Б.БАТХИШИГ: ТУРКУУД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ НУТАГТ ОЧИНО ГЭЖ МОНГОЛЫГ ЗОРЬЖ ОЧДОГ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЭГ БОЛОМЖ ЮМ
9 жил, 3 сар өмнө

Монгол Улсаас БНТурк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бадамдоржийн Батхишиг гуайтай Монгол Турк улсын харилцаа, хамтын ажиллагааны тухайд яриа өрнүүллээ.

Амар байна уу. Та сайхан өвөлжиж байна уу? Таны шинэ номноос ярилцлагаа эхэлье. Та Туркын олон хотоор явж монголын түүхэн дурсгалт газруудыг үзэж судлан “Монголын Ил хаант улсын үеийн түүх соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйл" хэмээх номыг хэвлүүлжээ. Номонд дурьдагдсан түүхэн дурсгалт газрууд маш их сонирхол татлаа.

Мэндээ. Тарган сайхан өвөлжиж байна уу. Номын сайхан ерөөлөөр яриагаа эхлэж байгаадаа баяртай байна. Номын судалгааг хийж байхдаа өвөг дээдсийнхээ түүхээр үнэхээр их бахархаж явлаа. Зарим түүхэн сурвалжуудаас уншихад монголчууд бусад улсыг дайлаар мордож, эвдэж сүйтгэн хүн ардыг нь алж талж байсан гэж бичдэг. Гэвч монголчууд эзлэж авсан газартаа эмнэлэг, сургууль, гүүр, барилга барьж өгч байсан түүхэн дурсгалууд маш олон байгаа нь дээрх өрөөсгөл дүгнэлтийг няцааж байгаа юм. Тухайлбал Анкарагаас 400 км-т орших Сивас хотод 700 жилийн өмнө баригдсан гэхэд маш сайхнаараа шашны сүм байгаа. Одоо ч тэнд зах зээл өрнөж худалдаа арилжаа хийгдэж байна. Дээрхийн адил, монгол ноёдын хөрөнгө, зарлигаар босгосон сайхан барилгууд Амасиа, Акшехир, Кайсери хотуудад бий. Жишээлбэл Амасиа хотод Өлзийт хааны хатны хөрөнгөөр байгуулсан эмнэлэг байдаг. Тухайн үедээ мэс засал, сэтгэл засал гэх мэт нарийн эмчилгээ хийдэг байсан байна. Мөн эндээс 800 км-т байрлах Эрзурум хотын ойролцоо Чобан деде хэмээх Монгол ноёны бариулсан их гоё гүүр бий. Түүхэн тэр цаг үеийнхээ хувьд маш гоёмсог гүүр.

Тухайн үед Торгоны зам Иранаас Турк, Монголоор дамжаад Шинжаан Уйгар орж байсан. Энэ торгоны замын 50 км тутамд Дэн буудал байсан байгаа юм. Монгол ноёдын бариулсан тэдгээр буудал нь жижигхэн биш асар том байшин байсан бөгөөд ачаа тэмээтэй хүмүүс ирж буудаллаад амраад явдаг их гайхалтай.

Бид энэ түүхээ мэддэггүй байсан. Анкарагийн Их сургуульд сурч байгаа түүхч судлаач монгол залуу Анхбаяр түүхэн судалгааг хийгээд бид газар дээр нь очиж судлаад энэ номыг гаргасан.

Монголын ил хаадын үед 1256 онд Хүлэгү хаан Иранд ирээд 100 орчим жил захирч байсан. Тэр үед Туркын нэг хэсгийг Хүлэгү хаан захирч татвар авч байгаад, сүүлдээ эзэмшилдээ оруулсан байдаг. Тэр үед Монгол ноёд маань Анкарагаар давхилдаж байсан байх юм. Тэр байтугай монгол цэргийн хуаран байсан гээд Анкарагаас 100-аад кмт байдаг Малиягийн тал гэдэг их өргөн уудам тал нутаг байдаг гээд л яриад байвал үнэхээр сонирхолтой зүйл олон бий.

Турк хүмүүс Монгол хүнд их найрсаг дотно ханддаг гэж сонссон. Энэ талаар танд төрсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?

Монгол хүнд үнэхээр найрсаг ханддаг. Ихэнх туркүүд бид монголоос ирсэн гэж ярьдаг. Түүхийн хуудсыг сөхвөл Монгол, Туркүүд хаяа зэрэгцэж амьдарч байгаад Туркууд нүүж явсан гэдэг. Хаад язгууртнуудын бунхан, руни бичээс бүхий гэрэлт хөшөө дурсгалууд, Архангай аймгийн Хашаат суманд байх Хөшөө цайдам дахь Культегэн жанжны гэрэлт хөшөө, Билгэ хааны дурсгал, Улаанбаатараас зүүн тийш орших Тоньюукукийн гэрэлт хөшөө зэрэг Түрэгийн үеийн түүхэн чухал дурсгалууд Монгол нутагт олон бий. Бидний өвөг дээдсийн нутгийн хүмүүс гээд Монголчуудад их сайн ханддаг. Туркууд одоогийн нутагтаа суурьшиж хүчирхэгжихэд Чингис хаан болон түүний удмын хаад, ноёд их үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг. Тийм учраас Туркэд Чингис, Бат хаан, Цагаадай гэсэн нэртэй хүмүүс их байдаг. Хоёр улсын хувьд түүхийн хувьд ч, хэл соёлын хувьд ч үнэхээр ойр дотно байх ёстой улсууд юм билээ. Бие биенээ мэдэхгүй холбоо тасарч байгаад 1990 оноос улс хооронд зорчдог болсон.

Их сонирхолтой түүх байна. Одоогоор Монгол Улс, Турк Улсын дипломат харилцаа, хамтын ажиллагааны төлөв байвал ямар түвшинд явж байна вэ?

Монгол улс 3 дахь хөршөөр Америк, Япон, Европын холбоо, Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк гэсэн 6 улсыг зарласан. Гуравдагч хөрш гэдэг нэр томьёо төдий биш, стратегийн чухал хамтын ажиллагаа юм. Өмнө нь бид Сөүлээр дамжиж бусад улс руу зорчдог байсан бол 2012 оноос шууд Америк, Герман зэрэг улсруу Туркээр дамжиж нисч байна. Удахгүй Фосфорын хоолойн зам нээгдэнэ. Тэгэхээр Европоос төмөр зам яваад Фосфорын хоолойгоор дамжаад шууд Шинжаан Уйгар, Хятад руу ороод ирж болдог болно. Манай зам тээврийн яам энэ замд нэгдэе гээд санал тавьж байгаа. Тэгвэл төмөр замын шинэ гарц нээж байна гэсэн үг. Одоо Туркээс 7 хоногт 3 нислэг явж байна. Үүнийг 5 болгоё гэж байгаа. Бид дэмжиж байгаа. Мөн карго явуулдаг болъё гэж байгаа.

Туркууд 2007 оноос манай улсруу 30 хоног визгүй зорчдог байсан. Тэгээд 2013 онд Туркийн ерөнхий сайд монголд айлчлах үеэр манайх танай улсыг 6 жил хүлээлээ. Танай иргэдийг манай улс визгүй зорчуулдаг. Танай улс манай иргэдийг визгүй зорчуулдаг болгооч гэсэн. Тэгээд 2014 оны 4 сарын 11- нээс Турк руу бид 30 хоног визгүй зорчдог болсон. Одоо Анкарад манай элчин сайдын яам байна. Өнгөрсөн жил Станбулд консулын газар байгуулсан.

Бусад орны иргэд бол Монголыг ямар хэлтэй юм, ямар соёл иргэншилтэй юм гэж сонирхож очдог бол Туркууд өвөг дээдсийнхээ нутагт очино гэж зорьж очдог. Зарим Туркууд Билгэ хааныхаа хөшөөнд очоод ирэхдээ “Би хаж болсоон..." гэдэг. Мусулман шашинтнууд чинь Саудын Арабт байдаг Бурхан бунхандаа мөргөчихөөр Хаж гэдэг цолтой болчихож байгаа юм. Тийшээ очих хүн бол ховор. Бөөн очер зардал. Үүнтэй адил Монгол яваад ирэхээрээ “Би хаж болсон" гэж ярьдаг. Тоглоом шоглоомоор хэлж байгаа ч гэсэн үнэн байхгүй юу. Билгэ хааны хөшөөн дээр байдаг руни бичигнээс өөрсдийгөө Туркууд гэдгээ анх мэдэж авсан гэдэг.

2002 онд би Туркийн ерөнхийлөгчийг дагаж тэр хөшөөн дээр очиход ерөнхийлөгч нь: “Боломжтой турк хүн бүр энд ирэх ёстой юм байна даа" гэж хэлж байсан. Сая 2014 оны 6 сард Туркын Үндэсний их хурлын дарга Билгэ хааны хөшөөнд очсон. Бэсрэг наадам хийсэн. Би 100 гаруй улсад айлчилж үзсэн. Энэ айлчлал шиг сайхан айлчлал ховор байсан гэж хэлсэн. Монгол дээл өмсгөөд Энхболд дарга өөрөө хамт суугаад барилдаан үзээд тэр үед Туркууд үнэхээр сэтгэл нь хөдөлж байсан.

Үүн дээр тулгуурлан бид аялал жуулчлал хөгжүүлж болно. Энд юу саад болж байна гэхээр Улаанбаатар- Станбул чиглэлийн 7 хоногийн гурван нислэг нь багадаад байгаа юм. 5 юмуу 7 болгоод том онгоц нисгэе гэж байгаа. Жижиг онгоц замдаа зогсоод зардал ихтэй, алдагдалтай байна. Хэрэв том онгоц нисгэвэл замдаа зогсохгүй 6- 7 цаг нисдэг болж билетны зардал 20- 30 хувь хямдрах юм. Манай зам тээврийн яаманд энэ саналыг тавьсан. Одоо хэлэлцээрт явж байна. Манай тал ямар хариу өгөхийг мэдэхгүй байна.

За тэгээд Монголд очлоо гэж бодоход Хархорин руу явна гэдэг том асуудал. Тэнд онгоцны буудал байхгүй. Бид энэ асуудлыг яриад байгаа. Хархорины онгоцны буудалд онгоц буудаг болчихвол, Улаанбаатарт буугаад тэндээсээ Хархорин руу нисээд тэндээсээ Хөшөө цайдамруу 45 км яваад очно. Энэ 45 км замыг Туркын тусламжаар засмал зам тавьсан. Одоо чинь Хархоринд онгоц буухгүй болохоор машин замаар олон цаг явдаг зам муутай байдаг. Турк улс 77 сая хүнтэй. Жилдээ манайд 7000 хүн очиход л том хөрөнгө оруулалт болно шүү дээ.

Би Туркуудэд “онгоц байна, виз байхгүй" одоо яваад байж дээ гэж хошигнож хэлдэг юм.

Элчин сайдын яамны хувьд Турк Улсаас Монгол Улсруу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар чиглэлүүдийг баримтлан ажиллаж байна вэ?

Манай элчин сайдын яам Туркээс хөрөнгө оруулалт татах 4 чиглэлийг баримталж байна.

  1. Улаанбаатарын дахин төлөвлөлтийн шинэ орон сууцыг барих. Улаанбаатар Анкара хоёрын харилцаа сайн байгаа. Турк орон сууцыг хурдан барьдаг өөрсдийн технологитой. Тэгэхээр Улаанбаатарын дахин төлөвлөлт хурдсах боломжтой. Одоо 30 давхар байшинг 70 хоногт барьж байна. 1 давхрыг 2 өдөр барьдаг. Манайх шиг зуны улирал нь богино улсад байшин барихыг тоглоом өрж байгаа юм шиг л хурдан барина шүү дээ. Туркийн “түнель хашмал хэв" технологийг Монголруу явуулсан. Монголын барилгын мэргэжилтнүүд газар дээр нь ирж үзээд судлаад явсан. Тэр хурдан барьдаг технологийг эзэмшчихвэл бидэнд их хэрэгтэй. Ер нь Туркийн барилгын технологи, стандарт дэлхийд тэргүүлж эхэллээ шүү дээ.
  2. Арьс ширний салбарт Туркыг оруулъя гэж байгаа. Монгол чинь 52 сая малтай болчихлоо. Жилд 10 гаруй сая арьс бэлддэг. Тэрнээс 75 хувийг ямарч боловсруулалт хийхгүй гадагш гаргадаг. Арьс боловсруулдаг үйлдвэрийг Туркийн хөрөнгө оруулалт, технологиор бариулах талаар уулзаж ярилцаж байна. Ганцхан манай арьс ширний үйлдвэрийг Улаанбаатараас гаргаж нэг бүст төвлөрүүлнэ гэж ярьж байгаа. Эхлээд Дархан, дараа Багануурт гэж яригдаж байгаад одоо Улаанбаатарт ойрхон 22- ын товчооны ойролцоо төвлөрүүлэх юм гэсэн. Тэнд арьс ширний үйлдвэрийн Парк төвлөрчихвөл Туркууд орж магадгүй байна. 10 сая арьс гэхээр Туркууд их боломж байна гэж их талархалтай хүлээж авдаг.
  3. Аялал жуулчлал. Монголчууд бол Туркэд багагүй ирдэг болжээ. Монголчууд 2 жилийн өмнөх тоогоор жилд 6500 хүн Туркэд ирж байна гэсэн тоо байдаг. Одоо бол бүр нэмэгдэж байгаа байх. Харин одоо Туркуудыг Монголруу аялал жуулчлалаар татах шаардлагатай байгаа юм.
  4. Эрчим хүчний салбар. Туркын Aydiner Group Чойрт 95 сая долларын өртөгтэй салхин цахилгаан станц барьж байгаа. Бас Зэтмэн компани Баян-Өлгий аймгийн Ховд гол дээр 150-160 сая долларын өртөгтэй 56 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станц барих ажлын техник эдийн засгийн үндэслэлийг хийсэн. Одоо хөрөнгө мөнгөө босгох тал дээр ажиллаж байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр баруун аймгуудаа бүрэн цахилгаанаар хангах боломж бүрдэнэ.

Бусад чиглэлээр хийгдсэн ажлууд гэвэл хүнсний үйлдвэрүүд байна. Манай гол гурилын үйлдвэрүүд Турк технологиор баригдаж байгаа. Дээр нь цэвэрлэх байгууламжийг Туркууд байгуулж эхлээд байна. Одоо хоёрдохоо хийх гэж байна. Бид Туркээс зээл авч чадах юм бол аймгуудад цэвэрлэх байгууламж барих боломж байна.

Туркээс 300 сая долларын хөнгөлттэй зээл авъя гэж тохирсон. Туркууд өгье гэж байгаа боловч манай Засгийн газраас баталгаа гаргаж өгч чадахгүй байгаа. Яагаад гэхээр зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй гэсэн тэр хязгаартаа тулчихаад зээл авч болохгүй байна. Анх тэр зээлийг авчихвал барилга барина гэж байсан. Одоо бол зээлийг авчихвал арьс шир ч юмуу өөр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах ч юмуу чухал үйлдвэрт зарцуулж болно.

Туркууд мах, сүү, тараг, бяслаг боловсруулалтаараа маш сайн. Арьс ширээ өнгө үзэмч сайтай маш сайн боловсруулдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах нь их ирээдүйтэй. Туркууд Европын холбоонд элсэнэ гээд хэлэлцээ нь 2015 оноос эхэлж байгаа. Энэ далимдаа Туркууд европын стандартыг наашаа татаж байгаа. Зарим салбартаа европын стандартыг давсан явж байгаа.

Соёлын салбарт 2 улсын харилцаа их сайн байгаа. Одоо туркэд монголоос нийт 800 гаруй оюутан сурч байна. Тал нь Туркын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа. Жилд 50 гаруй оюутан элсүүлж байна. Туркын ерөнхий сайд манайд айлчлахдаа 100 хүргэнэ гэж амласан. Удахгүй 100 хүрэх байх.

Бусад салбарын харилцаа мөн хурдан хөгжиж байна. Батлан хамгаалахын салбарт 2011 оноос эхлээд жилд 1 сая гаруй долларын тусламж үзүүлж байна. Тэр тусламжаар бид голдуу цэргийн гутал хэрэгсэл авч байна. Монголын арми Турк гутал өмсөж байна. Турк НАТО-ын орнуудыг ч гутлаар хангадаг. Мөн цагдаа хууль, прокурорын байгууллагууд маш сайн харилцаатай. Зөвхөн жил хагасын дотор 76 прокурор ирж мэргэжил дээшлүүллээ. Энэ жилээс шүүгчид ирж мэргэжил дээшлүүлнэ. Сая Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж ирж гарын үсэг зураад явлаа. Эхний ээлжинд жилд 20 шүүгчийг сургая гэж ярьж байгаа.

Мөн аудит, статистикийн байгууллагууд бүгд холбоотой байнга ирж очиж байгаа. Дандаа 5, 10, 20-иороо ирээд л мэргэжил дээшлүүлж байна. Цагдаагийн байгууллагад байнга туслалцаа үзүүлж байна. Өнгөрсөн жил 3000 метр даавуу үнэгүй бэлэглэсэн. Тэрэнгээр цагдаагийн хувцас оёж байна. Цэрэг, цагдаа, батлан хамгаалах, аюулгүй байдал гээд маш сайн харилцаатай байна. Одоо манай Цагдаагийн Академийн 26 оюутан Анкарад сурч байна. Хуучин 40 гаруй оюутан төгссөн. Монголын цагдаад Турк хэлтэй офицер нэмэгдэж байна.

2014 оны эхээр Турк Улсын Хажэтэпэ их сургуульд анхны Монгол судлалын төв нээсэн. Уг Монгол судлалын төвд Төмөртогоо гуай ирж монгол судлалын 100 гаруй ном бэлэглэсэн.

Турк хүн Монгол хүн хоёрын хооронд адил төстэй зүйл байна уу? Жишээ нь хүнийг угтах, мэндлэх ёс нь ижил төстэй санагдлаа. Хацар дээр үнсэх, зочломтгой зан нь адил санагдлаа.

Адил төстэй зүйлүүд байдаг. Мэндлээд монгол хүн шиг хацар дээр үнсдэг. Айлд ороход зочломтгой. Байгаа зүйлээрээ дайлна. Хэл нь ч гэсэн их төстэй. Жишээ нь: Өгүүлбэрийн бүтэц нь эхлээд өгүүлэгдэхүүн яваад хамгийн сүүлд нь өгүүлэхүүн нь ордог. Үг үүсч байгаа хэлбэр нь ч гэсэн их төстэй. Аркадаш гэхэд туркээр найз нөхөд гэсэн утгатай. Найз нөхөд гээд олон тоо болговол монгол хэл дээр гээд нөхцөл залгадаг бол турк хэл тэрэн шиг –ла нөхцөл залгаад Аркадашла болчино. Монгол хэл дээр хамаатуулах нөхцөл залгаад найз нөхөдтэйгээ гэдэг бол турк хэлд –рли нөхцөл залгаад Аркадашларли- найз нөхөдтэйгээ гэдэг үгийг бүтээдэг. Монгол хэл нөхцөл дагавар залгаад үгээ уртасгаад байдаг шиг турк хэл мөн тэгдэг. Тийм болохоор турк хэлийг монголчууд их амархан сурч байна. Монголд Туркийн 5 дунд сургууль байдаг. Тэнд турк хэл сурсан хүүхдүүд үргэлжлүүлээд Туркын их сургуульд элсээд сурдаг.

Туркэд хэд орчим Монгол хүн байна? Монголчуудын маань ахуй амьдрал ямар байна вэ?

Ойролцоогоор 2000 орчим Монголчууд байна. Анкарад 150 орчим хүн. Ихэнхи нь оюутан. Бусад хотуудад 15- 20 хүн байна. Станбулд олон хүн байна. Ноднин Станбулын Монголчуудын цагаан сард очиход 500 орчим монголчууд цугларсан. Хууль бусаар амьдарч байгаа хүмүүс ч бий. Хэрэг төвөг л гаргахгүй бол Туркууд баривчлаад, цагдаад байдаггүй. Ихэнхи нь барилга, оёдол, хүүхэд асрагч хийгээд цалин ч боломжийн авчихдаг юм байна. Амьдрах орчин нөхцөл нь ч сайн болохоор Монголчууд их ирдэг бололтой. Монголчууд маань энд хэсэг хугацаанд ажиллаад юм сураад туршлага хуримтлуулаад эх орондоо очиж мэдсэн сурснаа ашиглаж бизнес эрхэлбэл их зүгээр. Сүүлийн үед ийм хандлага ажиглагдаж байгаа. Бид одоо улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Туркуудад хийж чадахгүй юм гэж байхгүй, суралцах зүйл их. Машин техникийг гаднаас авдаггүй. Герман, Америк, Япончууд автомашины үйлдвэрээ энд байгуулаад машинаа угсарч байна. Туркууд машинаа хийж байна. Галт тэрэг, усан онгоц, бүх электрон цахилгаан бараануудаа үйлдвэрлэж байна. Европын телевизийн 50 хувийг туркууд үйлдвэрлэж байна. Батлан хамгаалах салбар их хөгжсөн. Их буу, танк, нисдэг тэргээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Одоо бөмбөгдөгч онгоц хийх гэж байна. Энд монголчууд ирж ажиллаж юм сурч авах нь зөв гэж боддог.

Турк улс хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж, хэрэгжүүлж байна вэ?

2000 оноос хойш их эрчимтэй хөгжсөн. 2002 оноос хойш одоо эрх барьж байгаа Шударга ёс хөгжлийн нам нь төрөө тогтвортой барьж байна. Турк улс одоо эдийн засгаараа дэлхийд 16- т орж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1 териллион долларт дөхөж байна. 2023 онд БНТурк улс байгуулагдсаны 100 жилийн ой болно. Османы эзэнт улс 1923 онд БНТурк улс болсон. 100 жилийн ойгоороо дэлхийн эхний 10 том эдийн засгийн 1 болно гэсэн зорилт тавьж байна. Тэр үед дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2 териллион орчим доллор болно гэж төлөвлөж байна.

Ажиглаж байхад энэ зорилт хэрэгжих бололцоотой харагдаж байна. Хэдэн жишээ дурьвал. 2014 онд Хар далайн эрэгт Атомын цахилгаан станц байгуулахаар тендер зарлахад Япон Францын компани ялсан. Энэ тендер 21 миллиард доллорын өртөгтэй станц. Мөн Газар дундын тэнгисийн эрэг дээр бас Атомын цахилгаан станц барих тендер зарласан. Рос- Атом гээд оросын компани ялсан. Одоо эхлэх гэж байна. Бас 21 миллиард долларын өртөгтэй станц. Фосфорын хоолойд 3 дах замыг барьж эхэлж байна. Тэр нь 3 миллиард долларын өртөгтэй. Станбулд 3 дах онгоцны буудлыг барих гэж байна. Энэ тендерт Туркын өөрийн компани ялсан. Бас 20 гаруй миллиард долларын өртөгтэй. Эдгээр төслүүд нь миллиардаар л яригдах юм байна шүү дээ. Ийм мега төслүүд зэрэг эхэлж байна. Хотуудаа хурдны замаар холбоод дууслаа. Ямар ч жижиг хот байсан шил толь шиг гоё цэвэрхэн. Одоо хотуудаа хурдны галт тэргээр холбож байна. Сая намар Станбул Анкара хоёрыг холбосон хурдны галт тэрэгний замын нээлт хийсэн. Одоо бусад хотуудруугаа хурдны галт тэрэгний зам тавьж байна. Нийт хотуудад 100 гаруй онгоцны буудал байна. Дээр нь өөрсдөө усан онгоцоо үйлдвэрлэж байна. Жилд 1 сая гаруй автомашин үйлдвэрлэж байна. Хөдөө аж ахуй их хурдан хөгжиж байна. Туркууд анар, жимс, самар, помидор, өгөрций, сонгины ургацаар дэлхийд дандаа эхний 10-т явж байна. Хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Ингээд харахад 2023 он гэхэд эхний 10-т орох том эдийн засагтай болох бололцоотой харагдаж байна.

Туркууд төрөө дээдлэх ёсыг их эрхэмлэдэг өдөр тутмын амьдралдаа бодитоор хэрэгжүүлдэг санагдлаа. Жижиг том гэлтгүй байгууллага бүр төрийн далбаагаа залсан байх жишээтэй. Монголчууд төрийн сүлд минь өршөө гэж залбирдаг. Энд бол төрөө дээдлэх ёс нь өдөр тутмын амьдралдаа бодит утгаар нь төрөө дээдлэж байгаа харагдаж байна. Туркчууд төрөө дээдлэх сэтгэлгээг хэрхэн бий болгодог юм бол?

Энд баяр ёслол болохоор бүгд төрийн далбаагаа бариад төрийн дуулалаа дуулаад л эхлэнэ шүү дээ. Үгийг нь мэдэхгүй хүн байхгүй. Манай энд сурч байгаа монгол оюутнууд ч гэсэн Туркын төрийн дуулалын үгийг бүгд цээжилсэн байдаг. Сургуульд байхад нь цээжлүүлдэг юм байна. Төр нь хүчтэй ч юм. Зах зээлийн эдийн засгаа төрийн зохицуулалттай хослуулж чадсан. Төр бол компаниудаа дэмжээд юмаа сайн хийлгэж чаддаг. Өөрсдийн чадахгүй зүйлээ гадны компаниар хийлгэж, чаддаг юмаа өөрсдөө хийдэг. Атомын цахилгаан станцыг аргагүй чадахгүй учраас гадны компанийг сонгож байна. Япон бол газар хөдлөлтөд тэсвэртэй зүйл хийнэ, франц атомын цахилгаан станц өндөр хөгжсөн гэдэг утгаар энэ 2 улсын компанийг атомын станцийн төслүүдэд сонгосон байх жишээтэй.

Туркэд үндэснийхээ компаниа дэмждэг төрийн бодлого, тогтолцоотой. Хот хөдөөгийн ялгааг их арилгаж байгаа. Хотоос алслагдсан байрлалтай газар үйлдвэрийг хөгжүүлбэл цахилгааныг 100 хувь чөлөөлнө. Татварыг тэдэн хувь гээд бүр тогтсон байдаг. Наашаа дэд бүтцэд ойр бол 50 хувь чөлөөлнө гэх мэт. Манайх бол татвар чөлөөлөх болов уу гээд хараад байдаг. Татвараас өмнө Туркэд газар нь яах юм, ус нь яах юм гээд бүгд тодорхой байдаг. Алслагдсан газар үйлдвэр хөгжүүлбэл бүгдийг нь чөлөөлдөг. Тэгэхээр чинь дуртай ажиллаж байгаа. Энэ бодлогоо ноднин манай Энхболд даргыг айлчлахад ярьсан. Дараахан нь Туркын ерөнхий сайдын ажлын албанаас надад үүнтэй холбоотой танилцуулгыг өгсөн. Яаж хөрөнгө оруулалт хийж хэрэгждэг талаар материалыг нь англи хэл дээр явуулсан. Би тэрийг бүгдийг нь УИХ, эдийн засгийн яам руу явуулсан. Татвараа бол хүн бүр байгууллага бүр төлөх ёстой юм байна. Харин ус, газар, цахилгааны төлбөрийг чөлөөлж хөнгөлдөг юм байна.

Одоо Турк компаниудыг Монголд хөрөнгө оруулж манай улстай хамтарч ажиллаач гэхээр газар, цахилгаан, ус нь ямар үнэтэй байдаг вэ, хэдэн жилээр өгдөг вэ, яаж хөнгөлөлт үзүүлдэг вэ гээд асуудаг. Хөнгөлөлт эдлээд бүр сурсан байдаг.

Туркын хотууд нь их цэвэрхэн. Ажил нь муу явагдаж байгаа хотын даргыг ажлаас нь халчихдаг. Монголд чинь хөдөө аймгийн дарга нар өөдөөс нь мөнгө нэхээд суугаад байдаг. Энд бол мөнгийг нь ч өгдөг байх, хариуцлага сайн тооцдог байх. Эндэхийн хөдөө нь хотоос дутахгүй сайхан байдаг.

Төрөө дээдлэх сэтгэлгээ сургууль соёл түүхээ хүндэлж байгаагаас үүдэлтэй. 1299 оноос хойш сая 1923 он хүртэл 600 гаруй жил Отманы эзэнт гүрэн гэж их том гүрэн байсан. Баруун хил нь Австри Вени хот хүрч байсан. Тийм үе дамжсан төрийн, эзэнт гүрний уламжлал байсан байна. Тэрийгээ орчин үеийн болгосон. Одоо сонгуулийн ардчилсан системтэй. Сонгууль явагдаж төрөө сонгож байна. Төр нь их тогтвортой ажиллаж байна.

Туркын зочид буудлаас эхлээд л компаниуд нь логогоо үндэсний хээ хуараар зохиосон байдал, төрийн далбаагаа залсан, хаалганы бариул, цайны данх гэх мэт үндэсний уламжлалаа орчин үетэй хослуулсан байгаа нь их сонирхолтой санагдлаа.

Турк Улс ислам шашинтай орон. Хуучин уламжлалаа авч үлдэхэд нь шашин нь том үүрэг гүйцэтгэсэн. Туркууд Сүнит урсгалыг дагадаг. Туркэд хамгийн гоё барилга нь сүмийн барилга байдаг. Энд Шашны Хэрэг эрхлэх газар гэж байдаг. Шашин нь соёлоо хамт аваад явчихдаг юм байна. Айхтар бодлоготой. Тэр үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэх сэтгэлгээг шашинаар дамжуулж сургаж байгаа. Их сургуулиудын дэргэд сүмийг нь ойртуулаад байгуулаад өгсөн байдаг.

2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд юу байна?

Монголын эдийн засаг хүндрэлтэй байна. Тийм болохоор Туркын хөрөнгө оруулалтыг Монголруу чиглүүлэх ажилруу төвлөрч Туркын бизнесменүүдтэй их уулзаж ярилцаж байна. Түрүүн ярьсан 2 төсөл байна. Мөн зээлийн ажил дээр анхаарал хандуулна. Үүний тулд 2- 3 том айлчлал хийх төлөвлөгөөтэй байна. Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд 2- ын аль бололцоотойг Туркэд айлчлуулах, Туркын Гадаад яамны сайдыг Монголд айлчлуулах, 2 жилд нэг удаа болдог Монгол Туркын Эдийн засгийн хорооны хамтарсан 8 дах хуралдааныг Улаанбаатарт хийнэ. Энэ жил бол эдийн засаг руугаа гол хандана.

Гадаад бодлогын нэг гол бодлого нь соёлын бодлого. Ийм учраас Иранд судалгаагаар яваад ирсэн доктор Анхбаяр бид нар Иранд байдаг Монголын хуучин нийслэлүүдээр яваад “Ираны замаар" гээд түүхчилсэн зурагтай ном хийсэн. Бид Туркэд Монголын соёлыг сурталчилна гэж бодож байгаа. Хар хоринд байгаа Түрэгийн үеийн музейны үзвэрүүдийг Туркэд авчирч үзүүлэх гээд бодсон санасан ажлууд их байна. Тэр музейд их гоё үзмэрүүд байна. Билэг хааны булшнаас гарсан үзвэрүүд бүгд байна. Тэгээд тэр том хөшөөний чинь загварыг ч болов хийгээд наашаа авчраад үзэсгэлэн үзүүлвэл жуулчдыг татах томоохон ажил болох юм.

Хийх ажил их байна...


Турк Улс, Анкара хот, Монгол Улсын Элчин Сайдын Яам