Данейгийн МАЙРА- Эсгий урлалын мастер
5 жил, 2 сар өмнө


Загвар зохион бүтээгч, БУГАТ эсгий брэндийг санаачлагч

2000 онд Урлах Эрдмийн Дээд сургуулийг гутлын загвар зохион бүтээгч мэргэжилээр төгсөж, ШУТИС, Үйлдвэрлэл Технологийн Дээд Сургуулийг магистр цолтойгоор дүүргэсэн.

2001- 2007 онд Норвегийн тусламжийн байгууллагын Ноосны Өрхийн Үйлдвэрлэл Маркетингийн төсөлд эсгийн багш дизайнераар ажиллаж 2000 гаруй хүнд эсгий урлалын чиглэлээр зааж сургасан. Сургалтаас 200 гаруй эсгий урлагийн багш бэлтгэгдэж тэд нутагтаа очоод эсгий урлалын сургалтыг уламжлуулан явуулж Монголын эсгий урлалын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг борлуулах Цагаан алт дэлгүүр, үйлдвэрлэгчидийг нэгтгэсэн хоршоо, хоршоонуудыг нэгтгэсэн "Ноосон зангилаа" дундын хоршоо байгуулагдсан байдаг. Энэхүү төсөлд ажиллах хугацаандаа шаахай, ширмэл ширдэг, цүнх, малгай зэрэг эсгий бүтээгдэхүүний 300 орчим загвар гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлж, Норвеги, Франц, Итали, Герман, Америк, Нидарланд гэх мэт дэлхийн олон оронд экспортлосон. 20 загвар, 2 технологид Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүн загвар- патент эзэмшдэг.

2010 оноос хойш Бугат эсгий урлалын урландаа торго, эсгий болон торго эсгийний хосолмол ороолт, эсгий гутал урладаг. Түүний ороолт, эсгий гутлын загвар нь монголчууд төдийгүй жуулчдын таашаалд маш их нийцдэг бөгөөд соёлын өвийг бүтээгдэхүүн болгож "Буган хөшөөг хүзүүндээ ороо" уриатай ажиллаж байна. Тэрээр эсгий бүтээглэхүүний загварыг сайжруулах, хэрэглээний чанарын шаардлага хангах, өнгө будгийн тогтворжилтын тал дээр түлхүү анхаарч, цэвэр органик бүтээгдэхүүн хийж байгаль дэлхийд хор хөнөөлгүй үйлдвэрлэл явуулахыг чухалчлан үздэг.

2006-2007 онд ITC төслийн санхүүжилтээр Нэхмэлийн хүрээлэнгийн судлаач багш нартай хамтарч “Ноос боловсруулах технологи”, ,Ноос будах технологи”, “Уламжлалт аргаар утас ээрч сурцгаая”, “Эсгий эдлэл хийж сурцгаая”, “Эсгий урлал сургалтын модульжсан хөтөлбөр” гарын авлагуудыг боловсруулан хэвлүүлсэн.

2004 онд Киргизэд болсон Олон улсын эсгийчдийн 3-р симпозиум, 2007 онд Их Британий Уэлсэд болсон Олон улсын эсгийчдийн конференсд тус тус оролцож байсан. 2007 онд Англи улсад “Монгол эсгий ширмэл ширдэг, казак эсгий ширдэг” сэдвээр, 2015 онд 10 сард Хөдөө аж ахуй төслийн хүрээнд Тажикстан улсын эмэгтэйчүүдэд эсгийний анхан шатны сургалтыг тус тус зохион байгуулсан.

ҮЗЭСГЭЛЭН
2006 он Тэрэлжид “Ширмэл ширдэг үзэсгэлэн, өдөрлөг”
2006 он Улаанбаатарт “Зул сарын баяр буюу эсгий урлаг өнөөгийн хэрэгцээнд”
2007 он Улаанбаатарт “ Хавар ба Байгаль”
2011 он Улаанбаатарт “Эсгий-Онгод”
2014 он Улаанбаатарт “ Бугат эсгий”
2015 оны 10 сард Данид “Монголын нэг өдөр” хамтарсан үзэсгэлэн

ШАГНАЛ
2002 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
2006 он “Үлэмжийн чанарын батламж” Монголын шилдэг 99 бүтээгдэхүүний нэг
2006 он МХАҮТ-с зохион байгуулдаг хаврын үзэсгэлэнгээс экологийн цэвэр бүтээгдэхүүн
2008 он Гоёл наадмын тусгай байрын шагнал
2010 он Зүүн хойд Азийн ЮНЕСКО- н гар урлалын батламжит бүтээгдэхүүн

http://www.feltmongolia.mn/
https://www.facebook.com/BUGAT-felt-%D0%91%D0%A3%D...

Ярилцлага унших