоёр, гурван сар шаардагддаг.

Морио сургахын хажуугаар тухайн морьдтойгоо хүнээ бэлдээд явдаг байх. Нэг морин дээр нэг л хүн сургуулилдаг юм уу, олон хүн зэрэг ажиллах уу?

- Морийг ямар ч тохиолдолд бэлэн байлгах үүднээс хүүхдүүдийг байнга сольж явдаг. Түүнээс нэг морийг нэг л хүн өмчлөөд үзүүлбэр хийгээд байвал болохгүй. "Морьтны гайхамшиг" тоглолтын хувьд тухайн морь янз янзын хүнтэй ажиллаж байж тэр бүхэнд үргэхгүй, зугтаахгүй бэлэн болдог. Харин бүжиглэдэг, жүжиглэдэг морины хувьд яг нэг хүн тулж ажиллаж, гаршуулдаг юм.

Танай цирк өөрийн хичнээн адуутай вэ?

-Одоо 20 гаруй адуу байна. Үржлийн хэдэн адуу бас байгаа.

-Өөрсдөө адуугаа үржүүлж байгаа юм уу. Хэзээнээс адуугаа өсгөж эхэлсэн юм?

-Өөрсдөө үржүүлээд жил гаруй л болж байна. Материаллаг баазтай болчихсон болохоор өөрсдөө шаардлагатай морио үржүүлж эхэлсэн. Нэгдүгээрт багаас нь авч сургахад амар, хоёрт хөрөнгө санхүүгээ хэмнэх үүднээс өөрсдийн үржлийн адуу давуу талтай. Нөгөөтэйгүүр хүний гар дээр төрнө гэдэг чинь дөл нь зөөлөрдөг. Манай монгол адууд бэлчээрт төрдөг болохоор хагас зэрлэг шахуу байдаг.

-Төл хичнээнийг хүлээн авсан бэ?

- Энэ жилдээ дөрвөн унага гарсан. Тэд нар маань гурван жилийн дараанаас ажилдаа орж эхэлнэ дээ. Тэр болтол эрүүл энх өсгөх нь л чухал байна.

-Морин циркчин бусад циркийн жүжигчдээс юугаараа онцгойрдог юм. Ямар чадвар эзэмших ёстой вэ?

-Морин циркчин өөрөө зуун хувь сайн байгаад хамтрагчаа дутуу бэлдэх юм бол хэн ч биш. Багааражилладаг бусад циркчдийн хувьд хоорондоо ярилцаад ойлголцож болдог. Морин циркчин хүн морио хийх үзүүлбэрийнхээ хэмжээнд бүрэн сургаж, итгэлтэй болсны дараа өөрөө зуун хувь үзүүлбэрээ гүйцэтгэж байж төгс тоглолт хүнд хүргэдэг. Бид нар чинь тайзандээр хичнээн хүмүүс рүү хараад инээгээд үзүүлбэрээ үзүүлж байсан ч нүднийхээ булангаар морио байнгынхянаад л, санаа тавьж байдаг. Тэр утгаараа морины циркийн жүжигчин залхуу байх үндэслэлгүй. Байнга морио тэжээнэ, эмчилнэ, арчилна, хоол хүнсийг нь өгнө гээд цаг үргэлж зогсоо зайгүй ажилладаг даа.

-Циркийн жүжигчдийг их багаас нь бэлдэж авдаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй юм бэ?

-Морин цирк хурд хүч, тамир шаардсан урлаг тул гарын тамир гүйцсэн хүн хийх ёстой.Морины хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд арай эрсдэл ихтэй. Ер нь 16 нас хүрсэн залуусыг авч бэлддэг.Энэ насны хүүхдүүд гарын тамир гүйцэж, өөрийгөө их бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Хоёрт морин дээрээс буугаад үсрээд гарахад бага насны хүүхэд бие жижиг учраас тушигдаад байдаг. 13 настайгаас нь эхлүүлээд гурван жил сургахад 16 хүрэхдээ жагссан сайхан морин цэрэг болж байгаа юм даа.

-Та морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг наадмын нээлтэд оруулах талаар санал дэвшүүлж байсан. Тэгвэл үнэхээр үзүүштэй номерын нэг болох байх даа?

-Энэ үзүүлбэрийг наадмаар үзүүлж байсан. Гэхдээ морин дээрх нум сум харвааны үзүүлбэрийг моринд гарамгай, нум сум чадамгай эзэмшсэн, мэргэжлийн харваач хүн үзүүлэхгүй бол зүгээр гоё харагддаг гээд хэн дуртай нь хийжболохгүй. Наадмаар олон түмний дунд тоглуулахад ер нь эрсдэл ихтэй. Сайхан хийж чадах юм бол жинхэнэ монголын бахархал болно. Би морин дээрх сум харвааны үзүүлбэрийг цаашид илүү хөгжүүлж олон түмэндхүргэх юмсан гэж бодож явдаг. Түүнчлэн хүүхэд залуустаа ч илүү зааж сургах юмсан гэж боддогдоо.

-Та нар гадагшаа, дотогшоо явж үзүүлбэрээ үзүүлэхэд адуугаа хэрхэн авч явдаг вэ?

-Социализмын үед гадаадад тоглохдоо засгаас бүх мөнгийг нь даагаад, вагоноор тээвэрлээд аваад очдог байсан. Харин одоо тоглолт эхлэхээс тодорхой хугацааны өмнөтухайн орон нутагт ньбогино хугацаандморио сургаж бэлтгээд тоглодог жишиг тогтлоо. Ингэхээр явдлын зардал, малын хорио цээрийн бичиг гаргах гээд олон юмаа хөнгөвчилж байгаа юм л д.

-Тэгэхээр морьдоо түр авч хэрэглэдэг юм уу, худалдаж авчихаад тэндээ үлдээчихдэг юм уу?

-Янз янз байна. Хамтрагчтайгаа яриад хэрвээ бид нарморийг нь гаргая. Та бүхэн сургаж бэлдээд ав гэвэл бэлдэж тоглочихоод буцаад ирнэ. Харин цаанаасаа морь гаргаж чадахгүй гэх юм бол морьдоо үнэ тохирч аваад буцахдаа зардаг юм уу, эсвэл тэндээ бааз болгож үлдээгээд дараагийн гэрээ, контракт арга хэмжээнд очиход өөрсдийн бэлэн морьтой болчихсон байдаг.

-Ер нь танай цирк мориноос өөр амьтан сургаж, циркийн үзүүлбэр үзүүлдэг юм уу?

-Байна аа байна. Манайх чинь ер нь морин цирк гэхээсээ илүү, хэтийн зорилго маань монголдоо ганц томоохон Амьтны цирктэй болох явдал.Монгол ахуйдаа ойртуулж таван хошуу малаа сургах, чоно нохой есөн шидийн амьтан сургах зорилготой байна. Одоогоор манайд тэмээ, сарлаг, чоно, шонхор шувуу, адуу гээдтаван төрлий амьтан байгаа.

-Та өөрөө багаасаа мал ахуйд ойр өссөн үү. Яаж яваад циркт орчихсон юм?

-Яг үнэнийг хэлэхэд би чинь унаган хотын хүүхэд. Гэхдээ багын мөрөөдөл, сонирхлынхоо дагуу морин циркчин болсон. Багын дэлчигнүүр зантай, төмс чулуугаар жонглёрддог,толгой гаран дээрээ өнхрөөд явдаг байсан. Тэр хоббиндоо хөтлөгдөөд л арван настайгаасаа циркийн дугуйланд явж эхэлсэн дээ. Үйлдвэрчний ордонд явдаг байхад 12 настайд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Норовцэрэн багш маань морин циркчин болгохоор шалгаруулж авч байв.

-Анхны тайзан дээр үзүүлж байсан үзүүлбэрээ санадаг уу? Хүүхэд байсан юм чинь сандарч л байсан биз?

-Анх 16 настай тайзан дээр гарч байлаа. Тухайн үед "Морьтны гайхамшиг" үзүүлбэрийг зритл дүүрэн хүн үзнэ. Бүр хүлээж байгаад ирж үздэг хүн ч байсан. Анхны тоглолтоо их тод санадаг юм. Аав, ээж хоёрыгоо авчраад суулгаад тоглож байхад харьцангуй сандраагүй. Гэхдээ л шээс хүрнэ. Жорлон явж шээчихээд ирэхэд ахиад л шээс хүрээд байсныг бодоход сандрал байсан л юм шиг байгаа юм. Тайзнаас бууж ирээд л нэг уужуу амьсгал авдаг. Яваандаа тав зургаан жилийн дараанаас тайзан дээр гараад ирэхээр тоглолт хийнэ гэхээр ид бах, омогшил төрдөг болсон доо. Үзүүлбэрээ илүү төгс гүйцэтгэх гээд л өөртөө итгэлтэй бардам зантай болчихдог.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс чинь аавынхаа мэргэжлийг уламжилж авсан хүн байна уу?

-Гурван хүүхэдтэй. Том охин маань одоо 18 настай, Түвшинсайхан гээд охин бий. Бас морин циркийн жүжигчин. Энэ жил улсын аварга болсон. Бага хоёр нь хоёулаа хүү. Одоохондоо балчир байгаа болохоор циркээр явах эсэхнь тодорхойгүй л байна.

Эх сурвалж: Э.НОМИН-ЭРДЭНЭ   ӨДРИЙН СОНИН   2014.9.27