Батзоригийн ЭРДЭНЭ- Хог хаягдалын менежмент
4 жил, 3 сар өмнө

Байгаль орчны тандан судлаач, хог хаягдалын менежмент, доктор.
Монголын тандан судлаачдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн тэргүүн, Орчны бохирдлын үндэсний хорооны гишүүн.

Батзоригийн Эрдэнэ нь багш, байгаль орчны тандан судлаач мэргэжилтэй, Монголын тандан судлаачдын холбооны гүйцэтгэх захирал, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн тэргүүнээр 2016 оноос ажиллаж байна. 2010 онд Японы Чибагийн Их Сургуулийн Байгаль орчны тандан судалгааны төвд Байгалийн Ухааны докторын зэрэг хамгаалсан. Байгалийн нөөцийн менежмент, тогтвортой хөгжлийн боловсрол, газрын бүрхүүлийн өөрчлөлт, байгаль орчин, уул уурхайн хууль журамд мониторинг хийх, нийгмийн хариуцлага-олон талын оролцоо, иргэний нийгмийн байгууллагын төлөвшилийн чиглэлүүдээр судалгааны ажил хийж байна.

https://www.facebook.com/erden...

ХОГ ХАЯГДАЛЫН МЕНЕЖМЕНТ НОМЫН ТУХАЙ

Номын хамтран зохиогч Дашбалжирын Ичинхорлоо агрономич мэргэжилтэй. 2004 онд Австри Улсын байгалийн нөөц, хэрэглээний амьдралын ухааны их сургуульд байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан, англи, герман, орос хэлтэй. 1999-2011 онд ХААИС-д багш, 2012-2014 онд Мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төсөлд судлаая, 2014-2016 онд Монголын жимс жимсгэний үндэсний холбооны гүйцэтгэх захирал, 2015 оноос НҮБ-ийн ХХААБ-ын төслийн үндэсний зөвлөхөөр ажиллаж ирсэн туршлагатай.

Монголын хүн амын өсөлт, амьдралын хэвшил, дадал хандлага, хэрэглээ, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр энгийн хог хаягдал төдийгүй хүнд металл, химийн хорт бодис агуулсан хаягдал, электроникийн хог хаягдал (Е-хог хаягдал), чанарын шаардлага хангахгүй болсон химийн бодис, пестицид, тэдгээрийн сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлийн дугуй, эд ангиуд, ашигласан тос, зай хураагуур, мөнгөн ус агуулсан хэмжлийн багаж, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг зэрэг үйлдвэрлэл, ахуйгаас гарах аюултай хог хаягдлын хэмжээ ч жил бүр нэмэгдэж, аюултай хог хаягдлын хур хуримтлал бий болсоор байгаа.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага 2007 оноос эхлэн 21 аймгийн төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг ландфилл технологийн дагуу засч тохижуулах ажлыг, үе шаттайгаар хийх шаардлагыг орон нутагт тавьж, эрх зүйн зохицуулалтыг үе шаттай боловсронгуй болгон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр байгаа боловч өнөөг хүртэл технологийн дагуу бүрэн хийгдэж чадахгүй, хог хаягдлаа ил задгай зайлуулж хаясан хэвээр байна. Ийм учраас хог хаягдлын талаархи нэгдсэн зөв ойлголтыг бий болгож, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах, тээврлэх, боловсруулах, устгах менежментийн тогтолцоо, технологийн зөв шийдлүүдийн уялдааг үндэслэн хог боловсруулах үйлдвэр, парк, тээвэрлэлт ложистикийг бий болгох нь үндэсний хэмжээнд тулгамдсан хэрэгцээ шаардлага бий болсон.

Хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлдэг, эх үүсвэр дээр нь багасгадаг сайн дадал хандлага төлөвшиж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх замаар олон талын оролцоотой хог хаягдлын тогтвортой зөв менежмент бий болно. Хог хаягдлын тогтвортой зөв менежмент, үйлдвэр парк байгуулж, ложистикийн үйлчилгээ бий болгохдоо шинжлэх ухаанчаар хандаж, монголын хогны бүтцэд тохирсон зөв технологи шийдлүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уг номонд чухалчилж авч үзжээ.

“Хогийг хогийн саванд хийж хэвшицгээе, жижигхэн боловч хүн бүхний өдөр тутам заавал хийж занших ёстой эерэг дадал хандлага, эерэг дадал хандлага том өөрчлөлтийн эхлэл, бидний эерэг, зөв дадал хандлага хоггүй цэмцгэр орчныг бий болгоно” Б.Эрдэнэ, Д.Ичинхорлоо

ЦУВРАЛ ЛЕКЦ