ГАНБОЛДЫН БАЯР: ӨӨРТӨӨ БАЙГАА ГЭРЭЛ ГЭГЭЭГ БУСДАД ТҮГЭЭЖ, БАЙГАЛЬ БОЛООД АЛИВАА ЗҮЙЛСИЙГ ТУЙЛЫН ГОО САЙХНААР ХАРЖ АМЬДРАЛЫГ УТГА УЧИРТАЙ ТУУЛАХЫН ТУЛ БИ ШҮЛЭГ БИЧДЭГ
10 жил, 3 сар өмнө


Хүний хөгжлийн Yaruusetgegch.com цахим хуудсын хамт олон МЗЭ-ийн гишүүн, Алтан өд шагналт яруу найрагч Ганболдын Баяртай уулзаж халуун яриа дэлгэснээ та бүхэнд хүргэж байна.

_____________________________________________________

ЯРУУ СЭТГЭГЧ: Сайн байна уу. Та өнгөрсөн онд уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

БАЯР: Оны эхээр “Эх орон тусгаар тогтнолын наадам”-д орж тусгай байр, “Хайрын цагаан уул” наадамд тусгай байр эзэлж, оноо тусгай байруудаар эхлэсэн. За тэгээд О.Дашбалбарын нэрэмжит “Эх орон- Оюун санаа- Яруу найраг” наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал хүртэж тэргүүн байруудаар оноо төгсгөлөө. “Танихгүй цэцгийн үр” номоороо Алтан өд шагнал хүртлээ. Бас хамгийн сайхан үйл явдал гэвэл МЗЭ-ны 85 жилийн ойгоор МЗЭ-ны гишүүн болсондоо бэлэгшээж байгаа.

ЯРУУ СЭТГЭГЧ: “Хайрын цагаан уул” яруу найргийн наадамд энэ жил орох уу?

БАЯР: Оролгүй яахав. Том жижиг тарган туранхай хардаггүй сайхан наадам шүү дээ. “Хайрын цагаан уул” наадамд 3 дах жил орох гэж байна. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс А.Эрдэнэ-Очир гээд олон сайхан хүмүүс хайрын шүлгээ уншиж байсан нэр хүндтэй наадам л даа.

ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найргийн төрлөөр шилдэг болж “Алтан Өд” шагнал хүртсэн “Танихгүй цэцгийн үр” ном ямар онцлогтой вэ?

БАЯР: Их эрэл хайгуул хийсэн ном. Монгол сэтгэлгээ, орчин үеийн сэтгэлгээ хоёрыг хослуулж дундаас нь саарал юм гаргах гэж их хичээсэн ном л доо. Баяр гэдэг хүн өөрөөсөө өөрийгөө хайсан эрэл хайгуулын ном гэж хэлж болно.

ЯРУУ СЭТГЭГЧ: Өөрөөсөө өөрийгөө хайна гэхээр өөрийгөө олох замдаа явж байна гэсэн үг үү?

БАЯР: Ер нь хүн төрсөн цагаасаа эхэлж өөрийгөө хайдаг байх л даа. Ер нь олдог ч үгүй байх. Өөрийгөө олчихвол бас онцгүй л дээ. Оньсогыг таахаас нь өмнө хариуг нь хэлчихвэл тэр оньсого биш болчихно шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хайна гэдэг сайхан Өөрийгөө хайна гэдэг нь хүсэл мөрөөдөл л гэсэн үг. Өөрийгөө хайх тусам хүн улам зорилготой тэмүүлэлтэй болно. Энэ уулын цаана юу байгаа бол. Энэ уулыг давчихлаа одоо тэр уулын цаана юу байгаа бол гээд л тэмцээд байдаг байх. Хүн гэдэг амьтан өөрийгөө хайсаар байгаад төгсдөг юм болов уу даа.

ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найрагч хүний эцсийн зорилго нь юу байдаг юм бол?

БАЯР: Миний хувьд бол би бичих л мөрөөдөлтэй. Өөрөө өөрийнхөө ертөнцөд өөрийнхөө хөг аялгуугаар хөгжимдөх шиг сайхан юм байхгүй. Яруу найрагч, урлагийн хүн бүхэн яруу сайхан хийгээд үнэнийг бүтээхийн төлөө л явдаг. Би ч мөн адил үнэнийг бичихийг хичээж явна. Урлаг бол үнэн байх ёстой. Жишээ нь, хүнд дурласан бол тэр дурласнаа л бичих хэрэгтэй. Тэгэхгүй хийсвэрээр дурлаад, хийсвэр ертөнц өөрөө өөртөө бий болгоод л байвал сайн бүтээл болж чадахгүй байх. Нэг бүсгүйд дурлах юм бол тэр бүсгүйнхээ өөдөөс харж сууж байгаад харцнаас нь ямар гэрэл гарч байна, гарт нь хүрч үзэхэд ямар мэдрэмж төрж байна тэрийгээ л бичвэл сайхан санагддаг. Тэгэхгүй нэг их гоё үг хөөгөөд байхаар шүншиггүй бурхан шиг юм болох гээд байдаг юм. Урлагт үнэн л хэрэгтэй. Үнэн өөрөө гоо сайханд хүргэх шат гэж би хувьдаа боддог.

ЯРУУ СЭТГЭГЧ: Хамгийн анхны шүлгээ хэдэн онд бичсэн билээ?

БАЯР: 2004 онд “Миний аавын цагаан овоо” гэдэг дууны шүлгийг бичсэн. Би чинь анх дууны үг бичдэг байлаа. Өвөө эмээ хоёр маань уртын дуу сайхан дуулахыг нь их сонсдог байлаа. Өвөөгийнд маань их сонин содон хүмүүс ирдэг байсан. Дэлэг гэдэг хүн ирнэ. Тэр хүн цахлай болж гуаглана, буга болж урамдана, амаараа буу шиг дуугардаг Хажууд яваа морь үргэтэл буу шиг дуугарч чаддаг элдэвтэй хүн байсан юм даг. Чойсүрэн гэж нэг хүн ирдэг байсан. Тэр хүн эмээгийн нэрмэлээс уугаад халж аваад уртын дууг нарийн лимбэний өнгөн дээр гайхамшигтай дуулна. Энэ хүний талаар сүүлд дуулахнээ

Чойсүрэн гээд мундаг уртын дуучин хүн байсан юм байналээ. Энэ хүний дуунууд монголын радиогийн дууны санд байдаг юм. Би гэдэг хүн чинь багаасаа уртын дуу сонсч өссөн болохоор дууны үг бичмээр санагдаад бичиж эхэлсэн. Миний уран бүтээл ардын дуутай их холбоотой. Би Адарсүрэн гуайг их дууриаж дуулдаг байсан. Өглөө босоод л дуулна, өдөржин дуулдаг байсан. Нэг хэсэг миний хоолой Адарсүрэн гуайн хоолойтой их адилхан болж эхэлсэн шүү. \Инээв\

ЯРУУ СЭТГЭГЧ: Та дуутай их ойр өссөн юм аа даа?

БАЯР: Дээр үед намайг бага байхад манайх сумандаа хамгийн анх магнитофон авсан юм. Тэр магнитофонд манай сумын ихэнх хүмүүс дуугаа бичүүлж хураалгасан. Тэр үед магнитофон гэдэг зүйл анх гарч ирж байсан болохоор хүмүүс их сонирхож дуугаа бичүүлдэг байсан. Ээж аавын ажлын хүмүүс, хажуу хашааны хүүхдүүд гээд бөөн хүмүүс ирж дуугаа хураалгадаг хоббитой байсан. Тэр нь их гоё санагддаг байсан шиг байгаа юм. Тэгээд би ер нь дууг хүлхэж өссөн юм байна лээ. Ардын дуунд их хайртай. Бас радио их сонсдог байсан. Монголын үндэсний радиогоор явдаг дуунууд, ардын дууны домгуудыг их сонсдог байсан. Тэр дундаас их гоё санагдаж байсан дуу гэвэл Юндэн Гөөгөө. Энэ дуу Архангай аймгийн Тариат сум буюу миний нутгаас гаралтай дуу юм билээ. Далай вангийн Юндэн Гөөгөө гээд л цэнхэртүүлнэ шүү дээ.

ЯРУУ СЭТГЭГЧ: Таны удамд дуулдаг хүмүүс бий юу?

БАЯР: Миний мэдэхээр байхгүй. Надад цагаан нуурын давалгаа их нөлөөлсөн л дөө. Цагаан нуур чинь намар харахад их гунигтай. Яах аргагүй юм бичмээр санагддаг юм. Шуугиад л, шувууд буцаад л… Хавар эрт Тэрхийн цагаан нуурын дэргэд ганц гэрээрээ байх бас л эвгүй шүү. Нэг л их ус. Хүн амьтан ч ирэхгүй. Ганц гэр их эвгүй шүү. Ус хараад л суугаад байна. Өөрийн эрхгүй гуниг төрнө шүү дээ. Тэгээд шүлгийн мөртүүд орж ирнэ дээ. Нэг агуу хүний хэлсэн байдаг ш тээ. Далайг хараад гуниг төрөхгүй бол чамд ямар ч найдвар алга гэж.

ЯРУУ СЭТГЭГЧ: Хүүхэд байхдаа өөр юу хийдэг байв?

БАЯР: Юм сийлэх гэж оролддог байсан. Хөдөө жижиг гэртэйгээ ээж, ах хоёртойгоо хамт мал маллаж байсан. Ах маань өглөө үүрлээд л малаа туугаад явна. Би ихэвчлэн гэртээ өнждөг байсан. Гэрт өдөржин байхаар уйдаад модоор янз бүрийн зүйл сийлдэг байлаа. Дараа нь радио телевизийн засварын дамжаанд 1 сар суугаад засварчин болоод нэг хэсэг гэрээрээ дүүрэн эвдэрхий зурагт овоолоод суудаг байлаа. /Инээв/ Нэг өдөр гар хальт хөдөлснөөс болж мааслаад хүний зурагт шатаагаад, тэр хүндээ баахан хараалгуулж загнуулаад, тэгээд л за ер нь засварчин надад тохирохгүй ажил байна гэж бодоод яруу найрагруу эргэлт буцалтгүй орж Гүларанс, Инжинаши, Нямсүрэн гуай, Дашбалбар гуайн шүлгүүдийг уншиж эхэлсэн.

ЯРУУ СЭТГЭГЧ: Сургуулиа орхисон билүү?

БАЯР: Би чинь 3-р анги л төгссөн хүн шүү дээ. Бие бага байхаас муудсан л даа. 3-р ангид байхад хөл бүр их өвдөөд доголж явдаг болсон. Доголж явдаг болсноос хойш хүүхдүүд хаа тааралдсан газраа “доголон, Баяраа, доголон Баяраа” гэж шоолоод явуулдаггүй байсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд аймаар дарамттай байсан болохоор хичээлдээ явахгүй гэж уурлаад сургуулиасаа гарсан. Хүүхдүүд юм болохоор, хөөрхий тэр үедээ надад хэцүү байгаа гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгээд бас лам болох гэж үзсэн. Манай өвөө чинь лам байсан юм. Би нутгийнхаа ганданд хоёр долоо хоног суусан. Нэг өдөр тарж явтал нутгийн хүүхдүүд таараад малгай авч гүйгээд “лам лам” гэж шоолоод толгой дээр гэр зураад. /Инээв/. Тэгээд би лам болохоо больсон. Одоо энэ бүгдийгээ эргээд бодохоор их урт насалсан юм шиг санагдаад байх юм. Ная гараад явж байгаа юм шиг. Ер нь хүн гуч гарчихаар амьдрал их богинохон санагддаг юм байна. Амьдралыг эргэцүүлж бодвол их богинохон эд юм байна. Зүгээр суух эрхгүй. Цаг минут бүртэй л уралдан сурч боловсорч хийж бүтээж аз жаргалыг амталж авахгүй бол Д.Намдаг гуайн хэлдэгээр залуудаа тархиа зулгааж идэхгүй бол хөгшрөөд махаа зулгааж иднэ гэдэг л болно.

Хүмүүс маргааш маргааш гээд л маргааш амьдрал сайхан болно гэж ажлаа, аз жаргалаа хойш тавьдаг. Яг гашуун үнэн бол маргааш чинь үхэл шүү дээ. Бид чинь үхэл рүүгээ л яваад байгаа юм шүү дээ. Тийм болохоор өнөөдөртөө бие биенээ хайрлаж өөртөө болон бусдад аз жаргалыг харамгүй өгөх хэрэгтэй. Ажиглаад байхад хүмүүс маргаашийг бодож шаналаад их стресст орж байна. Маргааш өглөө босоод яаж ажилдаа явна, яаж автобусны мөнгө олно, замын түгжрээ яана гэж бодож шаналаад л... Тэгж бодсон бодоогүй өглөө болдогоороо л болно шүү дээ. Болоогүй байгаа зовлонг өөр дээрээ овоолох хэрэгтэй гэж үү? Ямар ачааны машин биш дээ. Тэнэгийн дотор уужуу гэгчээр би чинь их сонин хүн шүү дээ. /Инээв/

ЯРУУ СЭТГЭГЧ: Ямар номнууд уншиж байна?

БАЯР: Ошогийн номуудыг их уншдаг. Бас бурхан багшийн сургаал уншина. Манайд чинь бурхан багшаас дутахгүй мундаг хүмүүс их байсан юм билээ. Занабазар гуай, Данзанравжаа хутагт гээд. Бид нар үндэсний өв соёлыг сэргээж өөд нь татаж байх хэрэгтэй. Даяаршил гэж яриад үндэсний өв соёлоо урсгалд нь алдаад байна. Үндэсний өв соёлоо авч үлдэх хэрэгтэй гэж боддог. Яруу найргийн ном уншихгүй байгаа. Уншиж байгаа зохиолчийн бүтээлтэй адилхан болдог гээд байдаг талтай. Дрма Батбаяр гуайн номнуудаас уншиж байна. Дрма Батбаяр гуай бол гайхамшиг.

ЯРУУ СЭТГЭГЧ: Та “Болор цом” наадамд орж байсан уу?

БАЯР: “Болор цом”-д хоёр удаа орж байсан. Энэ наадамд шагнал авах гэхээсээ илүү ард түмнээ хүндэтгэж ордог. Тэр их өндөр тайз дээрээс монголын ард түмэндээ хандаж шүлгээ унших гоё байдаг. Энэ тайзан дээрээс Д.Нямсүрэн гуай, О.Дашбалбар гуай, Ж.Болд-Эрдэнэ гуай гээд олон сайхан хүмүүс шүлгээ уншиж байсан. Тэр алтан тайз дээр тэр сайхан хүмүүсийн хөлийн ором байгаа. Тэр оромтой хөлийн мөрөө нийлүүлэх гэж гардаг.

ЯРУУ СЭТГЭГЧ: Ойрд таны сэтгэл санаа ямар байна?

БАЯР: Их сайхан байгаа. Нэг бүсгүйд дурласан. Тэр бүсгүйдээ зориулж шүлэг бичээд л. Үүн шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Энэ дууны шүлэг юм.

Агиймаа

Зүүд нойронд сүүмэлзээд байх нь
Зүүн уулын солонгоо
Нүдний салхи нь хиртээгүй
Нялх зүүдэн Агиймаа

Нар унасан сормуусны чинь дэвээнд
Намрын будан ч үргэнэ шүү дээ
Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

Согоон жимээр шүхэрлэх нь
Сэтгэл тайгийн улаалзай
Цамцаа гэрэлтүүлэн инээхэд нь
Цэцэг ханхалдаг Агиймаа

Нар унасан сормуусны чинь дэвээнд
Намрын будан ч үргэнэ шүү дээ
Зүүд үймүүлсэн тэрлэгнийхээ хормойгоор
Зүрхийг минь битгий шүргээч Агиймаа

Гэхдээ би өвөл бол ичээний байдалтай амьдардаг. Намар, хаврын улиралд дуртай. Өвөлд дургүй. Өвөл бүх зүйл бүдэг саарал өнгөтэй. Сүүдэрт хургасан юм шиг санагддаг. Хавар бол сэнгэнээд л эхлэнэ шүү дээ. Зуны улирлыг амралтын байдалтай зугаалаад л өнгөрөөнө. Хэдэн сайхан найзуудынхаа буянд би чинь эрүүл юм шиг л явдагдаа . Бие гэдэг сэтгэлтэй холбоотой гэж боддог. Сэтгэл өвдвөл бие дагаж өвдөнө. Хүн биедээ согогтой байж болно. Харин хүн чанар оюун санаандаа согогтой байна гэдэг эмэгнэл.

ЯРУУ СЭТГЭГЧ: Таны өвчин ямар оноштой гэдэг билээ?

БАЯР: Булчингийн сулрал буюу саажилт гэсэн оноштой. Бүх булчин нь зогсоод ажиллагаагүй болсон. Мэдрэлийн систем судас шөрмөс бол зүгээр хэвийн. Булчин нь л байвал би босоод ирнэ. Хүний биед булчин их чухал эрхтэн. Хэлэнд нүдэнд хүртэл булчин байгаа. Уул нь булчин хийлгэж болмоор санагдаад байгаа. Элэг зүрхийг хүртэл сольж суулгаад байхад булчин болмоор санагдаад байгаа. Уг нь бол найдвар байгаа. Анх 5 настай байхад бие өвдөөд онош нь тодорхойгүй миненгит, коор гээд. Хэвтэрт жил гаран болоод бие арай дээрдээд босоод алхах гэтэл пүршин дээр явж байгаа юм шиг мэдрэгдэж байсан. Тэр үеэс л булчингийн сулрал эхэлсэн. Яваандаа булчин бага багаар суларсаар 16 настайдаа явж чадахгүй болоод суусан даа.

ЯРУУ СЭТГЭГЧ: Яруу найраг сонирхдоггүй хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

БАЯР: Тийм хүмүүс бол цонхгүй байшин л гэсэн үг. Би яруу найргаас урлаг үүсэлтэй гэж боддог юм. Хэл авиа үүссэн цагаас яруу найраг үүссэн байх.

ЯРУУ СЭТГЭГЧ: Та facebook ашиглаад байна уу? Олон найзтай болж байна уу?

БАЯР: Ашиглаж байгаа. Овоо олон дэмжигч, уншигч, найзуудтай болсон. Зарим өдөр интернэтэд өнжинө шүү дээ. Саяхан https://facebook.com/YaruusahuinDuuch хуудас нээсэн. Дуу, уншигдсан шүлгүүдээ https://soundcloud.com/bayar-gan рүү оруулж байгаа. Миний шүлгээр бүтсэн дууны клипүүдээ http://youtube.com/emvjins руу оруулж байгаа. Та бүхэн миний уран бүтээлийг сонирхоод үзээрэй цахим хуудсууддаа урьж байна. Танай хамт олны соён гэгээрлийн зам дардан байхын ерөөл өргөе.

2014 оны 1-р сарын 25

Эх сурвалж: www.yaruusetgegch.com

_____________________________________________________________

ТОВЧ НАМТАР

Ганболдын Баяр нь 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2004 оноос уран бүтээлийн гараа эхэлсэн. 3-р ангид байхдаа өвчин нь хүндэрсний булчингийн сулралтай болсны улмаас байнгийн суунга болсон хэдий ч амьдралын яруу сайхан бүхнийг дуулсан яруусахуйн дууч болж чадсан билээ. 2006 онд "Би хэмээх" шүлгийн түүвэр, 2008 онд "Дөрвөн нүдтэй дэлхий" шүлгийн түүвэр, 2010 онд "Азиза" шүлгийн түүвэр, 2013 онд "Танихгүй цэцгийн үр" яруу найргийн түүврээ тус тус хэвлүүлсэн.

2010, 2011 онд Хангай цом яруу найргийн наадамын тэргүүн байр, 2011 онд Алтан үзэг наадмын тэргүүн байр, 2011 онд Хайрын цагаан уул наадмын дэд байр, 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэгүүн байр, 2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюун санаа, Яруу найраг наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал тус тус хүртсэн. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Мөн МУАЖ Д.Самбуу, МУГЖ Г.Батбаяр, МУГЖ С.Жавхлан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Ноён Бондгор, Э.Төрмандах, Эрдэнэдалай, Идэржавхлан, Буянжаргал зэрэг дуучидтай хамтран хорь гаруй дууны уран бүтээл хийсэн.