Хүчилтөрөгч тээвэрлэгч олон машинтай байя гэвэл
12 жил, 9 сар өмнө

Нэг лекцэн дээр “Намайг цус багадалттай гэсэн. Цус хийлгэе гэж бодож байгаа. Хаана хандвал дээр вэ?” гэж надаас асууж билээ. Цус багадалт гэхээр цусны нь хэмжээ бага болчихсон гэж ойлгосон хэрэг. Машины радиаторт ус дундрахад нь нэмээд хийчихдэг шиг л сэтгэх хүн өөр зөндөө олон гээд мөрийцсөн ч болно. Би ч өөрөө зургаахан жилийн өмнө иймэрхүү байснаа одоо бодоход ичмээр байдаг.

Гэтэл цус багадна гэдэг нь цусны бүтэц хэвийн байхаа больсон гэсэн үг юм байна. Цус багадалтын хэд хэдэн хэлбэр байдаг бөгөөд энэ удаа төмөр дутлаас хамааралтайг нь авч үзье.

Биед төмөр бага болоход улаан бөөмийн тоо цөөрдөг. Ингэснээр эдүүдэд хүчилтөрөгч хүргэх цусны чадвар муудна. Цонхийж цайгаад, бие сульдан амархан ядардаг болсон бол төмөр дутлын цус багадалт үүссэн байж магадгүй.

Төмөр дутлын цус багадалт аажим явцтай тул эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг мэдэгдэхгүй. Цус багадалт хүчтэй илэрсэн үед л хүмүүс эмчид ханддаг. Ийм өвчтөн амархан ядарч, бие сульддаг, залхуу хүрдэг, уцаартай, толгой нь өвддөг, анхаарал төвлөрөлт муудсан, царай цонхийсон, байнга даардаг, ачааллын үед амьсгаа давчиддаг, халдвар амархан авдаг, судасны цохилт түргэссэн гэх зэрэг зовиур хэлдэг.

Ийм эмгэгээс сэргийлэх, түүнээс салахын тулд цусны тухай төсөөлөлтэй байх хэрэг гарна.

Цус бол зүгээр л нэг улаан шингэн биш. Цус нь сийвэн хэмээх шингэн бодис дотор орших эсүүдээс тогтсон нарийн бүтэцтэй холимог юм. Цусны найрлагын 55% нь цагаан шаргал өнгөтэй сийвэн бөгөөд үлдэх 45%-ийг цусны улаан, цагаан бөөмүүд эзэлнэ.

Цусны эсүүд дотор хамгийн олон нь улаан бөөм учир цус улаан өнгөтэй. Цусанд 25 гаруй триллион улаан бөөм байдаг. Тэдгээрийг чөмөг секунд тутамд 3 саяыг боловсруулна. Улаан бөөм дөрвөн сар орчим амьдарна. Тэдний тусламжтайгаар цус өөрийн гол үүрэг болох- уушигнаас хүчилтөрөгч авч бүх эсүүдэд хүргэх ажлаа гүйцэтгэнэ. Хүчилтөрөгч дутвал ямар ч эс ажлаа хийж чадахгүй болно. Эс ажилгүй болоход эзэн өнгөрөх нь мэдээж. Буцахдаа улаан бөөм нүүрсхүчлийн хийг эсүүдээс зайлуулна.

Насанд хүрсэн эмэгтэй хүний биед 4-5л,эрэгтэй хүний биед 5-6л цус эргэлдэж байдаг.

Цусны улаан бөөм нь дундаа хонхортой зээрэнцэг хэлбэртэй бөгөөд цөм байхгүй. Улаан бөөмийг гемоглобин хэмээх төмөр агуулсан улбар шар бодис дүүргэдэг. Гемоглобин нь уушигнаас хүчилтөрөгчийг шингээж аваад эд эсүүдэд хүргэж өгнө.

Чөмөг, дэлүү, тунгалагийн булчирхайнуудыг цус төлжүүлэх эрхтнүүд гэнэ. Хавтгай яснууд болон хөндий ясны булуунд байдаг улаан чөмөг, түүнчлэн шар тосон чөмөг, дэлүүнд улаан бөөм боловсорно.

Яагаад төмөр дутлын цус багадалт үүсдэг вэ?

1.Хоолонд нь төмөр хэтэрхий бага байх /төмөр агуулсан хүнс бараг иддэггүй/

2.Хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед

3.Төмрийн шимэгдэлт муудсан /байнга гүйлгэх,ходоодны хагалгаа, буруу хооллолт, зарим эм бэлдмэл хэрэглэх үед г.м./

4.Цус алдалт /сарын тэмдэг их ирэх, ходоод гэдэсний шарх, аспирин  зэрэг эм хэрэглэх үеийн ходоодны цус алдалт, гэмтлийн үед г.м./

5.Жирэмсэн эмэгтэйд

Төмөр дутлын цус багадалтаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн мал, загасны мах, элэг, гүзээ, сархинаг, цус, өндөг, бүтэн үр тариа, хивэг, үр хөврөл, шар будаа, хушга, фундук зэрэг самар, шош, вандуй, үзэм, чавга, бууцай, халгай гэх мэт төмрийн агууламж өндөртэй хүнсийг С амин дэм ихтэй хүнстэй хамт идэх хэрэгтэй.

Түүнчлэн хоёр хүртэл насны хүүхдэд төмрөөр баяжуулсан хоол өгвөл сайн.

Жирэмсэн эмэгтэй эмчийнхээ зөвлөсөн төмрийн бэлдмэл хэрэглэх нь төмөр дутлын цус багадалтаас хамгаална.

Нойр булчирхайн фермент агуулсан бэлдмэл болон Е амин дэм төмрийн шимэгдэлтэд сөргөөр нөлөөлдөг тул та тэдгээрийг хэрэглэх шаардлагатай болсон бол төмрийн ямар бэлдмэл хамт хэрэглэхийг эмчээсээ асуугаарай.

Аспирин мэт зарим эм удаан уухад ходоодны цус алдалт болзошгүй тул тэдгээрийг хоолон дээрээ буюу сүүтэй хамт уухыг зөвлөдөг.

Олон хүнсэнд төмөр их хэмжээгээр агуулагддагч хүний махбодод ялихгүй хэсэг нь л үлдэж чаддаг. Бүтэн будаа, үр тариа, ногоонд байгаа төмөр махны төмрийг бодвол муу шимэгдэнэ. Харин тэдгээрийг хамт идвэл төмрийн шимэгдэлт сайжирдаг байна. Түүнчлэн С амин дэм төмрийн шимэгдэлтэд тустай байдаг тул төмөр ихтэй хүнсийг апельсин, лимон зэрэг бэрсүүт жимс, помидор, хальстай төмстэй хамт идвэл сайн гэж зөвлөдөг.

Гэхдээ ингэж хооллоод араас нь цай, кофе уучихвал төмөр авах ажил бүтэл муутай болно. Сүү мөн төмрийн шимэгдэлтэд саад болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Цайгаа, ялангуяа сүүтэй цайг хооллохоос дор хаяж 30 минутын өмнө эсвэл махтай хоолноос 2 цагийн дараа уух нь зөв юм байна.

Хоол идэж байхдаа цай уух ашиггүй гэж хэлэхэд шууд л “өө тийм юмуу, энэ зуршлаа засах хэрэгтэй юм байна” гэх цайсаг монгол хүн бараг байдаггүй. Гэхдээ нарийн учрыг нь ойлгочихвол чадахгүй цайсаг хүн бас байдаггүй. Үүнийг би баталгаатай хэлнэ. Учир нь цус багадалтаас үүсэх үр дүн тийм ч хүсмээр биш.

Төмрийн шимэгдэлтэд зэс шийдвэрлэх үүрэгтэйг эрт дээр үеэс монголчууд мэддэг байсан бөгөөд сүү цагаан идээнд зэс байхгүй, зэс агуулсан хүнс бараг иддэггүй учир гал тогоондоо зэс сав суулга хэрэглэснээр цусаа төлжүүлэх чухал асуудлыг хүндрэлгүйгээр шийдэж чаддаг байжээ.

Хоол иднэ гэдэг нь зугаа цэнгэл биш гэдгийг ойлгосон хүн юуг яагаад идэж байгаагаа сайн мэддэг.

Үхрийн гүзээ буюу сархинагийг зөв боловсруулан жигнээд, хонины сүүл, тараг,  ногоон сонгино, халгай, жан, карри, ногоон сонгиноор амталж, шар будаа, помидороор хачирлан үдэд идвэл төмөр дутлын цус багадалтаас сэргийлэх, түүнээс салахад туслах нэг хувилбар болно. Ясны тунгалаг шөл цус төлжүүлэхэд тустай.