Сүрэнжавын ДЭЛГЭРЦЭЦЭГ
10 жил, 10 сар өмнө

Би бага цэцэрлэгт байхдаа мандалин тоглож сурсан. Анх цэцэрлэгийн багшаараа ”Нараа нараа нааш ир“ гэдэг дууг заалгаж тоглож сураад маш их баярлаж байж билээ. Цэцэрлэгт яваад ирэхэд аав маань миний төрсөн өдрөөр мандалин авч өгч байсан нь одоо миний мэргэжлийн гараа болсон болов уу гэж боддог. Сургуульд ороод янз бүрийн дугуйлан секцэнд хамрагддаг байлаа. Хөнгөн атлетик, уртын харайлт, дуу хөгжмийн дугуйланд суралцдаг байлаа. Багш нар маань намайг булаалцалдаад бөөн юм болдог байсан. Биеийн тамирын багш Батчулуун, дуу хөгжмийн багш Бадамгарав багш нар нэг өдөр миний нүүрэн дээр муудалцаад, “Чи аль нэгийг яг одоо сонго” гээд, тэгээд би Батчулуун багшийгаа орхисон доо. Түүнээс хойш багш маань бяцхан гомрохдогч гэсэн хэзээ хойно надад “Чи зөв сонголт хийсэн” гэж хэлж байсан. Увс аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд сурч байхдаа сургуулийнхаа урлаг соёлын ажилд илэвхтэй оролцож, Тува Монголын харилцаагаар аялан тоглолт хийж явдаг байсан. Манай орос хэлний Ядмаа гэдэг багш маань биднийг удирдаж Тувад аялан тоглуулж биднийг Урлаг соёлын ажилд оролцуулдаг байлаа. 10-р ангиа төгсөөд Увс аймгийн Залуучуудын холбооны дэргэдэх “Цаг үе“ залуучуудын страд дууны хамтлагт 1 жил ажиллаж байх тэр үед УБ хотоос Соёлын коллежид элсэлт авахаар хүмүүс ирсэн. Хөгжмийн зохиолч С.Задгай багш /”Хүүгийн бодол“дууны ая зохиогч/ маань намайг шалгаруулж авч байж билээ. Энэ шалгаруулалтанд 100 гаруй хүүхэд уран сайханчид ганцхан хуваарь дээр өрсөлдөж байсан. Би 108 дахь хүн байлаа. Шалгалт дууссаны дараа 108 дахь хүүхэд ороод ир гэхэд итгэж ядаад сандарч байсан. Тэгээд нэг сонин уншуулаад “За юун тухай уншив. Утга санааг нь ярь” гэдэг байгаа. Би хөлс гараад “Өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн тухай” гэхээс өөр юу уншсанаа ч санадаггүй. Уран тод унших юм байна гээд хичээгээд л уншсан. Тэгээд за гараад байж бай гэсэн. Гадаа гараад сандраад тайвширч чаддаггүй. Манай найзууд чи лав тэнцсэн байхаа гээд л. Төд удалгүй 108 ороод ир гээд, миний гарыг үзээд л, за гэрлүүгээ маш хурдан яваад 1 хувь зураг аваад ир гэдэг байгаа. Би ч галзуу юм шиг гүйсээр амьсгаадаад орж ирэхэд, аав ээж сандраад юу болов солиотой юм шиг хүн цочоогоод гээд загнаад, сургуульд тэнцсэн гэдгээ хэлж, зургаа аваад аавыгаа дагуулаад очиж томилолт авч байсан юм. Ингээд намар УБ хот руу нисэж ирж байлаа. 1991- 1994 онд суралцаж төгссөн. Мэргэжилдээ маш дуртай.

2005 онд Баянхонгор аймгийн ЗДТГ, НБХэлтэс Хүүхдийн төлөө төв, “Хүүхдийн Тэмүүжин Театраас “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил“- ийн ажлын хүрээнд зохиогдсон Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваагийн нэрэмжит “Яруу эгшиг“ өсвөрийн гоцлол хөгжимчдийн улсын уралдаанд Увс аймгаас төлөөлж сурагчдаа оролцуулж байлаа.

Монгол ардын дуугаа өвлүүлэх ажил маань 2008 оноос өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна. Миний шавь Энхболдын Энхманлай, Энхболдын Энхнаран нарын маань ээж Р.Дэлгэржаргал бид цагийн аясаар сайн найз, сайхан нөхөрлөлтэй болж үзэл бодлоороо нэгдэж 2010 онд Галбингаа ардын дуу хуурын сургалтын төвөө нээн ажиллуулж байна.

2009 онд “Монгол ардын дуугаа өвлөн дуулцгаая” анхны бие даасан тоглолтонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж дэмжсэн нь маш бахархалтай. Ийнхүү “Монгол эгшиглэн” хамтлаг маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх хамтлаг болж чадсан юм. 74-р цэцэрлэгийн хүүхэд багачууд 2009 оны сар шинийн 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрт зочилж шинэлсэн юм. Тэр үед “Дээлтэй монгол” хөдөлгөөн өрнөж биднийг дэмжиж хамтарч ажиллаж байлаа. Учир нь хүүхдүүд маань үндэснийхээ хувцасыг өмсөж гоёж ардынхаа дуугаа гайхалтай сайхан дуулж байлаа. Энэ үеэс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд үндэсний хувцасаа өмсөх сонирхолтой болсон. Ардын сайхан дуугаа гайхалтай сайхан дуулж үеийн хүүхдүүдэд үлгэр дууриал болж байлаа.

Би 2010- 2011 онд ажлаа түр орхиод цомгийнхоо уран бүтээл дээр ажилласан. Учир нь ажлаа хийнгээ уран бүтээл хийхэд дарга маш их хавчиж, дарамталдаг байсан аргаа бараад 1 жил гаран ажлаа орхисон. Сайн ажилласаныхаа төлөө маш их гадуурхагдаж байлаа. 74-р цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Баянмягмар арга зүйч Л.Нэргүй ажлын үнэлгээг байнга дарж цэвэрлэгчээс дор үнэлдэг байсан баримт ч бий. Энэ 2012- 2013 оны хичээлийн жилд СБД-ийн 16-р сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байна.

2013 онд СБД-ийн 16-р сургуулийн нээлттэй хичээлийн Ур чадварын уралдаанд 2-р байр

2013 онд Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд ”Найрал дуу- 20“ улсын урлагийн наадамд “Ерөөлөөр учирсан миний монгол” 70 хүүхдийн хор дууг дуулуулж “Шилдгийн шилдэг” найрал дуугаар шалгарлаа;

https://www.facebook.com/YaruuEgshiglen/
https://www.facebook.com/delgertsetseg.surenjav