Миеэгомбын АМБАГА- Уламжлалт ба европ анагаах ухааныг холбосон нээлт хийсэн нэрт эрдэмтэн
4 жил, 6 сар өмнө


Монгол улсын төрийн соёрхолт, Анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор. Уламжлалт ба европ анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх нээлт хийсэн нэрт эрдэмтэн. “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт төрсөн. 1961-1965 онд Хэнтий аймгийн Баянмөнх сумын бага сургууль, 1965-1971 онд Өндөрхаан хотын төвийн 10 жилийн дунд сургууль, 1971-1976 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн.

1981-1984 онд Москва хот дахь Анагаах ухааны 1-р дээд сургуулийн аспирантурт суралцан “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед антиоксидант, бетта-блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” сэдвээр анагаах ухааны дэд докторын, 1994 онд “Хий, шар, бадганы онол ба эсийн мембрант байгууламж” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

2000 онд Москва хотноо төвтэй Европын Холбооны Мэдээлэл зүйн Академид “Уламжлалт анагаах ухаан судлалын сүүлийн үеийн ололтууд” сэдвээр Grand doctor-ийн зэрэг хамгаалж, Full professor цол хүртсэн.

Анагаахын шинжлэх ухааны доктор (Монгол улс), гранд доктор, профессор (Европын холбоо), ОХУ-ын анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

Эм зүйн салбарт эх орны эмийн ургамал, амьтны гаралтай түүхий эдээс гарган авсан “Салимон, Дентамон, Биомон цуврал эм бэлдмэл” бүтээгдэхүүнүүдийг хамтран бүтээсний учир Монгол улсын Төрийн шагнал хүртсэн.

Анагаах ухааны чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах комисс, Эм судлал, уламжлалт анагаах ухаанаар дэд докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөл, ASTM буюу New letter of Asian Society for Medicine /Tailand/ сэтгүүлийн редакцийн гишүүн.

1980 оноос хойш Монголын уламжлалт анагаах ухааны онолын судалгаа, уламжлалт анагаах ухаан судлал, эмт бодис, оношлогоо, эмчилгээний чиглэлээр 30 жил ажиллаж, 90 гаруй ном, сурах бичиг, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлсэн, 16 шинэ эм бэлдмэл бүтээсэн.

Шинжлэх ухааны доктор 5, дэд доктор 20, мөн 40 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан.

Уламжлалт анагаах ухааны эртний мэргэдүүд хүний биеийн бүтэц үйл ажиллагааны анхдагч эхлэл нэгж нь “хий”, “шар”, “бадган” гэсэн өөр хоорондоо нягт холбоотой, харилцан шилжимтгий эсрэг тэсрэг байдал бүхий 3 төлвөөс тогтдог гэж үздэг байсныг шинжлэх ухааны үүднээс гүнзгийрүүлэн судалж, эдгээр хийсвэрлэл билигдэл 3 төлвийн хүний биед оршдог жинхэнэ бодитой хэлбэр нь “мембраны α, β, γ” гэсэн 3 төлөв гэж үзсэний дээр “шар төлөв - α төлөв”, “хий төлөв - γ төлөв”, “бадган төлөв - β төлөв” гэсэн нарийн нягт тохирол нийцэл байдгийг илрүүлэн “Хий, шар, бадган-Эсийн мембрант байгууламж” онолыг үндэслэсэн бөгөөд энэ нь уламжлалт ба орчин үеийн гэсэн анагаах ухааны 2 том тогтолцооны онол, оношлогоо, эмчилгээний холбогдолтой бүх л мэдээллийг нэг субстанцийн хүрээнд мэдээлэл солилцооны цэгцэрсэн тогтолцоонд оруулах боломж олгож байгааг тогтоон “нэг субстанци - 2 анагаах ухаан” шинэ хандлага хэмээн томъёолж, энэ чиглэлээр “эрдэм шинжилгээ - үйлдвэрлэл – сургалтын гурамсан холбоо”-г бүрдүүлэх үндэслэлийг бий болгож, “х+g+s-NCM=амьд эсийн эрүүл оршихуйн үндэс, түүний эмгэг өөрчлөлтийн мөн чанар, тэдгээрийн оношлогоо, эмчилгээний төгс шийдэл” гэсэн тэгшитгэлийн хүрээнд 2 анагаах ухааныг холбож, оношлогоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдэх боломжийг нээж олсон байна.

Хий, шар, бадган – мембрант байгууламж (1995), Дорно дахины анагаах ухааны онолын гүн ухаан, танин мэдэхүй, шинжлэх ухааны үндэслэл (1996), Дорно дахины анагаах ухааны онолуудын харьцуулсан судалгаа (1997), Антиоксидант - өөхний хэт исэлдэлт тогтолцоо (1999), Дан ба нийлмэл уламжлалт эмийн жагсаалт, тэдгээрийн зохистой хэрэглээ (1999), Монгол туургатны уламжлалт анагаах ухааны алдарт эмч, маарамбуудын намтар, бүтээл (1999), The membrane mechanism of some theoretical problems on Traditional medicine (1999), Курс лекций по теории традиционной медицины (1999), Уламжлалт анагаах ухаан судлалын үндэс (2001), Уламжлалт анагаах ухааны онолын асуудлыг эс, мембран, молекул, рецепторын түвшинд тайлбарлах нь (2002), Түвд, Монголын уламжлалт анагаах ухааны Язгуурын үндэс, Номлолын үндэсний агуулгыг эмчийн өдөр дутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь (2002), Язгуурын үндэс бүтээлд хийх эс, мембран, молекулын түвшингийн тайлал (2002), One substance – two medicines” (2003, 28 х.х. англи хэлээр), Уламжлалт анагаах ухаан судлалын 100 асуулт хариулт (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны оношлогоо, эмчилгээний нэгдмэл хэлхээ боловсруулах онол арга зүйн үндэс (2005), Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны кодын шилжилт (2005) зэрэг 90 гаруй ном, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, 180 гаруй тезис хэвлүүлж, Астрадин, Асваргал, Силодин, Барбадин, Нефромон, Салимон, Салсамон, Ортуузин, Салорид, Дентамон, Эллипин, Хиазасол, Тонзилмон, Гепамон зэрэг дархлал сэргээх, элэг хамгаалах, зүрх хамгаалах, бөөр хамгаалах, хорт хавдрын эсрэг үйлдэлтэй 16 шинэ эм бүтээж, 5 патентын гэрчилгээ авснаас гадна эрдэм шинжилгээний 30 орчим өгүүлэл нь Бюллетень экспериментальной биологии и медицины, Кардиология, Фармакология и токсикология, New letter of Asian Society for medicine, A materials of I congress of Tibetian medicine зэрэг гадаадын томоохон сэтгүүлүүдэд хэвлэгдсэн ба түүний сүүлийн үед (1991 оноос хойш) хэвлүүлсэн 300 орчим ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, тезис нь уламжлалт анагаах ухаан судлалын чиглэлээр нээсэн “Хий, шар, бадган – Эсийн мембрант байгууламж” онолын дагууд бичигдсэн байна. Уламжлалт анагаах ухаан судлал, эм зүйн “Монос” дээд сургуулийг 2000 онд санаачлан байгуулсан нь эдүгээ 1000 гаруй оюутан, 50 гаруй багштай, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын технологитой сургууль болсон байна. Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний аргын нийцлийг “мембран” гэсэн нэг субстанцийн түвшинд анх удаа шинжлэх ухааны үндэстэй нэгтгэн зангидаж, “нэг сургууль – хоёр хандлага, хосмол мэргэжил” гэсэн шинэ хандлагын дагууд уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны аргаар оношлогоо, эмчилгээний нэгдмэл нэг хувилбарыг нэгэн зэрэг гаргаж чадах мэдлэг дадлага, хандлага бүхий эмч, эм зүйч мэргэжилтэн бэлдэх “шавь сургууль” бий болгох, анагаахын салбарт “эрдэм шинжилгээ-сургалт - үйлдвэрлэл”-ийн гурамсан холбоо бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн бөгөөд уг сургуулийн сургалтын хөтөлбөрт “Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааны цэгцэрсэн тогтолцоо”, “Уламжлалт анагаах ухаан судлал”, “Эмийн хоёр үйлдвэр” гэсэн хоёр хичээлийн стандарт, хөтөлбөрийг шинээр боловсруулан оруулсан нь манай улсад төдийгүй өөр аль ч улс орны сургалтад өнөөг хүртэл байгаагүй цоо шинэ агуулга бүхий хичээлүүд юм.

http://www.ambaga.mn/
https://www.facebook.com/%D0%9C%D0%B8%D0%B5%D1%8D%...