А.Мөнхбат: Хөх Монголыг өмнөх 300 жилийн залууст тохиож байгаагүйгээр босгож, нийт хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх гайхамшигтай үүрэг бидэнд түүхээр оногдож байна
9 жил, 8 сар өмнө

-Монголын Залуучуудын Холбооны V ИХ ХУРЛЫН үндсэн илтгэл-  

Их хурлын төлөөлөгчид өө, Залуус аа, найз нараа, Хүндэт зочидоо, Эрхэм иргэдээ!

Та бүхэндээ Монголын Залуучуудын Холбооны V Их хурлын босго өндөр индэр дээрээс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Сайхан хаваржиж байна уу? 

Монголын залуучуудын байгууллагын Их хурлыг хуралдахыг олон залуус хүлээж байсан. Тийм хүсэлт, санал ч ихээр ирсэн. Хүлээсээр, найдсаар заримынх залуу нас дууссан. Их хурлаа хуралдуулж холбооны ажлыг ярих гэхээс илүүтэй, Монгол Улсын хөгжилд залуусын оролцооны тухай, ямар ирээдүйг бүтээж, залуудаа хэрхэн сайхан амьдрах тухай ярилцахыг залуус хүссэн нь дамжиггүй.

Энэ Их хурал нь өмнөх Их хурлаас хойш бүхэл бүтэн 12 амьтнаар нэрлэсэн бүх жилүүдийг өнгөрөөсний эцэст Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шилжилтийн үе дуусч, шинэ үе эхлэж буй эгзэгтэй, ер бусын цагт болж байгаа гэдгээрээ ихээхэн хариуцлагатай, онцгой чухал ач холбогдолтой билээ.

V Их хурлаар бид МЗХ-ны Үндсэн дүрэм, Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын төсөл, “Монгол залуу хүн” хөтөлбөр,байгууллагын ойрын болон дунд хугацааны бодлого, үзэл баримтлал, үйл ажиллагааны ерөнхий чиглэлзэрэг олон чухал бичиг баримт, нэн шаардлагатай тогтоолуудыг хэлэлцэн баталлаа. Одоо харин улс төр, нийгмийн тулгамдсан асуудлууд мөн энэ бүгдийг зөв засахын тулд бид ямар онол, арга зүйг үндэс болгож өөрсдийн алдсан, мартсан, гажуудуулсан алтан үнэний тухай та бүхэнд хэлэлцүүлэхээр дэлгэж байна.

I ХЭСЭГ. ӨНӨӨДРӨӨ БАРАГСАД 

Монгол орны уналт, сэргэлт, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэнд ХХ зуун онцгой байр эзэлдэг ажээ. ХХ зууны хориод оны үе гэхэд Монголын хүн ам хагас сая болтлоо буурч, эрдэм боловсролоор доройтож, Монгол хүн төрөлт, дундаж нас, эрүүл мэндийн үзүүлэлтээр туйлын дор орж, гадаад ертөнцөд бидний Монголыг устан сөнөж байна гэсэн дүгнэлт хийж байсан билээ. Монгол Улс маань хоёр их гүрний дунд оршдог, цөөн хүн амтай, цэрэг зэвсгийн чадал мөхөс орон болохын хувьд нэгний нь дэмжлэгээр нөгөөгийн нөлөө хараанаас гарах оролдлого бүртээ өөртөө дэмжигч орны нөлөөнд шууд шахам орох аюулыг ямагт агуулж ирсэнийг ХХ зууны түүх гэрчилж ирлээ.

Монголчууд 1911 онд Манж Чин Улсын колончлолын эсрэг, 1921 онд Дундад иргэн улс болон Оросын цагаантны түрэмгийллийн эсрэг Үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэлд босож, 1989-1990 онд Зөвлөлт Оросын хатуу нөлөө хараат байдлаас гарахын төлөө, дагуул орны тавилангаас ангижрахын төлөө тэмцсэн. Энэхүү тэмцлийн гол хүч нь залуучууд байлаа.1911 онд Хаант Оросын ил далд дэмжлэгээр Манж Чин Улсын колончлолоос ангижраад, Богд Хаант Олноо Өргөгдсөн Монгол Улсыг /1911 оны XII сараас 1915 оны VI сар/ байгуулж, төрийн байгуулалаа Англи, Орос мэтийн жишээ загвараар тогтоосон байна.

Монгол орны уналт, сэргэлт, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэнд ХХ зуун онцгой байр эзэлдэг

 

Хятадын гамин цэргээс Нийслэл хүрээг чөлөөлсөний дараа Богд Хаант Олноо Өргөгдсөн Монгол Улсыг /1921 оны II сарын 3-аас 1921 оны VII сарын 10/ дахин сэргээсэн. Гэвч 1921 оны хувьсгалын ялалтыг Зөвлөлт Оросын тусламж дэмжлэгээр хангасны учир Зөвлөлүүдийн маягийн түр засгийн газар хилийн чанадад 1921 оны III сардбуй болсоноор 1921 оны III сараас VII сарын 10-ыг хүртэл Монгол Улс хоёр засагтай байлаа. 

Ийнхүү хоёр засагтай байсаар 1921 онд Ардын эрхт, хэмжээт цаазат, хаант засаг тогтсон юм. Эцэст нь Орос дах пролетарийн диктатурынн хэв, жишээт маягаар Монгол Улсаа 1924 онд БНМАУ хэмээн анхны үндсэн хуулийг баталж, тунхаглажээ. Харин 1990 оны хувьсгалын үр дүнд олон намтай, сонгон байгуулагдах төр төвтэй, улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг бүхий нийгмийг бий болгон 1992 онд шинэ үндсэн хуулиар баталгаажуулан 20 гаруй жил хөгжиж ирлээ.

Тухайн үеийн гадаад дотоод түүхэн нөхцөл, эрхшээл, нөлөөнөөс хамаарч тогтсон нийгмийн шинэ тогтолцоо Монголын ард түмэн түүний залуу үеийнхэнд юу өгөв, цаашид төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төр засаг, ард олны нийтлэг эрх ашгийг ойртуулахад чухам юу шаардагдах болов гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. 

Дээр өгүүлсэнээ дүгнэхэд, түүх урагшлах 1911, 1921, 1990 онуудын харилцан адилгүй түүхэн нөхцөлд өрнөсөн үндэсний хувьсгал амжилтанд хүрэх бүрийд тухайн гадаад дотоод байдал, түүхэн нөхцөл байдлын эрхшээл, нөлөөнөөс хамаарч адилгүй шинж байдал бүхий төрийн тогтолцоонууд Монгол оронд буй болж, үйлчилж ирсэн нь тодорхой ажээ.

Гэхдээ Монголчуудын хувьд 1990 он олон зуун жилийн дараа хувь заяа, тусгаар тогтнол, хөгжлийн замаа өөрсдөө тодорхойлон сонгох түүхэн боломжийг нээж өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Энэхүү түүхэн үнэн, түүхэн боломжийг алдах аваас улс үндэснийхээ хөгжлийг нийт хүн төрөлхтний түүхэн хандлага болон глобал хамралтын үйл явцаас салангид үзсэнээр дахин хэдэн зуун жил хоцорч, угсаатан зүйн өвөрмөц үзэгдэл төдий болох аюул бодитоор нүүрлэх юм. Иймээс өнөөгийн Монголын улс төрийн хүрээнд эв нэгдэл, үндэсний үзэл санааг бүрдүүлэх хүчин зүйлсийг төлөвшүүлэх нь нэн чухал юм. Шинэ мэдлэг, шинэ чадамжийг улс төрийн хүрээнд хэрэгжүүлж чадах гол хүч бол залуучууд юм.

Дээрх бүх хувьсгалыг залуучууд хийснийг түүх нотлоно. МЗХ-ны эцэг байгууллага МХЗЭ ХХ зууны бүхэл бүтэн 80 жилийг нь бүтээлцсэн онцгой гавьяаг бид мартахгүй ээ! Чиний төлөө үхье гэж эх орондоо тангараглаж хамгаалсан ахмад залуучууддаа баярлалаа. Цагаан морин жилийн цан хүүрэг татуулсан хувьсгалаас, цаг үеийг түүчээлэн их хөгжлийн гараанд ирж буй өнөөдрийг хүртэлх түүх бол манай МЗХ-ны сүүлийн 25 жилийн шинэхэн үеийн түүх юм. Нам нь төрийнхөө дээр байдаг нийгмээс тайван замаар ардчилсан нийгмийг бүтээлцэж буй эгэл идэр залуусын түүх бол бидний хүүхэд, балчир залуу насны нэгэн түүх. 

Өнгөрсөн 25 жилийг бүтээсэн, үеийнхнийхээ мөрөөдлийн төлөө ажилласан ах, эгч нартаа баярлалаа

 

Өнөөдөр тэдгээр идэр залуусын зарим нь бидний дунд орон зайгаа үлдээж эгнэгт ирэхгүйгээр одсон ч, хийсэн үйл нь балраагүй, хүсэл мөрөөдөл нь бүдгэрээгүй байна. Энэ түүхийг бүтээхээр өөрийн амь амьдралаар дэнчин тавьж, тэмцсэн олон мянган залууст Их хурлын энэ индрээс гүн талархал илэрхийлж мэхийн ёсолж байна. Хахир өвлийн хүйтэнд төв талбайд өлсөж, тэмцэж явсан олон мянган залуусын хувьд 25 жилийн дараах өнөөдрийн тухай ямар ч чимэг хачиргүйгээр, яг байгаагаар нь ярьсан бол хэн нь ч итгэхгүй байсан байх. Бидний амьдралын наад захын хэрэглээ болсон гар утас, япон машин, 2 хөршдөө визгүй зорчиж байгаа нь 90-ээд оны залуусын хувьд алс холын мөрөөдөл байсаан... 

Хойч үедээ эрдэм сургаж, ертөнцийн соёлд хүргэх юмсан гэсэн тэдний холын мөрөөдөл өнөөдөр нэгэнт биелэл болсон. Өнөөдрийн Монгол бол 25 жилийн өмнөх залуусын хүсэл мөрөөдлийн биелэл. Тэдний төлөөлөл болсон залуус энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнгөрсөн жилүүдэд хувьсгал хийлцэж, нам байгуулж, сонгуульд өрсөлдөж, төр барилцаж, бодлого тодорхойлсон билээ.
Их Хурлын төлөөлөгч Залуус аа. Үеийн нөхөд өө. 

Өнгөрсөн 25 жилийг бүтээсэн, үеийнхнийхээ мөрөөдлийн төлөө ажилласан ах, эгч нартаа баярлалаа. Бүтээсэн бүхнийг тань үргэлжлүүлж, алдсан алдааг тань залруулах үүрэг өнөөдрийн залуус бидэнд ирж байна. Өнөөдөр зөвхөн түүхээ ярих өдөр биш ээ. Өнгөрсөнөө дүгнэн ярьж, алдаа оноогоо цэгнэж, ирээдүйгээ төсөөлж, бодлогоо оновчтой тодорхойлох өдөр юм аа. Энгийн жишээ ярья. Сонины нэг нүүрэнд хэдэн зуун саяыг төрөөс хулгайлсан эрхмийн тухай мэдээ ид сенсаацалж байхад, нөгөө нүүрэнд нь хотод амьдардаг хэрнээ цахилгаангүй, усгүй, нийтийн үйлчилгээгүй, ахуйн наад захын шаардлагыг хангаагүй айлын элэг эмтрэм амьдрал зурайж байна.

Хотын төвийн ресторанд 300 мянгаар нэгэн үдшийг өнгөрөөж байхад, сарын 300 мянгаар амьдралаа залгуулж байгаа гэр бүлүүдийн жишээ олноороо. Өмчийн ялгаа газар авчээ. Ядуурал буурахгүй, нийгмийн үйлчилгээ иргэдэд тэнгэр газар мэт зааглан холджээ.

Либериалистүүд ядуурал бол залхуурал гэж ярьдаг. Тийм ч байж болно. Гэхдээ хэтэрхий олон хүмүүс дундаас доош түвшинд амьдарч байгааг нийтээрээ залхуу байсных гэж буруутгах нь туйлширсан хэрэг болох байх. Ер нь залхуу байлаа гээд мартаж орхих нь хүмүүнлэг төрийн бодлого биш ээ.

Зах зээлийн зарчмаар чөлөөт өрсөлдөөнөөр амьдарч чадаагүй гэж хүн амынхаа тэн хагасаас илүүг буруутгах уу? Буруутгаж болно оо!Харин буруутгагдаж байгаа иргэд нь гарааны тэгш боломж олгосон ч өрсөлдөөний зарчмыг хөгжүүлж, мэдээллээр бүрэн хангаагүй төрийн бодлогын буруу гэж хэлж байна. Үнэний хувьтай.

Төрд ажилласан дарга тэрбумын наймаа үсэргэж байхад, насаараа зүтгэсэн багш байрны урьдчилгаа өгчих хуримтлалгүй байгаа нь шудрага уу? Төрийн мөнгөөр тендер шалгаруулаад 10 хувийг хахуульд авдаг жишиг тогтсоныг хэн худлаа гэхийн! Төрөөс төрсөн тэрбумтан гэдэг үг байдаг уу? Хууль адилхан үйлчлэхгүй байна гэсэн бухимдал нь хоосон яриа юм уу? Тийм ээ. Энэ бол өнгөрсөн 25 жилд ардчилсан засаглалыг хөгжүүлэх, амаргүй замд гарсан алдаа юм аа. Энэ бол ардчилсан хувьсгалыг хийсэн ч либераль ардчилалын энгийн зарчмууд, түүний амин чухал механизмуудыг орхигдуулсаны, зарим зарчмыг нь хэт дөвийлгөсний, төрийн оролцоог зарим салбарт хэтрүүлж, зарим салбарт хэт орхигдуулсаны үр дүн юм.

Бид засаглалын зарчмуудыг эдийн засгийн оновчтой бус хөшүүргээр дэмжсэнээр төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо тодорхойгүй, хяналт бэхжээгүй, төрийн аппарат данхайж, эдийн засгийн салбарт монополь үүсэх хөрс бий болж, хөрөнгө оруулалт үнэгүйдэж, бүтээн байгуулалт үр дүнгүй хийсэж байна. Уул уурхайн гэнэтийн бүүм бидэнд бэлэнчлэх сэтгэлгээг үлдээсэн бол, энэ удаагийн хямрал бидэнд нийтээрээ бэлэнчлэх сэтгэлгээнээс гарах сургамжийг үлдээгээсэй гэж чин сэтгэлээсээ олон залуус хүсэж байна. Харамсалтай нь тэгэхгүй бололтой. 

Энэ бүхэн хөрөнгө оруулалтыг бодит салбарын хэмжээнд хэмээн хумьсанаасинноваци, оюуны, боловсролын, шинжлэх ухааны салбарууд сульдан тамираа барж, шинжлэх ухаан, техникийн хөгжлөөс алс хол хаягдсан үр дүнтэй сууж байна. Уул уурхайн бүүмээс үүдэлтэй тансаглал, бэлэнчлэх сэтгэлгээгээр иргэд гүн хордож, гэнэтхэн диваажинд хүрэх адган бодолд нийтээрээ автаж байгаа нь үнэхээр харамсмаар.

Яг л “юниверс бест сонгс” гэдэг уралдаант шалгаруулалтаар сайхан дуулдаг бүсгүйг гэнэт олж харсан шигээ алга урвуулах төдийд амьдралыг нь гийгүүлээд өгөх агуу улс төрчийн эрэлд сонгуулиас сонгуулийн хооронд “хатацгааж” байна. Тэр бүхэнд хүслийг нь хангаад өгнө, биелүүлээд өгнө, энэ муусайнууд одоо болсон гэж иргэдээ өмөөрөх олон “хүмүүс”-ийн ард хувийн сонирхол нь цухалзаж УИХ-ын танхим, сайдын сандалд суух шунаг бодолдоо шаналж байгааг олж харах тийм хэцүү гэж үү? 

Найзууд аа!

Сошиал медиа нийгмийн харилцааны шинэ хандлага хүчтэй хөгжсөнөөр салбаруудын тулгамдсан асуудал, шийдлүүд олны өмнө ил болж, олон салбарын алдаа дутагдалууд шийдлээ хүлээж байгаа болохыг нийтээрээ мэдэж авав. Тэгш бус байдал зөвхөн орлогын, хуулийн, төрийн үйл ажиллагаанаас үүдсэн шударга бус байдал зэрэг нүднээ харагдах асуудлуудаар хязгаарлагдахгүй болох нь бүгдийн өмнө ил болсоор байна.

Өнөөдрийн амьдарч буй энэ нийгэм бидний хүсч тэмүүлж буй нийгэм мөн үү

 

Олон олон салбарт асуудлууд шийдлээ хүлээж байгаа юм байна гэдгийг “бүгдээрээ мэдлээ”. Хамгийн чухлыг нь бус хамгийн их шуугиулсан, хамгийн их хэвлэлээр яригдсан асуудлыг төр шийддэг харалган бодлоготой болов. Аливаа асуудал дээр зөвхөн гал унтраасан арчаагүй,аргадсан шийдэл гаргадаг болжээ.

Байдал ийм байхад алдаагаа засахын оронд хэвлэл мэдээлэлээр гул барин шантаажлах, асуудлын чухал, чухал бусын дараалал эрэмбийг алдагдуулах бүхэл бүтэн кампанит ажлууд төрийн бодлогын залгамж чанарыг нурааж эхэлжээ. Үүнийг нь овжиноор ашиглах бүхэл бүтэн сүлжээ хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагаар хязгаарлагдахаа больж бүр хөрөнгө оруулагчид Монголын эрх ашгийг хооронд нь сөргөлдүүлэх, үр ашиг, ач холбогдолынх нь эрэмбэ дарааллыг алдагдуулж байгааг нуух хэрэггүй. Энэ бол бидний хамтын зовлон. Энэ бол ардчилсан Монголын зовлон, Мөрөөдлөөрөө мөлхөж байгаа өнөөдрийн бидний гаслан.

Залуу зүтгэлтэнүүд, нийт залуус бидний урд хангалттай орон зай, үнэ хүндтэй зорилт хүлээж байна. Бусдыг та сайн эсвэл муу болгож чадахгүй. Тэд ч бас таны адил эрх чөлөөтэй, тэд өөрсдийгөө мэднэ. Гэхдээ Чиний, Таны, Бид бүгдийн амьдарч байгаа Монгол Улс, эх оронд маань өөрийн чинь оролцоо байхгүй, хэн нэгэн этгээдүүдийн хүсэл зоригоор явж, өнөөдрийн энэ дүр зурагт хүрсэн байна. Өнөөдрийн амьдарч буй энэ нийгэм бидний хүсч тэмүүлж буй нийгэм мөн байна уу? "Шидэх чулуу олтлоо хөөрхөн гөлөг бай” гэдэг шиг Монгол залуу хүн та хэн нэгний ивгээл, аз од гийхээ хүлээж суусаар, өөрөөрхэлбэл, өөрсдийгөө зөвтгөдөг  “цаг нь ирэхээ” хүлээж суусаар өнөөдрийг барж залуу чигээрээ өтөлж байна.

Одоо цагт жирийн Монгол залуу хүн нам, бүлэглэлийн эрэг шураг болохгүй л бол өөрийнхөө чадлаар дээшээ гарах боломж хэр байгаа вэ? Цаашлаад бүлэглэлийн явцуу эрх ашгийн үүднээс төрийн үйл ажиллагааг бохирдуулаад удлаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Манай зарим мундагчууд одоо шилжилтийн үе учраас төрийн болоод нийтийн салбар замбараагүй, зарим тохиолдолд шударга бус байх нь зүй ёсны гэх нь холгүй байдаг.

Гэтэл шилжилтийн үе бүхэл бүтэн хорь гаран жил үргэлжлээд хүний нэг насны амьдралын тал шахам хувьд шилжээд шилжээд дуусдаггүй гэж юу байхав дээ. Хүссэн хүсээгүй, эдгээр асуудлыг шийдэж байж, хөгжлийн дараагийн алхамыг хийнэ. Зовлонгоо даван туулж байж, илүү сайхан нийгмийг байгуулна. Бид мөрөөдөлөө шинэчилээгүй юм биш үү? Бид том сэтгэж чадахгүй бол том үйлс бүтээхгүй ээ!

Өнөөдөр Монголын залуус олимпийн дэвжээнд манлайлж, сумод рекорд эвдэж, Эверэстэд авирч, хаа холын холливуудын хаалгыг тогшиж, шинжлэх ухаан технологийн эриний хөдөлгүүр болсон корпорацид шийдвэр гаргалцаж, дэгжин бүсгүйчүүдийн загварыг тодорхойлолцож түүхийг бичилцэж эхэлсэн.

Залуусынхаа мөрөөдлийг төр нь гүйцэхээ больж байна. Хүсэл мөрөөдлөө хүн бүр, өрх бүлээрээ, хамт олноороо, улс эх орноороо шинэчлэх шаардлагатай болж байна. Тиймээс одоо төр улсаараа том мөрөөдөж, том ярьж, том сэтгэж, том хийх цаг болжээ. Шилжилтээ төгсгөж, төрөө тамиржуулж, улсаа өөд нь татаж, иргэнээ боловсруулах цаг нь нэгэнт иржээ. Өнгөрсөн түүхээ зарж биш, гайхам түүх бүтээж залуудаа сайхан амьдармаар байна!!! Олон хүнд аз жаргал бэлэглэхийн тулд бид энэ бүгдийг зоригтой хэлж байна!

Ирж буй 30 жилийн түүх бол Хөх Монголыг босгосон миний үеийнхний түүх байх ёстой! Бид бол өнөөдрийг барагсад биш!Түүхийг бүтээгч,том мөрөөдөлтэй манай үеийнхэн юм шүү ЗАЛУУСАА!

II ХЭСЭГ. БИДНИЙ ТҮҮХЭН ЗОРИГДОЛ БА АЛТАН ҮНЭН

“Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн мөнхийн уриаг бидний ихэс дээдсүүд дээр үеэс мөрдөж ирсэн түүхийг бид мэддэг. “Монголын нууц товчоо” хэмээх хүн төрөлхтний агуу их түүхэн судар “Дээр Тэнгэрээс заяат төрсөн” гэж эхэлдэг нь үнэн бодитой мэдээлэл хэмээн итгээд, эцэг өвгөдийнхөө агуу түүхийн мөрөөр өнгөцхөн ч болов өнгийхөд, түүхийн янз бүрийн тавцанд сайн муу хэлэгдэж ирсэн монголчууд та бид чинь энэ дэлхийн топ-тэргүүн үндэстэн угсаатан мөн бусуу, хэмээх бардамнал, өөрийн эрхгүй төрнө.

Өнөөгийн залуучууд та бид энэ домогт асуудлыг сайтар нягтлан судалж, мөрдөн мөшгиж ихэс дээдсийнхээ эрдэм сургааль, суу билэгт шамдан суралцах түүхэн цаг үе ирсэн гэж Монголын Залуучуудын Холбоо үзэж, энэ асуудлыг та бүхний өмнө шинээр дэвшүүлэн дэлгэж байна. Монголчууд бид түүхийн энгүй их далайд чухам “хэн юм бэ” гэдгээ мэдмээр байна.

Түмний хөлд нухлагдан гишгэгдсэн цоорхой ноорхой дэвсгэр үү, аль эсвэл хүмүүн заяаны эх, гүр их түүхийн эзэн нь юмуу? Хэдийгээр түүхийн нугачаанд бүдгэрч баларч байгаа ч гэсэн бид, Ихэс дээдсийнхээ анхлан гаргасан, гэгээрлийн агуу их зам мөрийг бүрмөсөн арилган баллах ёсгүй. Хүн төрөлхтний балар харанхуй үеэс бидний өвөг дээдэс эргэн нүүх хорвоо болон нарт ертөнцийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдээд, оддын эрчим хүчний дээд нэгдлийн хуулиар энэ хорвоогийн бүх л юмс үзэгдэлд тулган хүлээлгэсэн оршин амьдрахуйн зарчмыг ягштал мөрддөг гэрээтэй байжээ. Энэхүү гэриэ нь хүн төрөлхтний зайлшгүй мөрдөх ёстой, зөв аж төрөх ёсны алтан зарчимуудыг өөртөө агуулсан ихэс дээдсийн минь танин мэдэхүйн иж бүрэн цогцолбор юм. 

Ийм агуу их өв сан миний Монголоос өөр хаана ч байхгүй гэдгийг омог бардам, зориглон хэлмээр байна. Хүн төрөлхтний гэгээлэг сэхээлэг хэсэг нь мунхаглалын замаар орсоноо хүлээн зөвшөөрч, зөв гарцыг нүүдлийн соёл иргэншил буюу монголчуудын суу ухаанаас эрэн хайсаар байна.

2010 оны үед АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Шанхайн орны тэргүүн нарын ээлжит зөвлөлгөөн дээр “Хүн төрөлхтөн буруу замаар орсон нь нэгэнт тодорхой боллоо. Америкийн ардчилал мухардалд орж, шинжлэх ухаан зогсонги байдалд хүрч, шашин үүргээ гүйцэтгээд дуусч байна. Зөв хөгжлийн шинэ гарцыг бид нүүдлийн соёл иргэншлээс, Монголчуудаас хайхаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдсэн нь олон хүний сонорыг мялааж, тэд монголын зүг чихээ дэлдийлгэх болсон билээ.

Энэ нь өнөөгийн залуус та бидэнд буурал түүхийн өмнө хүлээх асар их үүрэг хариуцлага оногдуулж байгаа нь тодорхой. Хэрвээ та бид Монгол эх орон, Монгол хүн гэж чухам юу юм бэ, ертөнцийн бусад хүмүүнүүдээс юугаараа ялгаатай юм бэ, гэдгийг бодит байдлаар танин мэдэж чадах аваас, ямар агуу хүмүүсийн үр сад болохоо бүрэн дүүрэн мэдэрч, энэ ертөнцийн хаана ч гэсэн омог бардам, харц дээгүүр, зориг төгөлдөр алхан агуу их ихэс дээдсээ улам илүү бишрэн хүндэлж, бахархан дээдлэх болно.

Бидний Монголчуудын ихэс дээдэс омог бардам, цэвэр ариун, үнэн шудрага, оюун цэлмэг, төгс төгөлдөр байж ертөнцийн оршин тогтнохуйн зүй тогтлыг танин мэдэж, эрчим хүчний харилцааг нээн эзэмшиж байгалийн болон байгалийн бус бүх хүчийг төвлөрүүлэн агуу их зорилгоо хэрэгжүүлэхэд ашиглан, хүмүүн төрөлхтөнийг мунхаглалын аюулаас хамгаалан, алтан дээд үнэний ёс жаягийг тогтоохоор баатарлагаар тэмцэж ялан дийлж, мандан бадарч явсаныг түүх гэрчилнэ.

Энэ гэгээн танин мэдэхүйгээр өнөө үеийн хүн төрөлхтөн гачигдаж, мунхаглалын замд улам гүн гүнзгий шигдэж амин чанарууд нь мөхөж, туйлдан доройтсоор сүйрлийн өмнө ирсээр байгаа гашуун үнэнийг харамсалтай ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрээд байна. Бидний эцэг өвгөд эр зориг, хүч чадлаараа ертөнцийг цочоож байсан бол өнөөгийн залуус бидэнд эцэг өвгөдөөсөө уламжлан ирсэн оюун ухаан, суу билгээрээ хүмүүн төрөлхтөнийг мунхаглалынх нь замаас аврах түүхэн үүрэг оногдож байна. “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн юм” гэж немцийн агуу их гүн ухаантан Фридих Гегель баталж байсан бол, “Ирээдүйн эзэнт гүрнүүд болбоос оюун санааны эзэнт гүрнүүд байх юм” гэж Английн улстөрч агуу их Уинстон Черчель зөгнөн хэлсэн байдаг.

Бидний эцэг өвгөд гэгээн дээдэс минь оюун ухааны эзэнт гүрэн гэдгийг жинхэнэ утгаар нь байгуулж, ертөнц даяар алдар суугаа цуурайтуулж байсан түүхтэй. Бид тэдний уртын үзүүр, өргөний зах, яс цусны тасархай нь билээ.Би та бүхнийг эцэг өвгөдийнхөө алтан дээд үнэний сургаалиудыг нэвтэрхий сайн судлаасай хэмээн хүсэж байна. Эдгээр сургаалиуд нь байгаль дэлхий болон хүн төрөлхтний үүссэн цагаас эхлэн Монголчуудын шүлснийхээ хөөсөөр ундаалж, шүднийхээ махаар хооллож, үхэгсэддээ атаархах хүртлээ ядарч зовж, хүсч, тэмцэж, тэмтэрч, алд биеэрээ туулан явсаар цуглуулж олсон агуу их танин мэдэхүй, эх үрэн зургаагын амин хэлхээний алтан аргамжаа, алтан сүлжээ нь билээ. 

“Монголын нууц товчоо”, “Их эзэн Чингис хааны алтан дээд ГЭР ИЭ”, “Төрийн найман цах аялгуу”, “Хөх Монголыг нийхэмээр бадраах хутагтай их засгийн алтан дээд үнэний аялгуу” зэрэг өв сургаалиуд хатуу хэцүү зам мөрийг туулж, устаж алга болохынхоо босгон дээр Монголчууд бидний их хувь тавилангаар ямар нэг хэмжээгээр бидний гар дээр ирчихээд байна.

Их эзэн Чингис хаан Монголчууд та бидэнд “Тэнгэрээ битгий мартаарай, Хөх толбоо битгий гээгээрэй” гэж гэрээслэн захиж үлдээсэн байдаг. “800 жилийн дараа та бүхэн шаварт шавааралдаж, үнэн худал, цэвэр бохир холилдож, төр засаг нь зөв бүхнийг буруугаар дийлүүлж, мэддэгийгээ сүйтгэхүйд, мэдэхгүйгээ бурханд даатган, танин мэдэхүй гэж юу ч үгүй, хүүхэд нь хонгилын гэрэл бараадаж, эмс охид нь хадан дээр нуруугаа зовоон, хүмүүний цуглуулга, хэрүүлийн далай уруулын уранхай болж, алмас хаанаар суух шахсан байх болно” гэж айлдсан байдаг. 

Одоо цагт жирийн Монгол залуу хүн нам, бүлэглэлийн эрэг шураг болохгүй л бол өөрийнхөө чадлаар дээшээ гарах боломж хэр байгаа вэ

 

Энэ хэлсэн бүхэн хичнээн их оновчтой зөв болохыг батлах шаардлагагүйг нэгдүгээр хэсэгт дурьдсан ба та бүгд ч шууд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.Эдгээр алтан судруудад урьд өмнө хаана ч хэнээс ч сонсож байгаагүй, зөвхөн хөх толбот Монгол хүнд эцэг эхээс нь заяасан амин чанарууд, тэдгээрийг нээн ашиглах арга замаас эхлээд, ертөнцийнэрчим хүчний нэгдлээс хүмүүн төрөлхтөнд тулган хүлээлгэсэн зарчимууд, мөнх оршин амьдрахуйн дэг жаяг, төр болон нийхэм, засаглалын амин чанаруудыг эрчимийн дээд өндөр түвшинд тусгасан байдаг нь үнэхээр бахархалтай.

Монгол Алтайн их уулсад араатан маягаар амьдарч байсан хижи хэмээх амин чанартай босоо гөрөөс, наран саран сүүн-эхээс амин эрчим авсан хэдий ч, онолгүйн замаар зовж зүдрэн олон зуун мянган жилийг туулж, гэгээрлийн мөн чанарыг танин мэдэж өөрийгөө хөгжүүлсээр хүн хэмээх агуу бодь галыг бий болгосон түүхийг энд дурьдана.

Хүн гэдэг нь хөгжлийнхөө үе шатны дөнгөж хоёрдахь нь бөгөөд “гэдэс нь цадчихаар зорилго нь биелчихдэг өчүүхэн амьтан” хэмээн тодорхойлсон байдаг. Хүн хөгжлийн буруу замыг сонгох юм бол “гуйж хоолоо олдог булай хүн, булааж заншсан булхай хүн, дээрэмдэж амьдардаг боулихай хүн” болон хувирдаг. 

Монголчууд буруу хөгжлийн замыг засаглалынхаа хэлбэрээр бүр мөсөн хааж зөв хөгжих гарцаагүй байдлыг бий болгон “хүнээ тэнгэрт мэндэлж, ертөнцөд бойжсон ИРГҮН” хэмээх төгс дээд хүнийг төрүүлж чадсан нь хүний нийгмийн хөгжилд оруулсан их хувь нэмэр юм. 
Хүчит цэрэг, алтны сангаар зогсох засаг, хүчлэн байлдаж, хядан сөгдүүлж чаддаг боловч хүмүүнээ иргүн, дэмч, элч, ил болгон хүмүүжүүлж, гурван оломлогчтой засаг байгуулан гайхуулсан нэгэн Монголоос өөр үгүй. Бусад хүмүүст Монголчуудыг дууриах хэл хөл байвч авъяас байхгүй.

Авъяас гэдэг эцгээс хүүд долоон дээд эцгээс нь удамшин ирдэг зөн гэх байгалийн бус хүч бөгөөд хөх толбоныхоо амин чанараар түүнээ сэрээдэг гэж бахархалтайгаар тэмдэглэсэн байдаг. Их Монгол улс үүслийн гурван эрдэнээс үүсч, таван тусгаар тогтнол амьтай, бөө гэгээн тархитай, анд орон зайтай, ураг төрлийн төртэй, айл бүлийн засаглалтай мөнх тэнгэрийн орон бөгөөд их дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай болохыг танин мэднэ.

Бид өнөөгийн нийгэмд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын бэрхшээлүүдийн учир шалтгаан, түүнээс гарах арга замуудыг онолын өндөр түвшинд онож гэгээрэн хэрэгжүүлэх болно. Хүн төрөлхтөн мунхаглалын замаар орсон болохыг яс махандаа хүртэл бүрэн ойлгож, “мунхаглалын гадаад илрэл нь өстөнгүүдийн талцаан” болохыг бүрэн гүн гүнзгий мэдэрч, өөрсдийнхөө өнөөгийн арчаагүй байдлаасаа ичнэ.

Хөх Монгол иргүнийг нийхэмээр бадраах хутагтай нэүрит засагийг амин чанараар нь байгуулах гэж юу болох тэр нь хэрхэн үл тасрах долоон голтой болж яаж эрчимнэн, ард түмнээ бадраадаг болон өнөөдөр бид төрөөрөө хэрхэн гутаагдаж уруудан доройтож байгаагийн учир шалтгааныг танин мэднэ. “Үнэн дээр тогтсон бүхэн их эвлэрэлийг бий болгон хүч болон хувирч, худал нь эвдрэлийг бий болгодог алтан дээд үнэний зарчимуудаас зай төдий гажихад мунхаглалын зам уруу гулсан орж аливаа гэм үүсгэх эх үүсвэр болдог”-ыг ойлгоно. “Би Монгол иргүн”, “Их Эзэн Чингис хаан” гэсэн нэрүүдийг амин чанараар нь тайлж, дээд төгөлдөршлийн гүн утга учрыг мэдэж авна. 

Бидний өнөөгийн итгэл үнэмшил орвонгоороо эргэн ямар ч асуудлыг эх үрэн зургаагын хэлхээ холбоо, тэдгээрийн амин чанарын өндөр дээд түвшинд танин мэдэх чадварыг эзэмшин, танин мэдэхүйн цар хэмжээ өсөн нэмэгдэж танин мэдэхүйн болон бие сэтгэлийн агуу их хүч хуримтлагдана. Монголчууд цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй нийгмийг байгуулна. Хөх толбот Монгол иргүнийг шорон цагдаагаар мохооно гэвэл “эцсэн туранхай мориор өлөн барс хураахтай адил” зүйл гэж үздэг гүн ухааны учир утгыг ойлгон хөх толбоныхоо амин чанарыг ашиглан зэрлэг, мунхагууд ид шидийн гэж болох чадварын эзэн болох боломж бүрдэнэ.

Амь, амь зуулга, амьдрахуйн бодит ялгааг танин мэдэж, амьдрахуйн зам мөрийг хөөх нь хамтаар хариуцах засаглалын хэлбэр мөн болохыг ухааран, тогтоон барьж хэрэгжүүлж ирсэн арга замыг бид өөрийн болгоно. Эцгээс яс удамшин, эхээс цус уламжлан ирж, удам ургийн алтан хэлхээ үе дамжин үүсгэдэг болохын учир шалтгаан, амин чанарын хэлхээ холбоог гүн гүнзгий танин мэдэж Монгол эмэгтэйн цус таван тусгаар тогтнолын нэг болохыг ойлгож, эмэгтэй хүний үнэ цэнийг улам илүү мэдрэн хүндэтгэх болно.

Эргэн нүүх хорвоогийн жам ёсыг даган мөрдөхгүй байгаагаас үүсч бий болсон хохирол хүн төрөлхтөн даахааргүй хэмжээнд хүрч байгааг, хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа элдэв янзын гамшиг, сүйрэл бэлхнээ харуулж, хор уршгийг нь амсаж мэдэрч туйлдсаар байна. Газар хөдлөлт, ган гамшиг, галт уулын дэлбэрэлт, хар салхи, цунами, цөлжилт төдийгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, дайн байлдаан, ядуурал гуйлганчлал, өлсгөлөн, өвчин гэх зэрэг олон асуудлуудын учир шалтгаан түүнийг арилгах арга нь Монголчуудын гүн ухаанаар тайлбарлагдах нь улам бүр тодорхой болсоор байна.

Гэгээрэл, боловсрол, мэргэшил, нийгэм, төр засаг, хүний хөгжил, хүний эрх, ертөнцийн оршин тогтнох үндэс, хоорондын уялдаа холбоо, эрч хүчний тухай танин мэдэхүйн асар өндөр түвшинд хүрч, оршин байгаа ертөнцтэй оосорлогдон оломлогдож сүлжигдэн жам ёсыг мөрдөн нэгэн цогц болон нэгдэж, амьдрахуйн зөв замаар эргэлт буцалтгүй итгэл төгс алхан, эрдэм мэдлэг суу билгийн жинхэнэ эзэн нь болцгоох агуу их хувь заяа та бидний өмнө нээлттэй байгааг сонордуулахад таатай байна.

Ертөнц тэнгэрээс хөх нуруутын суу билэг, өмч болгон өгсөн аялгуу гучин таван эрдэм, оршихуйн олз ерэн есөн тэнгэр, хүслийн олз ерөн есөн арга, хэцүүгийн олз таван зуун тавин шалтгаан, сэрэхүйн ерэн цэвэр шудрага, ахуйн арван түгээмэлийн онол, үүслийн гурван эрдэнийн сэтгэхүй, үрийн олз есөн хүслийн хүчин, бодолтой тэмцсэн есөн зуун тавин мөлсү, зүтгэлийн олз есөн мөрний сав шимийн үнэн, нүүхүйн олз босоо голчит нэүрит засаг, үүрдийн олз босоо голчит нэүрит дэм”-ийн жинхэнэ нууц нь миний дурьдсан дээрх судруудын мөн чанарнь болж эзнээ хүлээн одоохондоо зүүрмэглэн байна.

Энэхүү агуу их өвийн жинхэнэ эзэн нь өнөөгийн залуус та бид бөгөөд сэрээх хувь тавилан зөвхөн БИДНИЙ ҮЕИЙНХЭНД оногджээ. Анх сонссон хүнд харийн юм шиг сонсогдох саяын миний хэлсэн бүгдэд Монгол амин чанар, та бидний өвлөн авч удамшуулан үлдээх ёстой жинхэнэ нууц нь оршиж байгаа билээ.
Залуусаа!
Монголчууд бид мянган жилийн өнгөрсөнөөс түмэн жилийн ирээдүйг байгуулдаг өв соёлтой ард түмэн гэдгээрээ бахархах ёстой!

III ХЭСЭГ. ИРЭЭДҮЙГ УГТАЖ МЭДЭЖ, ТОСОЖ БЭЛДЭЖ, ТЭСЭЖ ҮЛДЭНЭ

Би илтгэлийн эхний хоёр хэсгийг дуусгаад энэ хэсгийг эхлүүлэхийн өмнө та бүгдийг дээрх хэсэгт дурьдсан, дэлгэсэн алтан үнэнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч цаашдын үйл хэргийг хамтран эхлүүлэгч, өрнүүлэн довтолгогч, их үйлсийн эзэд болох түүхэн үүрэг хүлээсэн нэг үеийнхэн гэдгээ бүрэн дүүрэн батлан илэрхийлэхийг хүсэж байна.  Өнөөдөр ийм дорой байхыг Их Эзэн Чингис хаан 800 жилийн тэртээ Бошиглон үлдээсэнийг 5 мэдэрхүйгээрээ батлаад зогсож байх нэг талаасаа бид азгүй нөгөө талаасаа дээр дэлгэсэн алтан үнэний гэрээг сэргээн нийт Монголчууддаа заан ойлгуулж,олноороо сэхээрч,зөв танин мэдэж, сайн боловсрон гэгээрч, туйлбартай хөгжлийн зөв замд оруулах их ажлыг гардан зохион байгуулах түүхэн үүрэг оногдлоо.

Монголчууд цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй нийгмийг байгуулна

 

Хөх Монголыг өмнөх 300 жилийн залууст тохиож байгаагүйгээр босгож, нийт хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх гайхамшигтай үүрэг бидэнд түүхээр оногдож байгааг энэ индэрээс зарлаж байна. “Их Эзэн Чингис хааны алтан дээд сургаалиуд дээр чинь заларч байгаа бол та энэ ертөнцийн хамгийн агуу нь, хэрвээ таны дээр өөр хэн нэгэн байгаа бол та бусдын идэш, өөрийн өөдгүйн боол ба харь хүмүүнүүдээс өөрийгөө бүү дорд үзтүгэй” гэсэн ихэс дээдсийн сургаалийг санахтүн! Их түүх эр зориг, их эвлэрлээс эхэлдэг! Алсыг хар, ихийг хүс!

Их Монголын үнэн түүхийг уламжлан сэргээх агуу их үйлсэд Та бүхнийг уриалан дуудаж, тунхаглан зарлаж байна! Өнөөдрийн энэ үеийг хүртэл алтан сургаалиудыг амнаас ам дамжуулан уламжлуулж ирсэн ой ихт өвгөд, бидний хэл бичигт ойлгогдохоор тайлсан, буулгасан, бидэнд зааж байгаа буурлууддаа үеийнхэнийхээ өмнөөс өвдөг сөгдөн талархаж, үр хойчдоо алдаршуулан мөнхлөхөө андгайлъя! Энэхүү их үйлст нэгдэхийг Монголын нийт ард түмэндээ Монголын Залуучуудын Холбоо уриалж байна.МЗХ-ны V Их хурлаар бид шинэ үндсэн дүрэмтэй боллоо. Нэгхэн сарын дараа гэхэд Үндэсний залуучуудын зөвлөл, аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын зөвлөлүүд сэтгэлтэй, итгэлтэй зөв сайхан залуусаар бүрэн бүрдэж улс төр, нийгэм, эдийн засгийг дараагийн 30 жил хөгжүүлэх их аяндаа нэгдэн гарах гэж байна. 

Монгол залуу хөх толбот хүн бүр өөрийгөө үл голон энэхүү галт тэргэнд амжиж суухыг уриалж байна. Монгол Улсын хөгжлийг хөтлөх, эрх мэдэлтэй, нэгдсэн залуучуудыг төрүүлэх, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, сонирхлыг хамгаалах, дэмжих зорилготой үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болохын хувьд үйл ажиллагаагаа ардчилсан, нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмын дагуу явуулж алтан үнэний талд тууштай зогсож иргэдээ эрх мэдэлтэй байх, бие даасан, хариуцлагатай байж-эв нэгдэлээ сахиж, тогтвортой хөгжих суурийг бүрдүүлэхийн төлөө ирээдүйг угтаж мэдэж, тосож бэлдэж, тэсэж үлдэн тэмцэхээ энэ индрээс батлан илэрхийлж байна.

“Ард түмэнд алтан дээд гэрээ байдгийг үл мэдэгч хүн зэрлэг, Их Монгол улсад үүслийн гэгээн дээд үндэс байдгийг үл ойлгогч хүн мунхаг, эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдгийг үл ойшоогч хэн ч хүн алуурч. Зэрлэг, мунхаг, алуурч гурав Төрийн тураал ба нийтээрээ гэмтэй байхын эх үрэн байдаг. Бугшмал хэцүүгээр нийтийг гутааж, итгэлийг нь булааж, буцаан худалдаад, буруу бүгдээр зөвийг нь дийлүүлдэг хүн хорлол дарангуйлваас төрийн тураал.

Их эзэн Чингис хааны мөнхийн зарлиг болсон Алтан дээд гэрээг мартваас бид үжирхэл хөгжлийн жимт нийгэмээр гутаагдан өөрийн өөдгүйд боолчлогдму, маргаваас чи хөндлөнгийн идэш болж алдаандаа үхүүлэгдэн доройтуулагдаж тамлагдму, мөрдөвөөс чи нийхэмээр үндэслэн бадарч, хөх Монгол болж, ертөнцийн хүмүүнийг гэгээрүүлмү.” гэсэн ихэс дээдсийн алтан дээд сургаалаар энэ илтгэлээ өндөрлөж байна. 

ЗАЛУУСАА СЭРЭХ ЦАГ БОЛЛОО!

САЛХИ МЭТ ТҮГЭЭТҮГЭЙ, НИЙТЭЭРЭЭ ОРОЛЦТУГАЙ, БҮГД НЭГДЭХТҮН!

МӨНХ ХӨХ ТЭНГЭР МИНЬ БИДНИЙГ ИВЭЭН ТЭТГЭХ БОЛТУГАЙ. 

ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ.

Эх сурвалж: https://www.facebook.com/myfederation/