Н.БААТАРБИЛЭГ- Ойн инженер, ойн олон улсын зөвлөх
5 жил өмнө



МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, ой судлаач, доктор, профессор, 
АНУ-ын Колумбын Их Сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан,Олон улсын Ой Судлалын Байгууллагуудын Нийгэмлэгийн (IUFRO) олон улсын зөвлөх, (International council), Олон улсын геосфер биосфер (IGBP) программын START хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагч

Cудалгааны чиглэл: Модны жилийн цагиргийн цаг уур судлал, дендрохронологи, уур амьсгалын өөрчлөлт, ойн экологи судлал, ойн экосистемийн өөрчлөлт

    БОЛОВСРОЛЫН МЭДЭЭЛЭЛ

    2000 онд Бүгд Найрамдах Чех Улсын Прагийн ХААИС-д ой судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан
    1992- 1993 онд МУИС-ийн магистр
    1987- 1992 онд МУИС-ийн Ойн инженер
    1977-1987 он Увс Улаангом 10-н жилийн 2-р сургууль

    АЖЛЫН ТУРШЛАГА

    1992 оноос МУИС-ийн Ой судлалын тэнхимд багшаар ажиллаж, 1999 онд Монголын анхны Модны жилийн цагираг судлалын лабораторийг байгуулсан. Дэлхийн цаг агаарын дулаарлын өөрчлөлтийг өөрийн орон болон бүс нутаг, дэлхийн хэмжээнд судлан тогтоох, Монгол орны ган зудын болон усны нөөцийн судалгаанд модны цагиргийн аргыг ашигласан. Монгол орны хот суурин, сүм хийдийн түүхэн судалгаа, ойн өсөлт хөгжилтөнд гарах өөрчлөлт, Улаанбаатар хотын таримал модны насны бүтцийг модны жилийн цагираг судлалын аргаар судлах зэрэг ажлуудыг бие даан санаачилж, гадаадын судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран гүйцэтгэж байна. Олон улсын Ой Судлалын Байгууллагуудын Нийгэмлэгийн (IUFRO) олон улсын зөвлөх, (International council), Олон улсын геосфер биосфер (IGBP) программын START хөтөлбөрийн Монголыг хариуцсан зохицуулагчаар ажиллаж байна.


    Холбоо барих: baatarbileg@num.edu.mn
    Ажлын утас: 75754400, 77307730 - 4500 (МУИС)


    СУДАЛГААНЫ ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ (2010 он)

    Монгол орны модны жилийн цагирагт тулгуурлан бүс нутгийн хэмжээнд ус сувгийн судалгаа одоогоор хийгдээд байна. Монгол орны хэмжээнд хийгдсэн модны жилийн цагиргийн он цагийн хэмжилтэнд үндэслэн нийт нутгийн зуны улирлын хуурайшилтыг урт хугацааны /1520 оноос 1993 он / түүхийг судалсан. Судалгааны үр дүнд 20 ба 21-р зуун нь өнгөрсөн 4 зуунтай харьцуулахад температурын хамгийн их өөрчлөлттэй болох нь тодорхойлогдсон. Мөн хамгийн их чийгшилтэй үе нь 1955 оноос 1959 он, их хуурайшилттай үе нь 2000 оноос 2004 он байсан. 1999 оноос 2002 он, 2004 оноос 2005 он хүртэлх хуурайшилт нь өнгөрсөн 500 жилийн хугацаанд тохиолдсон хамгийн их хуурайшилтай үе байсан. Судалгааны үр дүнгээр утгатай мөчлөг байгаа нь тогтоогдсон. Хуурайшилтын давтамж болон холбогдох модны жилийн цагиргийн он цагийн хэмжилтийг илүү нарийвчлалтайгаар хийснээр бага хэмжээнд судлагдсан монгол орны цаг уурын судалгааны мэдээллийг өргөжүүлэхэд хувь нэмэр болсон.

    Монгол орны нийт нутгийн зуны улирлын / 6-аас 8-р сар / хуурайшилтын үзүүлэлтийн / PDSI / давтамжаас ажиглагдсан онцлог зүйл нь урт хугацааны байгалийн үзэгдэлтэй хамаатай төдийгүй 1999 оноос 2002 он хүртэлх хугацаанд бий болсон хүчтэй ган гачгийг дахин илэрхийлж чадсан. Зуны улирлын PDSI-ийн мэдээллийн дундаж үзүүлэлтийг өнгөрсөн үр дүнтэй харьцуулахад энэхүү хуурайшилт нь өнгөрсөн 5 зуунд тохиолдсон хамгийн их хуурайшилттай үе байсан. Хамгийн их хуурайшилттай байсан бүс нутаг нь монгол орны зүүн өргөрөгийн 95-106 хэм, БНХАУ-ын зүүн өргөрөгийн 115 хэмээс зүүн хойд зүг рүү тэлсэн байна. Судалгааны дүнд ажиглагдсан сонирхолтой зүйл нь хуурайшилт үргэлжилсэн энэ хугацаанд монгол орны баруун хязгаарын уулархаг нутгаар хэвийн чийгшилтэй байсан байна. Зүүн өргөрөгийн 103 хэм дагуу ажиглавал монгол орны өмнөд хэсэг / хойд өргөрөг 44-50хэм/, БНХАУ / хойд өргөрөг 36 хэм /, ЗХУ-ын / хойд өргөрөг 54 хэм / нутаг дэвсгэрт хамгийн их хуурайшилттай байна. БНХАУ-д 1640 оноос 1646 онуудад үргэлжилсэн хугацаагаар ихээхэн хуурайшилттай байсан нь харагдсан. Энэ нь азийн ихэнх бүс нутагт нөлөө үзүүлсэн том хэмжээний хуурайшилт мөн эсэх нь батлагдаагүй боловч тийм байх магадлал өндөр байна. 2001 оны монгол орны зуны хуурайшилт нь БНХАУ-ын төв болон зүүн хойд бүс, Мянма болон Тайланд улсуудын хойд бүсэд мөн ажиглагдсан. Үүнтэй төстэй хуурайшилтын хэлбэр нь 1999 он, 2000 он, 2002 онуудад ажиглагдсан. Үүнээс өөр урт болон богино хугацааны хуурайшилт, чийгшилтэй байсан жилийн тухай мэдээллийг мөн хуримтлуулсан.

    20-р зуун нь өнгөрсөн 5 зуунаас хамгийн их чийгшилтэй зуун / хамгийн их чийгшилтэй 10 жилд 5 жил нь багтсан / боловч, 1942 он, 1771 он, 1977-1981 он, 1735-1939 он, 1779-1983 онуудад ихээхэн хуурайшилттай байсан.

    Эх сурвалж: “Япон, монголын хүрээлэн буй орчин” сонин


    ЯРИЛЦЛАГА УНШИХ

    Н.БААТАРБИЛЭГ: ТӨР ХУЛГАЙН АРГААР МОД ОГТЛОХ АРГЫГ КОМПАНИУДАД ЗААЖ ӨГӨӨД БАЙНА

    -Ойн сангийн нөөцийн талаар ярилцлагаа эхлэх үү. Ойн сангийн өсөлт хэр байна вэ?

    -Хоёр жилийн өмнө Монгол орны ойд олон зорилтот ойн тооллого хийсэн. Үүн дээрээс яам Монгол орны ой хөгширсөн байна, нөөцийн хувьд босоо хатсан мод их байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ойн сангийн тооллогын дүнг харахаар багасах биш нэмэгдсэн дүр зураг харагдаж байгаа. Энэ нь тооллогын арга зүй өөр болсон, дээрээс нь урд нь хүрч, тоолж чадахгүй байсан талбайг бүртгээд нэмэгдэж байгаа.

    Ард түмний дунд, бидний харж байгаагаар ойн талбай тийм ч сайн нэмэгдэхгүй байгаа. Учир нь огтолсон талбайгаа буцааж нөхөн сэргээхгүй байгаатай холбоотой. Түлээ, барилгын материалд хэрэглэж байгаа модны хэмжээ буурахгүй байна. Тэр утгаараа тооллогын арга зүй боловсруулалт сайжирсан учраас ихэссэн юм шиг харагдаж ч нөгөө талаар хэрэглээ буураагүй учраас нэмэгдсэн зүйл байхгүй.

    Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа. Энэ нь улсын нутаг дэвсгэртэй харьцуулбал бага тоо.

    -Ойн менежмент гэж юу вэ?

    -Нэгэнт улс орон, ард түмэн байгаа цагт мод, модон материалын хэрэгцээ байж таарна. Ялангуяа манай улс гэр хорооллын соёл иргэншилтэй. Түлшний мод байхаас аргагүй. Дээрээс нь улс орон мод бэлтгэхгүй юм бол барилга хийцээ юугаар хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс ой ашиглалт байх ёстой.

    Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа.

     

    Нөгөө талаас хэрэгцээгээ хангах хэмжээгээр мод бэлтгэж болохгүй. Манай орны ойн зонхилох төрлүүд маш удаан ургалттай. Жилд 1-2 см ургавал түргэн ургадагт тооцогдоно. Үүнээс ч бага. Маш хүнд нөхцөлд ургадаг ой. Модны өөрийнх өсөлтийн хэмжээ огтолж байгаа хэмжээг гүйцэхгүй. Энэ харьцааг зөв барих шинжлэх ухааныг ойн менежмент гэж байгаа юм. Манайхан ойн ашиглалт, хамгаалалт гэж ярьдаг. Хууль эрхзүйн хүрээнд ч тэгж оруулсан. Энэ бол буруу. Бид ой хамгаалал, ашиглалт гэж ярих ёстой. Нэгдүгээрт, ойг хамгаална. Тэгээд ашиглана.

    -Тэгвэл ойн цэвэрлэгээг хийх шаардлагатай. Хийлээ гэхэд өнөөгийн нөхцөлөөр хийх нь хэр үр дүнтэй вэ?

    -Энэ бол ойн менежментээс өөр ойлголт. Цэвэрлэгээний олон янзын арга байна. Биологийн аргаар ойг цэвэрлэж болно. Мод унаад биологийн аргаар ялзраад цэвэршинэ. Гол процесс нь энэ. Манай орны ой уулын хуурай бүсийнх учраас ялзралтын процесс удаан явагддаг. Үүнийг манайхан түймэр гарах гол шалтгаан болж байна. Иймээс ойг цэвэрлээд унасан хуурай мөчир гишүүг цуглуулаад ойгоос гаргах ёстой гэж яриад байгаа. Би өөрөө ой судлаач хүн. Ойг хамгаалах талаас илүү ажилладаг хүний хувьд ойн цэвэрлэгээ гэх бодлого алдаатай гэж үздэг.

    -Тодруулбал?

    -Унангитай, түймэрт автсан, хортонд идэгдсэн газрыг цэвэрлэ гээд компаниудад эрх олгочихдог. Би өөрөө компанийн эзэн гэж бодъё. Миний компани сайн ажиллахын тулд сайн чанарын материалаар сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гэтэл намайг хортон идээд, гол нь өмхөрсөн, түймэрт ороод хөхөрсөн модыг очиж аваад түүгээр сайн чанарын дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн гарга гэвэл мэдээж бүтэхгүй.

    Гэвч компанийн эзэн үүнээс өөр аргаар мод огтолж болохгүйгээс хойш цэвэрлэгээний эрхийг авдаг. Яг ажлаа эхлэх болохоор босоо модыг л авна. Ингэхдээ хортон идсэн, түймэрт шатсан модыг авахгүй. Тэгээд л сайныг ялгаж аваад бусдыг хаяад, шалгалт ирэхэд муу мод авсан болж харуулаад л өнгөрөөдөг. Энэ бол бодит жишээ. Үүнийг компанийн буруу гэж хэлж болохгүй. Хувийн хэвшлийг дэмжинэ гэх нэрээр хулгайн аргаар мод огтлох арга замыг зааж өгөөд байна. Тэгэхээр ойн цэвэрлэгээ гэх энэ ажил буруу.

    -Тэгвэл яах ёстой гэж?

    -Ойн цэвэрлэгээ гэх хөтөлбөрийг зогсоох ёстой. Үүнийг хувийн компаниудаар хийлгэдэг нь буруу. Аль ч улс оронд ой бол төрийн өмч. Зах зээл нь тогтвортой болоогүй, бизнес нь ч тогтворгүй, бөөрөнхий мод огтолж авчраад зарчихдаг, түүнийгээ бүтээгдэхүүн болгож чаддаггүй хүмүүст эрхийг өгчихөж байна. Хэн, хэзээ хийх ёстой вэ гэхээр Байгаль орчны яам, Үйлдвэр худалдааны яам зэрэг бодлого барих яам, Тамгын газрын дэргэд улсын үйлдвэрийн газар байгуулах ёстой. Манай улсад өмнөх туршлага байна.

    Цэргийн анги, хорих ангиуд мод бэлтгэж байсан. Тэд бол төрийн хүмүүс. Барилгын цэргийн анги ч гэж байна. Тэнд бригад гаргаад норм үнэлгээ өгөөд хяналттайгаар бэлтгүүлэх бүрэн боломжтой. Түүндээ хорих ангиудыг ч татан оролцуулж болно. Эсвэл ойн улсын үйлдвэрийн газрыг байгуулах хэрэгтэй.

    Салбарын яамнаас авсан зөвлөмжийн дагуу мэргэжлийн хүмүүс оролцсон компани мод бэлтгэлийг хийж болно. Хулгайч, худлаа хэлдэг хүмүүс, авлига авч хардуулж сэрдүүлдэг хүмүүс энэ ажлаас холдуулах ёстой.

    -Мод, модон материалын эцсийн бүтээгдэхүүн болгож чадах хүмүүс ойн цэвэрлэгээг хийх ёстой гэж зарим хүмүүс санал хэлж байгаа. Энэ нь таныхаар хэр зөв санал вэ?

    -Цэвэрлэгээний хувьд босоо, хатсанаас гадна мөчир, гишүү, холтос гээд үр ашигтай олон хэсэг бий. Үүгээр бүтээгдэхүүн болгож хэрэглэж байсан туршлага бидэнд бий. Хар модны холтсыг даралт ихсэхэд ууж байгаа. Будагч бодис болгож ашиглаж болж байна. Мөчрийг дүүргэгч, шатах материал болгож болно.

    Зөвхөн гол хэсгийг биш дагалдах баялгийг нь ашиглах ёстой. Ер нь манайд мэргэжлийн компани гэж яриад байдаг. Тийм биш. Мод огтлоод зүсдэг хүнд авчирч өг байгаа нэг үйлдлийг л тэд хийж байна. Зөвшөөрөл авсан компани бол модыг огтолж аваад эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.

    Түүнээс гадна ойн менежментэд алдаа цоорхой болж байгаа нэг асуудал бол модны бэлтгэгч, модны үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс, ой хамгаалагч нар нэг малгайнд орчихоод байгаа. Мод бэлтгэдэг огтолдог хүмүүс ой хамгаалдаг болж харагдаад байгаа юм. Тийм хүмүүсийн дунд яваад орохоор ойг хамгаалж судалдаг, экологийн хувьд ямар үр дүнтэйг мэддэг хүмүүс байхгүй.

    Тэд нэг малгайнд орчихсон учраас хүмүүс ойг хамгаалдаг юм байна гэж ойлгоод байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Хамгаалдаг, бэлтгэдэг хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй. Бодлого баригч хүмүүс үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

    (Б.Заяа Зууны мэдээ сонин 2017 оны 3 сарын 31)


    ОЙН ТОО БАРИМТ (2018 он)

    Монгол улсын хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн хийг 80 хувь хүртэл шингээдэг байна. Өнөөгийн байдлаар манай улсад 535, 0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалахаар авах арга хэмжээ авах шаардлагатай.

    Эх сурвалж: “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган”-д БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын хэлсэн үгнээс