Монгол хүний тэсвэр тэвчээрийг ДЭЛХИЙД НОТЛОСОН Нобелийн шагналт Доржпаламын ЭРДЭНЭЦОГТ
2 жил, 3 сар өмнө

НҮБ-ын Химийн зэвсгийн шинжээчээр ажилласан Нобелийн Энхтайвны шагналт багийн гишүүн хурандаа доктор Доржпаламын Эрдэнэцогт

НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөнАраб, орос, англи, франц дөрвөн хэлийг эзэмшсэн.

Тэрбээр Завхан аймгийн Ургамал сумын нутаг Хөх ам гэдэг газар малчин ард Доржпаламын долдугаар хүү болон төржээ. ОХУ-д Цэргийн дээд, Академи, АНУ-д Аюулгүй байдлын коллеж, Хуулийн сургууль, Европын холбоонд НАТО-гийн Цэргийн сургууль төгссөн. Армид 35 жил, түүний дотор Гаага хотноо НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-д зэвсгийн шинжээчээр 10 жил тасралтгүй ажиллаж баг хамт олноороо Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн. Женев дэхь олон улсын байгууллагад Хими, бактериологи, радиологи, цөмийн шинжээч /CBRN expert/-ээр дэлхийн халуун цэгүүдэд тусгай үүрэг гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан. 

2013 оны аравдугаар сард Сирийн улс төрийн асуудал маш хэцүү болж АНУ болон барууны орнууд “Сирид химийн зэвсэг байна, дайралт хийх нь” гээд ОХУ болон зарим улс орон Сирид дайн гаргахгүйн төлөө анхаарч ажилласан юм. Манай байгууллага Сирийн химийн зэвсгийг хяналтад авч ажиллахаар болж, АНУ Сири рүү дайралт хийхээ больсон цаг үе. Ингэж л химийн зэвсгийн шинжээчид Сирид очиж химийн зэвсгийг устгасан. Тухайн үед Нобелийн шагнал олгох эсэх талаар яригдаж эхэлсэн юм. 250 гаруй байгууллага, хувь хүмүус өрсөлдсөнөөс манай байгууллага, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хоёр тунаж үлдээд бидэнд олгосон. Ер нь манай байгууллагын зорилго нь дэлхий дээрх химийн зэвсгийг бүрэн устгах юм. Дэлхийн химийн зэвсгийн 80 гаруй хувийг бид устгасан. Энэ бүхнийг харгалзаад манай байгууллагад Нобелийн Энх тайвны шагналыг олгох нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Байгууллагын шагнал боловч Сирийн химийн зэвсгийг устгасан учраас багийн гишүүдэд сертификат, алтан медаль өгсөн юм.

НҮБ-ын химийн шинжилгээний байгууллага 1997 онд байгуулагдаж ажиллаж эхлэхээс Монгол шинжээчид ажилласан байдаг. 1997 онд генерал Хүрлээ анхны шанг татсан. Долоон жилийн гэрээ байгуулж ажилладаг. Түүний гэрээ дуусахад хурандаа Нармандах ажиллаж, хурандаа Нармандахын халааг би авсан байдаг юм. Арваад жил ажиллалаа. НҮБ-ын химийн зэвсгийн шинжээчийн албыг Монгол хүмүүс тасралтгүй хашиж байна. Нобелийн шагналын багт багтаж, энэ шагналыг эх орондоо авчирч чадсандаа би их баяртай байдаг.

Химийн зэвсэг гэж энгийнээр ойлгоход химийн бодисыг зөөгч хэрэгсэлтэй нь хамтатгаж хэлж байгаа юм. Химийн бодис задрах үед түхайн газраа хордуулдаг. Хороор амьсгалсан хүн нэг минут хүрэхгүй хугацаанд үхдэг, эсвэл маш ихээр тарчилж амь тавьдэг. Үй олноор нь хөнөөх зэвсгийн нэг төрөл. Химийн хорт бодисыг зөөгч хэрэгслийнх нь хамт химийн зэвсэг гэж хэлж болно. Зөөгч хэрэгсэл гэдэг нь пуужин, их буу, танк, нисэх онгоцны бөмбөг юм шуү дээ. Шинжээчдийн хаана ямар зорилготой ажилласан гэдэг нь хамаагүй ярьж болдоггүй. Мөн 1940-өөд оны үед Японы Квантуны арми манай улсын эсрэг химийн зэвсэг ашиглах гэж байгаад хэрэглэж чадалгүй дайнд ялагдсан байдаг. Манжуур, Харбин гэх мэт газруудад элсэнд булагдчихсан химийн зэвсэг байсныг нь хүртэл манай шинжээчдийн баг очиж устгасан. Ер нь их олон газарт очиж ажилладаг. Яг химийн зэвсэгтэй орнууд гэх юм бол дээрх дурдсан Орос, Америк, Сири, Ливи гээд энэ дөрвөн орон байдаг. Харин сургалт дадлагаар өөр олон газраар явна. Химийн зэвсгийг гардаж бүрэн устгаснаар ажил маань дууссанд тооцогдоно.

Химийн зэвсэг устгах хэд хэдэн технологи бий. Сүүлийн үед саармагжуулах замаар устгаж байна. Химийн бодисыг соруулж аваад өөр химийн бодистой хольж бага хортой буюу хоргүй болгодог гэсэн үг. Их биеийг нь 1000 хэмийн халуунтай пийшинд хийж шатаадаг. Төмөр дотор, хананд нь наалдсан химийн бодис шатаж ууршиж алга болдог. Төмрийн хаягдлыг нь гагнаасаар нь хувааж хаяснаар химийн зэвсэг устгах ажил маань бүрэн дуусч байгаа юм. Устгах ажиллагаа үйлдвэрлэл маягаар явагддаг учраас нэг л эхэлсэн бол устгаж дуустал ажил дуусахгүй, 24 цагаар ажилладаг. Тиймээс ажлын цаг, амралтын өдөр гэж байдаггүй. Уг ажилд ороод долоон жилийн турш гэрээсээ хол өдөр, шөнөгүй ажилласан. Химийн зэвсгийн шинжээч байна гэдэг мэргэжлээсээ гадна, бие бялдар, сэтгэл зүй, оюун санааны хувьд маш өндөр шалгууртай, өндөр шаардлагатай ажил шүү.

Цахим холбоос: https://www.facebook.com/noble...