Даши НАМДАКОВ- Дэлхийн нэрт уран барималч, зураач
5 жил өмнө

Уран барималч, зураач Даш Намдаков буюу Намдагийн Дашням нь Буриадын Чита хотын ойролцоо орших Укурик тосгонд төржээ. Түүний ээж Бүдханд найман хүүхэд төрүүлсний зургаа дахь нь энэ ярилцлагын гол баатар. Тэд удам дамжсан дархан хүмүүс юм билээ. Тэрбээр ихэвчлэн нүүдэлчид, морьтон дайчид, зөвхөн үлгэрт гарч, зүүдэнд нь л үзэгддэг болов уу гэмээр хүн амьтны дүрс зэргийг ихэвчлэн урладаг онцлогтой. Даш Намдаков анх Улаан-Үд хотноо Г.Г.Васильевын урланд ажиллаж эхлээд тэндээсээ Красноярскийн уран зургийн дээд сургууль төгсчээ.

Энэ барималч анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо 2000 онд анх гаргаснаар алдаршиж эхэлсэн байдаг. Тэрбээр хүрэл цутгамал хийхээс гадна алт, мөнгө, зэс, гууль, үнэт чулуу, зааны яс, тэр ч бүү хэл адуу малын арьс үс зэргээр бүтээлээ туурвина. Түүний бүтээлүүд Санкт-Петербургийн Эрмитаж, Дорно зүгийн ард түмнүүдийн урлагийн музей, Москвагийн Орчин үеийн урлагийн музей, Нью-Йоркийн “Тибет-Хаус”, Хятадын Гуанжоу хотын Урлагийн музей гээд дэлхийн олон орны музейд хадгалагдахын зэрэгцээ Оросын Ерөнхийлөгч В.Путин, Татарстаны Ерөнхийлөгч асан М.Шаймиев, Москва хотын дарга асан Ю.Лужков, тэрбумтан Р.Абрамович, Германы канцлер асан Герхард Шредер, жүжигчин Ума Турман, кантри хөгжмийн од Вилли Нельсон зэрэг нэр нөлөө бүхий маш олон алдартай хүмүүсийн хувийн цуглуулгад бий. Ер нь түүний бүтээлүүд Герман, Франц, Бельги, Швейцарь, Финланд, Япон, Америк, Тайвань зэрэг олон орны цуглуулагчдийн санд хүндтэй байрыг эзэлдэг. 2002, 2003 онд түүний “Багнууд”, “Жүжигчин” зэрэг бүтээл нь Вампиловын нэрэмжит орчин үеийн урлагийн их наадмын шагнал хүртэж, “Эзэн” хэмээх бүтээл нь Оросын урлагийн академийн мөнгөн медаль хүртэж байв. Мөн Сергей Бодровын “Монгол” киноны зураачаар ажиллаж, үүгээрээ “Ника-2008” кино фестивалиас шилдэг зураачийн шагнал болон “Цагаан заан” шагналын эзэн болжээ. Тэрбээр 2003 онд ОХУ-ын Урлагийн академийн сурвалжлагч гишүүн болж, 2009 онд цуврал үзэсгэлэнгээрээ ОХУ-ын Засгийн газрын урлагийн салбарт олгодог шагналыг хүртжээ.. Түүний үзэсгэлэн эдүгээ ОХУ, БНХАУ, АНУ, Итали, Их Британи, Финланд, Чех, Япон, Франц, Тайвань, Сингапур, Хонгконг, Швейцарь зэрэг оронд тогтмол гарч байна. Даш Намдаков 2014 оноос Лондон хотноо амьдран уран бүтээлээ хийж байгаа билээ.

https://dashi-art.com/