Ж.НЯМСҮРЭН- НЯГТЛАН БОДОХЫН АМЬД ТҮҮХ
10 жил, 1 сар өмнө

Ж. Нямсүрэн- НЯГТЛАН БОДОХЫН АМЬД ТҮҮХ САНХҮҮГИЙН СУРГУУЛИЙН НАЙРААГҮЙ БАГШ

/Монгол Улсын Ардын Багш, Мэргэшсэн Нягтлан Бодогч,

СЭЗДС-ын професор, зөвлөх багш/ Нягтлан бодох бүртгэлийн салбараас төрсөн анхны Ардын багш Ж.Нямсүрэн

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уултай, устай, өндөрлөг газар төрж өссөн хүн. 1951 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумд сурахаар хотод орж ирж билээ. 1955 онд сургуулиа онц дүнтэй төгссөн. Тухайн үед багшийн мэргэжилтэй, дээд боловсролтой боловсон хүчин дутмаг байсан учир онц төгссөн гэдэг үзүүлэлтээр надад сургуульдаа багшлах санал тавьсан юм. Удалгүй Сангийн сайд тушаал гаргаж, 1955 оны намраас сургуульдаа нягтлан бодох бүртгэлийн багшаар томилогдон ажилласан. Түүнээс хойш тасралтгүй60 орчим жил сургуульдаа багш, хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаал хашлаа. Боловсролын салбарт 60 жил ажиллаж 2016 онд тэтгэвэртээ гарсан.

Үгүүлсэн нь: 

Манай улс 1920- иод оны дунд үе хүртэл системтэй бүртгэл нэгдсэн тайлан балансгүй гар тэмдэглэл төдий бүртгэлтэй байснаас нягтлан бодогч гэдэг мэргэжлийн нэрийг ч хэрэглэдэггүй байжээ. 1921 оны ардын хувьсгалын дараах үеэс Зөвлөлт Холбоот улсын мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар бүртгэлийн материал- ордерийн системийг нэвтрүүлж, 1960- аад оны дунд үе хүртэл хэрэглэсэн билээ.

Үйлдвэр хөдөө аж ахуй, барилга тээвэр зэрэг аж ахуйн салбарууд шинээр байгуулагдаж улс ардын аж ахуй эрчимтэй хөгжиж байсан 1960- аад оноос бүртгэлийн журнал, ордерийн систем шинээр нэвтэрч эхэлсэн үеэс миний бие санхүү бүртгэлийн ажилтай холбогдсон юм. Санхүү эдийн засгийн дээд сургуульд 50 гаруй жил, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтыг үүсгэн байгуулалцаж 10 гаруй жил ажиллах хугацаанд нягтлан бодох бүртгэлийн шинэ системийг нэвтрүүлэх, боловсронгуй болгох үйл хэрэгт идэвхтэй ажиллаж ирсэн билээ. Аж ахуйн салбарууд өргөжин хөгжих тутам бүртгэлийн ажил улам нүсэр болж нягтлан бодогчид улирал, жилийн тайлангаа гаргахын тулд анхны баримт, журналуудаа ачиж авчран хотод сууж гаргах нь ердийн үзэгдэл болсон байлаа. Иймд нүсэр, хүнд байдлыг хөнгөвчлөх арга гол арга зам нь бүртгэлийг механикжуулах явдал гэж үзэж санхүү эдийн засгийн техникумд бүртгэл механикжуулах кабинет, сангийн яамны харьяанд бүртгэлийн машинт станц байгуулж салбарын яамд өөрсдийн шугамаар бололцоотой арга хэмжээ авч байсан билээ.

1955 онд Санхүү- Эдийн засгийн техникумыг төгссөнөөс хойш 60 шахам жил нягтлан бодох бүтгэлийн салбартай ажил амьдралаа холбоод энэ салбарынхаа хөгжилд өчүүхэн хувь нэмрээ оруулахыг хичээн зүтгэсээр л байна.

Энэ хугацаанд нягтлан бодох бүртгэлийн үндэс, аж үйлдвэрийн газрын нягтлан бодох бүртгэл, аж ахуйн үйл ажиллагааны шинжилгээ, санхүү зээл зэрэг хичээлийг зааж байлаа. Хичээл заасан шавь нар давхардсан тоогоор 10 шахам мянга болжээ.

Эдийн засгийн коллеж 1997 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль болж зохион байгуулагдсанаас хойш багш, зөвлөх багшаар одоо хүртэл ажиллаж байна. 1976 онд өөрийн хайрлаж хүндэлж явдаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн анхны гавьяат багш, доцент Ч.Түмэнтэй хамтран аж үйлдвэрийн газрын нягтлан бүртгэлийн сурах бичиг, санхүү- эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн ахлах багш, мэргэшсэн нягтлан бодогч охин Н.Шинэ- Өлзийтэй хамтран нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн сурах бичгийг зохиож 2000- 2012 он хүртэл 3 удаа засварлан хэвлүүлэв. Мөн нягтлан бодох бүртгэлийн хуулийн төсөл боловсруулах, мэргэшсэн нягтлан бодогчдын үндэсний нийгэмлэгийг байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, аудитын байгууллага бий болгох, Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтыг байгуулах зэрэг ажилд гар бие оролцож нягтлан бодох бүртгэлийн салбараа хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулан явна.

Монгол улс зах зээлд шилжсэн эхний үед 1993 онд нягтлан бодох бүртгэлийн хууль батлагдсанаар нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх эрх зүйн үндэс бүрдсэн юм. 1990-ээд оны дундаас эхлэн нягтлан бодох бүртгэлийн програм нэвтэрч одоо томоохон аж ахуйн нэгжүүд програм ашиглаж бүртгэл хөтөлж тайлан гаргадаг болсон нь нягтлан бодогчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлсэн шинэ дэвшил болж байлаа.

Харин мэдээллийн технологийн салбарын асар хурдан хөгжлийн үр дүнд бүртгэлийн програмын дараагийн үе онлайн програм гарч ирж байгаа нь нэн талархалтай зүйл юм. Энэ програмыг боловсруулж байгаа "Нью Медиа Технологи"-ийн багийн хамт олонд талархал илэрхийлье.

Эрхэт Онлайн Санхүүгийн Програм нь өмнөх үеийн програмуудын адил худалдан авч суурилуулж, биет бус хөрөнгөнд бүртгэхгүй, компанитай байгуулсан гэрээний дагуу үйлчилгээний төлбөрөө төлж эрхээ нээлгээд програмаа шууд ашиглах боломжтой, нэгэнт компьютерт суурилуулаагүй тул эвдрэл саатал, мэдээллээ хулгайд алдах гэх мэт эрсдэлгүй байх зэрэг дэвшилтэй олон давуу талтай юм.

Иймд энэхүү шинэ дэвшилттэй Эрхэт Онлайн Санхүүгийн Програмыг олон мянган мэргэшсэн нягтлан бодогчид хошуучлан, бололцоотой аж ахуйн нэгжүүд өргөнөөр авч хэрэглэхийг уриалж байна.

Нягтлан бодох бүртгэлийн салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдүүд, шавь нарийнхаа зовлонг мэдэхээс илүү мэдэхийн хувьд тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэг мөр шийдэхийг зорьж ЭРХЭТ програмыг бүтээхэд анхнаас нь зөвлөж, ажилласан юм. Энэ програм нь Ахмад санхүүчдийн туршлага- Шинэ үеийн дэвшилтэт технологийн шийдлийг хослуулан бүтээсэн учир та бүхний ажил амьдралд шинэ дэвшлүүдийг авчирна гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс та бүхнийг ЭРХЭТ програмыг судалж, хэрэглээндээ нэвтрүүлээрэй гэж зөвлөж байна. Мөн та бүхэн  онлайн санхүүгийн програмыг хөгжүүлэхэд өөрсдийн санал бодлоо ирүүлж хамтран сайжруулахыг хүсье.

Ж. Нямсүрэн /Монгол Улсын Ардын Багш, Мэргэшсэн Нягтлан Бодогч,

СЭЗДС-ын професор, зөвлөх багш/


ЯРИЛЦЛАГА УНШИХ: 

Нягтлан бодох бүртгэлийн салбараас төрсөн анхны Ардын багш Ж.Нямсүрэнтэй ярилцлаа. Хүүхэд залуус мэргэжлээ сонгож буй энэ цагт түүний ярилцлага хэрэг болох биз ээ.

-Та багш хэмээх эрхэм мэргэжлийг хэдэн онд эзэмшсэн бэ?

-Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уултай, устай, өндөрлөг газар төрж өссөн хүн. 1951 онд Улаанбаатар хотын Санхүү эдийн засгийн техникумд сурахаар хотод орж ирж билээ. 1955 онд сургуулиа онц дүнтэй төгссөн. Тухайн үед багшийн мэргэжилтэй, дээд боловсролтой боловсон хүчин дутмаг байсан учир онц төгссөн гэдэг үзүүлэлтээр надад сургуульдаа багшлах санал тавьсан юм. Удалгүй Сангийн сайд тушаал гаргаж, 1955 оны намраас сургуульдаа нягтлан бодох бүртгэлийн багшаар томилогдон ажилласан. Түүнээс хойш тасралтгүй60 орчим жил сургуульдаа багш, хичээлийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, орлогч захирал зэрэг албан тушаал хашлаа. Боловсролын салбарт 60 жил ажилласан би өнгөрсөн оны намар өндөр настны тэтгэвэртээ суусан.

-Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Ардын багш болсон анхны хүн нь та юм байна. Хэдэн онд энэхүү алдрын эзэн болов?

-2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ой, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 90 жилийн ой давхацсан онцлог үед Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш цол хүртсэн. Нягтлан бодох бүртгэлийн салбараас Монгол Улсад анхны Ардын багш цол хүртсэнээрээ бахархаж явдаг.

-Энэ салбарт ажиллах хугацаандаа олон шавьтай болсон байх. Тэднээс улс эх орондоо ихийг бүтээж яваа хүн олон байгаа болов уу?

-Давхардсан тоогоор10 мянга орчим оюутанд хичээл заасан статистик мэдээ сургуулийн тайлангаар гарсан. Үүнд улс нийгэм, төрд мэргэжлээрээ зүтгэж алдрын зэрэгт хүрсэн олны танил хүн олон бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан А.Базархүү, Д.Даваасамбуу, гавьяат эдийн засагч, доктор профессор Л.Дондог, гавьяат эдийн засагч Б.Осоргарав, Р.Батжаргал, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат, Улсын ерөнхий аудитор байсан Л.Жавзмаа гээд тоочоод баршгүй.

-Хэдийгээр гавьяаны амралтад гарсан ч нягтлан бодох бүртгэлийн салбарынхан танаас зөвлөгөө авахаар ирдэг байх?

-Мэргэжил нэгт нөхөд, шавь нар ирж зөвлөгөө авахаас гадна төрийн, төрийн бус байгууллагын шугамаар янз бүрийн ажилд оролцох л юм. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн гэсэн байгууллага байдаг л даа. Эдгээр байгууллага зохион байгуулж буй янз бүрийн арга хэмжээндээ намайг урьж оролцуулдаг. Үүнд нь би баяртай, сэтгэл өөдрөг явдаг юм. Манай аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь жижиг байна. Тэдгээр байгууллага болгон нягтлан бодогчтой байх ёстой. Гэтэл байгуулагдаад удаагүй, санхүүгийн талаар бэхжиж чадаагүй жижиг аж ахуйн нэгж нягтлан бодох бүртгэл хөтлөхдөө мэргэжлийн бус хүнийг ажиллуулснаас татвараа зөв тооцож чадахгүй байх тохиолдол гардаг. Тэгэхээр эдгээр хүмүүст туслах зорилгоор бид нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх сургалт явуулдаг. Түүнд нь би хичээл зааж байна.

-Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг олон хүн эзэмшдэг ч ажлын байр хомс, дээр нь боловсон хүчин ажил олгогчдын шаардлагыг хангадаггүй гэж ярих юм. Боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдгаа хуваалцана уу?

-Монгол Улсад боловсон хүчин бэлтгэж буй 100 гаруй их, дээд сургуулийн ихэнх нь нягтлан бодох бүртгэлийн ангитай. Уг нь энэ мэргэжил хамгийн хүртээмжтэй. Энэ эрэлт хэрэгцээтэй байдлыг харгалзаад хувийн сургуулиуд ч гэсэн нягтлан бодох бүртгэлийн ангитай болсон. Цөөхөн оюутантай, ганц нэг мэргэжлийн ангитай сургуулиуд орон тооны хүрэлцээ нь төдий л сайн биш байна. Түүнээс шалтгаалаад тэндээс гарч байгаа төгсөгчид чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол амьдралд байна. Тийм учраас аж ахуйн нэгж байгууллагууд нягтлан бодогчийн орон тоо зарлахдаа тодорхой шаардлага тавьдаг болжээ. Нягтлан бодох мэргэжлээр МУИС, СЭЗДС, ХААИС, “Мандах бүртгэл” дээд сургууль гэх мэт айргийн тавд багтах сургууль нэрлэгдэж байгаа юм. Нягтлан бодогч мэргэжилтэй, дипломтой хүн олон бий. Арай чанартай сургууль гэдгийг нь харгалзаад нэр заах болж. Түүгээр ч барахгүй“Мэргэшсэн зэрэгтэй нягтлан бодогчийг ажилд авна” гэж зарладаг болсон байна. Энэ бол нийгмийн шаардлага. Аж ахуйн нэгж, байгууллага бэхжиж томрох тусам бүртгэл тооцооны ажил маш нарийн байх ёстой. Тэгэхээр энэ шаардлагад нийцүүлж сургалтын төлөвлөгөө гаргахдаа багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх тал дээр боловсролын болон энэ чиглэлийн төрийн бус байгууллага анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог.

-Та дээр хэд хэдэн сургууль нэрлэлээ. Тэгэхээр сургуулийг ямар үзүүлэлтээр чанартай гэж тодорхойлоод байна вэ?

-Нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиад болдог. Энэ уралдаанд оролцож байгаа байдлаар сургуулийн чанарыг тандаж, мэдэж болно. Нягтлан бодогч бэлтгэдэг мөртлөө олимпиадад оюутан нь оролцохгүй байгаа сургууль асуудалтай. Нөгөө талаар ажил олгогчид сургуулийн нэр заана гэдэг нь ямар ч гэсэн тэдгээр сургуулийг төгссөн хүн мэдлэг чадвар сайтай гэдгийг мэдэж буй хэрэг. Энэ бол сургуулиудын чанарын үзүүлэлт шүү. Мэдээж сайн гэж нэр дурдсан сургуульд тааруухан оюутан байгаа. Эсрэгээрээ хувийн сургуульд сайн нягтлан бодогч болох хүн байгааг ч үгүйсгэх аргагүй.

-Таны боловсрол эзэмшиж байсан үетэй харьцуулахад өнөөдрийн тогтолцоо өөр болсон. Гэхдээ тэр үеийн боловсролын тогтолцооноос авч, амьдралд хэрэгжүүлэх зүйл олон байдаг?

-Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор социализмын үеэс уламжлуулан хэрэгжүүлэх ёстой зүйл байна. Мөн амьдралын шаардлагаар нийгмийн хөгжлийн дагуу гээгдэх юм ч бий. Одоо шилжин орж байгаа зах зээлийн нийгэмд ч сайн, муу анхаарууштай зүйл байгааг алийг нь хэлж барах вэ дээ. Гэхдээ сайн тал нь илүү байлгүй яахав. Сургалтын чанарыг дээшлүүлэхэд юуны өмнө их, дээд сургуулийн мэргэжлийн багш нарын мэдлэг чадвар, дадлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Оюутнаасаа ялгарахгүй залуу багш нар ажиллах нь элбэг болжээ. Эдгээр багш нарын мэргэжлийн боловсролын онолын төвшин өндөр байгаа. Харин амьдралаас авсан дадлага дутмагаас залуу багш ярих онолын мэдлэгтэй ч дадлагын талаар учир дутагдалтай байна. Оюутны дадлагыг социализмын үед салбарын яам, газрын тушаал гаргаад харьяа байгууллагуудад нь хуваарилаад хийлгэдэг байсан. Одоо тийм зүйл алга. Ихэнх компани“нууц” гээд оюутнуудад нарийн зүйлээ үзүүлдэггүй болж. Үүнээс болоод оюутнууд сурч байх хугацаандаа амьдралд тохиолддог бодит зүйлийг нүдээр үзэж, мэдэрч дадлагажих явдал учир дутагдалтай байна. Нягтлан бодохын ажил маш нарийн шүү дээ. Нэг мөнгө зөрүүлэхгүй л хийх ёстой ажил. Гэтэл нягтлан бодогч мөртлөө нэг мөнгөний талаар ойлголтгүй байна. Ийм хүмүүс мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоогүй л гэсэн үг. Энэ мэргэжлийн мөн чанар нь хүссэн хүсээгүй нэг мөнгөн дээр л тогтдог. Учир нь өнөө цагт улс орны нийгмийн нийт бүтээгдэхүүнийг бий болгож буй салбар нь хувийн аж ахуй гэх болж. Хувийн аж ахуй нэг мөнгийг өөд татаж хямгадаж байж л өсч өндийхгүй бол хөрөнгө санхүү арвижихгүй. Үүнээс болоод улсын хөрөнгө дээшлэхгүй шүү дээ. Улсын сан өсөхгүй бол улс нийгэм эрчимтэй хөгжиж чадахгүй гэсэн үг.

-Сүүлийн үед хүүхдүүд эзэмшихээр сонгох гэж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгохгүй байна гэх шүүмжлэл их гарах болж. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хүн бүр нягтлан бодогч, эдийн засагч болж чадахгүй. Гэхдээ ямар ч хүн хүссэн хүсээгүй санхүүгийн тооцоонд орно шүү дээ. Ингэж бүх хүн тодорхой хэмжээнд тоо боддог бол санхүүгийн хүн тэднээс гишгүүр өндөр, илүү мэргэшсэн байх хэрэгтэй. Тэр утгаараа аж ахуй эрхлэн хөтлөх ажлыг гардан зохион байгуулагч нь эдийн засагч, нягтлан бодогч байдаг. Тийм учраас мэргэжлийн мөн чанарыг сайтар ойлгож байж сайн нягтлан бодогч, эдийн засагч болно. Оюутнуудыг ажиглахад нягтлан бодогч болно гэж дарвиж ороод жил хүрэхгүй ангиа сольдог нь олон байна. Тиймээс хүүхдүүдийг мэргэжлээ зөв сонгоход эцэг эхийн оролцоо чухал. Мэргэжил сонгоно гэдэг хувийн асуудал ч нийгмийн чухал үзүүлэлт шүү дээ. Мэргэжлээ зөв сонгосон хүн сайхан амьдарна, тэр хэмжээгээрээ улс нийгмийн ажилд бодитой хувь нэмэр оруулна.

-Та ном сонин их уншдаг гэсэн. Ер нь чөлөөт цагаараа өөр юу хийдэг вэ?

-Ном сонин л их унших юм даа. /инээв/ Өөрийгөө тэтгэвэрт гарлаа гэж сул тавилгүй нийгмийн хөгжилтэй зэрэгцэн юм үзэж сонсохсон гэсэн эрмэлзэл байсаар байна. Мөн амьдрал ахуйгаа өөд татаж эрүүл байхыг чухалчилж байна. Гэр бүлийн хүнтэйгээ хотоос зайдуу Бэлхэд амьдраад10 орчим жил боллоо. Бид жимсний голдуу 200 гаруй мод бут, 20 орчим нэр төрлийн хүнсний ногоо тарьж гэр бүлийн хэрэгцээгээ хангаж байна. Үүний зэрэгцээ мэргэжлийнхээ талаар ном гаргах бодолтой явна.

-Энэ зун нутаг руугаа явах уу?

-Би 2001 онд Монгол Улсын гавьяат багш болсон. Миний энэ амжилтыг үнэлж Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр миний нэрэмжит болгосон юм. Сургуулийн барилгын ажил энэ жил дуусна. Тиймээс энэ зун нутаг руугаа явна даа. Би сумандаа багшилж байгаагүй ч орон нутгийн удирдлагууд маань аймгийнхаа хүнийг хаана, юу хийж байгааг сайн мэддэг юм байна. Энэ дашрамд сумын удирдлага, сургуулийн хамт олон, нутгийн зон олондоо байнга баярлаж явдгаа хэлье.

Б.Сэлэнгэ

    •  
    •  
    •  
    •  
    •  
    •  
    • Манай сайт таалагдсан бол лайк дараарай 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

    СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

    ИЛГЭЭХ 

    СЭТГЭГДЭЛ (0)