Х.БИЛГҮҮН: ХҮМҮҮСИЙН ХАЙГААД БАЙДАГ АЗ ЖАРГАЛ, АМАР АМГАЛАН ЧИНЬ БИДНИЙ МОНГОЛ АМЬДРАЛД Л БАЙНА
2 жил, 10 сар өмнө

“Алтан гар” хөдөлмөрийн бирж дээр 2017 оны 10 дугаар сарын эхээрТөв аймгийн Эрдэнэсант сумын мянгат малчин Д.Гомбо-Очир “Малчид малгайтай мал, алчууртай адгуус биш” бидэнд 10.000 хүнд ажлын байр бий болгох боломж байна хэмээн уриалж байсан билээ. Тэгвэл их хотын амьдралд хүүхэд байхаасаа дасаж, сургуульд сурч, дээд боловсрол эзэмшиж, бусдын л адил хүүхэд байхдаа эмээ өвөөгийндөө очиж морь, малын дөртэй болж байснаас өөр зүйлгүй хоёр залуу Д.Гомбо-Очир малчны уриалгыг хүлээн авч, суурь хонио хүлээж авсан цаг саяхан.

Ингээд тэрхүү зоригтой, зорилготой хоёр залуугийн нэг болох Хүрэлбаатарын Билгүүнийг “Breakfast Time” булангийнхаа энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа.
- Сайхан хаваржиж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу. Сайхан хаваржиж байна. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Намайг Харгана овогт Хүрэлбаатарын Билгүүн гэдэг. Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэсант суманд Гомбо-Очир малчныд мал маллахаар явсан хоёр залуугийн нэг нь байнаа.
- Билгүүн ямар мэргэжилтэй вэ. Хүүхэд ахуй цагтаа мал маллаж байв уу. Аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?
Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Наймдугаар дугаар ангидаа Улаанбаатар хотод гэр бүлтэйгээ шилжиж ирээд гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23-р бүрэн дунд сургуулийг төгссөн байгаа. Үүний дараагаар гадаад хэлний чадвартаа тулгуурлан Олон улс судлалын дээд сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцаа мэргэжлээр төгссөн дөө. Багадаа эмээ өвөөтэйгөө хөдөө явдаг байснаас мал маллаж огт үзээгүй л дээ. Аав минь Хэнтий аймгийн Дадал сумынх, ээж маань Улаанбаатар хотод төрж, өссөн.
- Тэгэхэээр мал маллах ямар ч туршлагагүй гэсэн үг байх нь ээ. Төв аймагт очиж мал малахаасаа өмнө ямар ажил хийж байсан бэ?
Тийм ээ. Ямар ч туршлага байгаагүй. Төв аймаг явахаасаа өмнө нэг найзтайгаа хамт жижиг хэвлэлийн газар ажиллуулж байсан.
- Яагаад гэнэт хөдөө явж мал маллахаар шийдсэн юм бэ?
Энэ шийдвэрийг гэнэт гаргаагүй л дээ. Багын мөрөөдөл маань байсан гэх үү дээ. Өвөө эмээтэйгээ багадаа амарч байхдаа аавынхаа нутгаар зочлоход манай садангийн эгч анх морь унуулж үзүүлж байсан юм. Тэр сайхан хангайд цагаан морин дээр урдаа суулгаад ногоон талаар салхи татуулан давхих нь багын мартагдашгүй дурсамжуудын минь нэг болон үлдсэн. Хүн болгон өөрийн амар амгаланг хайж байдаг байх. Миний хувьд өвгөдийнхөө мөрөөр хөдөө нутагтаа малаа маллаад амьдрах нь миний хүсэл болсон доо.
- Анх очсоны дараа ямар мэдрэмж төрж байсан бэ. Хөдөө нутгийн хамгийн их сэтгэл татагдаж байгаа зүйл тань юу вэ?
Анх ирэх үед намар цаг байсан. Налайгаад л, хонины бэлчээр дээр үнэхээр сайхан. Дээрээс нь цэвэр агаар, цэнгэг ус, эрүүл хөрс, цагт баригдахгүй байдал, өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг ихтэй зэрэг нь хотын утаа, ханиад томуу, хотын стрессээс хол байгаа нь хамгийн сайхан, таатай санагдаж байгаа зүйлс юм даа.

- Өөрийгөө хөгжүүлэх боломжтой гэхээр сонирхолтой байна л даа. Жирийн хөдөөний малчин залуус чөлөөт цагаараа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжтой байдаг юм бэ?
Хонины бэлчээр дээр хүссэн номоо уншиж болно. Мөн интeрнeт, зурагт зэрэг байгаа учраас мэдээллээс хоцрогдохгүй. Миний хувьд байгал дэлхий, од гаригсийг судлах бодолтой байгаа.
- Уг нь мэргэжил тань Олон Улсын эдийн засгийн харилцаа юм байна шүү дээ. Тэгээд одоо хөдөө очоод мал маллаж байна. Байгал, дэлхий, од гаригсыг судална гэлээ. Ирээдүйн амьдралын тань зорилго юу вэ?
Энд ирээд малчидтай танилцаад, амьдарч байхад нэг зүйл ажиглагдсан. Малаас авах ашиг шим, түүхий эдийн үнэ одоогийн зах зээл дээр хэт доогуур байгаагаас малчид чанарыг биш тоог илүүд үзэж байна. Ингэхээс ч аргагүй юм байна. Энэ нь цаашдаа олон хүндрэлийг бий болгож байна. Тодруулбал, мянгат малчид энд олон байна л даа. Гэвч бүл цөөнтэй айлд тэр их малыг маллах хүн хүч дутдаг. Хөдөө орон нутагт чанартай их сургууль байхгүй байгаагаас хүүхдүүд нь хот орж сурч, ажиллаж, тэндээ амьдрахаар шийддэг зэргээс дэлхийд цорын ганц үлдсэн өвөрмөц соёл иргүншил болох Нүүдлийн соёлыг маань үргэлжлүүлэх залгамж халаа хомсдож байна. Тиймээс би малчдынхаа амьдралыг сайжруулах тал дээр олон ажлууд төлөвлөж байгаа. Хуучны уламжлалуудыг сэргээх, мартагдаж байгаа арга тeхнологиудаа өвлөн авч үлдэх, хөдөлмөрөө хоршин залуусдаа хөгжих боломжийг нь гаргаж өгөх цаашлаад их сургууль байгуулах, хотоос дутахааргүй амьдралын нөхцлийг бий болгохын төлөө бодож, төлөвлөж байгаа олон ажлууд байгаа.
- Малчид чанарт биш тоонд илүү анхаарч байна гэлээ. Энэ тал дээр яг ямар байдлаар анхаарч ажиллах хэрэгтэй юм бэ?
Сайхан асуулт байна. Жишиж хэлвэл жижиг компаниуд нийлж групп, корпораци байгуулдаг шиг хуучныхаа уламжлалаа сэргээнэ. Сорхөхтани бэхи хатнаас уламжилж ирсэн номуудыг судлаад байхад тэр үед отог, айл бүл болж амьдарч байж л дээ. Отог нь ойролцоогоор 10000 иргүнтэй том бүл байж. 8-10 отог нийлэн айл бүлийг үүсгэж байсан юм байна. Үүний давуу тал нь хөдөлмөрийн хуваарилалт сайжирч, хүн бүр өөрийн хүссэн салбартаа мэргэших боломжийг олгодог байсан байна. Энэ үeд нүүдлийн иргүншил маань хөгжлийн алтан үeдээ хүрч, цогц утгаараа хөгжиж байжээ. Үүнийг л энэ асуудлыг шийдэх гарц гэж харж байгаа. Үлгэрийн мэт сонсогдож болох ч эхнээсээ залуучууд маань ирж ажиллаж амьдарч үзэхээр болж байгаа. Хавраас дахин хоёр залуу ирэхээр яригдаж байгаа.
- Сайхан мэдээ байна. Гомбо-Очир малчны тухай юу хэлэх вэ. Их зүйл зааж өгч байна уу?
Гомбо-Очир гуайн хувьд гэвэл малаа цаг уурт нь дасгаж малладаг хүн л дээ. Бусад малчид хашаагаа саравчтай барьж байхад эднийх саравчгүй өвөлжиж байх жишээтэй. Мөн аль болох задгай хонуулахыг зөвлөдөг. Өглөө болгон цаг агаар, нөхцөл байдлыг лавлаж асуун, зааж зөвлөдөг.
- Өмнө нь мал маллаж байгаагүй болохоор ялангуяа өвлийн цаг их хүнд бэрхшээлтэй байсан байх. Мал сүрэг нь өвөлд мэнд оров уу. Юу хамгийн хэцүү санагдаж байсан бэ?
Миний хувьд өвлийн нэгдүгээр сард хувийн шалтгаанаар хотод байсан. Надтай хамт байсан Тэнгис гээд залуу маань адуучин ахтай хамт давж гарсан. Өвөл цасан шуурга л хэцүү юм билээ. Бусдаар бол давгүй дээ.
- Гомбо-Очир гуайнх хэр малтай айл вэ. Туслах малчин залуусыг ерөнхийдөө бүл дутмаг, их малтай айлууд руу явуулаад байгаа гэж ойлгоод байгаа л даа?
Гомбо-Очир гуайнх таван азарга адуу, 50 гаран үхэр, 1500 богтой.
- Нэлээн их малтай айл байна шүү. Анх яаж тэнд очсон тухайгаа сонирхуулаач?
Тэнгис бид хоёр “Пийс тауэр” дахь “Алтан гар” хөдөлмөрийн биржийн зуучлалаар гурван талт гэрээ хийж энд ирсэн. Тус бирж руу гэрээт малчин авах хүсэлтэй малчид хандаж, мөн ажиллах хүсэлтэй хүмүүсийг хооронд нь холбож өгдөг юм. Гэрээний талаар сонирхуулахад хоол, гэрээр ханган өрхийн 500 мянган төгрөгийн цалинтайгаар жилийн гэрээ байгуулсан.
- Өрхийн 500 гэдэг нь ?
Эхнэр, нөхөр нийлээд 500 гэсэн үг. Дундаж ханш нь тийм байдаг юм билээ. Бага сонсогдож байгаа ч мөнгөний шаардлага гарахгүй учир хуримтлагдаад л байна гэсэн үг. Хамгийн гол зүйлийг нь хэлэхээ мартчихаж. Жилийн эцэст ажлыг маань дүгнэн малжуулна. Eр нь залуу малчдадаа мал тасалж өгч малжуулдаг юм байлээ, сайхан шүү.
- Мал дагавал ам тосдоно гэдэг дээ. Та их ном уншдаг бололтой. Дийлэнхдээ ямар төрлийн ном уншиж байгаа вэ?
2013 оноос хойш Сорхөхтай хатны дөрвөн номыг уншиж судалж байгаа. Миний ширээний ном л доо. Мөн Ц.Нацагдорж гуайн эмхэтгэсэн “Чингис хааны сургаал”, “Зарлигийн товчоон” хэмээх хоёр боть номыг уншиж байгаа. Бас мал маллах арга ажиллагааны талаар гарын авлагуудыг уншиж байна даа.
- Яагаад монгол ёс заншил, уламжлалт арга ухааны талаар илүү их сонирхох болсон юм бэ. Бидний үеийн залуус техник технологи, хууль, эдийн засагт илүү сонирхолтой байх шиг санагддаг?
Бидний Монгол улс өөрсдийн агуу соёл, түүхтэй, гавьяатай. Одоо үeд дэлхий даяаршиж сайхан соёлууд устаж үгүй болж байна. Гэтэл Азийн хөгжингүй орнууд болох Хятад, Япон, Солонгос одоо нэмэгдээд Казакстан улс хөгжихийн хажуугаар өөрсдийн соёлоор дэлхийд гайхуулж сурталчилж байна. Бид эдгээр орноос дутахааргүй соёл уламжлалтай улс шүү дээ.
- Тодруулбал?
Хотын залуус eвроп хувцас, ухаалаг утас, ганган машин уналаа гэхэд гадныхан хараад хятад уу, солонгос уу гэж ялгахгүй шүү дээ. Харин та монгол хувцас, өв уламжлал, түүхээ хэрхэн мэддэг, дээдэлдгээрээ дэлхийд хүндлэгдэнэ. Анзаарсан бол гадаадад олон жил ажиллаж амьдарсан хүмүүс энэ ондоошлынхоо үнэ цэнийг илүү ойлгосон байдаг даа. Үүний нэг жишээ бол Амай.
- Өөр шиг тань бодолтой залуучууд хэр олон байгаа бол. Сүүлийн үед залуус их шүүмжлүүлэх болсон л доо?
Олон гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээгээр байгаа гэж бодож байна. Биe биeнээ олж нэгдэх хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй адилхан бодолтой залуус байвал жинхэнэ ахуй дээрээ ирээд нэг хоног магадгүй чадвал долоо хоног ч болсон үзэх хэрэгтэй. Хүрэлцэн ирвэл дуртайяа угтан авах болно.
- Монгол залуус нэгдээд юу хийж чадна гэж боддог вэ. Яагаад ч юм эртний сайхан монгол хүний зочломтгой зан байхгүй болсон, жинхэнэ ёс уламжлалаа хадгалсан малчид гэж ховор болсон гээд хүмүүс их шүүмжилдэг л дээ. Хөдөөний малчин айлын амьдрал өглөө хэрхэн эхэлж, шөнийг угтдаг талаар сонирхуулбал?
Монгол хүний зочломтгой зан байлгүй яах вэ. Жинхэнэ ёс уламжлалаа өвлүүлэх залгамж тасарч байгаагаас тэд маань мартагдаж байна гэж хэлэх байна. Монгол залуус нэгдээд уулыг эргүүлж, усыг илч болгох чадалтай гэдэгт би итгэдэг.
Нэг өдрийнхөө талаар сонирхуулъя л даа. Өглөө зургаан цагт босоод радиогоор цаг агаарын мэдээгээ сонсоод босно. Галаа түлээд, цайгаа чанаж, хоолоо хийж иднэ. Тэгээд гэртээ үлдэх нь хотон дахь үхрийн баасаа цэвэрлэнэ. Цасаа авч усаа хайлуулна. Мод, аргалаа түүнэ. Хонь ямаагаа хариулах нь хоолоо сайн идээд, дулаан хувцаслаад, морио унаад хонио дагаад гарна даа. Хонио хариулж байгаа нь номоо аваад бэлчээр дээр уншиж болно. Хүйтэн үeдээ би утасныхаа хөгжмийг сонсоод явдаг юм. Гэртээ үлдэж байгаа нь оройн хоолоо хийнэ. Мөн талх барьж, боорцог хайрдаг. Интернэтээс гоё хоолны жороор амттай хоол хийж, хоол хийх чадвараа сайжруулах боломжтой
- Бага байхаасаа хотод байсан болохоор их хотын амьдралд нэлээд дассан байсан байх. Гэнэт хөдөө очиж мал маллаад, огт танихгүй хүмүүстэйгээ нөхөрлөж, хамт ажиллаж, амьдарна гэдэг нэг талаараа их сонирхолтой юм. Энэ цаг хугацаанд таны үзэл бодол, дотоод хүнд хэр өөрчлөлт орсон бол. Хамгийн их ойлгож, мэдэрч байгаа зүйл тань юу вэ?
Хотын амьдралд дасна гэхээсээ илүү салсандаа баяртай байдаг. Сонирхолтой. Гэхдээ нэг гэрт байгаа учраас амархан нэгнээ ойлгож танилцаж нөхөрлөнө дөө. Ойлгож ухаарсан зүйл гэвэл хүн болгон өөрийн давуу болон сул талуудтай. Үүнээс сайн талыг нь олж харан аливаа харилцаанд хүлээцтэй хандах хэрэгтэй гэдгийг ойлгосон доо.
- Удахгүй буцна. Тэгэхээр буцаж ирэх сонирхолгүй байгаа байх нь ээ. Хань болох бүсгүйтэйгээ танилцвал хөдөө амьдрах уу?
Миний хувьд эндээ амьдралыг цогцлоох зорилготой байгаа. Хань болох бүсгүйтэйгээ танилцвал эндээ амьдарна аа. Эндээ гэж монголын нутаг уудам, нүүж суун, газар орон үзэж, олон сайхан малчидтай танилцаж тэднээсээ эрдэм мэдлэгийг нь өвлөн авч үр хүүхэд болон дараа үeдээ өвлүүлнэ гэж боддог.
- Яг одоо их хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа залуучууддаа хандаж юу хэлэх вэ?
Мал төллөх үeэр залуучууд ирж туславал хэрэгтэй л байна. Тэр өхөөрдөм амьтдыг нэг өлгийдөөд авсан байхад нандин холбоотой болдог юм шиг байна лээ. Ямар ч байсан эргэж тойроод холбоотой байх байх аа. Саяхан манайд нэг үнээ тугалсан. Магнай дээрээ буржгар үстэй, сормуус нь тормолзоод хэчнээн хөөрхөн гээч. Хүмүүс аз жаргалыг мөнгөнөөс, харийн орноос хайгаад байна. Гэтэл айлаас эрэхээр авдараа уудал гэдэг шиг тэрхүү аз жаргал, амар амгалан чинь бидний монгол амьдралд л байна шүү дээ гэж хэлмээр байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Б.Баргужин