“Эзэнт гүрний эрдэнэсийн сан” коллекци - "Өрнийн гүнж" загвар
8 жил, 7 сар өмнө

Төслийн хүрээнд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг болон эртний Хүннү гүрэн, 13-15-р зууны үеийн түүхэн баримтат археологийн судалгаанд тулгуурлан орчин үеийн Арт-Кутюр чиглэлийн хувцас загварын Монгол брэнд коллекцийг бүтээн олон улсын загварын нэр хүндтэй тайзнаа толилуулна. Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекци нь нийт 50 загвар байх бөгөөд энэ удаад эхний загвар болох “Өрнийн гүнж” загварыг танилцуулан санхүүжилт босгож байна.


ТАНИЛЦУУЛГА

Төслийн үндэслэл

Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн олон орныг эзэлж, эзэнт гүрнийг хэд хэдэн удаа байгуулж байсан Монголчууд бид өвөг дээдсийнхээ үеэс үед уламжлан дамжуулж үлдээсэн арвин их үнэт зүйлс, өв соёлоо нандигнан дээдэлж, улам баяжуулан хөгжүүлж, хойч үедээ үлдээх үүрэг хариуцлагатай юм. Монгол үндэсний дээл хувцас нарийн ур хийц, чамин тансагаараа дэлхийд шагшигдан гайхагдсаар ирсэн билээ. Баруун европоос Монголд ирсэн анхны европ Ппано КарпиниМонголын эзэнт гүрний баян тансагийг “Монголчуудын түүх” номондоо магтан дуулсан байдаг бол алдарт "Star Wars" киноны Naboo гаригийн залуу хатан Padmé Amidala-ийн /жүжигчин Натали Портман тоглосон/ хувцсыг Монгол хатны хувцасны загвараас сэдэвлэн бүтээсэн байдаг.

Өнөөдөр загвар зохион бүтээгч Ариундэлгэр миний бие энэхүү өнө эртний түүхтэй Монгол хувцасныхаа соёлын өв, үндэсний хувцасны өвөрмөц онцлог, ур хийц, уламжлалт түүхэн хэв маягийг нэн орчин үеийн загвар дизайнаар дамжуулан чамин хээнцэр, хурц содон, өвөрмөц хийц зохиомж, шийдэл бүхий “Эзэнт гүрний эрдэнэсийн сан”загварын коллекцио бүтээн туурвиж байна.

Уг брэндийн загварууд нь Эзэнт гүрний ордны эрхэмсэг тансаг болон баатарлаг догшин дүр төрхийг дизайнерын сэтгэмжтэй уялдуулан хурц содон шийдлээр тодотгон илтгэх ба өвөг Хүн гүрнээс өнөөг хүртэлх эдийн соёлын өв бэлгэдэл, ардын урлал, хээ чимэглэл, археологийн бодит олдворуудыг нарийвчлан судалсаны үндсэн дээр зохиосон.

Эдгээр хувцасны гоёл чимэглэл, тоног, олон төрлийн нарийн уран хийц, ажилбарыг мэргэшсэн уран дархан, чулуу засалч,үйлчин, оёдолчин, гоёл чимэглэлч нарын нарийн мэргэжлийн урчуудын баг гүйцэтгэн ажиллана. Мөн “Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекц бүрийн бүтэж буй байдлыг түүхчлэн хадгалах ажлыг хийж гүйцэтгэнэ.

“Эзэнт гүрний эрдэнэсийн сан” загварын коллекцийн ач холбогдол

  • Монголынхоо түүх, соёл уламжлалыг сэргээн хадгалах, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах,
  • Монгол үндэсний хувцасны соёлыг шинэ хэв маягаар олон улсын нэр хүндтэй талбарт сурталчлах, Монгол брэндийг бий болгох, олон нийтэд загвараар дамжуулан түүх өв уламжлалаа танилцуулах,
  • Монгол үндэснийхээ гэсэн бүхий л зүйлсийн үнэлэмжийг дээшлүүлэх, нандигнан хайрлаж, эрхэмлэн дээдэлж явах ухамсрыг үлдээх, бахархуулах, хоногшуулах,
  • Монгол үндэснийхээ хувцсаар бахархан омогших сэтгэхүйг хойч үедээ үлдээх, мөн эртний түүхтэй, төгс төгөлдөр, бардам ихэмсэг, сүр жавхааг дэлхий дахинаа сурталчлах ач холбогдолтой.

Төслийн явц

25 жилийн судалгаан дээр тулгуурласан энэ төсөл маань 2010 оноос эхэлсэн:

1-р шат: 2010-2014 оны хооронд Эзэнт гүрний эрдэнэсийн сан коллекцийн нийт 50 бүтээл зурагдаж бэлэн болсон.
2-р шат: Төсөл амжилттай хэрэгжээд нийт коллекцийн 50 хувь нь бэлэн болоход түүхийн эрдэмтэн судлаачид, археологичид, гадаад дотоодын хувцасны загвар судлаач мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний бага хурал хийнэ. Уг хурлын эмхэтгэлийг 5 орны хэл дээр хөрвүүлэн архивлан хадгална.
3-р шат: 50 загварыг биет соёлын өв (хувцас) болгож, Монгол улсаа сурталчлах зорилгоор дэлхийн олон оронд загварын үзүүлбэрээ зохион байгуулна. Нэг хувцас бүтээхэд 4-6 сарын хугацаа орно.
4-р шат: "Эзэнт гүрний эрдэнэсийн сан" үндэсний өв соёлын музейг байгуулж, гадаад дотоодын жуулчдыг татна.

“Өрнийн гүнж” загвар

Зургийн тайлбар:

Хүч чадал, эрх мэдлийг бэлгэдэн толгойн заслын төв зохиомжид шонхор шувууны ерөнхий хэлбэрийг ашиглан өөрийн уран сайхны хэтрүүлгээр үүсмэл амьтан бий болгож зохиомжилсон бөгөөд аманд нь эртний хөх мана зуулгаж, үнэт металлаар уран дарханы аргаар урлана.

Уг хувцасны бүрдэл хэсгүүд болох бусад хэрэгсэл /аксессуар/ бугуйвч, үсний засал нь ямар нэгэн амьтны анатомийн ясны уран бүтцээс санаа авч, уг загварын онцлогт уялдуулан зохиомжилсон бөгөөд шүр, оюу, хөх мана, хар мана, сувд зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэнэ. Үсний үзүүр хэсэгт нүүдэлч язгуурын тулааны зэвсэг болох сумны зэвээр нүүдэлчдийн омог бардам, эзлэн захирагч дүр төрхийг тодотгохыг зорьсон билээ.

Хүзүүний зүүлт, бүс зэрэг нь орчин үеийн гоёл чимэглэл, үнэт эдлэлийн зах зээлийн шаардлагад нийцэхүйц шинэлэг дүр төрх бүхий шинэ брэнд хийц бий болгох үүднээс Монгол уламжлалт хээг өөрийн уран сайхны зохиомжтой хослуулсан.

Уг хувцсанд үндсэн суурь хээгүй цулгай пүүсүү – торгон дээр өөрийн зурж төлөвлөсөн шинэ маягийн арт загварын хээг уран хатгамалчид гараар урлана.

Уг загварыг хийж бүтээсний эцэст харахад ерөнхийдөө Их эзэнт гүрний үеийн агуу их хааны хайрт гүнжийн хувцас мэт харагдах учиртай билээ.



ТӨСЛИЙН БАГ

Төслийн удирдагч: У.Ганцэцэг

Загвар зохион бүтээгч: Д.Ариундэлгэр /Ariuka/

Төслийн баг: Уран дархан – 6, хатгамалчид – 10, оёдолчин – 3