А.Алтанбилэг: Зохион бүтээсэн компьютероо 'Тоёота'-гаас гадна Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхэлсэн
5 жил, 4 сар өмнө

Үйлдвэр автоматжуулах зориулалттай хоёр дахь компьютероо зохион бүтээж өдгөө Тоёото компанид нийлүүлэхээр болсон монгол залуу А.Алтанбилэгийг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Тэрээр Тоёото компаниас гадна зохион бүтээсэн комьютероо Европ, Ази, Америкийн зах зээлд зарж эхлээд байгаа ажээ. Учир нь түүний зохион бүтээсэн EtherCAT системийн  компьютер шиг үйлдэлтэй ийм компьютер дэлхийн зах зээлд цөөхөн байгаа гэнэ. Түүнчлэн А.Алтанбилэг 2013 онд  байгууллагын дулааны системийг удирдах зориулалтаар компьютер зохион бүтээж, өдгөө түүнийгээ Японы хэд хэдэн компанид нийлүүлж буй юм. Ингээд Японы технологийн  KSJ компанид инженерээр ажиллаж буй монгол залуу А.Алтанбилэгтэй ярилцсанаа хүргэж байна.  


-Сайн байна уу. Ярилцлагын маань саналыг хүлээж авсан танд баярлалаа. Монгол хүн компьютер зохион бүтээж, түүнийгээ олон улсын зах зээлд борлуулж, Японы “Toyota Industries” компани худалдан авахаар болсон гэсэн.  Монгол залуусын оюуны чадамж дэлхийн зах зээлд үнэлэгдэж байгаад баярлаж, мөн бахархаж байна. Хоёулаа таны зохион бүтээсэн үйлдвэрлэл автоматжуулах компьютерийн талаар яриагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Дэлхийн Монгол хүн буландаа зочноор урьж оролцуулж байгаад юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье. Миний хувьд 2013 онд дулааны системийг удирдах зориулалттай Lic-Z компьютер зохион бүтээж байсан. 2016 онд үйлдвэр, тоног төхөөрөмж, роботыг автоматжуулж удирдах зориулалттай EtherCAT системд суурилуулсан LZ200 компьютероо бүтээсэн байгаа. 2017 онд Lic-Z компьютерийн дараагийн хувилбар болох Lic-Z2 компьютер болон “LZ200”-ийн дараагийн хувилбар болох LZ201 компьютерийг тус тус зохион бүтээсэн байгаа.  Lic-Z2 компьютер нь Японы “Tonetsu” компанид дулааны системийг удирдах чиглэлээр ашиглагдаж байгаагаас гадна Токио хотын Shinjuku” дүүргийн газар доогуурх хурдны замын агаар цэвэрлэх системийг удирдах компьютер хэлбэрээр мөн хэрэглэгдэж байгаа.

 LZ200 нь EtherCAT системийг удирдах зориулаллтай, овор багатай, хямд, өндөр хурдтай компьютер бөгөөд Германы KPA компани, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран дэлхийн зах зээл дээр зарж эхлээд байна. Xilinx компани Zynq FPGA-г үндсэн тооцоолох процессор болгон ашиглаж байгаагаараа онцлогтой.  

LZ201 компьютер нь  LZ200 компьютерийг EU-ийн CE стандартад зохицохоор сайжруулсан хувилбар бөгөөд Европын стандартыг хэрэглэдэг улсууд руу экспорлох боломжтой болсон байгаа.  

LZ200 компьютерт хэрэглэгддэг компьютерийн дизайныг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр шийдсэн байгаа.   

Интернет, EtherCAT-д зориулсан ийм системтэй компьютер дэлхийн зах зээл дээр цөөхөн

-Зохион бүтээсэн компьютерийг “Toyota Industries” компани өөрийн нэхмэлийн машины шинэ бүтээгдэхүүндээ хэрэглэхээр болсон гэж байна. Үйлдвэрлэл, технологийн өндөр хөгжсөн газар асар өрсөлдөөнтэй зах зээлд өрсөлдөж, дэлхийд алдартай Toyota компани таны компьютерийг нийлүүлэхээр болсонд юу нөлөөлсөн бэ. Яг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Манай компьютер дэлхийн зах зээлд дээр байгаа ижил төстэй системүүдтэй харьцуулахад хамгийн хурдтай ангилалд орохын дээр үнийн хувьд хямд гэдэг шалтгаанаар манай компьютерийн дизайныг хэрэглэхээр болсон байгаа. Тодорхой хэлбэл, EtherCAT  системийг 8 микросекунд хурдтайгаар тогтвортой ажиллуулах боломжтой компьютер систем нь дэлхийн зах зээл дээр өөр байхгүй. Миний ажилдаг KSJ компани нь дэлхийд анх удаа 2017 оны арваннэгдүгээр сард Токиод болсон “System Control Fair 2017” дээр FPGA дээр ажилдаг hardware хэлбэрийн EtherCAT системээ танилцуулсан. Энэ үеэр Toyota Industries компанид манай компьютерийг нийлүүлэхээр тохиролцсон. Бидний сайн мэдэх Toyota Motor компани нь Toyota Industries компаниас үүссэн компани байгаа. Toyota Industries компани нь анх байгуулагдсанаасаа хойш дэлхийн зах зээл дээр нэхмэлийн машины технологиор тэргүүлж ирсэн компани байгаа. Хамгийн орчин үеийн Air JET810 нь дэлхийн зах зээл дээр тэргүүлэгч бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний дараагийн хувилбарын үндсэн компьютерийг манай компанийн технологи дээр үндэслэж хийхээр болсон байгаа. Ижил төстэй компьютерууд дэлхийн зах зээл дээр цөөхөн байгаа бөгөөд өндөр хурд, хямд үнээрээ энэ чиглэлд манай компани тэргүүлж байгаа.

-Toyota Industries компаниас гадна олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

 -Германы KPA, Америкийн “Radic Technologies”, “Mentor graphics” компаниудтай хамтран Европ, Ази, Америкийн зах зээл дээр компьютерээ зарж эхлээд байна. Одоогоор Америк, Энэтхэг, Хятад Солонгосын зах зээл дээр хэдэн компани манай компьютерийг ашиглаж өөрсдийн системээ туршиж ажиллуулж эхэлсэн.

Японы зэх зээл дээр бол “Maeda” корпораци, “Fukuda” компаниудын бүтээгдэхүүнийг удирдах компьютер хэлбэрээр зах зээл дээр гаргаад байгаа бол, “Yamaha FineTechnologies”, “Liferobotics” компаниудын бүтээгдэхүүнд хэрэглэхээр хөгжүүлэлтийн шатанд явж байна. “Sinfonia Technology”, “Keyence”, “Liferobotics”, “Tsuji Denshi” гээд компаниуд дээр туршилтын журмаар хэрэглэж байна.

-Газар хөдлөлтийн давтамжийг нэмэгдүүлэх төхөөрөмж хийсэн гэсэн. Японы хэр олон компанид нийлүүлсэн бэ. Төхөөрөмжийнхээ ач холбогдол давуу талыг танилцуулахгүй юу?  2017 онд хиисэн ажлууд?

-2017 онд маш үр бүтээлтэй жил байлаа. Энэ жилийн хамгийн эхний ажил бол өмнө жилээс хөгжүүлж ирсэн газар хөдлөлтийн давтамжийг ашиглаж байшингийн аюулгүй байдлыг хянах “Maeda” корпорацийн бүтээгдэхүүнийг LZ200 компьютерийг ашиглаж хийсэн. “Maeda” корпораци нь Японы томоохон барилгын компаниудын нэг. Урьд нь газар хөдлөлт ихтэй Японд гар аргаар байшингийн бүтцэд орсон ямар нэг өөрчлөлт, эвдрэлийг шалгадаг байсан бол энэ системийг ашигласнаар байнга автоматаар хянах боломжтой болж байгаа юм. Японы нэлээн олон газар бүтээгдэхүүнээ байрлуулаад эхэлсэн.

“Aircon star” компани айркондэшн системийн удирдах программийг мөн энэ хавар хийсэн байгаа.  “Aircon star” компани нь маш олон жил манай компанийн температур, агаарын урсгалын хурдыг хэмжих сенсорыг хэрэглэж байгаа компани юм.  

Мөн FUKUDA компанийн шинэ бүтээгдэхүүн болох эмийн package-ийг шалгах бүтээгдэхүүнийн компьютер системийг мөн LZ200 дээр үндэслэж хийсэн байгаа. 2018 оноос бүтээгдэхүүн болж зах зээл дээр гарах байх.

Японы Liferobotics роботын компанийн роботыг мөн LZ200 компьютер ашиглан амжилттай удирдаж System Control Fair 2017 үзэсгэлэн дээр танилцуулсан байгаа. Дараа жилээс Liferobotics компанийн дараагийн бүтээгдэхүүн дээр хамтран ажиллахаар ярьж байна.

Tsuji Denshi компанитиай хамтран дэлхийн томоохондоо орох рентген цацрагийн хурдасгуур байгууламж болох Spring8-д мотор удирдах бүтээгдэхүүнийг хамтран хийж нийлүүлсэн байгаа. 2018 ond японы Riken судалгааны төвийн хүнд ионы хурдасгуурт LZ201-ийг хэрэглэхээр захиалга авсан байгаа.

Робот үйлдвэрийн автоматжуулалтаас гадна туршилтын шинжлэх ухаанд бүтээгдэхүүн маань хэрэглэгдэж хүн төрөлхтний мэдлэгийн хязгаарыг тэлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна.

-Томоохон компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд юу хамгийн чухал вэ, хөрөнгө оруулагчид юун дээр голчлон анхаарал хандуулдаг вэ. Энэ талаар хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлнэ гэдэг бол маш хүнд ажил юм байна гэдгийг сүүлийн 5 жил бүтээгдэхүүн дээр ажиллааад биеэрээ мэдэрч байна. 4 жил хагасын өмнөөс EtherCAT гэдэг технологийн талаар анх удаа сонсоод суралцаж эхлээд, бүтээгдэхүүний консепт гаргахаас эхлээд, зохион бүтээх үйлдвэрлэх, маркетингийн үйл ажиллагаанд оролцож тогтвортой бизнес болтол нь хийж ирлээ. Хамгийн анх маш олон зүйлд ашиглаж болох боломжтой боловч үнэтэй бүтээгдэхүүн хийгээд зарж чадахгүй үе байсан. Олон ч компани олон ч хүнтэй ярилцаж үзлээ. Эцэст нь хямдхан мөртлөө зөвхөн EtherCAT системд зориулсан LZ200 гэдэг компьютерийг хийсэн байгаа.

Том, жижиг ямар ч компани байсан бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд мэдээж тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд хэрэгтэй зүйлийг компьютер маань хийж чаддаг байх нь эхний шаардлага байгаа. Мөн тогтвортойгоор бүтээгдэхүүнээ нийлүүлж чадах, ямар нэгэн асуудал гарахад шийдэж чадах чадвартай байх хэрэгтэй. Энэ тал дээр бол дэлхийн том компаниуд олонд танигдсан брэнд болсон компаниудтай өрсөлдөх хэрэгтэй болохоор үнэхээр шууд нүүр тулан өрсөлдөх бол маш хүнд асуудал. Тийм болохоор манай компани бүтээгдэхүүний үнийн тал дээр тэр том компаниудаас хямдханаар бүтээгдэхүүнээ санал болгодог. Хямдхан бүтээгдэхүүн зохион бүтээж, үйлдвэрлэнэ гэдэг нь олон жилийн мэдлэг чадвар, технологи шаардсан ажил гэдгийг мэдэрсэн. Бүтээгдэхүүн хийгээд тогтвортой бизнес болгохын тулд нэлээн их хөрөнгө оруулалт шаардлагатайг ойлгож авсан. Шинээр бизнес эхлээд тухайн бизнес тогтвортой орлого ашигтайгаар ажиллах хүртэл 3-5 жил шаардлагатай болдог юм байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүн хийхэд шаардлагатай зардал, хүмүүсийн цалин, маркетингийн зардлууд их гарна. Бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулалт, урсгал зардлаа нөхөхөөр хангалттай үнээр зарж чадахгүй бол хөрөнгө оруулсан мөнгө алдагдалтай болж хувирна.

Том компаниуд ихэвчлэн жижиг компаниудаар бүтээгдэхүүнээ хийгээд нэг удаа мөнгө төлөөд дуусгахыг боддог. Манай компанийн хувьд нэг удаа мөнгө аваад салахаар бизнес хийдэггүй. Тухайн компанийн бүтээгдэхүүнийг хийхэд манай компаниас бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх шаардлагатайгаар хамтран ажилладаг. Ингэснээр компанийн тогтвортой үйл ажиллагаа хангагдаж байдаг гэж хэлж болно.

-Энэ хүртэл бүтээгдэхүүнийх нь талаар нэлээд ярилцлаа. Таны хувьд  Токиогийн их сургуулийг төгссөн юм билээ. Мэргэжлийн академик мэдлэгээс гадна хувь хүн талаасаа сурч мэдсэн зүйл олон байдаг байх?

-Токиогийн их сургуульд сураад мэргэжлээс гадна хувь хүний хувьд олон зүйл сурсан гэж боддог. Хамгийн гол нь япон болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуустай хамтран сурсан явдал гэж боддог. Шинийг сурахын төлөө тууштай зүтгэдэг, аливааг сурсан шиг сурдаг, хийсэн шиг хийдэг хүмүүс эргэн тойронд байхаар амьдралд ингэж хандаж байгаа нь энгийн зүйл гэж боддог болсон. Одоо ч гэсэн тэр хэвшил алдагдахгүйгээр үргэлж шинийг сурч мэдэж, шинийг хийхийн төлөө тууштай зүтгэж байгаа. Өмнө нь бол жаахан шинэ юм сурахаараа бусдаас илүү зүйл хийчихлээ, чадчихлаа гэж боддог байсан.

Мөн Токиогийн их сургуулиас маш олон чиглэлийн өргөн мэдлэгийг олж авсандаа баяртай байдаг. Би Токиогийн их сургуулийг электроникийн чиглэлээр төгссөн ч математик, физикээс гадна, хими , биологи, түүх нийгмийн ухаан гээд маш өргөн мэдлэгийг сургуулиас болон хамт суралцсан хүмүүсээс олж авч чадсан нь амьдралд  маань одоо ч өдөр тутамд хэрэг болдог гэж боддог.

Японы нийгэмд олон жил амьдарч, олон мундаг хүмүүстэй хамтарч ажиллаж үзлээ. Ерөнхийдөө япон хүмүүс нэлээн өвөрмөц хүмүүс. Нэлээн дотогшоогоо, хүнтэй зай барьж харьцдаг, эрсдэлтэй зүйл хийх дургүй, дүрэм журам цагийг нарийн баримталдаг хүмүүс. Дүрэм журам цагийг нарийн барьдагаас гадна шинжлэх ухаан ч логик сэтгэлгээ энгийн хүмүүст нэлээн сайн суусан байдаг. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг өндөр хөгжилтэй бусад орны хүмүүстэй адилаар маш сайн эзэмшиж чадсан харагддаг.  

Шинжлэх ухаанд суурилсан ерөнхий боловсролыг олон нийтэд эзэмшүүлэх нь хөгжилд хүрэх хамгийн дөт зам юм болов уу гэж би хувьдаа боддог.  

Шинжлэх ухааныг сурна ойлгоно гэдэг нь зүгээр нэг ном уншаад цээжлэх бус, ургуулан бодох туршилт хийх, мэдрэх, өөртэйгээ зөрчилдөх, тэвчээртэй суух, тууштай суралцах гээд маш олон чадварыг эзэмшихэд тусалдаг гэж боддог.   

-Залуу хүнд үлгэр дууриалал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?  

-Яг энэ хүн гээд хэлчих үлгэр дууриал болсон хүн байдаггүй. Гэхдээ салбар бүрийн маш олон хүнийг хүндэлдэг. Алберт Эйнштэйнээс эхлээд шинжлэх ухаанд тууштай амьдралаа зориулсан эрдэмтэн хүмүүсийг хүндэлдэг. Бизнес тал дээр бол Амазонын Jeff Bezos, Elon Musk гэх зэрэг хүмүүс шиг ажиллаж чаддаг болох юмсан гэж боддог.

-21-р зуунд залуу хүний өрсөлдөх чадвар юу байна. Та ямар чиглэлд өөрийгөө хөгжүүлж байна?

-21-р зууны залуу хүний үндсэн өрсөлдөх чадвар бол хүн төрөлхтний өдий хүртэл олж авсан эрдэм мэдлэгийг эзэмших, шинжлэх ухаанаачаар сэтгэн бодох, түүн дээр үндэслэсэн холыг харах чадвар гэж боддог. Ялангуяа өөрийн толгойгоороо амьдралын зорилго, зүг чигээ бодож тунгаах чадвар хамгийн түрүүнд хэрэгтэй гэж боддог. Амьдралын зорилго, зүг чигээ нэг олчихсон байхад тухайн зорилгод хүрэхэд тэр зүг рүү удаан байсан ч заавал хүрч чадна гэж боддог. Харин бусадтай адилхан урсгалаар амьдарвал нэг урагшаа, нэг хойшоо явсаар амьдралаа дуусгах болов уу гэж боддог. Миний хувьд электроник, робот, компьютерийн технологийн чиглэлд голчлон өөрийгөө хөгжүүлж байна. Түүний хажуугаар түүх болон, физик биологийн шинжлэх ухааны чиглэлээр ном уншиж шинэ мэдээлэл авч байдаг.

Дэлхийн монгол хүн А.Алтанбилэг

-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?

-Би ямар нэгэн онцлох арга барил бариад ажиллаад байдаггүй. Ер нь бол аль болох дүрэм журам цаг хугацаанд баригдахгүйгээр ажиллахыг хүсдэг. Аливаа зүйлийг эцсийг нь үзэж, учрыг нь олохыг хүсдэг, ажлаа хойш тавихыг хүсдэггүй гэх мэтийн сургуульд байхаас олж авсан хэмнэлээс гадна, худлаа хэлэхгүй байх, амласандаа хүрэх, ажлыг дуустал нь чанартай хийх гээд япон хүмүүсийн ажиллах барилаас ч нэлээд суралцсан гэж боддог.  

-Таны алсын хараа, ойрын таван жилийн зорилго, төлөвлөгөө юу вэ?

-Ойрын хэдэн жил роботын технологиор ажиллана гэж бодож байгаа. Роботыг удирдах компьютер дээрээ нэмж роботын нүд болох камер, дүрс боловсруулалт дээр компанийнхантай хамтарч ажиллаад эхэлсэн байгаа. Роботын мотор удирдах, сенсоруудаас мэдээлэл авах хэлхээ, программ дээр ойрын хугацаанд ажиллана байх.

 Орчин үеийн роботын систем нь маш олон технологийн нэгдсэн бүтээгдэхүүн болохоор сурах, хийх зүйл маш их байгаа гэж бодож байна. Зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гартал 3-5 жил зүтгэх хэрэгтэй. Мэдээж одоогийнхоо EtherCAT-ийн бизнесээ ч  цаашдаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа жилээс Малайз, Зүүн өмнөд Азийн зах зээлд EtherCAT технологийн чиглэлээр бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй  байна.

2018 оноос албан ёсоор компанийнхаа хувьцаа эзэмшигч болж, удирдлагад ороод явах болохоор энгийн ажилтан биш болно. Одоогийн ажил дээр нэмэгдээд компани удирдах, компанийн ирээдүйг тодорхойлох хариуцлагатай ажлууд хийх шаардлагатай болох тул илүү хурдтай, илүү хариуцлагатай, илүү холыг харж ажиллах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Алсдаа компаниа дэлхийн зах зээл дээр тогтвортой өрсөлдөж чадахуйц компани болгохын төлөө ажиллана гэж бодож байна.

-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу?

-Хэдэн жилийн өмнө бол Монголд ийм, тийм зүйл хийвэл гээд янз бүрээр боддог байсан. Одоо бол өөрөө яг гар бие оролцоод хийж чадахгүйгээс хойш гаднаас хий дэмий ингэсэн нь, тэгсэн нь дээр гэж ярих нь хариуцлагагүй санагддаг болсон болохоор ихэвчлэн өөрийнхөө амьдралд анхаарч, өөрийгөө эхлээд хөгжүүлэх тал дээр анхаардаг болсон. Өөрчилж чадахгүй зүйлдээ санаа зовж суухын оронд өөрчилж чадах зүйлээ хийх нь илүү зөв санагдсан.  

Эх сурвалж: С.Цэрэндэжид 

http://itoim.mn/ 2018 оны 1 сарын 8