Жигжидийн СОСОРЖАВ- Мах махан бүтээгдэхүүний технологич, инженер
6 жил, 2 сар өмнө

Мах, махан бүтээгдэхүүний технологич, инженер

МАЛЫН ХИШИГ: Мах, махан бүтээгдэхүүний гарын авлага уншиж танилцах: https://www.usp2030.org/gimi/R...

Бага насны дурсамж содон санагдана.
Аав минь УБ яваад ирэхдээ хиам авчирч анх хиам идэж үзэж байж билээ. Амттай ч юм шиг дахиад идээд баймаар ч юм шиг. Ээжээсээ асуулаа
- Ээжээ ийм хиамыг гэртээ хийж болох уу?
Ээж минь инээмсэглэн “Том болоод хиам хийдэг хүн болоод ханатлаа идэхгүй юу” гэж билээ. Хиам хийдэг инженер болно гэж би тэр үед яахан төсөөлөх билээ. Мартжээ.
Олон жилийн дараа 10–р анги төгсөх боллоо.
Төгсөх шалгалтуудаа амжилттай өгч цаашид ямар мэргэжил эзэмших тухай ярилцлаа .
Том ах Ж.Нямжав “Чи ерөөсөө Германд суралцах хуваарь ав, хүнсний инженер болооч” гэж билээ.
Хойтон жил нь алдартай Гумбольдтын их сургуулийн хуваарь авч “Мах, махан бүтээгдэхүүний технологич инженер” мэргэжлээр сурч эхэллээ.
Германчуудаас ихийг сурч ер нь л бол “Хувьсан өөрчлөгдсөндөө’’
Сургуулиа төгслөө...
1989 оны 09-р сарын 13 Мартах аргагүй өдөр
Онгоцонд суугаад нутгийн зүг нисэж байлаа. Шинэхэн инженер. Эхлээд ажилчнаас эхэлдэг гэсэн, дараа нь ажлын үр дүнг харгалзан дэвшүүлдэг гэсэн. Ажиллана даа, зүтгэнэ дээ гэж бодож явлаа. Монголдоо ирлээ. Мах комбинатад хуваарилагдан очлоо. Хар бор ажил ч зөндөө хийлээ. Толгой шийр ч хуйхалж үзлээ. Удаж төдөлгүй инженерийн байранд очлоо. Ажлын төлөө зүтгэж явсаар ... Цаг хугацаа харвасан сум шиг түргэн өнгөрчээ.
Хагас жарны ажлын туршлагатай, бас нэг сонин нь “ БАГШАА” гэж дууддаг олон шавьтай болжээ. Залуу байхдаа “Багш” гэж дуудуулна гэж үнэндээ бодоогүй цэл залуугаараа байх юм шиг бодож явж дээ. Яг энэ агшинд би өөрөөрөө, хамт олноороо бахархаж байна.
Ард түмэндээ эрүүл хүнс хүргэх гэж зүтгэсэн 30 гаруй жилийн хугацаанд би өөрөөрөө овоглосон хамт олонтойгоо хийсэн зүйлсээс цөөн хэдийг бичвэл:
- Монгол аргаар мах эвдэж, ангилсан мах гаргав.
- Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх анхны “Махны сургалтын төв“-ийг нээж олон хүнд сургалт хийжээ.
- Махны салбарт хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрт хийж амжилттай хэрэгжүүлсэн
- Монгол улсын хүчний байгууллагуудад зориулан хөнгөн цагаан саванд нөөшилсөн төрөл бүрийн будаатай хуурга, ногоотой махан хуурга, шууз, өөхний агууламж багатай хиамнууд зэргийг дурдаж болно.
Өглөө бүр ажил уруугаа яарч, орой бүр ажлаа дүгнэж гэрийн зүг урамтай явдаг жирийн инженер би жаргалтай хүн.
Багын дурсамж амьдралд биеллээ олж хиамаа өөрөө хийдэг хүн боллоо сонин юм.
‘’БИ’’ –гээс ‘’ БИД ‘’үнэн шүү

Бид бахархах зүйлтэй хүмүүс

Хүнсчин миний бахархал –ХҮНСЧИД