ЦАРГАС СУДЛААЧ Ш.БАТСҮХ: ЦАРГАС НЬ УУРГИЙН ХААН ГЭГДЭЖ МАЛЫН ХҮЧИТ ТЭЖЭЭЛ БОЛДОГ ТӨДИЙГҮЙ ХӨРСНИЙ НӨХӨН СЭРГЭЭГЧ ЮМ
8 жил, 2 сар өмнө

Өмнийн говь чигт аяны дөрөө нийлсэн Монгол улсын зөвлөх агрономич, царгас судлаач, доктор Шаравын Батсүхтэй зам зууртаа хийсэн ярилцлага.


-Та аль сүргуульд бэлтгэгдсэн мэргэжилтэн бэ?
-Би 1973 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгссөн. Бэлчээр тэжээлийн мэргэжилтэй. Сургууль төгссөн цагаасаа эхлэн эрдэм судлалын ажил хийсэн. Үүнээс 30 гаруй жилийг нь царгас судлалын ажилд зориуллаа. Ийнхүү өнөөг хүртэл царгасанд зүрх сэтгэлээ өгч зүтгэсний хүчинд түүнийхээ буянаар сайхан амьдарч явнаа.
-Царгас гэх ургамалд тийнхүү “дурлахын” учир, тэр “дурлалын” түүх чинь гэвэл?
-34 жилийн тэртээ юм. 1981 оноос эхлэн тэр үедээ үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлын нэг болооод байсан царгасны үр үйлдвэрлэх иж бүрэн технологи боловсруулах ажлыг сонгон авч ажилласан юм. Үүний үр дүнд 1993 онд “Монгол улсын Их нууруудын хотгорын усалгаатай нөхцөлд царгасыг үрэнд тариалах агротехник“ сэдвээр докторын /Ph/ зэрэг хамгаалсан даа. Өмнөх нийгэмд эрдмийн зэрэг хамгаална гэдэг томоохон сорилт шалгалтыг давж байж хүрдэг амаргүй даваа байсан шүү. 2-3 таван жилийн тайланг хэлэлцүүлж байж түүнийгээ нэгтгэн боловсруулж докторын зэрэг горилсон бүтээлээ бичдэг байлаа. Одоогийнхтой зүйрлэвэл бараг таван жилийнх нь тайлан нэг /Ph.D / докторын ажил юмуу даа. Царгасанд “дурлалаа” гэдэг маань танин мэдэхүйд л дурласан хэрэг.
-Доктор болтлоо “дурласан“ байна, Та. Дорвитойхон “дурлажээ” дээ?
-За тийм дорвитой юм байлгүй дээ. /Инээв/. Тэр үед чинь компьютер гэдэг юм байхгүй, орос бичгийн машинтай, том ватум цаасан дээр хүн гуйж үзүүлэнгүүдээ бэлтгүүлдэг. Тэгээд төрөл бүрийн салбарын шилдэг 20 гаруй эрдэмтнээс бүрдсэн эрдмийн зөвлөлөөр орж шүүлгэдэг байлаа.
-Шүүлтийг үзүүлэлт сайтай давсан байх. Ер нь ажлынхаа өгөөжийн тухайд яривал?
-Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Хархираагийн ТАА-д агротехникийн олон хувилбартай туршлага тавихын хамт урьдчилан гарсан үр дүнгээ шууд үйлдвэрлэлд нэврүүлсэн. 1985 онд царгасны дээд ангийн үр үйлдвэрлэх зорилго бүхий 85 га эргэлтийн талбайтай “Царгасны үрийн бригадыг” Хархираадаа Мал аж ахиуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяанд байгуулж өөрөө үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулсан юм. Тус царгасны үрийн бригад 1988 онд царгасны “Бургалтай” сортын 1 га-ийн үрийн ургацыг 1.8-2.0 ц/га-д хүргэж 15 тн элит, сортын үр хураасан. Тэр амжилтаараа улсын ургацын аварга бригадаар шалгарч байлаа. Тухайн үедээ манай бригадын үйлдвэрлэсэн царгасны үр улсын хэрэгцээг бүрэн хангаж царгас тариалах ажил ч идэвхитэй өрнөсөн дөө. Хожим улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, царгасны тариалалт ч түүнтэй хамт нуран унасан юм даа.
-Харин өдгөө буюу сүүлийн жилүүдэд царгасны талаар хүмүүс их сонирхдог болсон юм биш үү.Та царгасыг олон жил судалж, тариалж байгаа хүний хувьд тэр чинь яг ямар ургамал вэ, ямар ашиг тустай вэ гэдгийг малчид, уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Харин тиймээ. Сүүлийн жилүү­дэд манай малчид, тариаланчид царгас тариалж малдаа сайн чанарын тэжээл бэлтгэхийн хамт хөрснийхөө үржил шимийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарах болсонд энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэн хүний хувьд баярлаж явдаг шүү. Манай малчид тариаланчдын царгас тариалах сонирхлыг нэмэгдүүлэхэд гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр ихээхэн хувь нэмэр оруулсан юмаа. Үүнд Таsis, ADRA, “Тогтвортой амьжиргаа”, Швецарийн “Ногоон алт” хөтөлбөр зүй ёсоор орноо. Царгас бол 3000 жилийн тэртээгээс тарималжсан юм. Дэлхийн таван тивийн 90 гаруй улс орны олон зуун сая га-д тариалагдаж байгаа олон наст буурцагт, өвслөг ургамал юм. Царгас нь ургацаар арвин , протеин ба үл төлөөлөгдөх амин хүчил, нүүрс ус, эрдэс давс бусад бодисын зохистой харьцаа бүрдсэн малын тэжээлийн гойд сайн ач холбогдолтой ургамал.
-Таны хайртай царгасыг бусад тарималтай харьцуулбал...?
-Царгасыг бусад тарималтай харьцуулахад хоёр гайхамшигтай шинж чанар бий.Нэгдүгээрт: Царгас нь малын тэжээлийн гойд сайн ургамалд тооцогддог. Царгасыг дэлхийн улс орнууд уургийн “хаан” гэж нэрлэдэг. Өндөр хөгжилтэй улс орнууд нэн ялангуяа АНУ, Канад, Герман, Франц, Хятад зэрэг нь царгасыг олон мянган га талбайд тариалж малын тэжээлийнхээ хэрэгцээг бараг бүрэн хангадаг. Түүний хамт олон нэр төрлийн уурагт тэжээл үйлдвэрлэн гадаадад гаргаж байна. Яагаад ийм ихээр тариалах болов гэвэл цэцэглэлтийн үе шатанд хадаж бэлтгэсэн царгасны 1 кг өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг. Түүнчлэн нэгж талбайгаас хураан авах ургац шимт чанараараа байгалийн хадлангийнхаас 2-3 дахин, ногоон тэжээлээс 1-2 дахин илүү байдагт л учир нь байгаа юм.
-Хоёр дахь ховор чанар нь юу вэ?
-За хө, хоёрдугаарт гэвэл хөрсний үржил шимийг нөхөн сэргээж байдаг онцлогтой. Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь хөрсний үржил шимийг байнга нөхөн сэргээж байдаг онцлогтой таримал. Тухайлбал царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагддаг байна. Энэ нь 1 га талбайг 4-5 ц азотын бордоо буюу 30-50 т бууцаар бордсонтой тэнцэх хэмжээ юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрсний бүтэц бүрэлдэхүүн эрс сайжирна. Академич Прянишников “Царгас тариалсан сая га талбай бүр нь томоохон хүчин чадалтай азотын бордооны хэд хэдэн үйлдвэрийн үйлдвэрлэх хэмжээний ургамалд ашиглагдах азотоор хөрсийг баяжуулдаг” гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн царгасыг нэг удаа тариад 10-15 жил хадаж ашигладаг юм ш дээ. Нэг га талбайгаас 8-10 тонн өвс хураан авдаг.Энэ нь байгалийн хадлангийн 24-30 тонн өвстэй тэнцдэг зэргээс нь хүмүүс царгасны гайхамшгийг биширдэг, бас тариалахыг сонирхдог болжээ.
-Царгас тариалах нь байгаль орчинд, ялангуяа малын бэлчээрт сөрөг нөлөөгүй гэж үү?
-Энэ чинь хө маш чухал асуулт байна. Би дээр ярьсан царгас нь хөрсний үржил шимийг байнга дээшлүүлж байдаг талаар. Энэ нь байгаль орчинд үзүүлж байгаа нэг чухал сайн нөлөө мөн. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн атаршуулж орхисон олон зуун мянган га талбай, мөн уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн талбайг царгас тариалах замаар нөхөн сэргээдэг юм аа. Байгалийн бэлчээр хадланд ямар нөлөө үзүүл­дэг талаар асуулаа. Үүний хариу болгож би нэг жижигхэн тооцоо хэлье. Царгасыг 5 га талбайд тариалаад хоёр дахь жилээс нь эхлэн жил бүр дунджаар 40 тонн өвс хурааж авна. Царгасны энэхүү өвс нь байгалийн хадлангийн 120 тонн өвстэй тэнцэнэ. Ийм хэмжээний байгалийн хадланг бэлтгэхийн тулд 4-5 ц/га ургацтай 200-250 га талбайг хадаж байж авна. Тэгээд бод доо 5 га талбайд царгас тариалаад бэлтгэж байгаа өвс нь 200-250 га талбайг жил бүр машин техник, хүний нөлөөл­лөөс хамгаалж байна. Энэ нь байгалийн бэлчээр, хадлангийн талбайг хамгаалж байгаа нэг хэлбэр мөн байгаа биз дээ. Үүнээс ургуулан бодоход манай улс газар тариаландаа царгас бүхий ээлжлэн тариалах системийг нэвтрүүлэх ашигтай. Ийм замаар байгалийн хадлан хадахгүйгээр сэлгээнд тариалсан царгаснаасаа жил бүр хад­даг тэжээлийнхээ хэрэгцээг хан­гахын хамт хөрснийхээ үржил шимийг нөхөн сэргээх бүрэн боломж байна. Үүнийг төр засгийн бодлогын хэм­жээнд хийчихэж болох энгийн шахуу амар хялбар асуудал байгаа юм даа.
-Та түрүүнд “Бургалтай” сорт гэж дурьдаж байсан тэрнийхээ талаар танилцуулна уу?
-Царгасны “Бургалтай” сорт нь манай эх орны тэжээлийн олон наст ургамлын хамгийн анхны ууган сорт байгаа юм. 1978 онд нутагшиж, 1986 онд сортоор батлагдсан. Автор И.Хайсан гэж Зүүнхараагийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд ажиллаж байсан нэг чантуу хөгшин байлаа. Тэр хүн Монгол орны ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд Сэлэнгэ аймгийн Бургалтайн туршлага станцад ЗХУ-ын /хуучин/ хөх ба хөх эрлийзийн сорт хэлбэрт хамаарах “ Гримм-Зайкевич” сортыг нутгийн шар царгастай өөр хооронд нь чөлөөт тоос хүртээлт явуулсан. Цаашид Зүүнхараагийн нөхцөлд нийтийн сонголтоор сайжруулан тогтвортой байдалд оруулан үрийг үржүүлэх замаар “Бургалтай” сортыг бий болсон юм. Би тэр хүнээс уг сортын цэвэр үр 19 кг-ийг анх хүлээн аваад Увс аймгийн Хархираад усалгаатай талбайд тарьж ургуулаад арвижуулсан түүхтэй. Хархираа дахь миний хариуцсан үрийн бригад жил бүр 10-15 тонн “Бургалтай” сортын үр бэлтгэж байсан тухай дээр хэлсэн. Тэрхүү үйлдвэрлэсэн үрээ жил бүр улсын үрийн нөөцөд өгөхийн хамт 1000 гаруй га талбайд царгасны “Бургалтай” сортын үрийг тариалж байв. Миний бие өнөөг хүртэл тэр сортын эх чанарыг алдагдуулахгүйгээр тарьж туршин, хадгалж хамгаалсаар явна. Энэ сортын онцлог гэвэл эх орныхоо газар шороо, байгаль цаг уурт дасан зохицсон. Хамгийн гол нь монгол орны өвлийн 30-40 хэмийн хүйтнийг тэсвэрлэн бараг 100 хувь өвөлжиж чаддагт л нууц нь байгаа юм.
-Гадаадаас “залагдаж” ирдэг бусад зочин сортын талаарх таны үгийг сонсъё?
-Дэлхийн улс орнууд царгасны олон арван сортууд гарган тариалж байна Зөвхөн манай урд хөршид гэхэд л царгасны 80 гаруй сорт байна. Гэтэл зөөлөн дулаан уур амьсгалтай улс оронд гарган авсан сорт нь монгол орны дээрх хүйтнийг тэсвэрлэж чадахгүйгээр үхэж байгаад хамаг учир нь байгаа юм. Өөрөөр хэлбэл зөөлөн дулаан орны гаралтай сортыг тариаллаа гэж бодоход тарьсан жилдээ сайхан урганаа. Харин дараа хавар нь нөгөөх сайхан ургаж байсан ургамлын ихэнх нь заримдаа 100 хувь сэргэн ургахгүй үхсэн байдаг. Үүний учир шалтгааныг ойлгохгүйгээр аль тааралдсан үнэ хямд, царгасны сорт тариалах замаар манай малчид тариаланчид “шатсан” тохиолдол их бий. Одоо л ухаарч эхэлж байна даа. Би энд нэг зүйлийг хэлмээр санагдлаа. 2000 оноос хойш манай Хөдөө Аж Ахуйн яам / яам маань олон янз бүрийн нэртэй явж ирлээ дээ / зарим жил царгас тариалах ажлыг дэмжиж царгасны 5 тонн үр оруулж ирэх нээлттэй тендер зарладаг байсан юм. Тэр тендерт дуртай нь оролцоно шүү дээ. Түүнд миний бие оролцоод бараагүй хасагдаж байлаа. Тендерт ялах хүн нь бараг өмнө нь бэлтгэгдсэн байдаг юм билээ. Нөгөө бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах журмын дагуу хамгийн хямд үнийг санал болгосон нь ялдаг юм билээ. Нөгөө оруулж ирсэн царгасны гарал үүсэл, өвөлжих эс өвөлжих нь огт хамаа байхгүй. Хятад том гүрэн тэднийд 1 кг нь 20-120 юаны үнэтэй, царгасны олон арван сорт байдаг. Түүний хамгийн хямдыг нь оруулж ирээд малчид тариаланчдад тараасан даа. Тэр нь миний дээр хэлсэн шиг тарьсан жилдээ ургаад өвөлжиж чадалгүй үхсэн тохиолдол олон бий. Царгас тариалахыг дэмждэг гадаадын төсөл хөтөлбөрүүдэд ч энэхүү бэрхшээл ихээхэн тохиолдсон гэдгийг би мэдэх юм. Хэрвээ Хятадаас биш ОХУ-аас царгасны үр оруулж ирсэн бол ийм бэрхшээл тохиолдохгүй байсан даа. Энэ бол хэн бүхэнд том сургамж болсон биз гэж бодож байна. Одоо харин өөр болсон шүү. Энэ талаар бид ч малчдад сайн хэлж ойлгуулж чадсан гэж боддог доо. Гэхдээ би энд ганцхан “Бургалтай” сортыг тарь бусад нь үхнээ гэж хэлж байгаа юм биш ээ.
-Бусдыг нь тариалахад юуг анхаарах вэ?
-Уул нь эрдэм шинжилгээний байгууллагын сорилт туршилтад хамрагдаж нутагшсан сортын үрийг тариалж байх учиртай. Өнөө үед тэр зарчим алга. Бас байсан ч тоохгүйгээр аз туршин тааралдсан үрийг тариалах явдал их байна. Манай орны байгаль цаг ууртай төстэй ОХУ-ын Чита, Тува, Улан-Үдэ, Новосибирск зэрэг хил залгаа мужуудын гаралтай сортууд болон Хятад улсын “Нутаг”, “Бэлчээр-2”, “Шар цэцэгт” зэрэг сортууд мөн Канад, Франц зэрэг орны зарим нэг сорт сайн өвөлжиж их ургац өгөх боломжтой нь судалгаагаар тогтоодсон юм. Эдгээрийг тариалж болно гэж зөвлөх байна.
-Тариалахад тийм байж. Тэгвэл царгасаар мал тэжээхдээ юуг анхаарвал зохилтой вэ?
-Энэ талаар МААЭШХ-ийн эрдэмтдийн хийсэн нарийн туршилт, судалгаа шинжилгээний ажлууд байгаа. Мөн царгасны өвсийг ашиглан төрөл бүрийн мал, сүүний болон махны чиглэлийн үхэр гахай, шувуунд зориулан янз янзын жороор тэжээл үйлдвэрлэж, тэжээх норм тун хэмжээг тогтоож өгсөн байдаг. Мал тэжээх, тэжээллэгийн тухайд манай мал зүйчид л нарийн мэдэх байх. Би өөрийн хэмжээнд хийсэн судалгааны ажлын үр дүн болон анхаарууштай зарим нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Дээр би хэлсэн дээ. Хархираагийн ТАА / хуучин/ -д 83 га талбай бүхий царгасны үрийн бригадтай байсан гэж. Энэ талбайн үр хураасны дараа хэнзлэн ургасан өвсийг ашиглах зорилгоор үйлдвэрлэлийн туршилт хийсэн юм. Увс аймагт намар урт болдог учир наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр хадсан царгасны талбайн ургамал 9-р сарын сүүлч хүртэл 10-15 см өндөр хэнзлэн ургана. Үүнийг бид ашиглах зорилгоор 1988, 1989 онуудад Увс аймгийн Наранбулаг сумтай гэрээ байгуулсан. Түүндээ 16 кг хүртэл жинтэй 3-р зэрэглэлийн 1000 хургыг 9-р сарын 15-аас 12-р сарын 1 хүртэл хоёр сар гаруй хугацаанд царгасны үр хураасан талбайд оруулан бэлчээрлүүлсэн юм. Үүний үр дүнд зүй бусын хорогдол бараг гараагүй юм даа. Нэг хурганы амьдын жин ангилан ялгаснаас хойших гурван сарын хугацаанд 10 кг-аар нэмэгдэж 26 кг-д хүрч хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байлаа. Царгасны талбайд байсан хургатай жишихэд хорогдлыг байгалийн бэлчээрт байсан ижилхэн 3-р зэрэглэлийн хурганы зүй бусын хорогдол 15-20 хувь байв. Мөн царгас идэж байсан нь амьдын жингийн нэмэгдэл 5-6 кг-аар илүү байв. Наранбулаг сумтай байгуулсан гэрээний дагуу хурганы зүй бусын хорогдол болон амьдын жингийн нэмэгдлээс хүрээлэнд хоёр жил дараалан хоёр тонн гаруй мах нийлүүлж ажиллагсдын цайны газрын махны хэрэгцээг бүрэн хангаж байлаа. Дэлхийн Банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газраас "Нийгмийн суурь үйлчилгээг ядуу, эмзэг бүлгийнхэнд илүү чанартай хүргэе" сэдвийн хүрээнд "Монголын хөгжлийн зах-2007" уралдаант төсөл сонгон шалгаруулалтад оролцож миний боловсруулсан “Идэш тэжээл-ихэр төл” төсөл шалгарсан юм. Уг төслийн шугамаар Төв аймгийн Батсүмбэр суманд адилхан сүүний гарцтай хоёр үнээний нэгийг нь царгасны өвсөөр, нөгөөг нь хадлангийн өвсөөр сар тэжээхэд царгасаар тэжээсэн үнээний хоногийн дундаж саам 0,8 л-ээр илүү байв. Харин энд анхааруулж хэлэхэд хавар царгас тавдугаар сарын эхээр сэргэн ургадаг. Тэр үедээ хамгийн их уурагтай байх учир ямар ч мал царгасны талбайд орсон нөхцөлд хордлогод орох нь их байдаг юм билээ. Энэ нь царгас хортойдоо биш юм шүү.Харин турж онд орсон мал хэр хэмжээгээ мэдэхгүй царгасны өвсийг ихээр идээд хоолны хордлогод орж байна гэсэн үг. Тийм үедээ гэдэс нь хөөж чацга алдаж багтарч унадаг юм билээ. Туршлагатай малчид жижиг нүхтэй турба юм уу хутгаар гүзээг нь хагалж хийг нь гаргаад өвсийг нь авч хаях замаар амийг нь аварч байсныг тохиолдол олныг харсан шүү. Иймд царгасны өвсөөр мал тэжээх хэмжээ, тунд онцгой анхаарах хэрэгтэй.
-Тунг нь тохируулж өгөхийн ач тусыг жаахан тодруулж өгнө үү?
-Бас нэг сонин жишээг энд хэлмээр санагдлаа. Манай үрийн бригадын тракторчин Хишигт гэдэг айл байлаа. Гэр бүлийнх нь хүн сахиул хийдэг байсан юм. Тэднийх хэдэн ямаатай тэд нь царгасны үр хураагаад манайхан цэвэрлэгээгээрээ гаргасан сүрэл, лайгаар бараг байнга хооллодог. Тэдний ямаан дотор “Буурал амт” гэдэг нэг ямаа байлаа. Тэр ямаа их дошгин, сэргэлэн цовоо, жилд хоёр удаа төллөдөг. Бас дандаа ихэр ишиглэдэг байв. Миний мэдэхээр 1985-1990 оны хооронд нийт 16 ишиг гаргасан юм. Ийнхүү тэр ямаа жилд хоёр удаа төллөж 4 ишиг гаргахдаа огт ядарч муудаагүй, улам л өнгө зүс ороод, сэргэлэн цовоо байдгийг бид гайхдаг байж билээ. Энэ бол царгасаар хооллосных нь ач тус гэж боддог юм би. Царгасны тэжээллэг чанар малын төлөрхөг чанарт ч нөлөөлдөг юм билээ.
-Цаг хором амсхийлгэлгүй царгасыг ярих энд та тариалах, хадгалах, хураах талаар хэдэн үг, өгүүлбэр хэлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Энэ бол технологийн нарийн асуудлаа. Царгас тариалахад зайлшгүй анхаарвал зохих зарим нэг зүйлийг энд хэлье гэж бодож байна. Царгас маш жижигхэн үртэй. Жишээлбэл 1000 ш үр нь 1,2-2,0 г шүү дээ. 1 га-д үрлэх норм нь тэжээлд зориулан энгийн мөрөнд 10-12 кг, үрэнд зориулан өргөн мөрөнд 3-6 кг үрийг 1,0 -2,0 см-ийн гүнд л жигд суулгана. Энгийн мөр гэдэг нь хоорондоо 15 см байхыг хэлдэг. Иймд их хэмжээний талбайд тарихын тулд царгас тариалах зориулалтын үрлэгчийг хэрэглэнэ. Үр тарианы үрлэгчээр үрлэх боломжгүй. Учир нь царгасных тэдний үрнээс олон дахин бага учир шууд л асгачихна. Иймд тариалах талбай нь маш тэгшхэн, сайн боловсруулагдсан, зориулалтын үрлэгчтэй байх шаардлагатай. Дээхэнэ үед сорт сорилт, эрдэм шинжилгээний зориулалтаар Хөгжингүй социализм байгуулж байсан Герман улсаас оруулж ирсэн “САГСОНИЯ-А200” гэдэг үрлэгчийг бид хэрэглэдэг байлаа. Энэ үрлэгч үнэн найдвартай. Царгасны үрийг зохих гүнд нь зохих норм, мөрөөр үрлэдэг байлаа. Одоо ч энэ үрлэгчийг би хэрэглэсээр л байна. Надтай адилхан хөгширч байна аа. Гэвч найдвар алдаагүй байгаа шүү. Сүүлийн жилүүдэд царгас үрлэх зориулалтын бүтээмж сайтай үрлэгч Герман, Канад улсуудаас орж ирэх болжээ. Герман улсад үйлдвэрлэсэн 12 м-ийн авцын өргөнтэй Lemken-Solitair, Канад улсад үйлдвэрлэсэн 12-16 м-ийн авцын өргөнтэй BOURGAULT-6350 маркийн маш нарийн тохиргоотой үрлэгчээр царгасыг хүссэн норм, гүнд тариалж байна. Мөн өмнөд хөршид үйлдвэрлэсэн жижиг оврын үрлэгчүүд ч байна. Иймд царгасыг үрлэх асуудал үндсэндээ шийдвэрлэгдсэн гэж бодож байна. Би энд царгас тариалахад их ач холбогдол өгч яриад байгаа учир нь манай малчид, тариаланчид энэ тал дээр алдаа гаргаад байгаа юм. Бидний тарьсан царгас үр суулгасан мөрний дагуу жигд соёолон ургасан байх учиртай. Хэрвээ ингэж ургаж чадаагүй бол царгасгүй тэр хэсэгт нь хог ургамал урганаа. Царгасыг зөв тариалж жигд сайхан ургуулж чадвал хог ургамлын талаар ярих шаардлага байхгүй. Царгасны үндэсний систем хоёр дахь жилээс 4 м хүртэл гүн ордог учир ойр орчиндоо хог ургамал ургах боломж олгохгүй. Би энд бас нэг жишээ татъяа гэж бодлоо. Аливаа таримал ургамлын үр тухайн ургамлын дүрс хувирсан хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл тэр үрэнд тухайн ургамлын үндэс, иш, навч, цэцэг бүгд агуулагддаг. Уг таримлын биологийн онцлогоос хамаараад үр нь том жижиг өөр өөр байдаг. Тухайлбал царгасны 1000 ш үр 1,2-2,0 г байхад бидний сайн мэдэх улаанбуудай 26-30 г байдаг. Гэтэл энэ хоёр таримлын суулгах гүн нь дээрх хэмжээнээс хамаараад өөр өөр байх жишээтэй. Царгасыг 1-2 см-ийн гүнд, улаанбуудайг 7-8 см гүнд суулгах ёстой. Энэ нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон хамгийн зохистой хэмжээ. Энэ хэмжээг алдаж царгасыг 3-4 см-ийн гүнд суулгавал тухайн ургамалд агуулагдаж байгаа нөөц шим тэжээлийн бодис нь хүрэлцэж амьдрал залгуулах хоёр ногоон навчаа хөрсөн дээр гаргаж чадахгүй замдаа үхнэ гэсэн үг. Иймд үр суулгах гүн хамгийн чухал гэдгийг ойлгуулах гэж энэ бүхнийг яриад байгаа юм. Энд бас нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Царгасыг 2-10 га-д тариаалах хүн бүр заавал хөрс боловсруулдаг /хагалдаг, тэгшилдэг/, үрэлдэг техниктэй байх шаардлагагүй. Харин үүнд нь төлбөртэй үйлчилдэг зориулалтын техниктэй аж ахуйн нэгж ч юм уу хувь хүн баймаар санагдсан шүү. Төв, Сэлэнгийн нутагт манжин, лууван тарихад үйлчилдэг ийм хувь хүмүүс байдаг юм билээ. Энэ хүмүүс царгасны үрлэгчтэй болчихвол царгас тариалах асуудал бүрэн амархан шийдэгдэх боломжтой. Харин энэ нь зөвхөн Төв, Сэлэнгэд биш аймаг болгонд байх шаардлагатай. Тарих хугацааны хувьд 5-р сарын 10-аас 6-р сарын 20 хүртэл байж болно. Энэ хугацаанаас хойш тарих юм бол өвөлжиж чадахгүй. Өөрөөр хэлбэл олон наст ургамал тарьсан жилдээ өвөлжихийн тулд зохих хөгжлийн үе шатыг туулж, үндсэндээ өвөлжиж чадахуйц хэмжээний нөөц шим тэжээлийн бодисыг хуримтлуулсан байх шаардлагатай. Хэрвээ ингэж чадаагүй бол өвлийн хүйтнийг тэсвэрлэж онд орж чадахгүй шүү дээ. Ийм учир тариалах хугацаа маш чухал. Царгас тариалсан талбайг заавал хашиж, хамгаалах хэрэгтэй. Царгас эхний жилдээ 15-20 см, усалгаатай бол нилээд өндөр ургана. Эхний жилд аль нэг хэлбэрээр ашиглахыг хориглодог. Гэхдээ усалгаатай нөхцөлд тариалсан үед, намар 50-60 см өндөр ургах явдал бий. Энэ үед намар ургамлын өсөлт хөгжилт зогсон үед хадах юм уу. Тугал бяруу, ядарч доройтсон мал оруулан ашиглаж болно. Гэхдээ нөгөө миний дээр хэлсэн хордлогод оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. За мөн дээр хэлсэн тарих гэж байгаа сортынхоо гарал үүсэл, өвөлжих чадвар, цэвэршилт, соёололтыг заавал мэдсэн байх нь гол юм. Олон жил болсон ч юм уу хогт хольц ихтэй муу үрээр таривал ургахгүй. Иймд тарих үрэндээ онцгой анхаарч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мэргэжлийн лабораторит шинжилгээ хийлгэсэн үрийг тариалах шаардлагатай. Царгасыг эхний жил ямар ч гологдолгүй зөв тариалж ургуулж чадвал дараа жилээсээ эхлэн усална, хадна өөр бараг хийх ажил байхгүй дээ. Царгас хүчирхэг голлосон үндэсний системтэй /4 м хүртэл гүн орно/ учир хэр баргийн хог ургамлыг хажуудаа ургуулахгүй. Сайн усалж тордож чадвал царгаснаас жилд 2-3 удаа ургац авах боломж бий. Бас нэг анхаарах чухал юм бол царгас нь маш их навчтай, өндөр өтгөн ургах учир хадчихаад дараа нь сайн эргүүлж сэврээхгүй бол маш хурдан харлаж муудаж чанараа алдана.За нэг иймэрхүү зүйлийг хэлье дээ.
-Та сая тариалах хүмүүст хандав. Цааш малчдад хандаж хэлэх зүйл тань?
-Малчдад хэлэх юм байна аа. Би царгастай нөхөрлөсөн ажил амьдралынхаа бараг 30 гаруй жилд царгас тариалахын ач тусыг тэдэндээ хэлж зааж сургаж явна. Олон ч төсөл хөтөлбөрийн шугамаар Монгол орны бараг ихэнх аймаг сумдын малчдад очиж сургалт хийж хичээл заасан шүү. Үүний ач буянаар олон хүнтэй танилцаж сүүлийн жилүүдэд олон арван хүн надтай зөвлөж, эргэх холбоотой байх боллоо. Сүүлдээ бүр Шаравын биш “Царгасны” Батсүх гэдэг болсон байна лээ. Малчид та нар минь боломжийнхоо хэрээр хувиараа юм уу, хэсэг бүлгээрээ нийлэн зохих хэмжээний 2-3 га талбайд царгас тариалж чадвал гадаа чинь метр зузаан цас орсон ч малаа үхүүлэхгүй хамгаалах бүрэн боломж бий шүү. Би малчдад зориулан хийсэн өөрийнхээ нэг жижигхэн тооцоог л хэлж өгье. Энэ нь 1 ба 5 га талбайд царгас тариалахад ямар хэмжээний зардал гарах. Тэндээс хураасан өвсөөр хэдий хэмжээний малыг, ямар хугацаанд тэжээж болох тухай юмаа.
Хүснэгтээр харуулахад болно.
5 га-д царгас тариалахад гарах зардал

Үрийн норм,кг

Зардал, мян,төг

1 га

5.0 га

1 га

5.0 га

Тарих үр,

10

50

300,0

1500,0

Тариалалт

-

-

300,0

1500,0

Хашаа

-

-

300,0

1500,0

Худаг

Дундажаар 50 м-ээс ус гарна гэж үзвэл 1 м өрөмдөхөд100,0 мянгантөгрөг, 50 х100 = 5 сая төгрөг

Дүн

5,9-9,5 сая төгрөгболжбайна

Царгасыг нэг удаа тариад дахин тарихгүйгээр олон жил ашиглах учир хүн бүр тарих техниктэй байх шаардлагагүй. Сүүлийн жилүүдэд үйлчилдэг зориулалтын техниктэй компанууд бий болсон. Түүнийг гэрээгээр хөлслөн ашиглах хэрэгтэй.
Царгасны 5 га талбайгаас хураасан өвсөөр мал тэжээх тооцоо

Òýæýýõ ìàëûí òºðºë

Ìàëûí òîî, òîëãîé

Òýæýýõ õóãàöàà

Òýæýýõ ºâñíèé õýìæýý

ñàðààð

õîíîã

õîíîãò,êã

á¿ãä, òîíí

Áîã ìàë

450

XII.I-Y.1

150

0,4

27,0

Áîä ìàë

50

XII.I-Y.1

150

1,7

13,0

Ä¿í

750 хо\толгой

5 ñàð

150

1,9

40,0

5 га царгасны талбайгаас хоёр дахь жилээс эхлэн жил бүр 40 тонн өвс хурааж авах бүрэн боломжтой. Энэ хэмжээний өвсөөр 450 бог, 50 /50х6 =300/ бодбуюу 750 хонь толгой малыг 12-р сарын 1-ээс эхлэн дараа хаврын ногоо ургах хүртэл бүтэн 5 сарын турш бараг бэлчээрт гаргахгүйгээр хотонд нь тэжээх боломж харагдаж байна. Энд нэг зүйлийг тодруулахад зуны улиралд нэг хонь толгой мал бэлчээрээс ,1,5 кг ногоон өвс иддэг байна. Царгасны 1 кг өвс чанараара байгалийн хад­лангийн 3 кг өвстэй тэнцдэг талаар би дээр хэлсэн дээ. Тэгвэл бог малд өдөр бүр өгч байгаа 0,4 кг өвс нь бэлчээрийн 1,2, кг өвстэй тэнцэж байгаа биз дээ. Тэгээд ч тэр малчин айлд дан бүдүүн хонь биш хурга ишиг дээ. Тэд бага өвс иднэ. Өөрөөр хэлбэл хурга ишгэндээ бага /200-300 г/ нас бие гүйцсэн малдаа / 50-500 г/ арай ахиу өгнө гэсэн үг. Ийм өвс бэлтгэсэн нөхцөлд танай гадаа хэдэн метр зузаан цас орсонч айх аюулгүй байх бүрэн боломж харагдаж байгаа биз дээ. Гэтэл бид ийм сайхан боломжийг ашиглаж чадаж байгаа билүү. Манайд 180 гаруй мянган малчин өрх байдаг гэсэн. Үүний бараг тал хувь нь 200 гаруй хүртэл толгой малтай гэж дуулсан. Гэтэл дээрх 50 бод 450 бог малтай айл нэлээд боломжийн малтай айлд хамрагдаж байгаа биз дээ. Иймэрхүү малтай айл амьдрал залгуулж байгаа малынхаа төлөө 5 га-д царгас тариалахад юухан байхав дээ. Нөгөө зуданд алддаг малаа зарж болуулахад л дээрх хэмжээний га-д царгас тарих зардал гарна шүү дээ. Иймд малчид, минь өөрсдийнхээ хүч бололцоонд тулгуурлан бага ч гэсэн талбайд царгас тариалж чанар сайтай өвс бэлтгэж малаа тэжээж сурахыг хүсье. Бид танд туслахад бэлэн байна.
-За та болон таны ижил бодолтон малчдад туслахад хэзээд бэлхэн гэдгээ хэллээ. Энэ бол урамтай үгс уруул давж байна. Харин “Царгас” Батсүх та урмын талаар ер нь юу хэлэх вэ?
-Манай ТАА Улаангомоос холгүй оршдог, бас ажил нь сайн байсан болохоор Хархираагийн услалтын системтэй танилцахаар Увс аймагт ирсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчид байнга л очдог байсан юм. Үүний нэг тод жишээ бол МАХН-ын Төв Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга , АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Батмөнх тэргүүтэй төлөөлөгчид 1987 оны есдүгээр сард Хархираагийн ТАА-д очихдоо манай үрийн бригадын ажилтай танилцсан юм. Тэр жил нь манай бригадын царгасны үрийн тариалан сайн, ургац их байсан тул зочид төлөөлөгчдэд ажлаа танилцуулахад урамтай байлаа. Үүний үр дүнд МАХН-ын төв хэвлэл “ Үнэн” сонины 1987 оны №214-ийн эхний нүүрэнд сурвалжлагч Л.Дашнямын бичсэн “Газар тариалангийн соёлыг дээшлүүлж, га тутмын өгөөжийг арви­жуулъя” гарчигтай “Нөхөр Ж.Батмөнх Увс аймагт байгаа нь” гэсэн хөмсөгтэй өгүүлэлд “..Нөхөр Ж.Батмөнх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Батсүхтэй Хархираагийн тэжээлийн аж ахуйн тариалангийн талбайд уулзаж ярилцав”. “Ш.Батсүх царгасны үр үржүүлэх чиглэлээр олон жил туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа ажлынхаа үр дүнгийн талаар тодорхой дүгнэлттэй танилцуулж, холбогдох таримлын дээжийг үзүүлэв” гэсэн бол Батмөнх дарга Увс аймгийн нам,аж ахуйн идэвхтэнтэй уулзсан уулзалт дээр хэлсэн үгэндээ “Мал аж ахуйд ч, газар тариаланд ч шинжлэх ухааны роль их өсөж байна. Баруунтуруун, Хархираа, Улаангомд үр тариа, малын уурагт тэжээл, үр жимс үржүүлэх сонирхолтой сорилт туршилт явуулж байгаа эрдэм шинжилгээний ахмад болон залуу ажилтан нартай бид талбай дээр нь уулзаж, хийж байгаа ажлыг нь үзэж танилцсан юм. Үр дүн гарах нь ойртсон ажил олон байна. Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа ажил ч байна” гэж онцлон тэмдэглэсэн юм. Тэр үед Нам, засгийн хэвлэлийн тэргүүн нүүрэнд сайшаагдан бичигдэх, Нам засгийн удирдагчийн хэлсэн үгэнд онцлон тэмдэглэгдэнэ гэдэг бол ховор хувь завшаан байв. Мөн ямарч одон медаль авахаас ч дутуугүй шагнал урамшуулал бай­сан үе билээ. Нам засгийн тэргүүнтэй уулзаж гар барин, ажлаа танилцуулж, урамын сайхан үг сонссондоо тухайн үедээ хязгааргүй их баяр­­лаж явдаг байж билээ. Энэ нь бидний цааш­дын ажлын үр дүнд ч сайнаар нөлөөлсөн юм.

Хууудас:

https://www.facebook.com/%D0%9C%D0%9E%D0%9D%D0%93%...

Б.Цогзаяабаатар
Эх сурвалж: Үндэсний мэдээ http://www.gnn.mn/i/804