Цусны даралт ихсдэг үндсэн шалтгаанууд
12 жил, 9 сар өмнө

Даралт ихсэх их хэцүү. Хүзүү хөшиж, толгой манарч өвдөөд, нүд бүрэлзэн хөл хүндрээд… Эмээ уучихад дотор онгойгоод арай дээрдэнэ. Гэхдээ л бүр сав саруулхан болохгүй.

Хэсэг хугацааны дараа хүнд байдал дахиад л давтагдана.

Нас ахихад зайлшгүй ийм болдог жам ёсны үзэгдэл мэтээр энэ байдалдаа хандаж, даралт ихсэхгүй бол бараг л худлаа юм шиг гайхах жишээтэй. Харин залуухан атлаа даралт нь ихэсдэг хүн олширсныг “амьдрал хэцүүдсэнийх” гээд л тайлбарлаж орхино.

Гозойн өндийж, дээшээ зүтгэж байх дуртай даралт гэдэг нэг зүйлийг байн байн доош нь дарж байранд нь буулгаж байдаг юм шиг бодохоос биш даралт нь ихэсдгийн шалтгааныг сонирхдоггүй.

Тэгвэл цусны даралт гэж юу вэ?

Цус судасны ханыг дарж буй хүч буюу даралтыг цусны даралт гэдэг. Цусны даралт нь 2 үзүүлэлтээр хэмжигддэг байна. Дээд даралт гэж бидний нэрлэдэг систол даралт нь зүрх агших үеийн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 140-өөс хэтрэхгүй байх ёстой. Харин доод буюу диастол даралт нь зүрхний булчин сулрах үеийн хамгийн бага даралт бөгөөд 90-ээс хэтрэхгүй байх ёстой ажээ.

Хэрэв энэ хоёр үзүүлэлт дээд хэмжээнээсээ хэтэрвэл даралт ихэссэнд тооцогдоно.

Даралт ихсэхэд цус артерийн судасны ханыг хэт их хүчээр дарж, ийм байдал удаан үргэлжилбэл цусны судаснууд гэмтэж, эрхтнүүдийн цусан хангамж мууддаг.

Цусны даралт ихэссэнээс зүрх судсанд эмгэг үүссэн бол зүрхний дутагдал, зүрхний шигдээс, цус харвалт гэх зэрэг аминд халтай хүндрэл үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Цусны даралт эрс өсөхөд уураг тархи гэмтэх, тэр ч байтугай үхэх аюултай.

Дараах шалтгаануудын улмаас цусны даралт ихэснэ. Үүнд:

1.Зүрх судсыг удирддаг мэдрэлийн хэвийн ажиллагаа алдагдсан /амьдралд тохиолдож буй нөхцөл байдлуудыг зохицон хүлээж авч чадахгүй хямрах, шаналах, түүнчлэн тархины гэмтэл г.м/

2.Буруу хооллолт /өөх тос, давс, элсэн чихэр, цагаан гурилан бүтээгдэхүүн байнга хэтрүүлэн идэх, орой их идэх г.м./

3.Архийг удаан хугацаанд хэтрүүлэн уусан

4.Тамхи их татсан

5.Хөдөлгөөний дутагдал

6.Дотоод шүүрлийн системийн хямрал /бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн эмгэг г.м/

7.Бөөрний эмгэг

8.Жирэмслэлт

9.Жирэмслэлтээс хамгаалах болон тураах бэлдмэл замбараагүй хэрэглэсэн зэрэг.

Цусны даралт ихсэх нэг шалтгаан нь судасны хатуурал бөгөөд энэ нь өөхтэй тарган мах, өөхөн тосонд чанасан цагаан гурилан боов боорцог, өтгөн сүү, өрөм, цөцгий, шар тос, шарсан, тосонд чанасан  хүнс, давс, элсэн чихэр зэргийг байнга хэтрүүлэн идэх гэх мэт буруу хооллолтоос үүдэлтэй.

Цусны судаснуудыг замын сүлжээтэй зүйрлэж болно. Гол өргөн чөлөө нь- зүрхнээс эрхтнүүдрүү, эрхтнүүдээс зүрхрүү цусыг хүргэдэг артери, венийн гол судаснууд. Хоёрдугаар зэргийн замууд нь эдүүдийг нэвт өнгөрдөг артери, венийн жижиг судаснууд. Хорооллын доторх замууд нь хялгасан судаснууд.

Ганцхан улаан бөөмийг дагаж аялвал энэ систем яаж ажилладгийг мэдэж болно. Өөртэй нь адилхан сая сая улаан бөөмүүдийн хамт  зүрхний зүүн хэсгээс шахагдан гарсан улаан бөөм маань аорт хэмээх гол судсаар явж, олон салаалсан артерийн жижиг судасны нэг рүү орно. Эдгээр салаанууд нь бүх эрхтэн рүү цусыг хүргэдэг.

Эрхтэн дотор ороод улам олон салаалах артериар улаан бөөм маань явсаар хамгийн алслагдсан захын эсэд хүргэх өөрөөс нь үл ялим өргөн хялгасан судсаар аялж, нэг эсэд хүчилтөрөгчөө өгөөд, оронд нь нүүрсхүчлийн хий тээж аваад хялгасан судаснуудаар шургаж явсаар венийн жижиг судас руу орж, цаашаа венийн гол судсаар дамжин зүрхний баруун хэсэгт хүрнэ.

Хүчилтөрөгч авахаар уушгинд ормогц, холоос тээж авчирсан ачаа-нүүрсхүчлийн хийнээс салж, дараачийн рейсэндээ өөрийнхөө маршрутаар дахин гарна. Энэ улаан бөөм маань ийм ажлаа 4 сар орчим тасралтгүй хийгээд жагсаалаас гардаг.

Хүний артер, венийн судаснуудыг нэг шугамаар сунгаж тавибал урт нь 100 орчим мянган километр болно. Энэ нь Дэлхийгээс Сар хүрэх зайны дөрөвний нэг юм.

Цус нь хялгасан судсаар биеийн эдүүдийн дундуур дайрч урсахдаа эсүүдэд шимт бодис, хүчилтөрөгч хүргэж өгөөд, тэндээс бодисын солилцооных нь бүх хаягдал илүүдлийг татан авч тээвэрлэн одно.

Судаснууд ийм хүнд чухал ажил хийхээс гадна өөрсдөө амьд эрхтэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Энд тэнд нь цорго байхгүй бөгөөд өгөх, авах бүхий л ажиллагаа судасны ханаар нэвчиж явагддагийг гүнзгий ухамсарлаж, энэ амьд эрхтнийхээ ханыг уян хатан бөгөөд нэвчих чадвартай байлгахыг үргэлж, цаг ямагт эрхэмлүүштэй.

Зүрх агших бүртээ артерийн судсаар цус шахдаг. Артерийн судаснууд уян хатан учир сунаж, цусны энэ давалгааг өнгөрүүлээд дараа нь агшдаг. Энэ хөдөлгөөнийг судасны цохилт гэнэ. Тайван үед судасны цохилт нэг минутад 60- 80 байх ёстой.

Судасны хатуурал /атеросклероз/ гэдэг нь артерийн судасны /заримдаа венийн судасны/ дотор бүрхүүлд холестерин наалдаж, түүн дээр холбогч эдүүд урган, интим гэж нэрлэгддэг эмзэг гадаргуу /судасны дотор бүрхүүлийн/ холбогч эдээр зузааран хатуурч, шохойтой чанасан будаа маягийн өөхлөг товруутай болсноос үүссэн эмгэг юм /Атероклероз гэдэг нь atheros- чанасан будаа гэсэн грек үгнээс гаралтай/.

Судасны хатуурлаас шалтгаалсан цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх, түүнийг илааршуулахад зохистой хооллолт тэргүүн зэргийн ач холбогдолтой.

Орой хөнгөхөн хооллох гэдэг монгол хүний хувьд сэтгэлд нь багтдаггүй хэцүү ажил. Нэгэн компанийн захирал залуу миний шавь болсон бөгөөд тэрээр тун тарган, цусны даралт ихтэй байсан. Анх уулзахдаа “за багшаа, махнаас гарахгүйгээр, оройн хоолоо хасахгүйгээр даралт ихэсдэггүй, хэвийн жинтэй хүн болох арга байна уу?” гэж  асууж билээ.

“Болно” гэсэн хариу сонсоод хичээлд суусан бөгөөд одоо цусны даралт нь хэвийн болж, өөртөө таарсан мариатай, чийрэг бадриун залуу эрч хүчтэйгээр ажлаа хийж явааг хараад би их баярладаг. Түүнд зааж өгсөн оройн хоолны нэг хувилбарыг Танд бас санал болгоё.

Бурхдын зоог гэдэг нэртэйгээр худалдаанд гарч буй шар буурцгийн уургийг дэвтээж, жигнэсэн монгол шар лууван, шар манжин, улаан манжинтай хамт машиндаад, ногоон сонгино, навчит ургамал, сармис, цагаан гаа, шанц, лиш цэцгийн нунтаг үр, жан, цуу,оливын тосоор амтлан шанз бэлдэж, улаан буудайн гуравдугаар гурил,хүнсний хивэг, халтар арвайн гурил, овёсны гурил холин зуурч бууз хийгээд 19 цагаас оройтолгүй идэж болно. Шанзандаа хонины сүүл бага зэрэг нэмж болох юм.

Өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, байцаа, луувангаар 2-3 зууш бэлдэн буузтайгаа хамт идвэл хоол тань түвэггүй шингэнэ.

Бүх биеийн 100 триллион эс бүрийн дэргэдүүр хэрэн нэвтэрч, материал, түүхий эд, түлшийг түгээж байдаг судас хэмээх замын сүлжээг түгжрэл бөглөрөлгүй байлгах боломжтой.

Эрүүл мэндээрээ гоёцгооё!