ХҮННҮ
19 жил өмнө

Орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатарын ярилцлагаас ишлэв.

"Хоёр Сыма гэдгийн нэг нь Хань улсын нэрт түүхч, хятадын түүх бичлэгийн эцэг гэгддэг тайган түшмэл Сыма Цянь, нөгөө нь Сүн улсын чансан Сыма Гуан нар юм. «Түүхэн шастирт» Хүннү гүрэн болоод түүнээс өмнөх гурван мянган жилд амьдарч байсан манай өвөг дээдсийн түүх оог цоог тэмдэглэгдэн үлдсэн байдгаараа сонин. Харин «Засагт туслах нэвтэрхий толь» түүхэн сурвалжид мөн л монгол угсаатны түүхэнд холбогдох мянга гаруй жилийн үйл явдлыг олон арваар нь бичиглэн үлдээсэн байдаг. Тэр хоёрыг гаргачихвал монголын түүхийн ерөнхий төлөв төрх үнэн мөнөөрөө тодрон гараад ирчихнэ"

«Дэлхийн түүх Монголоос эхтэй» Гегель

Бид нар дэлхий дахины түүх гээд үндсэндээ европын түүх, газар дундын тэнгисийн түүхийг л үзээд байдаг. Сайндаа л Атиллагийн Хүннү нар Дунай мөрний сав газрыг эзлэж байсныг цухасхан мэдээд хоцордог биз дээ? Гэтэл яг тэр түүхэн цаг үед Хүннүчүүд үнэндээ Баруун Зүүн ромын эзэнт гүрнийг эрхшээлдээ байлгаж хүнд алба гувчуураар эдийн засаг ард түмнийг нь туйлдуулсаны хүчинд эцэс сүүлдээ задралд автаад европын ширэнгэн ойд амьдарч байсан бүдүүлэг аймгууд тийшээ халдан дайрч эзлэсэн нь түүхэн үнэн юм. Хүннүчүүд иргэншлийн зам дээр хөөж гаргаад Англо-Саксончуудын өвөг дээдэс болох бүдүүлэг аймгууд Хүннүчүүдийн хүчирхэг дайралтаас айсандаа Британийн арлын зүг амь зулбан зугатсан. Хүннүчүүдийн ачаар хүн төрөлхтөнгийн түүхэнд 1800 жилийн турш үргэлжилсэн мэсчин боолын тулаан гэдэг бурангуй үзэгдэл цэглэгдэж, хэдэн арваараа олзлогдон ирээд Коллизейн голд арслан барсад бариулан үхдэг байсан Христийн шашинтангууд сэхээ аван толгой өндийлгөх болсон. Мөн тэр үед Сяньби угсааны овог аймгууд умард хятадыг тэр чигт нь эзлээд зогсохгүй арабын хойг, умард энэтхэгийг Яндачууд нэрээр хоёр зуу гаруй жил эзлэж байсан. Өөрөөр хэлбэл эртний дөрвөн том соёл иргэншил монгол угсаатан нүүдэлчдийн эрхшээлд автаад байсан хэрэг. Гэтэл үүнийг цэгцтэй судлаад гаргаад ирсэн хүн алга байна гэдгийг л суут Гегель хэлсэн байж таарна. «Бид өөрсдийгөө дэлхийн төв мэт эндүүрээд байдаг. Үнэндээ европын түүх гэдэг бол азийн зүгээс нөмөрсөн аюул гамшгийг сөрөн тэмцсэн түүх юм шүү дээ» гэж Английн судлаач Макиндер гэдэг хүн хэлсэн нь их ортой үг юм. Хүннүчүүдийн дараа Жужан гаралтай Аваарчууд европыг баахан бужигнуулсан. Болгарчууд анх монгол угсаатан нүүдэлчид байснаа хожим Балканы хойг дээр очиж суурьшсан.

Оросын томчууд Монгол овогтойг олж мэдлээ. Бухарин, Булгаков, Мичурин, Шермейтев, Тургенев, Ахматов... зэрэн бараг 20 орчим овог бий. Эдгээр түүхийн цагаан толбыг тодруулж дэлхий дахины түүхийн судалгаанд зохих ёсны байр суурин дээр нь тавьж өгөх цаг болжээ. Тэгэхийн тулд мэдээжийн хэрэг монголын түүхийг шинэ өндөрлөгөөс, өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий, ул суурьтай судлах явдал чухал байна. Суут Гегель «Монголын түүх» гэдэг өргөн ойлголтдоо Хүннүгээс Оросын эзэнт гүрний тэлэлт хүртэлх үеийг хамруулсан байдаг.

С.Мөөмөө багш номондоо “Болгарын нэг эрдэмтэн эрт дээр үед монголчуудын арван хоёр жилийн ухагдхуун манай Болгарт мөн байсан юм шүү дээ хэмээн хэлж байсан” тухай гарч байна лээ. Эртний Ром жаал шагайгаар наадаж байгаа баримал байдаг. Сэргэн мандалтын үед дүрслэгдсэн Христийн нөмрөгний өргөн эмжээр дээр сайн ажиглавал Пагва ламын дөрвөлжин үсэг бүхий хээ хуарыг дүрслэсэн зураг өнөө хэрд Италийн нэг жижиг хотод хадгалагдаж байгаа тухай би гадаадын сонин дээр уншиж байсан. Намайг бага залуу байхад хятадын хэвлэл дээр “Арван хоёр жилийн тухай ухагдхуун Хүннүгээс гаралтай” гээд бичдэг байсан бол одоо тэр тухай бичих нь бараг хориотой шахам болчихсон. Хэрвээ арван хоёр жил Хүннүгээс гаралтай гэж үзвэл цаг тооны бичиг ч гэсэн мөн тэдэнд хамаатай болно оо доо? Гэтэл манай учир мэдэхгүй хүмүүс Хятадын тоолол, Төвдийн тоолол гэж учир утгагүй маргалдсаар цагаан сараа ч зөв зүйтэй тэмдэглэж чадахаа байгаад удаж байна. Уг нь иймэрхүү түүхэн сурвалжуудыг түлхүү гаргаж тавиад байвал дээрх мэт асуудлууд нэг мөр болон жигдрэх боломжтой. Даанч тэгж чадахгүй байгаагийн харгайгаар тэр сайхан түүхэн уламжлал мартагдахад хүрэх гэмтэй юм. Хятадууд эртний Жао улсын үед Хүннүгээс дээл бүс, нум сум, морь унах зэрэг эрдмийг зээлдэн авсан тухай дээр өгүүлсэн «Түүхэн шастир» зохиолд тодорхой бичсэн байдаг. Энэ утгаар нь яривал дэлхийн гоёл ч хэмээн нэрлэхэд ахадахааргүй сайхан хувцас маань аргагүй л унаган монгол соёлын маань охь дээж болох нь ойлгогддог.

Лү Сюнь бол хятадуудын сэтгэл зүрхэнд манай Д.Нацагдоржтой зүйрлэхүйц том зохиолч. Тэр хүн анх «А Кюгийн үнэн түүх» зэрэг бүтээлээрээ хятад хүний сул дорой чанарыг хайр найргүй шүүмжилсэн байдаг. “Би анх Чингис хааныг манай хятад хүн юм байх гэж нэлээд удаан төөрөгдөж явсан. Манай албан ёсны түүх бичлэг ч биднийг тэгж л төөрөгдүүлсээр ирсэн шүү дээ. Гэтэл хожим мэдэх нь ээ, Чингис бол харь үндэстний хаан, тухайн үед манай хятадууд өөрсдөө «Мөхсөн төрийн боол» төдийхөн амьтас байсан ажээ.” гэж Лү Сюнь зохиолч бичсэн байдаг. «Муухай хятад хүн» зохиолыг 1984 онд Тайваний зохиолч Бо Ян гэдэг хүн бичсэн нь хятад даяар маш их шуугиан тарьсан бүтээл байгаа юм. «Муухай хятад хүн» зохиолд “Монгол бол их гайхалтай үндэстэн шүү. Хятадыг байлдан эзлэсний дараа хятадын уламжлалт соёлыг авахаас шийдэмгий татгалзжээ. Өөрөөр хэлбэл ерэн жилийн өмнө ямар л соёлтой хятад нутагт ирсэн, яг тэр байдлаа хадгалсаар ерэн жилийн дараа хятадаас гарч явсан байдаг.” гэж ихэд бахдангуй өнгөөр бичсэн байх буюу “Монголын эзэнт гүрний ноёрхогчид л манай хятадын хүн амыг дөрвөн зэрэг арван дэсэд хуваахдаа өмнө зүгийн хүн, янхан эм хоёрыг хамгийн адагт нь оруулж байсан түүхтэй” гэх мэтийн сонирхолтой мэдээллүүдийг унших боломжтой. Хубилай хааны захирч байсан Тулгар төрийн үед эзэнт гүрний олон үндэстэнг дөрвөн зэрэгт хувааж байсны тэргүүнд мэдээжийн хэрэг Монгол хүн орно. Удаад нь өнгөт нүдтэн буюу Дундад ази зэрэг бусад гадаадынхан, гуравдугаарт Хөх мөрнөөс хойгуур нутаглах хятадууд, дөрөвдүгээрт Хөх мөрнөөс өмнө зүгт нутаглах хятадуудыг хамруулдаг байжээ. Харин нийт хүн амыг ажил мэргэжлээр нь арван дэсэд хувааж байсны эхэнд сайд, хоёрт түшмэд, гуравт Буддын шашны лам, дөрөвт Бомбын ёсны хувраг, тавд оточ маарамба, зургаад гар урчууд, долоод дээрэмчин, наймд янхан эм, есөд Күнзийн суртхаалтан, аравт гуйлгачин нар тус тус ордог байсныг хэлж байна.

Тэрчлэн Гонконгийн хамгийн алдартай зохиолч Жинь Юн гэдэг хүн монголчууд зэвсгийн эрдмээр гаргууд байсанд л тэдний хүч чадлын нууц оршиж таарна гэдэг утгаар эрэлхийлэл хийгээд ушугийн 12 том туульсийн роман бичсэний дийлэнхид нь монголчууд, Чингис хаан, Сяньби нар хятадын зэвсгийн эрдмийн мастеруудтай хэрхин тулалдаж байсныг уран чадварлаг дүрслэсэн байдаг.

«Гурван улсын үлгэр», «Сүньзийн цэргийн ном» зэрэг гайхамшигтай оюуны бүтээлийг туурвиж, Күнз, Лаозы, Жан Зы Я, Жүгө Лян зэрэг Богд мэргэдийг төрүүлэн гаргасан хятад хэмээх том үндэстэнг олон үеийн турш эрхшээн захирч чадаад байсан «Монгол ухаан» гэгч чухам ямар ухагдхуун байсныг судлаж тогтоож чадвал улс орноо засаж залахад бэрхгүй байж таарна. Хүннүгийн үед ердөө дээд тал нь арван хоригдолтой хамгийн урт хорих ял арван хоног л байсан гэдэг. Монголчууд маань эртнээс нааш нугарахаас бус хугарч үзээгүй тэнгэрлиг заяатай ард түмэн болохоор тун удахгүй өөдлөн дэвжинэ гэдэгт эргэлзэх хэрэг юусан билээ.