Чойгаалаагийн ЯНЖИНДУЛАМ, НЯМХАНД- Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагчид
9 жил, 2 сар өмнө

Загвар зохион бүтээгч, Michel&Amazonka брэндийг үндэслэгчид

Michel&Amazonka брэндийг эгч дүү дизайнер Чойгаалаагийн Янжиндулам (Michel), Чойгаалаагийн Нямханд (Amazonka) нар 2013 онд үүсгэн байгуулсан.

Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр зөвхөн монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг. Тэдний бүтээлүүд нь чамин тансаг, эрхэмсэг байдлыг илэрхийлэхээс гадна тухайн захиалагчид зориулж цор ганц загварыг урладаг. Голчлон эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинз, ёслолын хувцас, хуримын даашинз, чөлөөт хувцас хийж байгаа ба удахгүй эрэгтэйчүүддээ зориулсан хувцас хийхээр ажиллаж байна.

Michel&Amazonka нь 2014 оныг Азийн Fashion Asia Awards-н шилдэг дизайнер шагнал хүртсэн.

Чойгаалаагийн Янжиндулам буюу Michel нь 1986 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо инженер мэргэжилтэй Чойгаалаа, эмч мэргэжилтэй Д.Баярсайхан нарын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Michel 2003 онд 10 жилийн 75 дугаар сургуулийг, 2003-2007 онд Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн.

Michel багадаа загвар өмсөгч болохоор шийдсэн ч 12 настайдаа загвар зохион бүтээгчээр тэмцээнд орсноор ажлын гараа нь эхэлсэн. Дизайнер мэргэжлийг сонгоход ээж нь ихээхэн нөлөөлсөн ба Мишел брендийнхээ бүхий л загварт гар бие оролцдог авьяаслаг дизайнер юм.

Чойгаалаагийн Нямханд буюу Amazonka 1988 оны 7 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотноо айлын отгон хүүхэд болон мэндэлсэн. Amazonka 10 жилийн 18-р дунд сургуулийг төгссөний дараа, Урлах эрдэм дээд сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр төгссөн. Хувцас урлахаас гадна дуулах авъяастай бөгөөд 2006- 2011 оны хооронд Star fish хамтлагийн дуучин байсан. Анх дизайнер болно гэж хэн ч боддоггүй байсан бөгөөд гэрийнхэн нь ээжийнхээ эмч мэргэжлийг өвлөж эмч болох байх гэж боддог байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд Хүмүүнлэгийн Их Сургуульд орж суралцаж байх хугацаандаа загвар зохион бүтээх ажилд илүү дуртайгаа ойлгож сургуулиасаа гарч, Урлах эрдмийн дээд сургуульд орсон.

Амазонка өдөр тутмын болон үндэсний хэв маягийг агуулсан загваруудыг голчлон гаргадаг төдийгүй эко уутны загварыг гаргасан. Тэрээр хэрэглээний бүтээлүүдийг чадварлаг зохион бүтээдэг.


УРАН БҮТЭЭЛ

MICHEL

Анхны уран бүтээл нь Smooth kiss коллекц байсан бөгөөд Гялбаа сэтгүүлд тавигдаж байсан;

2006 он Хаврын Гоёл загварын долоо хоногт цэргийн загварт хувцасны коллекци;
2007 он Garson зуны загварын долоо хоногт үдшийн даашинзны коллекци;
2011 он Өвлийн цэцэг үдшийн даашинзны коллекци;
2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
2014 он Crystal Mind хувцасны коллекци;
2014 он Азийн шилдэг топ 5 дизайнер (pret-a-porter ангилалд);
2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, хавар зуны 2016 оны коллекци;

AMAZONKA
2010 он RHODIA хувцас загварын шоунд оролцож гараагаа эхэлсэн;
2011 он Хаврын гоёл хувцас загварын шоунд ажил хэрэгтэй эмэгтэй хувцасны коллекци;
2012 он Зуны хувцас загварын шоунд Back to the Future коллекци;
2013 он Улаанбаатар загварын долоо хоногт Michel&Amazonka брэндийн анхны бие даасан коллекци;
2014 он Сальвадор Дали пальтоны коллекци;
2014 он Crystal Mind хувцасны коллекци;
2015 он Зуны үндэсний болон хурмын коллекци, Хавар зуны 2016 үндэсний хэв маягтай загварын коллекци;

https://www.facebook.com/michelnzonka
http://michelamazonka.com/