The New Media Marketing Agency Chief Technology Office Батсайханы Батзаяад мэндэлсэн өдрийн мэнд хүргье
13 жил, 3 сар өмнө

The New Media Marketing Agency-н Chief Technology Officer Батсайханы Батзаяадаа мэндэлсэн өдрийн мэнд хүргье.

 

Нас нь залуу, цус нь шингэн залуу хүн хэдий ч хийсэн бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх тэмүүлэлтэй шилдэг тэргүүний залуучуудын нэг гэж чамайг үнэлдэг шүү. "Шилдэг залуу" медаль аваагүй ч гэсэн чиний хандлага чинь шилдэг байж чадсан. Угаасаа тэр медалийг авсан хүн шилдэг нь болчихдог юм биш. Гавъяат жүжигчин хүн гудамжинд амьдарч байхтай таарч байлаа. Өндөр цалин мөнгө, алдар нэр, магтаал сайшаал, ханаар нэг өргөмжлөл, хавтасд гялалзах дипломууд, энгэрээр дүүрэн төмөр тэмдэг бидний үнэлэмж байж чадахгүй ээ. Арван жил онц сураад, их сургуулиа алтан медальтай төгссөн гэх атлаа хүн алаад шоронд орсон нэг нь байхад, үзүүлчих дипломгүй атлаа авъяасаа чадвараа олж чадсан нэгэн байх. Шилдгийн шилдэг гэх өргөмжлөл цуглуулсан атлаа найзийгаа хулхидаж, араас хутга шааж, эхнэрээ зоддог нэгэн байхад, шилдэг нь болоогүй ч хүнийг хайрласан шиг хайрлаж, хийвэл хийсэн шиг хийдэг, хүн шиг амьдарч яваа эгэл нэгэн бас байх. Хоосон алдар нэр, хуурамч дүр эсгэж биш харин хийж бүтээснээрээ бахархаж амьдрах сайхаан. 

Тэгвэл манай компанийн Батзаяа оюутан байхаасаа вэб програмчлалыг бие даан судлаж эдүгээ 8 жил болжээ. Бас компани хүртэл байгуулж унаж, босож явсан үе ч бий. Тиймээс тэр компани гэж юу байдаг, хамтын хүчээр хэрхэн ажилладагийг хэнээр ч заалгахгүй мэднэ. Хамтын зорилгоо хувийн амбицийнхаа дээр тавьж байж хамт олон амжилтанд хүрдэг гэдгийг ч бас мэднэ. Тиймдээ ч хамгийн олон хүнтэй IT албыг хамгийн сайн удирдаж байгаа гэж боддог. Танай албаны үйл ажиллагаа жигдэрч, дотоод уур амьсгалыг маш сайхан бүрдүүлж байгаад бахархдаг. "Програмист хүмүүст нийтлэг байдаг "дуугүй мөрөөрөө байх" гэсэн хэв маягийг би бага ч гэсэн эвдэж хүмүүсээ илүү нээлттэй, чөлөөтэй байлгахыг хүсдэг, өөрөө ч тэгж үлгэрлэхийг хичээдэг" гэж нэг удаа хэлж байсан чинь амьдрал дээр үргэлж хэрэгжиж байгааг хараад дотроо их баярладаг шүү. Цалингаа буухаар нийт хамт олондоо чихэр ч болтугай авч өгдөг хүн нь ганцхан чи шүү, мэндэлсэнийг чинь анзаараагүй дуугарахгүй өнгөрөхөд мэндэлсэнгүй гэж гомддог хүн нь бас л чи, CD дээр ковер нааж тус болох хүн байна уу? гэхэд хэдий их ажилтай байсан ч гэсэн "би наая" гэж саналаараа дуугарсан хүн чи л байсан, бусадтайгаа ойр байхын тулд тоглоом хүртэл тоглож сурсан нь бас л чи байсан. Чи ийм л энгийн хүн. Хүн бүртэй нээлттэй дотно харилцаж, баг хамт олноо үргэлж гоё байгаасай гэж санаа зовдог чи ийм л эрхэм хүн. Ийм л энгийн хүмүүс NMMATeam-ийг улам хүчирхэг, илүү хурдтай, илүү нягт болгож байдаг юм. 

Цаашид IT албаа илүү гоё удирдаж, өөрсдийн мөрөөдлийн компаниа хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна. Чи бидэнтэй хамт байгаа нь нэр төрийн хэрэг юм шүү. 

Ээжид тань төрсөн өдрийн мэнд, харин чамд Мэндэлсэн өдрийн мэнд хүргье.

Нэмэлт: Аа бас дашрамд нэг зүйлд уучлалт хүсэх гэсэн юм. Дээр нэг удаа маргахад би "Би ч дарга, чи ч дарга" гэж хэлэхэд чи буруу утгаар нь ойлгох шиг болсон. Би энэ үгийг хэлэхдээ "Би ч дарга, чи ч дарга" гэсэн барьцсан утгаар биш, харин "Би ч дарга, чи ч дарга гээд хэн хэндээ дарганцархаад, нэгэндээ хүндрээд яваад байвал бид ойлголцож чадахгүй" гэсэн утгаар хэлсэн юм шүү. Ялихгүй зүйлээс үл ойлголцох байдал үүсгэсэнд уучлаарай.

Ж.Лувсандорж
 2011 оны 1 сарын 31