НОЁН УУЛЫГ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГОХ ЁСТОЙ
5 жил, 6 сар өмнө


Ноён уул нь хуучин цагийн Өргөө буюу өнөөгийн Улаанбаатараар дайран Хиагтаас Цагаан хэрмийн Чуулалт хаалга орох худалдааны их замын хаяанд байсан тул 18-р зууны сүүл 19-р зууны эхэн үед түүгээр явж өнгөрсөн, Хаант Оросын болоод Баруун Европын жуулчин, элчин нар энэ уулыг, ан аваар элбэг, үзэмжтэй сайхан, нутгийн хүмүүс нь үүнийг ихэд хайрлан хамгаалдаг хэмээн замын тэмдэглэлдээ бичсэн нь бий. Өнөөгөөс 200 илүү жилийн өмнө уг уулыг мөн л Ноён уул хэмээн хүндэтгэн нэрлэж дархлан хамгаалж байсан нь нутгийн монголчууд тэнд эртний хаад язгууртны булш оршуулга байсныг лавтай мэддэг, тэдгээрийг дээдсийнхээ дурсгал хэмээн үзэж хөндөн сандаахыг цээрлэж байсны гэрч болно.

Ноён уулын дурсгалууд, тэдгээрийн эрдэм шинжилгээний ач холбогдол

Ноён уулын булшийг 1924 онд анх нээн малтсанаас хойших 90 жилийн хугацаанд тус бүр нь ихдээ 300 орчим, нийтдээ 1500 шахам булш бүхий, Хүннүгийн язгууртны оршуулгын 7 газрыг Монгол улсын нутгаас олж судалсан байна.

Хүннүгийн язгууртны булш нь хэмжээний хувьд үлэмж том, гадаад дотоод зохион байгуулалт нарийн, оршуулсан хүнд зориулан дагуулсан олон төрлийн эд өлгийн зүйл нь үнэтэй тансаг байдаг зэргээрээ жирийн иргэдийн хэмээх ердийн жижиг булшнаас эрс ялгардаг ажээ.

Ноён ууланд өнөөг хүртэл язгууртны булш 13-ыг малтсанаас эхэн үеийн малтлагаар илэрсэн үнэт чухаг олдворууд нь одоо ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байна.

Монголын түүх, археологи, угсаа гарвал зүй, хүн судлал зэрэг ухаануудад өнөөг хүртэл бүрхэг, маргаантай хэвээр буй, хариу тулгуу нэхсэн, Хүннүгийн тухайт дараах 9 гол асуудалд хариулахад Ноён уулын дурсгал онцгой ач холбогдолтой юм. Тэдгээр нь: 1. Хүннүгийн угсаа гарлын хамаадал; 2. Нийгмийн бүтэц, зохион байгуулалт; 3. Төрийн үүсэл; 4. Хүннүгийн дурсгалын он дараалал; 5. Хүннүгийн суурин амьдрал; 6. Аж ахуй; 7. Газарзүйн байрлал; 8. Угсаатны орчин (угсаатны бүрэлдэхүүн); 9. Ази Европын харилцаанд Хүннүгийн гүйцэтгэсэн үүрэг зэрэг болно.

Эдгээрийн заримынх нь тухайд Ноён уулын оршуулгын дурсгал чухам ямар ач холбогдолтойг энд цухас тайлбарлая.

Хүннүгийн угсаа гарлын хамаадал. Хүннүг хожмын Түрэг, Монголын алиных нь өвөг дээдэс вэ гэдэг дээр судлаачид өнөөг хүртэл маргасаар байгаа ба зарим тохиолдолд энэ нь илүү улс төр, үзэл суртлын шинжтэй болдог. Гадны цөөн тооны эрдэмтдийг (тэдний ихэнх нь өнгөрсөн 2 зууны хүмүүс болно) эс тооцвол үндсэндээ манай судлаачид дангаараа Хүннүг монголчууд хэмээн батлахыг оролддог. БН Түрк улс, хуучин Зөвлөлтөөс тусгаарласан Түрэг хэлт улсуудын хувьд эрдмийн хүрээнд төдийгүй албан ёсны боловсролын бүх шатанд Хүннүг Түрэг мөн хэмээн зааж үүнийгээ олон нийтэд сурталчилдаг байна.

Өнөөгийн байдлаар Хүннүгийн нийт 7000 орчим булш олдсоны ихэнх нь манай улсын нутагт байгаа нь газарзүйн хувьд Монгол орон Хүннүгийн үндсэн нутаг мөнийг харуулж буйн дээр манай судлаач эрдэмтэд Хүннү, Монголын угсаа гарлын холбоог олон зүйл баримтаар баталсаар ирсэн билээ. Тухайлбал Ноён уулын язгууртны булшнаас илэрсэн хүний толгойн яс, талийгаачид дагалдуулан тавьсан 120 орчим гэзэг зэрэг хүн судлалын хэрэглэгдэхүүн, (бөөгийн?) малгай, дээл, хувцас зэрэг угсаатны зүйн эд хэрэглэл, нас барсан хүнээ оршуулсан зан үйлийн онцлог зэрэг нь Хүннү ба монголчуудыг угсаа гарвалын шууд холбоотой гэж үзэх баримт болж байна.

Хүннүгийн дурсгалын он дараалал. Археологийн дурсгалын он цагийг тогтооход хэлбэрийн харьцууллыг гол болгодог боловч үнэмлэхүй он цагийг, өөрөөр хэлбэл яг тодорхой он цагийг тогтооход өөр салбар ухааны аргыг зэрэгцүүлэн хэрэглэх шаардлага гардаг. Сүүлийн үед, он цаг тогтоох байгалийн ухааны олон арга хэрэглээнд нэвтэрсэн боловч тэдгээр нь өртөг ихтэй, манай улсад лаборатори, мэргэжилтэн үгүй зэрэг шалтгаанаар дурсгал бүрийн үнэмлэхүй он цагийг тогтооход бэрхшээлтэй байдаг. Ноён уулын булшнуудаас ширдсэн (лакадсан) аяга, торгон өмд, торгоны тасархай гэх мэтийн бичээс бүхий эдлэл, бас хятад хүрэл толины хэлтэрхий зэрэг, тэр бүр булш болгоноос гараад байдаггүй чухал баримтууд илэрсэн нь Ноён уулын оршуулгын газрын он цаг, цаашилбал Хүннүгийн дурсгалын он цагийн ерөнхий хэлхээг тодорхойлох найдвартай хэрэглэгдэхүүн болсон юм.

Аж ахуй. Нүүдэлчид зэрлэг бүдүүлэг учир эрхэлсэн тодорхой аж ахуйгүй, тэд нэгнийгээ буюу хөрш суурин орныг дайран довтолж дээрэмдэн тонож амь зуудаг гэсэн үзэл одоо ч амь бөхтэй байна. Хүннү нар бэлчээрийн сонгодог мал аж ахуйтай байсны баталгаа болох малын яс Ноён уулын булшнуудаас асар ихээр илэрчээ. Түүгээр ч үл барам, газар тариалан эрхэлж амуу будаа хүнсэндээ хэрэглэж байсны гэрч - ёроолынхоо дээхнэ нүхтэй, үр тариа агуулах аварга том, бүтэн ваар сав, амуу будааны үр зэрэг олджээ. Тэр мэт ваар савыг Ноён уулаас холгүй орших Бороогийн сууринд урлан үйлдвэрлэж байсныг манай археологичид нарийн шинжилгээгээр баталсан билээ.

Газарзүйн байрлал. Ноён уул хавийн нутаг нь Хэнтийн нурууны зүүн үзүүр дэх уул ус тэгш, үзэмжит сайхан нутаг тул Хүннүгийн хаад ихэс хойд насны орд өргөөгөө чухам энд байлгахаар сонгосон бололтой. Энэ нь, Хүннүгийн язгууртны булш оршуулгын нягтрал бүхий хэсгийг судлаачид бүлэглэн байрлуулснаар бол төвийн хэсэгт орох ба малтсан булшны хэмжээ, гарсан эд өлөг зэрэг нь эрхбиш ихээхэн эрх мэдэл бүхий хүмүүст зориулсан шинжтэй. Хүннүгээс улбаалан хожмын, 13-р зууны үеийн монголчуудад уламжлагдсан засаг захиргааны хуваарь ёсоор хаан нь улсаа 3 хэсэгт хуваан зүүн баруун гарыг зохих эрхтэн нарт захируулж өөрөө гол хэсгийг мэддэг байжээ. Тийм хуваариар бол Ноён уулын газар ус нь Хүннүгийн шаньюйн шууд харьяанд байсан байж болох таамгийг судлаачид дэвшүүлсэн бий.

Ази Европын харилцаанд Хүннүгийн гүйцэтгэсэн үүрэг. Ноён уулын нэгэн булшнаас Грек-Ромын домгийн бурхдын дүрст мөнгөн чимэг, Өрнөд Азийн урлагийн бүтээл болох хүний дүрслэл бүхий ширдэг зэрэг Хүннү ба өрнө зүгийн орнуудын соёлын харилцааны гэрч болсон, урьд өмнө олдож байгаагүй чухаг олдворууд илэрснийг Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт өвийн бүртгэлд оруулсан юм.

Ноён уулыг байгаль-түүхийн дархан газар болгохын учир

Дээр дурдсан бүхэн Ноён уул бол төрийн хамгаалалд байх учиртайг дахин давтан сануулж буй боловч харамсалтай нь өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдал үүний эсрэг байна. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд, Монгол улсын нутаг дахь соёлын өв дурсгал асар ихээр сүйдэн устах буюу сэвтэн гэмтэж байгаа нь хэний ч нүдний өмнөх илхэн зүйл болоод байна.

Монголын, одоогоор мэдэгдэж буй анхны төрт улсын хаад ихсийн онгон дархан уул болох Ноён уулыг ч цагийн ороо бусгаа байдлыг далимдуулан гагцхүү эд ашгийн үүднээс ухаж сүйтгэсэн нь зөвхөн өнөөдрийн хэрэг биш билээ.

Эдийн засгийн хямрал бэрхшээл хэзээ ч болж болох боловч түүгээр далимдуулан хаа дуртай газраа ямар ч баялгийг ухаж эрх хүслээ хангана гэдэг бол “боохой борооноор” гэдэг үгийг санагдуулж байна. Аливаа хямрал доройтол хэзээ болох нь болзоогүй, тэгээд ч “хямрал”-ын үед дан ганц уул уурхайн олборлолтыг нэмэгдүүлснээр сайжралыг олохгүй бөгөөд харин ч улсын эдийн засгийг аль болох төрөлжүүлж аж ахуйн олон зүйлийг салбарлуулбал “хямрал”-ыг давна, цаашилбал улсаа улсын дайтай хөгжүүлж болно гэдгийг дотоод, гадаадын судлаачид, зөвлөх мэргэжилтнүүд хэлсээр байна.

Үнэхээр их баялаг байгаад түүний хуваарилалт шударга бус бол нийт ард түмэнд ямар ч унац ашиг байдаггүй бөгөөд байгаль дэлхий, өв соёлоо сүйтгүүлэн сүйтгүүлэн ядуураад байх ямар ч шаардлага алга гэдгийг манай туршлага хангалттай харуулсан биш үү?

Үүнийгээ эрх мэдэлтнүүд, тухайн орон нутаг болоод нийт улс орны аж амьдралыг дээшлүүлэхээр хийж байна гэх боловч бодот хэрэг дээрээ эсрэгээр болдгийг бид харсаар, энэ үйлийн үрийг бие сэтгэлээрээ мэдэрсээр байна. Хэрэв уул уурхай үнэхээр хөгжлийн ганц гарц юм бол өнөөдрийнх шиг улсын өр таазандаа тулж ардын амьжиргаа шалнаас доош орохгүй байхсан. Нийт улс оронд ийм байдаг байж, ядаж анх алтны олборлолт эрхэлсэн орон нутагт нь өөр байдаг байлгүй гэтэл санаснаас хол доор байдалтай болчихоод байгааг аймгуудаас Баянхонгор, Төв, сумуудаас Заамар, Хонгор, Шарынгол, Борнуурын жишээ бидэнд тун тодорхой харуулж байна. Гэтэл одоо, ашиг нэр хөөсөн этгээдүүд цаг зуурын энэ бэрхшээлийг завшаан болгож зөвхөн олз хөөж улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн яг тэр аргаараа буцаан босгоно гэж Ноён уул мэтийн усны ундарга, дурсгалын охийг агуулсан газар руу улайран дайрч байна.

Соёлын үл хөдлөх өвийг тойруулан бүс татан хашаалж хажууд нь бичигтэй самбар зоогоод улсын болон орон нутгийн хамгаалалтад авсан нэр зүүдэг байсныг орчин үеийн олон улсын жишигтэй зүйрлэвэл газар гэрийг орд харш гэсэнтэй агаар нэг юм.

Соёлын өвийг онгон тансаг байгаль орчинтой нь, цогцоор нь, өргөн талбайгаар дархалдаг ёс олон улс дахинаа хэдийнээ хэвшсэнийг хаа холын хөгжингүй орнууд гэлгүй хажуугийн Казахстанаар жишээлэн харж болно. Тэнд байгалийн баялаг их, түүнийгээ бас гадныхантай хамтран олборлодог, хүн ам харьцангуй цөөн, газар нутаг уудам гээд манайхтай ижил олон зүйл бийг бүгд мэднэ.

Гэтэл Казахстанаас наанадаж 70-аад жилийн өмнө тусгаар улс болсон, төрийн 2200 илүү жилийн түүхэн уламжлалтай гэх манай улсад ёс юм шиг аль баян тансаг уул устай, өвөг дээдсийн өв дурсгалтай газарт нь хүнд техник, өрөм, шанага зоолттой, өдөр шөнөгүй ухаж тэсэлж байдаг шүү дээ.

Соёлын өв дурсгалдаа ингэж ханддаг орон энэ дэлхийд байх нь ч байна. Арваад жилийн өмнө талибууд Афганистаны засгийн эрхэнд байхдаа Бамианы хадан уулан дахь, манай Ноён уулын хаадын булштай насаар бараг чацуу Бурхан багшийн хөрөг дүрийг буудаж дэлбэлснийг дэлхий нийтээр мэдэх билээ. Гэвч талибуудад өөрсдийгөө зөвтгөх шалтгаан бий. Наад зах нь тэд бол мусульман, чулуун хөрөг бол Бурханы шашных, тэдний өвөг дээдэс тэр дурсгалыг бүтээгээгүй. Тэгээд ч тэд үзэл суртлын зорилгоор үүнийг хийсэн.

Харин бид юуны төлөө Ноён уулыг ухаж (ухуулж) байна вэ?

Хэрэв бид өнөөдөр “супер нинжа” нар (тэд өөрсдийгөө ингэж нэрлэж байхыг зохиогч сонсож билээ)-ын даварсан үйлдлийг дэмжих буюу дуугүй өнгөрөөвөл маргааш тэд бас өөр нэгэн “хямрал” гэгчээр далимдуулан “Бурхан Халдун уулын доор 50 мянган тонн алт байна. Гэхдээ энэ нь уулын ар тал юм аа. Уулын өврийг ерөөсөө хөндөхгүй. Үүнийг л гаргаад ирвэл бид хөгжлийн манлайд хүрнэ” гээд даян дэлхийн эсгий туургатны шүтээн уулын талыг тасдаж тэгшлэхээр улайран зүтгэх болно.

Цаг зуурын бэрхшээлээр түрий барин үеэс үед дээдлэн шүтсэн газрыг ашгийн төлөө уудлан самарч өвөг дээдсийн ясыг өндөлзүүлвээс өв уламжлалаа дэвслэн эд ашгийн төлөө хомхойрохыг үр хойчдоо биеэр үлгэрлэх, эртний уг язгуураа доромжлон гутааж тэртээ тэргүй Хүннү дээдсийг “булаацалдан” буй олон улсад нэрээ барахын үүд нээгдэнэ.

Тиймээс байгаль түүхийн дархан газар гэдгийг байгуулахын гол зорилго бол хэдхэн хүний хангалуун амьдралын төлөө чирч ирсэн тэдгээр өрөм, шанага, хүрз, зээтүү, хүнд машиныг хаад ихсийн онгоноос “долоон уулын цаагуур” далд оруулан холдуулж өвөг дээдсийнхээ өвийг орчин үеийн түвшинд хадгалан хамгаалах, судлан шинжлэх, ард иргэддээ сурталчлан таниулах амар тайван, ариун цэвэр орчныг бий болгох явдал юм.

Эс тэгвэл буурал дээдсийн мөнх хүүрийг агуулсан, эх түүхийг маань сануулах энхжингийн ариун орны дэргэд арван алд там, алив хор хог зэрэгцсээр, тэдгээр нь ард иргэдийн амар тайван, эрүүл энх, тэгш дүүрэн амьдралын үндэс болсон цэнгэг ус, цэвэр агаар, ариун шороо, атар хөрсийг бузарласаар байх болно.

Одоогоос 200 орчим жилийн өмнө, монголчууд өөрийн төр улсыг дахин сэргээхээс аль урьд, Манж Чин гүрний эрхшээлд байхдаа Ноён уулыг дархан газар болгож байсныг, 1910-аад онд яг өнөөдрийнх шиг “шинэ тулгар улсын санг арвижуулах зорилгоор” Ноён уулыг “Монголоор” хэмээх гадаадын компаниар ухуулж байсныг, үүнээс болж ард түмний дунд “Дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан сайдууд гуай” гэсэн үгтэй дуу түгж байсныг сануулъя.

2000 гаруй жилийн өмнө Монголын өвөг хаад алс баруун зүгийн хүчирхэг Ром гүрэн, Өрнөд Азийн Парфийн улс зэрэг хүн төрөлхтөний эртний соёлын голомтуудтай өргөн дэлгэр харилцаатай байсныг илтгэн харуулах үнэт их баримтыг агуулсан, зөвхөн өнөө бидэнд мэдэгдэж байгаагаар 250 илүү булштай Ноён уулыг байгаль-түүхийн дархан газар болгож төрийн хамгаалалтад авсан шиг авах шаардлагатай байна.

Үүнд Монгол улс, Монголын ард түмнийхээ соёлын өв, байгаль орчныг хайрлан хамгаалж үр хойчдоо үлдээхийг эрмэлзэгч хэн бүхэн, ялангуяа соёлын өвтэй холбоотой судалгаа, сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа явуулдаг, төрийн болоод төрийн бус байгууллагууд эе хүчээ нэгтгэхийг уриалж байна.

ШУА-ийн Археологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга