Т.Лхагвасүмбэрэл- Нэрт байгаль хамгаалагч, ирвэс хамгаалагч, экологийн зүтгэлтэн агсан 1988- 2015
14 жил, 6 сар өмнө

Биологич, байгаль орчны нэрт зүтгэлтэн. Байгаль орчны төлөө, дэлхийд нэн ховордсон Цоохор ирвэс ба түүний амьдрах орчин Тост, тосон бумбын нурууг хамгаалах үйлсд өөрийн амь биеэ зориулсан цогтой эх оронч хүү.

1988 онд төрсөн. Тэрбээр  Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын бага сургуульд элсэн 2006 онд арван жилийн сургуулиа дүүргэж улмаар МУИС-ийн Биологийн ангид элсэн оржээ. 2010 онд их сургуулиа төгсөж “Ирвэс” хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажилд орсон байна. Тэрээр ажиллах хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг гарамгай сайн гүйцэтгэж байжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн дунд байгаль орчны боловсрол олгох, нутаг усаа хамгаалахын ач тусыг сурталчлан, ирвэс хүн хоорондын зөрчлийг зөөлрүүлэх зорилготой амьтнаас малаа хамгаалах хашаа хорооны ажлыг эхлүүлэн ажиллаж байсан аж.
Тост, Тосонбумбын нуруунд уул уурхайн компаниудын өрөм тавиулахгүй гэж тэмцэж яваад 2015 онд зуурдаар бусдын гарт хорлогдсон.
Тэрбээр нас барахаасаа өмнөө өөрийн зорилгоо нэгэн хэвлэлд "Тостын нурууг улсын тусгай хамгаа­лалтад оруулахыг хүсдэг. Мөн энэ газар уул уурхай оруулахгүй, биологийн байдлыг нь хамгаалж  үлдэ­хийн төлөө ажиллана. Ирвэсийн судалгаагаа ч үргэлжлүүлж, тоо толгойг нарийн тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсч байна" хэмээн ярьж байжээ. 

Ирвэс хамгаалах санд биологич, ирвэс судлаачаар ажиллаж байсан Т.Лхагвасүмбэрэл агсанд "Helen Freeman Awards 2015" шагналыг олгохоор болжээ. Өнөөдөр түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүсийнх нь хамтаар талийгчийн аавд шагналыг нь гардууллаа.  Энэ шагналыг дэлхийн ирвэс судлаачдын шилдгүүдэд олгодог.

Ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээлийн судалгаанд талийгаач маш их хувь нэмэр оруулсан. Өөрийн сонгосон мэргэжилдээ сэтгэл зүрхээ зориулсан нэгэн байсан.