Цахилгааны зардлаа хэмнэх энгийн аргууд
12 жил, 9 сар өмнө

1. Цахилгаан чийдэн - Цахилгаан бага хэрэглэдэг, гэрэлтүүлэг сайтай эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн шил ашигласнаар та ашиглалтын хугацаа 10 дахин уртсаж, 60 хувь бага эрчим хүч зарцуулна. Гэрлийн шил, гэрэлтүүлэгч хэрэгслийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй.

2. Цонх - Цонхны шилийг угааж байнга цэвэр байлган байгалийн гэрэлтүүлэг ашигласанаар гэрэлтүүлэгт зарцуулах цахилгааныг 10 хүртэл хувь хэмнэнэ.

3. Хоолны сав - Хоол бэлтгэх сав нь таарсан тагтай, тэгш хавтгай ёроолтой, ёроолын гадаргуугийн хэмжээ нь цахилгаан зуухны ширэмний хэмжээтэй адил, сав суулганы ёроол үргэлж цэвэр байх нь цахилгааныг хэмнэх ач холбогдолтой.

4. Тоос сорогч - Та өрөөнийхөө шал, хивсээ цэвэрлэхэд хүрэлцээтэй бага чадлын тоос сорогчийг сонгох хэрэгтэй. Тоос сорогчоо байнга цэвэрлэж байвал тоос сорогчоо урт хугацаанд ашиглахаас гадна эрчим хүчинд хэмнэх боломжтой. Тоос сорогч их чадалтай байх нь чухал биш гэдгийг санаарай.

5. Хөргөгч - Халуун хүнсний зүйлийг тасалгааны температур хүртэл хөргөж байж, хөргөгчинд хийвэл зохино. Хөргөгчний дотор талыг цэвэр байлгах, мөн хаалга сайн хаагдаж байгаа эсэхийг шалгахад илүүдэхгүй.

6. Индүү - Та индүүдэх бүх зүйлээ нэг дор, хувцасны төрөлдөө тохируулж индүүдэх нь эрчим хүч, цаг хугацаа хожих ач холбогдолтой. Өндөр температураар индүүдэх зүйлээ эхэлж индүүдэх, дараа нь температурыг бууруулах дарааллаар хувцсаа индүүдэх хэрэгтэй. Тэгээд индүүгээ салгаад дулаанд тэсвэргүй зүйлийг индүүдээрэй.

7. Мэдээлэл холбооны хэрэгслүүд - зурагт, хөгжим, радио, компьютер зэрэг нь харьцангуй бага чадалтай ч удаан хугацаагаар ашиглагддаг тул цахилгаан хэрэгслүүдийг ашиглаж дууссан даруйд бүрэн унтрааснаар цахилгаан эрчим хүч хэмнэгдэх нэг нөхцөл болно.

8. Тоолуур – Та цагийн ялгаварт тарифт тоолуур суурилуулснаар цахилгаан хэрэглээний дийлэнхи хувийг эзэлдэг индүү, тоос сорогч, угаалгын машин зэргийг 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах замаар цахилгааны төлбөрөө 50 хувь хүртэл бууруулах боломжтой.

Цахилгаан эрчим хүчийг зөв зохистой, ухаалаг хэрэглэж илүүдэл халаалт,
цахилгаан хэрэгслийг сул ажиллуулахыг хязгаарлацгаая!

Дээрх энгийн аргуудыг та өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр цахилгааны зардлаа дор хаяж 30 хувь хэмнэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.