Чавхны чулуу /өгүүллэг/
13 жил, 2 сар өмнө

Хос савхан модны дундаас байг товлон харж байхдаа чулуу чухам юу болох гэж байгааг сайн ойлгосонгүй. Зүгээр л газраар нэг хөглөрч байдаг тэрхүү үй олон чулуудын дундаас ганцаараа сонгогдсондоо л баяртай байсан юм. Чулуу толгойгоо бардам өргөөд тээр доор үлдсэн нэр нэгтнүүдээ дээрэлхэнгүй харж байхдаа тэдний шоолон инээлдэх дууг сонсоод чухам л "Та муу сайн азгүй хөх чулуунууд. Битгий атаарх" гэж цуурай татуулан хэлж амжив. Түүнийг чухал үгнийхээ сүүлчийн авиаг гаргаж дуусаагүй байтал чавх тасхийтэл тавигдаж чулуу агаарт дүүлэн нисэж эхэллээ.

Чулуу нисэж байгаадаа итгэж ядан хязгааргүй баяр хөөрт автав. "Одоо тэр муусайн газрын хөх чулуунууд атаархсандаа шээс алдах дөхөж байгаа даа" гэж гялсхийн бодмогцоо,

-Хахаха, та нар чулуу нисэж байхыг харсан уу? Үй түмээрээ, сая саяараа байдаг хэрнээс та нарын хэн ч над шиг тэнгэрт дүүлж чадаагүй биз дээ гэж бардамнан асуугаад зулай руу үлээх салхины чимээг дуурайн дуу аялах гэж оролдоно. Нисэж буй чулуунаас исгэрэх дуун гарсан нь тэр дуулах гээд л чармайгаад байгаа бололтой.

-Азгүй юмнууд, та нар миний нэрийг түүхэнд алтан үсгээр тэмдэглэн үлдээх болно. Талын хөх чулуу би та нарын дундаас ганцаархнаа сонгогдож, цор ганцаархнаа зулай дээгүүр чинь хийсгэж байгааг харж байна уу? Гэтэл та нар хэдэн сая жилээр нэг л газраа гуниглан хэвтэж байна. Хэзээ төрсөн, хэзээ далд орохоо ч мэдэхгүй тийм гунигтайгаар ярайж байгаа та нарыг хараад өрөвдөж байна.

Чулуу энэ үгээ дөнгөж хэлж дуусмагцаа ямархан нэгэн зөөлхөн халуун зүйлийг эрчтэйгээр мөргөөд газарт унажээ. Чулууны бие тэр чигээрээ улаан өнгөөр будагдаж, норсон бие нь талын салхинд даарах мэт жиндэж эхлэв. Талаар нэг хөглөрөн шаагилдаж байсан бусад чулууд түүний эрс өөрчлөгдсөн час улаан биеийг хараад цочирдон нам жимхэн болцгоов. Чулуу юу болоод байгаагаа сайн ойлгоогүй ч овоо хараанд нь орсон байгаа онож цохисондоо бардамнаж толгойгоо дээр өргөөд шороо манарган ойртож байгаа чавхаар харвагчийн зүг баяртайгаар инээмсэглэлээ.

"Одоо намайг харвагч маань шагнаж урамшуулах төдийгүй тансаг хээнцэр өргөөндөө шилэнд хийгээд гялалзтал зүлгээд хадгалах болно" гэж баярлан бодсон чулуу дуулгавартайгаар чавхны эзний дахин гар дээрээ өргөж авах агшныг тэсэж ядан хүлээнэ.

Ойртон ирсэн чавхаар харвагч түүнийг гартаа барихыг төвдсөнгүй. Сэжиглэсэн мэт гутлынхаа хоншоороор хажуу тийш нь этэн түлхсэнээ сул шороонуудыг яаран ухаад "хүүе" гэхийн завдалгүй нүх рүү чулуудаж орхив. Чулуу учрыг үл ойлгосон ч баярт агшныг хүлээсэн хэвээр итгэлтэйгээр тэнгэрийн цоорхойг ширтэн хүлээнэ. Гэнэт нүүрэн дээр нь сул шороо юу юугүй нөмрөн ирсэнээ орчин тойрон нь тас харанхуйд хучигдаж, цээжин дээр нь хажуу хавьд гэмгүйхэн хэвтэж байсан ахан дүүсийг нь хаман авчраад овоолчихов. Чулуу юу ч харж, юу ч сонсож, ямар нэгэн зүйл хэлж ч чадахгүй болсон байлаа. Тэр чулууг нүхэнд булж, далдалчихаад явж одсон чавхаар харвагч хийсэн хэргээ булж, нуучихаад үүрд мартаж орхисон юм

 

2010.03.03