Г.ОЮУНБАЯР: Монгол инженерүүд 1984 онд компьютер, 2006 онд кластер угсарч байлаа
1 жил, 9 сар өмнө

Монголд угсарсан анхны компьютерийг 1989 онд үйлдвэрлэсэн Монел брэнд гэж үзэх хүн олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ 1984 онд угсарч ажиллуулсан “Оч” микрокомпьютер бол яах аргагүй анхных юм. “Оч”-ийн эд анги, эрэг боолт бүрийг нь ширхэгчлэн цуглууж, оюуны эд эс бүхнээ зориулан бүтээсэн багийнхан хожмоо бүгд энэ салбартаа үнэлэгдсэн эрхмүүд болсон бөгөөд тэдний нэг Г. Оюунбаяр (компьютерийн инженер, бакалавр)-ын дурсамжаас хуваалцаж байна. “Очоос гал өрнөдөг, одоохондоо бүтээл маань оч төдий байгаа ч дүрэлзэн асах цаг нь ирнэ” хэмээн монголын анхны компьютерийг “Оч” хэмээн нэрлэж байснаа ийнхүү дурслаа.

“ОЧ” МИКРОКОМПЬЮТЕР

och computer

1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр Altair, IBM PC, Apple, Sinclair, Commodore зэрэг хувь хүнд зориулсан микрокомпьютерүүдийн тухай мэдээллийг олж үзээд маш их цочирддог байв. Энэ бол Монголд транзисторт суурилсан “Минск-32”, тэрбайтугай релей-механик табулятор машинуудтай байсан үе. Аз болоход 1983 онд Польшоос авсан МЕРА-100 мини компьютер, дисплей зэрэгт нөгөө Altair зэрэг микро-компьютерийн суурь болсон Intel 8080/85, Z80, 6502 байдаг байсан нь тэдний ажиллагааг мэдэхэд их нэмэр болов. Төхөөрөмжүүдийг дагалдаад микропроцессор, санах ой зэрэг цөөн чип сэлбэг маягаар ирсэн нь авч туршилт хийх хорхой хүргэдэг байлаа. Ингээд тухайн үеийн Тооцоолон бодох төвийн инженерүүд Г.Оюунбаяр, О.Батсүх, Д.Толя, Д.Дашцэрэн, Гантөмөр нар хэн нэгний даалгавар, заавраар бус өөрсдийн сонирхлоор компьютер бүтээхээр ажиллаж эхэлсэн юм.

Хилийн дээс алхах, гадаад улсаас ирсэн инженерүүдтэй хамтран ажиллах завшаан тохиох бүрт компьютер бүтээхэд хэрэг болох материал, хэрэгсэл цуглуулдаг байлаа. Ингэсээр овоо их сэлбэг цуглуулж чадсан юм. Ингээд ил, далд цуглуулсан сэлбэг хэрэгслээрээ “Оч”-оо угсарч, тухайн үеийнхээ ШБОС-84 үзэсгэлэнд оролцож, Хүрэл медаль хүртсэн юм.

Энэ бол 1984 он буюу Цахиурын хөндийд Стив Жобс хэрэглээний компьютерын шинэ загвар болох “Macintosh”-оо танилцуулж байсан үе юм.

1984 оны намар “Оч”-ийг Болгарын Правец хотод зохиогдсон ОУ-ын үзэсгэлэнд явуулсан ба тэндээс тусгай шагнал хүртэв. Гэвч ирэх замдаа гэмтсэнээс болж “Оч” тухайн үеийн хэлбэрээрээ дахин ажилласангүй.

“ОЧ-2” МИКРОКОМПЬЮТЕР

“Оч”-ийн үлдэгдлийг бүрэн задалж Г.Оюунбаяр, О.Батсүх нар хуваан авав. Г.Оюунбаяр тэдгээр элемент, мөн 3 жил орчим цуглуулсан эд ангиудаа нэмж ашиглан “Оч-2” микрокомпьютерийг 1988 онд угсарч дуусгав. “Оч-2” хэдий найдвартай сайн ажилладаг байсан ч, магнитофоны лент дээр гадаад санах ойг хийснээс уян дисктэй персональ компьютертэй өрсөлдөх аргагүй байснаар амбаарт хураагдсан юм.

“ОЧ”-УУД ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БЭ?

• Сэлбэг хэрэгсэл нь байвал компьютер үйлдвэрлэх боломж, боловсон хүчин Монголд байгааг нотлон харуулав.

• Моралийн элэгдэлд орсон Минск-22/32, М-222 мэйнфрэймүүдээс дутахгүй хүчин чадалтай компьютерийг хямд зардлаар үйлдвэрлэх боломжтойг харуулав.

• “Оч”-г бүтээсэн явдал зарим мэргэжилтнийг зоригжуулж, идэвхижүүлсэн, нэлээдийн эргэлзээ, тээнэгэлзээг арилгасан байх.

Бидний цуглуулсан микрокомпьютер, програмчлалын талаар цуглуулсан ном, сэтгүүл, схемүүд, ассемблер, basic дээрх программууд, мөн деталиудын эрэлт ихэсч, манайхныг асуултаар булах болов. Эдгээрийг ашиглаж инженер-электроникч А.Батмөнх программатор, ТБТ-ийн инженер-электронч Ч.Сэмжидмаагийн баг i8080-д суурилсан цаг, 1986 онд ТБТ-ын инженер П.Төмөрбаатарын баг (ТБТ-ийн О. Батсүх, Ж. Пүрэв нар бүтээлцсэн) 6502 бүхий Пионер компьютер, Хэнтийн статистикч Дорждэрэм (ердөө 7-р ангийн боловсролтой) микрокомпьютер, ТБТ-ийн инженер-электронч Т.Алагсай програматор, Цаг уурын инженер-электронч С. Ганбаатар тусгай зориулалтын компьютер, Эрдэнэтийн ГОК-ийн инженер Ч.Давааням (одоо Петровис ХХК-ийн ТУЗ-ын дарга), Филармонийн Энхбаяр нар микрокомпьютер хийж байсан зэрэг нь оч бадарч эхэлсэн, дараа нь хэдэн зуун Монел PC үйлдвэрлэгдсэн, өнөө үед IT Zone компани хэдэн мянгаар PC угсарч байгаа зэрэг нь гал дүрэлзэж эхэлсний илэрхийлэл бизээ. Микрокомпьютер, PC, нөүтбүүк, таблет, смартфон хэдий хэрэгтэй ч, судлаачид, бизнес, төрийн бодлогуудын хүчин чадлын шаардлагын хязгаар их хол, хамгийн хүчтэй PCийнхээс 100-1000 ба дээш дахин илүү гэж тооцож болно.

1980-аад онд ТБТ-ийн мэйнфрэймүүдэд хүн амын, загварчлалын, түүвэр судалгааны тооцоонууд орж ирэхэд процессор таг болж зөвхөн пультийн гэрлүүд нь анивчаад байдаг байв. 2000 онд ХАОСТ-ын 2 сая гаруй хүний мэдээллийг өөр формат руу шилжүүлэхэд их хүчтэй сервер хэдэн цаг “дүлийрдэг” байлаа. Цаг уурын, геологи, уул уурхайн, ШУ-ны судалгаа шинжилгээ, гар утасны операторын үйлчилгээний гэх мэтээр бэрх бодлогуудыг үргэлжлүүлж болно. 1994 онд Азийн Суперкомпьютерийн төв байгуулах, 2003 онд GRID computing төслүүдэд оролцож байсны хувьд Г.Оюунбаяр 2006 онд Бит ТНН-ийн захирал Л.Доржтой хамт 2 node бүхий туршилтын кластер (зураг 2), Бит Сервис ХХК-ийн захирал Д.Толятай хамт 5 node бүхий Bit HPC (зураг 3, одоо ШУА-ийн музейд байгаа), хүү Энхбаттайгаа хамт 4 node бүхий G8 (зураг 4) кластерууд угсарч туршив. Суперкомпьютерийн төсөл боловсруулж хэд хэдэн байгууллагад өргөн барьсан ч “эдийн засгийн хямрал”, “хууль эрх зүйн орчин бүрдээгүй”, “хүлээж бай” гэх мэт хариу өгч байлаа. Одоо цагт суперкомпьютер, серверүүд, тэрбайтугай switch, бүр datacenter cloud дээрх үйлчилгээ (IaaS) болчихож байгааг харгалзан туршилтаар 2011 онд Google-ийн Appspot нэртэй Cloud дээр application байршуулж болохоор сайт бий болгосныг ict-expo. appspot.com-оос үзэж болох юм.

BIT HPC (Pentium D, Opteron), 2006. Mr. Tolya D, Oyunbayar G. MS Windows Compute Cluster Server 2003
Compute Cluster Pack. Compiler C. MS Visual Studio 2005

Дээрх СК-ууд, Cloud-ыг ажлын бус цагаар угсарч систем суулгадаг, тохиргоо хийдэг байлаа. 1983-1988, 1990ээд оных шиг шөнийн цагаар л амжуулжээ. Рак, түүний тоноглол, хөргөлтийн систем, нэмэлт деталиудыг мөн адил өөрөө хийж, “Оч”-уудыг хийснээс хамаагүй их материал, хөдөлмөр зарсан байдаг. Сонин байж юу магад, Microsoft-оос node бүрийн серверт Activation code авахад (би системээ олон дахин суулгасан, 4-5 node тус бүр дээр 5-6 удаа) тэд залхаад гэх юм уу нэг нь мессенжер хаягаа надад өгч хүссэн даруй минь code ирүүлдэг байв. MS CCS2003-ийн Beta 2-ыг суурилуулахад хэдий зааврын дагуу явсан ч серверт ер суудаггүй. Microsoft-той холбогдоод “US гэхэд болж байна, Монгол гэхэд суудаггүй, би Монголд байна” гэхэд минь “Өө тийм үү, наадах чинь bug байх, шалгаадхъя гээд, дараа нь “Үнэн байна, bug report хийсэнд баярлалаа, бид засна аа, одоохондоо US гэж явж болно” гэж билээ. Энэ “Оч” болон бусад олон “Оч”-оос зарим маань гал авч Нийслэл, суурин газар орчмыг гэрэлтүүлж эхэлсэн ч гал “Үүл”-нд хүрч байж Монгол улсыг хот, хөдөөгүй гийгүүлнэ. Хангалттай хүчин чадалтай МоnCloud байгуулж, түүн руу “гал”-аа шилжүүлэх үйлсэд тань амжилт хүсъе.

Г. Оюунбаяр