Д.Дамсрайсэлнэн- Монгол гэр урлалын мастер
2 жил, 12 сар өмнө

 Монгол гэр урлалын мастер. Монгол гэр үйлдвэрлэлийн салбар карказан хийцлэлийн анхлан нэвтрүүлсэн. Чемоданд багтах эвхдэг жижиг гэрээс эхлээд 40м деаметртэй Аварга том гэр хүртэл зохион бүтээжээ.

Дэлхийн хамгийн том гэрийг 2018 онд бүтээж Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдсэн монгол хүнийг Д.Дамсрайсэлнэн гэдэг. Ийм нэртэй хүн Монголд одоогоор цорын ганц байна. Нэрийнхээ талаар манай сурвалжлагчид хуучилсныг нь үзвэл, түүний аав лам хүн байжээ. Хүүхэд тогтохгүй байсаар Дамсрайсэлнэн гэдэг нэр өгч байж нэг тогтоож авсан аж. Хүү нэрийнхээ учрыг сайн мэдэхгүй явсаар их олон жил өнгөрсөн байна. Тэгж явсаар одоогоос арваад жилийн өмнө нэгэн америк хүний хүсэлтээр Төвдөд хэдэн гэр аваачиж барих болжээ. 10 ханатай нэг, таван ханатай дөрөв, дөрвөн ханатай дөрвөн гэр хийж ачуулаад өөрөө эхнэрийн хамтаар араас нь очсон байна. Тэдгээр гэрийг захиалсан америк хүн Төвдийн хөдөө нутгийн ядуу айлуудад бэлэглэсэн аж. Гэр үзээгүй төвд хүмүүс монгол гэрээс адис аваад л мөргөөд байх юм гэнэ. Гэрээ эхнээс нь бариад байж байтал төвд хүмүүстэй танилцах хэрэг гараад нэрээ хэлтэл өнөө төвдүүд гэрт төдийгүй түүнд мөргөөд унасан гэнэ. “Ийм нэртэй хүнээс адис авахгүй бол болохгүй” гээд л аваад байсан гэнэ. Тэгээд учрыг нь асуутал Дамсрайсэлнэн гэдэг нь Бурханы номын нэрээр барахгүй төвдүүдийн өдөр бүр уншдаг номын тоонд ордог тийм нандин ном юм байжээ. Ялангуяа орой үдэш хүн айж цочих юм гарвал энэ номыг уншихад зүгээр болдог, их тус авралтай гэж үздэг аж. Тэгээд хүмүүсийн мөргөх нь олширсонд Дамсрайсэлнэн гуайд их эвгүй санагдаж, ичмээр ч болж “Би ер нь хүнд адис өгдөг хэн ч билээ” гээд, нэрээ хэлэхээ байсан гэнэ. Ямар ч байсан нэрнийхээ нарийн учрыг Төвдөд очиж байж ийн мэдэж авсан байна.

   Залууд нь түүний нэрийг хүмүүс тэр бүр бүтнээр нь хэлдэггүй, цээжлэхэд ч амаргүй учраас Дамсрай, эсвэл Сэлнэн л гэдэг байж. Завхан аймгийн Их-Уул сумын уугуул тэрбээр 1973 онд цэрэгт мордож Улаанбаатар хотын Амгалан дахь 012 дугаар ангид алба хаасан байна. Нэг удаа ангиараа Улсын цирк үзсэнээс хойш энэ урлагт дуртай болж хувийн хичээл зүтгэлээр илбийн эрдэмд суралцаад хожмоо хөдөө орон нутагт үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд олон жил зүтгэсэн түүхтэй хүн юм. Ингээд хөдөөгүүр тоглолтоор явж байхад хөтлөгч нь “Дуудахад хэцүү нэр юм, эвгүй ч нэр” гэж төвөгшөөхөөр үл барам аймгийн нам төрийн удирдах хүмүүс “Үнэхээр эвгүй, үзэл сурталд таарахгүй нэр юм. Солих хэрэгтэй” гэжээ. Эцгийн өгсөн нэрийг арай ч бас сольчихож чадахгүй гайхаж байгаад нэг ламаас асуутал “Солих хэрэггүй” гэж. Ингээд уул нэрээрээ явсаар шинэ цагтай золгожээ. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо түүний дотнын найз бөгөөд хэдэн жилийн өмнө Тайваньд мөн захиалгаар гэр барихад хамт явсан гэнэ. Тийн явахдаа Дамсрайсэлнэн гуай “Манай аав ер нь надад их хариуцлагагүй нэр өгсөн байна шүү” гэсэнд найрагч бээр “За чи ер тэгж болохгүй. Чиний нэр бол маш учиртай, онцгой нэр” гэжээ. “Бүтнээр нь амандаа хэлээд явахад, хэлсэн хүндээ маш сайн” гэж эрдэм номтой хүмүүс өгүүлж байсан нь нэг бус гэнэ. Эцгийн хайрласан нэрээс улбаалан өдий 70 шахсан насандаа ийм ийм явдалтай учирснаа Дамсрайсэлнэн гуай манай сайтад ингэж өгүүлэв. Дашрамд дурдахад, монгол гэр хийдэг түүний хувийн компанийн нэр “Сэлнэн”.

Далай Чойнхор вангийн хошууны удамт урчуудын өнөө цагийн томоохон төлөөлөл, "Сэлнэн" компани, сэлнэн брендийг үүсгэн байгуулагч Дашбалжирын Дамсрайсэлнэн гуай ажгуу. АНУ-ын Небраска мужийн Омаха хэмээх хотын төвөөс 100 орчим км зайд байх нэгэн эдлэн газарт захиалагчийн хүсэлт ёсоор түүний урлаж босгосон тэр аварга том гэр нь 24 ханатай, 290 уньтай, ханын эрсний өндөр 2м 80см, унины урт 7м 60см, тоононы диаметр нь 5м 60см бөгөөд 4 баганатай, 4 зүгт харсан 4 хаалгатай аж.Энэхүү аварга том гэрийг дагалдаж бас 4 ханатай 10 жижиг гэр бүтээж барьж босгожээ. 1990-ээд оны эхээр Монгол дахь Энх тайвны корпусынхан анхны 5 ханатай монгол гэрийг АНУ-д аваачиж байсан бол түүнээс хойш төр, нийгэм, соёл боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааны шугамаар цөөнгүй монгол гэр АНУ-д очсон түүхтэй. Харин Дамсрайсэлнэн гуайн энэ аварга гэр хэмжээний хувьд АНУ дахь хамгийн том монгол гэр төдийгүй нүүдэлчдийн хот айлын уламжлалт систем бас монголчуудын төрт ёсны уламжлал, хүрээ маягийн суурин амьдралын хэв маягийг харуулсан хэлбэр агуулга бүхий ГЭР ХОТХОН гэдэг утгаараа АНУ-д анхдагч нь бололтой. Монголын Эзэнт гүрний үед монголчуудын уламжлалт гүн ухаан, төрт ёс, их хаадын философийг "тээсэн" ИХ ГЭР "Газар дундын тэнгисийн их уснаа арга буюу тулж ... "үүнээс цааш явах газар үгүй" хэмээсэн нь монголын их түрэлтийн төгсгөлийн цэг байсан гэлтэй. Тэгвэл энэ удаа нутаг хошууны уран гарт ах далайн чинадад холын Америкт "их гэр"-ээ ийнхүү босгож гал голомтыг нь тулчихаад ирж...Дашбалжирын Дамсрайсэлнэн... Зартын Халуун-Усны эхний Дашбалжир хэмээх тэр өвгөн бага идэр насандаа Тариатын хүрээний төгсгөл үеийн сүүлчийн шавь нарын нэг байсан бөгөөд сурсан ном эрдмээрээ хожим нутаг жалгынхандаа тус хүргэж байснаас үзвэл оточ-маарамбын ухаанд суралцаж байсан бололтой хэмээн тэрбээр аавыгаа дуурсаж аавынхаа төрж өсч бас бурханы хутгийг олсон Зартын рашааны доод бие, Алаг нуурын дээд дэнжийн нэгэн дэвсэгт олон жилийн өмнө суварга босгосон тухайгаа хуучилна. Тэрбээр Зар нутгийн "модны эв нийлүүлж,цавууны хөг тааруулах" эрдэмт өвгөд болох уран Доолой гуайг дурсан залбирах, эдүгээ 90 давж 100 дөхөж буй Нямсүрэн гуайг жинхэнэ "бурхан ухаантай дархан хүн" хэмээн бишрэх... Хангай ханы арын шинэсэн их ойн захад, хуш модны хараа барааны газар төрж өсч ус нутгийн урчуудын "ухааны ур, нүдний ур, гарын ур"-ыг өвлөж өссөн тэрбээр ердөө 4-р ангийн боловсролтой л нэгэн. Гэвч тэр бага залуугаасаа Тосонцэнгэлийн МБК-тай ажил амьдралаа холбож, Ардын циркийн анхны илбэчин жүжигчний нэг байж, циркийн номер үзүүлбэрүүдийн болон илбэ ухааны номеруудад ашиглагдаж хэрэглэгддэг аппарат элдэв техник хэрэгслүүдийг Л.Нацаг, Д.Дагвадорж гуай нартайгаа ярилцаж зөвлөж зураг төслийг нь гарган зохион бүтээж өөрөө гардан хийж ирсэн түүхтэй. Анх 1990-ээд он буюу зах зээлийн эхэн үед орон нутагтаа "Тээл" хоршоог байгуулалцан модоор урлах үйл хэргээ эхлүүлж улмаар 1997 оноос УБ хотноо гэрийн мод, модон эдлэлээ хийж урлах ажлыг эхэлснээс эдүгээг хүртэл энэ чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эрхэлж нэгэнт монгол гэр, гэрийн тавилгын өөрийн нэрийн Сэлнэн брендийг гадаад дотоодын хэрэглэгчдийн дунд бий болгож чаджээ. Түүний өнгөрсөн он жилүүдийн оргил амжилт нь 2018 онд Геннисийн амжилтанд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том монгол гэр, эдүгээ хүмүүсийн танил хэрэгцээ болсон Дамсрайн хийц буюу "Сэлнэн" бренд юм. Тэр бас өөрөө өөрийгөө үнэхээр хөгжүүлж чадсан төрөлхийн "энтерпрейнэр" бас инноватор" хүн.... Номт дээдсийн удам, билгүүн авьяаст өвгөдийн үргэлжлэл, ус нутгийн уран гарт ах мину.

https://www.facebook.com/%D0%A...