ӨРГӨЛ ГЭЖ ЮУ ВЭ, Өргөлийг хэрхэн зөв өргөх вэ?
5 жил, 2 сар өмнө

ӨРГӨЛөө зөв өргөөд сурчихвал маш том БОЛОВСРОЛ бөгөөд ҮР ШИМ НЬ бүрэн бүтэн болох юм.

Монголчууд байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотойн учиг нь өргөл өргөх ёсоос тод харагддаг. Наран, саран, уул ус, лусын эзэд, төрсөн нутгийн уул усыг хүндэтгэн дээдлэх өргөл, үрсийнхээ үйлсийг дэмнэж, өршөөл энэрэл хүсч, баяр талархлаа илэрхийлэх, төрөө төвшин сайхан байлгах гээд өргөл бүхэн өөр өөр зорилготой, онцлогтой байдаг. Өргөлийг цайны дээж, сүү, шимийн нэрмэлийн охь, архи, арвай будаа, цагаан идээ, таван тансаг хүндэтгэлийн идээ, арц, ганга үнэртэн, шар тос, таван өнгийн хоргой торго, ангийн үс, арьс зэрэг эдээр өргөдөг. Өргөл өргөлийн дээд нь сэтгэлээсээ өргөх өргөл, "Монголыг Мөнх ТНГР Ивээг" хэмээх даатгал билээ.Өргөлийг шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал Таны өргөж байгаа үг, өргөл, өчил бүхэн Торсион оронд таталцал эрчмийн холболтоор шууд хүрч, үгээр бүхнийг бүтээж буй арга ухаан юм. Байгаль дэлхийд байгаа бүхэн уялдаа холбоотой, эрчмийн холболттой байгааг монголчууд таньж, юуг юугаар холбож, үгээ дайхыг танин мэдсэн нь байгаа бүхэнтэй зөрчилгүй нэгдмэл амьдран оршин бүрэн дүүрэн харилцааны төгс танин мэдэхүй бол Өргөл, мөргөл билээ. Мөргөл гэдэг нь өөрөөс дээд бүхнийг хүндлэн дээдлэх хамгийн чухал ёс бөгөөд Танд амийг өгсөн, амьдрыг тэтгэж буй өвөг дээдэс, уул ус, ТНГР, дээд бүхэнд даатган мөргөж байгаа билээ. Мөргөхдөө алга хавсрахгүй харин 2 гараа алдлан, өр зүрхээ дэлгэн, өвчүү юугаа дэвсэн мөргөдөг учиртай.

Өргөл өргөхдөө юунд хэн ямар учигаар юу өргөж байгаагаа өчиж өргөнө. Үүнд:

1.Юунд өргөх байна түүнийгээ дуудна

2.Хэн өргөж юу өргөж байна өөрийгөө болон өргөлөө таниулна

3.Хүсэл зорилгоо даатгана гэсэн дарааллаар өргөдөг. 

Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө:-Хан гурвал их Алтай минь, Шилийн богд уул минь ээ-Туулай жилтэй, урт жолоотой (эр хүн), богино жолоотой (эм хүн) Баяр би идээ цайныхаа дээжийг өргөн байна аа-Ураг удамын олон сайхан үрсийг нь ачлал ивээлдээ авч, эрүүл энх, эрдэм номтой, элбэг хангалуун байлгаж хайрлана уу, Монголыг Мөнх ТНГР ивээг гэх мэт.Өргөлөөр байгаль дэлхийтэй, харсан даасан ТНГР бүхэнтэй харилцаж байгаа тул хөрст дэлхийнхээ хөрс шороон дээр зогсож байгаад өргөнө. Бүрэн бүтэн төр ёсоор хувцасласан байх шаардлагатай, Аяга, тагшинд хийж өргөнө. Сүү, цайны дээжийг цацлаар өргөнө. Цонхоор өргөвөл өргөл биш нохойнд яс хаяж өгөхтэй адил болно.

Юунд ямар зорилгоор хэн өргөж байгаагаас хамаараад өргөл бүр өөр байна. ТНГР, Байгаль ээж- орны тнгр, угийн их гарвал удмын дээд шүтээнүүддээ Шимт малын шингэн сүүгээ өргөнө. Мөн охь буюу архиа өргөнө. Уул, ханхайн эзэд, орны ТНГР-т арвай буудай, цагаан идээгээ өргөнө. Лусын өргөл архи эсвэл рашаан булаг, тахисан галын түгээл, сарны өргөл рашаан булаг буюу ус байна. Галын өргөл шар тос, өвчүү, охь буюу архи, үнэртэн танартан, таван өнгийн хоргой торго, дал 4 өндөр, сүүл байна. Галд өргөх мах, сүүлийг болгож борлуулсан байна. Уул усны эздийн авдаг өргөлүүд өөр өөр байдаг тул тухайн уул усанд юм бүхнийг өргөх биш мэддэг хүмүүсээс нь заавал асууж, таньж байж өргөдөг учиртай. Дураараа уул бүхний орой дээр гишгэх, учир мэдэхгүй өргөх учиг үгүй! 

Ноён болоод хатан хүмүүний өргөл зорилгоороо ялгаатай. Хатан хүмүүн ургахын улаан наран, урсах цагийн эзэд, дөрвөн зүг найман зовхисийн хүчтэнгүүддээ хандан сүүтэй цайныхаа дээжийг өргөж, тэр өдрийн өргөлийг эхэлдэг. Ээжүүд өргөө гэр, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүй хойчдоо өргөлөө зориулдаг. Өргөө гэрээ элбэг баян, амар амгалан тайван сайхан байгээ хэмээн ургахын улаан нарандаа өргөлөө өргөдөг. Ургахын улаан нарандаа ийнхүү сүсэглэн залбиррсан эх хүмүүний сайхан сэтгэлийн хүчээр, зөв энерги эрчмээр энэ хорвоо дэлхий ариусдаг. Тухайн өдрийн наран өөрт нь зориулж өргөлөө өргөсөн хүмүүний сайн сайхан хүсэл сэтгэлийн зөв эерэг эрчим энергээр хорвоо дэлхийг бүхэлд нь гийгүүлэн гэрэлтүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголчууд өргөлөөрөө тухайн зүйлсийн эрчим энергийг засч чаддаг байж. Ноён хүмүүн буюу эрчүүд улс гүрэн, төр түмнийхээ төлөө, алаг нартын төвшин сайхны төлөө өргөдөг. Эр хүмүүн болон эм хүмүүний өргөл нэгдэж, нэгнээ нөхөж, өргөө гэрийн ахуй амгалан, төр улс төвшин сайхан болж ирдэг. Энэ 2 хүмүүний өргөлийн хүч өргөө гэрээ сүншиглэж, залбирч өргөө гэрээ ариусгаж, хамгаалж, ивээж, ерөөж, тэтгэж байдаг. Ийм 5 үйлсийг эр, эм хүмүүс өргөлийн хүчээрээ дүүргэж, нэгтгэдэг. Ноён хүмүүний өргөл бол төрийн цагаан сүлд, улс гүрний амар жимэр байдал, төрийн их үйлсэд зоригдон буй дайчин баатар эрсийг зоригжуулах, улсын гүрний аян замын үйлс, ан гөрөөний жим татуулах, өргөө гэрийн буурь сэлгэн буух, үрсээ аян замд үдэх гээд олон зорилгоор өргөгддөг. Ноён хүмүүний өргөл бол хатууг дарж, хорвоо дэлхийг засан өнгөлөхөд чиглэгддэг. Харин хатан хүмүүний ухаанаар сүлэлдэн бий болсон өргөл нарт хорвоо дэлхийн үрс хийгээд өргөө гэр, бүхий л оршихуйдын амин чанарт хүрдэг. Удмын галдаа гариг бүртээ биш юмаа гэхэд сард тохиох Удмын буулттай нарандаа ноён хүмүүн ямар нэгэн өөх, ангийн арьс үс, аль нэгэн олз, хишгийнхээ дээжийг өргөвөл зохилтой. Учир нь өргөө гэрийн олз хийморь, орлогын үүдийг өргөө гэрийн ноён хүмүүн түшдэг. Эцэг хүмүүн орлогынхоо дээжээс үрсдээ идээ ундаа, амттан бурам, хувцас, хоргой дурданг хүртээх учиртай. Харин хатан хүмүүн хишиг орлогынхоо дээжээр өргөө гэртээ тагш, тогоо, дээш харсан сав, авдар гэх мэт хишиг буян тогтоох эд эдлэл байгууштай. Үрс балчрууд олсон орлогынхоо дээжийг (ялангуяа эхний цалингаараа) эжий аавдаа, өндөр настнууддаа, нагацууддаа мөн хамгийн нялх балчруудад хүртээвэл зохилтой. Ингэж олз хишиг, ашиг орлогоо бусаддаа хүртээвэл дараа дараагийн олз хийморийг дагуулан далладаг юм. Мөн өргөө гэртээ олз хишгийн уут богц, авдрыг байлгах хэрэгтэй. Энэ нь үр удам хийгээд эцэг өвгөдээс бууж ирсэн хишиг буяныг тогтоон барж, ураг удамд өртөөлдөг. Гол түшиглэн амьдардаг айл өргөө бол лусын эдлэл, зүйлээр бүрдсэн авдарт олз, хишгийнхээ дээжийг хадгалдаг. Харин гөрөөчин удамт үрс бол ангийн арьсаар богц авдрыг хийвэл зохилтой. Дорлиг буюу Дархадын удамт үрс бол сийлбэртэй, урлалтай авдар, бичиг номын айл гэрт бол ном, бичиг, цаас, бийр багтахуйц эрдмийн авдар байвал зохилтой. Яагаад ээжийн бор авдар, эжийн бор тагш гээд дуулдаг гэхээр тэр л авдар дотор эжий аав, эцэг өвгөдийн хишиг буян олз хийморийг хадгалдаг түүнээсээ үрс балчрууддаа бага багаар хүртээдэг. Үүнийхээ хүчээр л ирээдүй хойчис нь идэх, өмсөхөөр дутахгүй, элбэг дэлбэг явцгаадаг. Үүнээс гадна мөн улс гэртээ хишиг буянаа хүртээдэг байсан. Ямар нэгэн ангийн хишгээсээ, харь гүрнээс авчирсэн барааныхаа дээжээс, ямар нэгэн наймааны ашиг, идээ ундааныхаа дээжийг улсдаа өргөл болгон барьж, улсын чуэн сан хөмрөгөө бүрдүүлж байсан. Энэ цагийнхаар бол хандив өргөдөг байсан. Идээ ундаа өргөвөл гадны элчийг тосох найр, аян замын хүнсэд хэрэглэдэг. Зоосыг нь бусад улс оронд зорчигсдод хэрэглүүлдэг байсан. Өдгөө энэ нь алба гувчуур, татвар болсон байна. 

ЯАГААД УРГАХЫН УЛААН НАРАН ЧУХАЛ БАЙДАГ ВЭ? 

Ургахын улаан наран нь дээр хөөрсөн нарнаасаа илүү олон өнгийн гэрэл, илүү хурц тод эрчим туяа цацруулдаг учраас хүмүүн эртлэн босч өөртөө эрчмийг тосон авах нь чухал. Энэ нь хүмүүний махан биед сайнаар нөлөөлдөг ач холбогдолтой. Дээр хөөрсөн нар нь дэлхийн агаар мандалд зарим элч туяагаа сарниулан задруулдаг учраас ургахын улаан наран шиг олон өнгөөр туяаран гийгүүлдэггүй ихэвчлэн цагаан туяа цацруулдаг. Ургахын улаан нарны эрчим бага намуун боловч олон өнгийн эрчим, туяа, цацрагийг өөрөөсөө цацруулдаг тул ургахын улаан хэмээдэг. Ургахын улаан нарыг тосон хүлээвэл олон өнгөний гайхамшиг, олон цацраг эрчим туяадыг мэдрэх болно. Нарны яг төвийн цагаан, шар туяа хүмүүний зүрхэн болон наран сүлжээ хүрдийн амин гол цэгт тусан идэвхжүүлдэг. Нарны хүрээний эрчим хүмүүний цээжин биеийг тэтгэдэг. Нарны хүрээнээс гадагшаа ялгарах цацрагууд хүмүүний гэрлэн биеийг тэтгэдэг учраас хүмүүний гэрлэн бие шиг ийм олон өнгөтэй байдаг. Нарны гэгээ гэдэг нь нарны гаднах цацрагаас гадна талд байгаа сүүмийн цайруулан байгаа эрчим туяа цацрагууд гэх бөгөөд хүмүүний оройн хүрдүүдэд, толгойноос дээших хүрдүүдэд хүрдэг. Нарны зах цацрагууд бол хамгийн гадна буюу харуй бүрийгээ түрэн гарч ирж, гэгээ оруулж байгаа хэсгүүд юм. Ийм учраас толгой сэргэгт нь эрдэм заах гэж хүүхдүүдийг нарнаас өмнө өглөө эртлэн босгодог. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ургахын улаан нарыг үзэх гэдэг нь өвлийн хахир хатууг даван туулсны дараа хүч чадлаа сорин ирж буй жилдээ хүч тэнхээгээ ямар байхыг шинжих гэдэг бас нэгэн шинжээ, шалгуур юм. Эрт цагт бол хамгийн өндөр орой руу явган алхуулан ургахын улаан нарыг үзвэл шилийн сайн эр болно хэмээдэг байсан. Ингэж бас бяр чадлаа сорьдог нь баатар эрсийн нэгэн ухаан юм. Ийнхүү мацахдаа уулын хормойгоос чулуу авч орой дээр нь өргөдөг. Уулын бэлийн чулууг оройд нь гаргах гэдэг маш том чухал үйл гэж үздэг. Гэхдээ ганцхан жилийн эхний нарыг л хараад өнгөрөх биш өдөр бүрийн ургах нартай харилцахыг зорих нь чухал. Нар, сар, од бол бидний амин эрчмээр хангаж, бидний хүчтэй, эрүүл чийрэг байхыг шийдэж байгаа хамгийн хүчирхэг эрчимийн эх үүсвэрүүд юм. Үүрийн цолмон од ургахын улаан нарнаас өмнө амжиж хүчирхэг эрчмээрээ дэлхийд буудаг учраас маш тодордог. Бусад бүхий л оддын хүчийг өөртөө нэгтгэн маш олон одон гэрүүдээс гарах хаалга болдог. Үүрийн цолмон нарны өмнө хүчирхэгжиж, үдшийн гялаан нарны дараа хүчирхэгждэг. Үдшийн гялаан од нь бусад оддын хүчийг нэмэн нэмсээр одон гэрүүдийн орох хаалга болон хүчирхэгжин дэлхийд буудаг.

АЯН ЗАМЫН ДААТГАЛ

Аян замын өргөлийн зорилго нь аян замаа даатган, буусан нутаг газартаа өөрсдийгөө таниулан эздээс нь зөвшөөрөл хүсч байгаа явдал. Хэн нэгэн биднийг унтаж байхад гэрийн хаалгыг цөм цохиод гэрт орж ирээд эсвэл цонхоор гараад явчихвал бид баярлахгүй нь лавтай. Яг л үүнтэй адил бид уул усны эздийн гэр орноор дамжин заримдаа тэдний гэрт нь хоноглодог ч зөвшөөрөл огт хүсдэггүй. Ийм учраас бид аян замд гарахдаа зорих газраа, буусан газар орныхоо бүх уул, ус, амьд бүхэнд зориулаад овог нэрсээ өргөлдөө шившээд сүүн өргөлүүдийг сайхан дээшээ өргөх нь зохилтой. Тэгж байж бидний аян зам цагаан саад бартаагүй болдог. Сүү бол ариун хайрын биелэл, будаа нь арвижин дэлгэрэхийн бэлгэдэл. Сүүг аягаар болон цацлаар өргөж болно. Өргөл өргөхдөө задгай газар сайн. Олон нийтийн газар бусдын эд зүйлийг бохирдуулахгүй байхад анхаарах нь чухал. Бусдад сөрөг үр дагавар үүсгэж байвал өргөл болохгүй шүү дээ.Өргөл хэмээн элдэв зүйлээр байгаль дэлхий, дурсгал, шүтээнийг бохирлож байгаа нь буруу. Эдийн дээд хадгийг эрхэм дээд хүмүүндээ өгдөг байтал хээр гадаа хаях, уул, мод, хаданд зүүж байгаль орчныг бохирдуулбал харин ч хувь хишиг чинь дутдаг гэдгийг Тэнгэр сануулсан болно. Байгальд шингэхгүй зүйлсийг өргөхийг цээрлэнэ. Хаа сайгүй босгосон овоо чулуу, хогийн цэг мэт болсон нь мөн л хар эрчим цуглах нөхцөл болдог тул та холуур явах нь зүйтэй. Монгол хүн хэзээ ч хаа хамаагүй чулуу, шороо хөндөж, овоолж явдаггүй. Ариун дагшин уул, усны эзэд тэрхүү хог, сэгэн дээр тухалж залраад байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй. Алгыг нь хавсруулж, сугыг нь хавчуулж залбируулдаг нь буруу аж. Учир нь хүн хоёр алга, хоёр хөлийн ул, хоёр суга, зулайгаараа газар, Тэнгэрээс эрчим авдаг. Мөргөхдөө малгайгаа авч мөргөнө.Сүүлийн хэдэн зун хур бороо бага нилээн гантай байлаа. Үүнийг учир шалтгааныг судлаад үзвэл ахиад л бидний буруугаас байх юм. Олон шалтгаан байгаа ч гол шалтгаан нь онгон дагшнаараа байх учиртай хайрхад, уул ус олны хөлд талхигдсан, хог буртагт дарагдсан, уул уурхай хэрээс хэтэрсэн учраас уул усны эзэд хилэгнэн догширсон шалтгаан голлож буй гэнэ. 

Мөн уул овоог дахин нэрийдлээр шар нөмрөгтнүүд цемент, шороо овоолж суварга босгож буй байгаль эрчмийн гүйдэл, зулайг битүүлж, уул усны эздийг чөдөрлөж ган гачиг болох үндэс болж байна. Энэ бүхнийг нурааж буулгавал зохино. Байгаа бүхнийг БАЙгаагаар нь байлгахыг л байгаль гэнэ. Үнэхээр төрийн тахилга хийгээд сайн сайхан болсон уу? Яаж ч бодсон хэдэн зуун машинаар хэдэн мянган хүмүүс очиж идэж ууж, хог тарьж, буртаглаж тахих ёсгүй. Уул, ус бүхний тахих цаг хугацаа ёс төр нь өөр байдаг. Жишээ нь Алтан овоо буюу Луут толгой бол дүн өвлөөр тахилгаа авдаг бөгөөд сүүлийн олон зуун жилд зун тахиж байгаа нь ганга нуур ширгэж ган гачиг болохын үндэс юм. Мөн Алтан овооны орой дээр овоолсон цемент бол маш буруу үйл бөгөөд та өөрийнхөө толгойг цементлээд амьдраад үзээрэй. Бас хүүхдийнхээ памперсыг хээр хаяж лус, савдагийн хорлолд өртөхөө болих хэрэгтэй.3 сая аав, ээжүүд өглөө бүх зөвхөн сайн сайхныг бодож, хүсэж, зорьж даатган өргөхөд муу муухай орших зай үлдэх болов уу!!

МОНГОЛЫГ МӨНХ ТНГР ИВЭЭГ
ИХ ТӨРИЙН МИНЬ СҮЛД ӨРШӨӨХ БОЛТУГАЙ
ӨВӨГ ДЭЭДСИЙН ХИШИГ БҮРЭН ХУРЛАН БУУЖ
САНАА БҮХЭН ГҮЙЦЭЖ
САВ БҮХЭН ДҮҮРЭХ БОЛТУГАЙ
ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

#МонголУхаан #ТНГРэрдэм #ХөхӨвгөд #ӨргөлМөргөл #ӨргөлӨргөхЁс