7- Р ЗУУНЫ ДАЙЧИН БААТРЫН ЯТГЫГ 1400 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ДУУРЬСГАНА
9 жил, 11 сар өмнө

1400 жилийн өмнө Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн бүтээлээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон бөгөөд 1400 жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь 2мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.

Уг хөгжмийг дахин сэргээж Монголын язгуур өв соёлоо дэлхий дахин таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлээд байна. Энэ ажлын эхлэл болгож Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны 5-р сарын 16-нд АСА циркэнд зохион байгуулж байна. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Уг ёслолын ажиллагааны тасалбарын орлого нь цаашид Алтай ятгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд брэнд болгох “Алтай ятга” төсөлд зориулагдах юм. Тасалбарыг АСА циркийн касс, болон 1617 үнэгүй хүргэж өгнө.


1400 жилийн тэртээх баатарлаг өвөг дээдсийнхээ хүчирхэг аялгууг сонсож, Монгол бахархалын төлөө нэгдэцгээе!