Д.ГАН-ОД: Олон жилийн хөдөлмөрийн дүнд технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад МОЛГОЛ инженерүүд электрон хавтан экспортлохоор боллоо
5 жил, 1 сар өмнө

Техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг Япон Улсад манай залуус электрон хавтан PC BOARD экспортлох болсон таатай мэдээ дуулдаад удаагүй байна. Эл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

-Хэзээнээс электроник хавтан үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-2013 оноос эхэлж япончуудтай хамт Зүүн өмнөд Азийн бүх улсаар явж судалгаа хийхдээ манай улсын хөгжлийн гол зорилго энэ юм байна гэдгийг олж харсан. Тиймээс улсдаа электроникийн үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортолъё. Бид эхлүүлчихвэл бусад нь даган дуурайж, хөгжинө гэж бодсон. Ингээд 2014 оноос зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэж явсаар одоо л үр дүнгээ үзэж, Японы компанид бүтээгдэхүүнээ экспортлохоор боллоо. Ойрын 2-3 жилд дахиад 4-5 компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр ярьж байна. Уг нь манайх зэсийн хүдэр, цэвэр зэс гаргадаг баяжмалтай улс. Үүнийгээ ашиглаад электроникийн хуулга, хавтангууд хийвэл илүү ашигтай. Учир нь хятадууд, эсвэл Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Орлогынх нь ихэнх хувийг электроникийн салбар бүрдүүлдэг. Дэлхийн бараг бүх хүн гар утас барьдаг боллоо. Мөн айл бүрт зурагт, хөргөгч зэрэг электрон бараа бий. Үүний гол түүхий эд нь зэс, алт, мөнгө зэрэг баяжмалууд. Бид хөгжиж буй улсуудын түүхий эдийн бааз болоод буй нь харамсалтай санагддаг.

-Техник, технологи, электроникийн чиглэлээр ажиллах мэргэжилтэн хэр олон байна вэ?

-Судалгаа хийж байхад “Монголчууд чадахгүй шүү дээ. Хятадын том зах зээлтэй яаж өрсөлдөх юм бэ” гэж олон хүн хэлсэн. Хүмүүс зөвхөн зурагт, хөргөгч, хөлдөөгч зэрэг гэр ахуйн бүтээгдэхүүнээр электроникийн салбарыг ойлгоод байна. Яг энэ зах зээлд Хятад улстай өрсөлдөх хэцүү. Тэд олноор нь үйлдвэрлэж, хямдаар борлуулдаг. Гэхдээ тэдний бүтээгдэхүүн чанаргүй байгаа. Би Японы зах зээлийг нэлээд судалсан. Тэд Тайвань, Малайз, Сингапур, Тайланд, Вьетнам улсад үйлдвэрээ байгуулдаг юм билээ. Бүх тоног төхөөрөмжөө суурилуулж, зөвхөн ажиллах хүчээ л тухайн улсуудаас авдаг. Би япончуудаас “Та нар яагаад Монголд үйлдвэрээ байгуулж болдоггүй юм бэ” гэтэл “Монголчууд англи хэлээр чөлөөтэй харилцаж чадах уу, хөдөлмөрийн чадвар хэр вэ” гэдэг хоёр асуулт тавьж байгаа юм. Учир нь Малайз улсад үйлдвэрээ байгуулаад, ажилчдад нь энэ зүйлийг ингэж хийнэ шүү гээд заагаад өгөхөд яг түүнийх нь дагуу хийнэ. Илүү дутуу зүйл хийхгүйгээр зөвхөн зааврын дагуу ажилладаг байх нь. 

Эндээс хөдөлмөрийн сахилга бат харагдаж байгаа юм. Манайхан бол “Ингэж хийгээрэй” гээд заагаад өгөхөд хэсэг хугацааны дараа “Ингээд хийчихвэл амархан юм байна” гээд өөрчлөх гэдэг сул талтай. Тэгээд би “Манайхан өгсөн үүрэг даалгаврыг норм, журмын дагуу хийж чадах болов уу” гэж бодож эхэлсэн. Чадах байх л даа. Гэхдээ суралцах гэж 1-2 жил шаардагдах байх гэж бодогдсон. Төгсөөд манай үйлдвэрт ажиллах гэрээтэйгээр гурван залууг Японд сургаж байна. Манайд энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн залуу олон бий. Бараг сургууль болгон электроник инженер бэлдэж байгаа ч мэргэжлээрээ ажилладаг нь тун ховор. Мөн тэднийг ажиллуулахад гардаг хүндрэлүүд бий. Жишээлбэл, сургалтын систем тааруу байна. Онолын түвшинд сайн, харин тэр мэдлэгээ хөрсөнд буулгах дадлага эзэмшдэггүй. Дадлагажуулах лаборатори, үйлдвэрлэл дутмаг учраас тэр байх. Ер нь бол дөрвөн жил сурснаас илүү өөрөө гардаж хийгээд, туршлага хуримтлуулсан хүн илүү мэдлэгтэй болдог. Диплом чухал биш болсон байна.

-Та үйлдвэртээ ажиллах хүмүүсээ өөрөө сургадаг уу?

-Уг нь өөрөө сургаад, ажиллуулах бодолтой. Сургалтын систем болохгүй байна гэж хэлсэн дээ. Дээд мэргэжил олгож буй сургуулиуд оюутнуудаа хүн талаас нь харахгүй байгаа юм шиг санагддаг. Уг нь онолын мэдлэгийг сайн өгч байна. Гэтэл тэд чинь төгсөөд ажиллана, олон хүнтэй харилцана. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд ороход нь бэлддэггүй. Миний бодлоор хүмүүжлийн, соёлын зарчимд сургах хэрэгтэй. Тухайлбал, манай компанид ирсэн залуус эхлээд сурч байж ажиллана, маш сайн сурчихвал хүссэн хэмжээнийхээ цалинг авах боломжтойгоо мэддэггүй. Диплом авсан юм чинь өндөр цалинтай ажил хийх ёстой л гэж ойлгодог. Ирж уулзахдаа шууд цалин асууна. Мөн амархан шантардаг, бие дааж ажиллах чадваргүй зэрэг сул тал ажиглагддаг. Түүнчлэн хөдөлмөрийн сахилга бат алга. Тиймээс сургалтаар иймэрхүү чадварыг олгох нь зөв гэж боддог.

-Яг юунд ашиглах электроник хавтан экспортлохоор болсон юм бэ?

-Японы үйлдвэрүүдэд ихэвчлэн роботууд ажилладаг болсон. Тэр роботуудыг удирддаг компьютерын электрон хавтанг бид үйлдвэрлэх юм. Энэ нь нэлээд үнэтэй худалдах бүтээгдэхүүн. Хятадын зах зээлийн ханшаас 2-3 дахин илүү үнэлэгдэх юм. Бид Хятадын электроникийн үйлдвэрүүдтэй өрсөлдөх бус цөөн тооны, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжтойг харж болно. Японы хоёр компанитай гэрээ байгуулсан. Нэг нь манайд тоног төхөөрөмж нийлүүлэх бол нөгөөх нь бүтээгдэхүүн худалдан авах юм. Японд сургаж байгаа гурван ажилтан маань тоног төхөөрөмжийн компанид нь ажиллаж буй. Энд ирээд тоног төхөөрөмж дээрээ ажиллах, бэлэн боловсон хүчин гэсэн үг.

-Гадаадын, тэр дундаа Японы зах зээлд нэвтрэх хэцүү байх. Ямар шалгуур тавьсан бэ?

-Мэдээж шууд бүтнэ гэж байхгүй шүү дээ. Дөрвөн жил япончуудтай хамтарч ажилласан. “За, боллоо” гэж хэлтлээ 3-4 жил болсон гэсэн үг. Энэ хугацаанд маш их зүйл шаардаж, бид ч олон зүйл хийж, шалгууллаа. Өөрсдөө ирж үзэж, харна. Алдаа дутагдлыг нь хэлнэ, бид ч хийсэн зүйлсээ явуулна гэх мэтээр ажиллаж байж одоо л “бид хийж чадна” гэдэг итгэл төрүүлж байгаа юм.

-Танай компанид одоогоор хэчнээн хүн ажиллаж байна?

-Манайх жижиг компани. Яг одоо манай үйлдвэрт зургаан хүн ажиллаж байна. Гэхдээ бидний барьдаг гол бодлого бол чаддаг хүнээр нь чаддаг зүйлсийг хийлгэх. Гаднах эд ангийг нь захиалж хийлгээд, яг үндсэн бүтээгдэхүүн дээрээ л өөрсдөө ажилладаг гэсэн үг. Тэгээд бусад компанид хийлгэсэн эд ангиа авч ирээд, үндсэн бүтээгдэхүүнээ суурилуулж, угсардаг. Ер нь дэлхий нийтийн үйлдвэрлэл энэ зарчмаар л явдаг. Одоо бол Японы компанид нийлүүлэх бүтээгдэхүүн дээрээ илүү төвлөрч ажиллаж байна. Түүнийгээ үнэхээр сайн хийж чадвал дараа жил бусад компаниас ч захиалга авах боломж бүрдэнэ.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Би радио холбооны инженер мэргэжилтэй. 20 гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна. Сургууль төгсөөд Үндэсний дата төвд ажилласан. Дараа нь өөрөө компани байгуулж, монголчууд электроникийн салбарт юм хийж чаддаг гэдгийг харуулахаар ажиллаж эхэлсэн.

-Зүүн Азийн орнуудаар явж судалгаа хийсэн гэсэн. Манай улс техник, технологийн хөгжлөөс тэднээс хэр хоцрогдсон байна вэ?

-Манайхан бүгдийг нь ажиллуулж, хэрэглэж чаддаг. Гэхдээ энэ бол хөгжил биш. Байгалийн баялаг дээрээ зодолдсоор байгаад улам доройтож байгаа нь харагдсан. Улсын хөгжил бол хүний хөгжил шүү дээ. Гоё ганган байшин барьж, эдлэл хэрэглэж, машин унах нь хөгжил биш. Хамгийн түрүүнд гар утас хийж чадах хүн хэд байгааг харах хэрэгтэй. Манай улс 1980-аад оны үед электроник хавтан үйлдвэрлэж, Буриад руу экспортолдог байсан шүү дээ. Гэтэл одоо “Монголчууд чадахгүй” гээд сууж байна. Тэгэхээр манай улсын хөгжил социализмын үеэсээ ч ухарчихсан нь харагдаж байна.

-Сурагчийн ухаалаг цүнх хийсэн байсан. Худалдаанд гарсан уу?

-Бүтээгдэхүүний загвар маш чухал юм билээ. Ухаалаг цүнхийг гурав дахь удаагаа шинэчилж байна. Ирэх гуравдугаар сард худалдаанд гаргах зорилготой. Сүүлийн загвар нь их хөөрхөн болж буй. Анх зөвхөн сурагчийн цүнх хийх бодолтой байсан ч одоо томчуудад зориулсан цүнх хийгээд, хөгжүүлж буй. Өмнө нь хийсэн цүнхний гаднах материал, загвар нь тааруу болсон. Бид зөвхөн функцуудад нь л анхаарснаас биш загвар, дизайныг нь сайн бодоогүй юм билээ. Тиймээс одоо хийж буй гурав дахь цүнхнийхээ загварыг мэргэжлийн дизайнераар гаргуулсан. Мэргэжлийн хүн учраас бидний хийснээс огт өөр, их гоё болгосон.

-Ямар үнээр худалдах вэ. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?

-Монголдоо 100-130 мянган төгрөгөөр худалдах бодолтой. Гадаадын зах зээлд арай өндөр үнээр борлуулах байх. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд бид олон зүйл хийж байна. Хүний биед долгион нэвтрүүлэхээргүй материал сонгох нь их чухал юм билээ. Хүмүүс их хүнд цүнх болно гэж ойлгоод байх шиг байсан. Цүнхний жин нь 300 грамм. Томчуудад зориулсан үүргэвч нь гар утас цэнэглэгчтэй, дугуй унаж явахдаа ард талаа харах гэх мэт олон функцтэй болсон.

-Цүнхнээс өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байна вэ?

-Хоёр ч бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр ажиллаж байна. Эхнийх нь нарны зайгаар ажилладаг зурагт. Хөдөөний айлууд гэртээ том аккумлятор тавьчихсан байдаг. Түүндээ хоёр утас холбоод зурагтаа үздэг нь эрүүл мэндэд маш муу. Ялангуяа эрчүүд үргүй болох магадлал өндөр. Учир нь аккумлятороос их хэмжээний хүчил ялгардаг. Бидний хийж буй зурагт ардаа гар утаснаас үл ялиг том хэмжээтэй хайрцагтай. Хайрцагт нь жижигхэн зай хураагуур суурилуулсан. Түүндээ нарны хавтан, гэрэл зэргийг холбодог. Зай хураагуур нь наргүй үед долоон цаг ажиллах хүчин чадалтай. Үнийн хувьд ч хямдаар борлуулах бодолтой байна. “Малчин” компанийн худалддаг дан ганц зурагт 800 мянган төгрөгийн үнэтэй юм билээ. Харин бид 32 инчийн зурагт, нарны хавтан, зай хураагууртай нь нийлүүлээд нэг сая төгрөгөөр худалдах юм.

Эх сурвалж:  Уранмандал http://unuudur.mn