ХҮНИЙ НЭРИЙГ БҮТЭН ХУГАЛСАН ХҮН, ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ХАГАС ХУГАЛДАГ ЮМ ШҮҮ!
12 жил, 10 сар өмнө

ХҮНИЙ НЭРИЙГ БҮТЭН ХУГАЛСАН ХҮН, ӨӨРИЙНХӨӨ НЭРИЙГ ХАГАС ХУГАЛДАГ ЮМ ШҮҮ!
/ Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж/

Оюутан байхад харьцааны хичээл зааж байсан нэг багш бидэнд хаана ч явсан өөрийнхөө нэрийг овогтойгоо хамт чанга, тод хэлж байгаарай! гэж билээ. Тэр үед энэ үгийн жинхэнэ ид шидийг тэгтлээ их анзаараагүй юм даг.
Хожим нь нэг олны цуглаан дээр өөрийгөө танилцуулахдаа “Намайг Болдын Болормаа гэдэг” гэж хэлэхэд үнэхээр сайхан санагдсан. Тэр үед аавынхаа нэрийг өөрийнхөө нэртэй хамт хэлэхэд бяцхан бардамнал, бас сэтгэлд итгэл дүүрээд л ирэх шиг болсон. Энэ мөчид л багшийн хэлсэн үг ухааны орой руу орсон доо…

“Эцгийнхээ нэрийг сэвтээсэн золиг!” гэж нутгийн нэгэн буурлаа ярьж байсныг санаж байна. Хүүгээ буруу явахад өөрөө хэрэг тарьчихсан юм шиг аавын сэтгэл энэлдэг гэдгийг тэгэхэд л анзаарч билээ. Тэр үед анзаарсан энэ зүйлээ тэгсхийгээд мартчихсан байсан.

Харин хэзээ хойно аавыгаа халаглуулж байгаа танил залууг хараад бодол жихүүцсэн. Тэрхэн мөчид зэмлэж хэлсэн буурлын үгийг ухааны сүвэгчээрээ сүвлэн сүвлэн саналаа. Энэ хоромд л эцгийнхээ нэрийг өндөрт өргөхөд хүний нэр сэвгүй явахын учиртайг ойлгосон доо…

“Тэр дандаа худлаа ярьдаг” гэж найзынхаа цөхрөлийн үгийг зөндөө сонсч байлаа. Хүний итгэлийг олон алдвал алдаагаа засах амаргүйг энэхэн үед мэдэрч билээ. Харин энэ мэдрэмжээ өнөө хэр нь мартаагүй явна.

Яагаад гэвэл бусдын итгэлийг алдах хичнээн дэмийг мэдэх болохоор л тэр! Өнөөдөр хэн нэгнийг хуурч, нэрээр нь түрий барьж өмнөөс нь ярих амархан боловч эргээд энэ үгэндээ ороогдох тийм хүсмээр зүйл биш. Иймээс л хүний итгэлийг бүрмөсөн алдсан хүн өөрийнхөө нэрийг гутлын уланд гишгүүлсэнтэй адил хөсөрдүүлдэг санж. Тэгээд ч нэр хугарахаар яс хугар гэдэг дээ.

Үдэш салхилж явахад жихүүн болсон хорвоо намрын сэрүүн болсныг илтгэн, тэнгэр бараалсан үүлс бороошиж нэг нүүнэ.

Нэрээ хичээж яваарай! гэх Өвөөгийн жинтэй үг зүрхэн цохилоонд санагдаж, нээрээ би чинь “сайн” охин шүү! гэж өөртөө хэлмээр л…

Сайн аавынхаа чихийг халууцуулахгүй явахыг хичээж, Сайхан ээжийнхээ сэтгэлийг сэвтээхгүй амьдрахыг зорьж, Саруул хүмүүний итгэлийг алдахгүй юм шүү гэж санаж, Санааг минь зөөллөдөг нэрээ дандаа чангаар хэлдэг би.

Залуус аа! Хүмүн гэх төрийг хүндэтгэж яваарай, Бусдаас чамайг л гэж онцлох өөрийнхөө нэрийг хайрлаж яваарай!