​ХЭРЭГЛЭЭ, ХЭРЭГЦЭЭ БОЛЖ ЧАДДАГГҮЙ ХООСОН МЭДЛЭГ ХҮҮХДИЙН СОНИРХОЛЫГ ТАТАЖ, СУРЧ МЭДЭХ ХҮСЛИЙГ БАДРААЖ ЧАДАХГҮЙ
7 жил, 9 сар өмнө

Дэлхий нийтийн боловсролын хөгжлийн чиг хандлага нь хүүхдэд бүхнийг цээжлүүлж, их мэдлэг өгөх гэхээсээ илүүтэйгээр тухайн хувь хүнийг өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө авьяас чадварыг зөв олж нээхэд нь чиглүүлдэг болж байна. Өмнө нь мэдлэгийн хэмжээ бага, мэдлэг олж авах арга хэрэгсэл цөөхөн байх үед их мэдлэгийг л өгөх гэж зорьдог байсан бол одоо мэдлэгийн хэмжээ асар их болж, бүхнийг сургах, цээжлүүлэх боломжгүй болсоноос гадна хүүхдийн мэдлэг олж авах хэрэгсэл, эх сурвалж асар өргөн болжээ.

Тиймээс тухайн нэг сонирхсон сэдвээрээ сурагч багшаасаа илүү мэдлэгтэй байх бүрэн боломж бүрдсэн юм. Жишээ нь дуу хөгжмийн багш “Гудамжны бүжгийн” талаар ямар ч мэдээлэлгүй байхад энэ сэдвийг сонирхдог сурагч бие даан судлаад асар их мэдээлэлтэй, бүүр хичээллэдэг болсон байх бөгөөд харин энэ мэдлэгээ багштайгаа хуваалцах хэмжээнд өөрийгөө хөгжүүлсэн байх бүрэн боломжтой. Програм хангамж сонирхдог сурагч мэдээлэл зүйн багшаасаа илүү програмын хэл судалж өөрөө програм бичиж бүүр олон улсад зарж сурагч байхдаа саятан болж байгаа тохиолдолууд олон байна.

Бид ч гэсэн ийм ч стандарт, тийм ч боловсрол гээд энд тэндэхийн сайн гэсэн бүхнийг алиалагч мэт авчирч наан, хэлбэр төдий тахир дутуу хуулбарладагаа зогсоож Сурган хүмүүжүүлэх монгол ухаандаа суурилсан, монгол хүүхэддээ тохирсон, дэлхийн сайн туршлагаас сүлэлдсэн сургалтын ончтой арга зүйг Монголчууд хамтдаа боловсруулах зүйтэй юм.

Тухайлбал хичээлүүдийг тухайн сурагчийн амьдралтай холбосон байдлаар, амьдрал дээр буулгаж ойлгуулвал хүүхэд маш хурдан тусгаж авна. Математикийн хичээлийг дэлгүүрээс худалдан авалт хийх, хямдрал урамшуулал ашиглах, хуримтлал үүсгэж мөрөөдөлдөө хүрэхтэй нь холбох, уран зохиолын хичээлийг өөрийгөө зөв сайхан илэрхийлэх, илтгэх урлагтай холбох, дуу хөгжмийн хичээлийг хөгжим, урлагийг ойлгох, суутнууд хөгжмөөс хэрхэн урам зориг авч өөрийгөө хөглөдөг тухай, биеийн тамирын хичээлийг эрүүл чийрэг, гоо сайхан биеэ зөв авч явахтай холбох, технологийн хичээлийг цамцныхаа тасарсан товчийг хадах, дүүгийнхээ хүрэмд өлгүүр хадахтай холбох, түүхийн хичээлийг дэлхийн хаана ч давхцахгүй цор ганц бидний соёл уламжлал, бахархалтай нь холбох гэх мэтээр яг өөрийнх нь амьдрал, хэрэглээтэй нь ойртуулж сонирхолтойгоор ойлгуулж чадвал математикийг учрыг ойлгохгүй цээжилсэн хэдэн томьёо, дуу хөгжмийг солгой хоолойгоор минь ичээдэг хичээл, түүхийг уйтгартай он цагийн дараалал, биеийн тамирыг хэцүү ял шийтгэл гэж төсөөлөхөө больж хичээлийн цаад мөн чанарт хүүхэд нэвтрэх юм.

Энэхүү санаагаа боловсрол судлаач Галбадрахын судалгааны нийтлэлээр улам дэлгэрүүлвэл,

“12 жил монгол хэлээ судалсан хэрнээ монгол хэлээрээ зөв, утга төгс ярьж сураагүй, өөрийн бодол санаагаа бусдад ойлгуулах гэж ээрч мууран хахаж цацна. Ядахнаа л хэрэгтэй баримт бичиг төлөвлөж, өргөдөл хүсэлт бичиж сурсангүй бусдыг гуйж суух.

Математикийн төрлийн хичээлүүдийг дунд сургуульд хамгийн хүнд гэдэг тодорхойлолтод оруулна. Энэ сургаар ихэнхи сурагчид сэтгэлээр унаж, хичээгээд ойлгохын оронд, хэцүү гэсэн шүү гэдэг бодлоор өөрийгөө “дарамтална”. Эцэс төгсгөлгүй гаргалгаа, баталгаа, теоромуудаас өдгөө хэдэн хууль, синус, косинус гэх мэт нэрүүд санаанд үлджээ. Өөртөө хэрэгтэй тооцоонуудаа хийхдээ үл мэдэгчтэй тэгшитгэл, язгуур хэрэглэхгүй болохоор “юунд тэгтлээ биднийг зовоож байсан юм бол” хэмээн хааяадаа гайхах. Харин амьдралд тулгарч байгаа янз бүрийн асуудлуудад олон хариу олж гарцаагүй зөвийг нь хэрэглэдэг болохоор бас ч бодлого бодож сурсны ач байх гэж бодно.

Газарзүй, амьтан ургамал судлалын нэртэй байгаль судлалын олон хичээлүүдээр энэ дэлхийн 5 тивийн газарзүйн тогтоц, амьтан ургамлыг бишгүй судалж, Африкийн халуун шугуйд анааш болон арслан заан амьдардаг, Австралийн усан тивд кенгру байдаг гэдгийг муугүй мэднэ. Гэсэн хирнээ насаараа амьдарч байгаа өөрийн аймаг, хот, сумынхаа газарзүй, амьтан ургамлыг төдийлэн мэдэхгүй. Угтаа бол миний амьдарч буй нутгийн хаана нь ямар гол ус, ямар ургамал амьтан байдгийг бас түүх домгийг нь мэдэж баярхаж бас гайхуулж баймаар.

Дүрслэх урлагийн хичээлээр чадах чадахгүй, сонирхолтой сонирхолгүйг нь үл харгалзан мэргэжлийн зураач нарт зуруулдаг натюрморт, эсвэл сэдэвт зураг зуруулаад суулгачихна. Харин дуу хөгжмийн хичээлээр солгой хоолойтой дуулах дургүй байсан ч сонирхлыг нь харгалзахгүйгээр самбарын өмнө гаргаж, нийтийн өмнө дуулуулах гэж тарчлаан зовооно. Сайн дурын уран сайханч эсвэл мэргэжлийн зураач бэлтгэх гэж буй янзтай. Дэлхийн болон монголын сонгодог урлагийн бүтээлүүдийг судалж, гайхан биширч, сэтгэл санаагаа ариусган, муу муухай бүхнийг сэтгэлээс нь арилгаж байх учиртай гоо сайхны боловсрол олгох зорилготой хичээлүүд маань нэг иймэрхүү.

Хөдөлгөөний эвсэл, бие бялдрын хөгжил муутай хүүхдүүдийн хувьд биеийн тамирын хичээл, авьяастай бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүдэд шоолуулж, дарамтлуулах шалтаг нь болно. Энэ хичээлээр спортын зэргийн норм биелүүлэх гэж бус өсч хөгжиж буй залуу бие махбодийг хөгжил, хөдөлгөөний зөв дадал эзэмшүүлэхэд чиглэгдсэн сургалт явагдаж баймаар. Материаллаг нөхцөл муу гэдгээр шалтгаалан спорт тоглоом ихэвчлэн тоглуулдаг энэ хичээл бас л үр дүн муутай. Ядахнаа л биеэ зөв авч явах, хувцсаа зөв тохируулан өмсдөг болгон сургахад тусалмаар.

Иймэрхүү жишээг одоо судалж байгаа бүх хичээлүүд дээр дурдаж болно. Ололт амжилт багагүй ч өнөөгийн монголын боловсролын салбарын гол алдаа нь судалж буй хичээлүүд нь хоорондоо уялдаа муутай, олгож буй мэдлэг нь амьдралд хэрэглээ болдоггүйд байгаа юм. Хэрэглээ, хэрэгцээ болж чаддаггүй хоосон мэдлэг хэзээ ч хүүхдийн сонирхлыг татаж, сурч мэдэх их хүслийг бадраадаггүй”

Мэдээллийн энэ эрин үед хүн өөрөө өөртэйгөө танилцах, өөрийгөө танин мэдэх асуудал маш чухлаар тавигдаж байна. Өөрийгөө танин мэдээгүй, өөрийгөө тодорхойлоогүй, хийх зүйлээ олоогүй, зорилгогүй хүмүүсээс үүдэж нийгмийн муу муухай зүйлс бий болж байна. Бүүр хэзээ хойно их сургууль төгссөнийхээ дараа ч гэсэн өөрийгөө таниж мэдээгүй, хийх зүйлээ зөв тодорхойлж чадаагүй олон залуус байгаа нь даан ч харамсалтай”

Одоо сургууль дээр хийгдэж байгаа дугуйлан, номын сан, аялал зэрэг оролцоог хангасан үйл ажиллагаа нь нэг алхам бөгөөд цаашлаад хүүхдүүдийг багаас нь авьяас чадварыг зөв оншилон тодорхойлж чиглүүлэн хөгжүүлэх, зан чанарыг нь төлөвшүүлэхэд онц чухлаар анхаарал хандуулах шаардлагатай байна.

Хүүхдүүдийг хандлага, авьяас чадварыг зөв оншлох тал дээр сургуулиуд сэтгэлзүйн төв болон оюун ухааны төвүүдтэй хамтран ажиллах бүрэн боломжтой. Мэргэжлийн сэтгэл судлаачидтай хамтран сурагчиддаа оношилгоо, сорил явуулж тухайн хүүхдийн авьяас чадвар, хандлагыг тодорхойлох бүрэн боломжтой. Хэрвээ ингэж чадвал хүүхдүүд юм юмруу үсчиж цаг алдахгүйгээр яг өөртөө байгаа нөөц чадварыг хөгжүүлэхэд илүү анхаарах боломж нээгдэнэ. Мөн багш нар хүүхдүүдтэйгээ ганцаарчлан уулзаж ярилцаж дасгалжуулагч шиг байж, сурагчийнхаа цаашдын чиг хандлагыг тодорхойлж өгдөг байвал хүүхэд маш зөв хөгжих юм.

Ийнхүү өөрийнхөө авьяас чадварыг эртнээс зөв тодорхойлж, түүнийгээ уйгагүй хөгжүүлэн оргилд нь хүрч чадсан “АВЬЯАСЛАГ БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮН- ҮНДЭСНИЙ БАЯЛАГ”- бидний ирээдүй эх орныхоо эрхэмсэг эзэд нь болж чадах билээ.


Жамсранжавын ЛУВСАНДОРЖ