Хүний гадаад төрхөөр хэрхэн шинжих вэ
12 жил, 10 сар өмнө

Ам

Амны том жижгээс мөн хүний авхаалж самбаа, зориг тэвчээр шалтгаалдаг. Арчаагүй, дорой, үлбэгэр хүмүүс жижигхэн амтай байдаг. Өөрийн мөн чанараа нууж явдаг “дугтуйтай хүнийг” жимийсэн амаар нь таньж болно. Зөв хэлбэртэй, дунд зэргийн хэмжээний уруултай хүнтэй нөхөрлөвөл та түүний зүгээс шудрага бус үйлдэлтэй учрахгүй. Бүтэлгүй дурлалууд эмэгтэй хүний дээд уруул дээр үрчлээс үүсгэдэг. Түүнчлэн нөхөртөө хууртаж явсан эмэгтэйн уруул дээр ийм зураас гардаг. Хөгжилтэй хөнгөн хүний уруулын өнцөг өргөгдсөн байдаг. Гэхдээ тэд муу эцэг эх, тааруухан эхнэр нөхөр юм. Харин доош унжсан мэт уруултай хүн хэдийгээр бусдыг өрөвдөх, бусдад өрөвдүүлэх дуртай ч гэсэн гэр бүлийн тогтвортой гишүүн болдог. Зузаан, хэлбэр дүрсгүй уруултай хүмүүс голдуу ховдог, шунахай, залхуу, юу ч хийх чадваргүй байдаг. Өрөвдөх сэтгэлгүй хүнийг даравгар дээд уруулаар нь мэдэж болдог. Гэмт хэрэгтнүүд дунд ийм уруултан олон. Бэлгийн сулрал, хөрөлттэй хүнийг жимийсэн доод уруул нь илчилж өгнө. Дээд уруул нь доод уруулаасаа илүү гарсан бол шийдэмгий бус хүний шинж. Эсрэгээрээ байвал таны өмнө жинхэнэ хувиа хичээгч зогсож байна гэдгийг мэдтүгэй!

Одоо хүн яаж инээж байгааг ажиглая. Амаа таглаж инээдэг хүн ичимтгий, биеэ хэт хянаж өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг. Ичимтгий, хөнгөн хүн толгойгоо гэдийлгэж инээнэ. Мөрөөдөмтгий хүмүүс инээхдээ толгойгоо гараараа түшдэг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн чанга чанга инээдэг. Хэрэв инээхэд хамар нь үрчийдэг бол хаврын тэнгэр шиг хувирамтгай хүн гэж ойлгохолд ташаарахгүй.

 

Чих

Чихний дээд ирмэг хөмсөгнөөсөө илүү гарч байвал маш байн сэтгэхүйтэй гэсэн үг. Хэрэв хөмсөгтэйгөө нэг түвшинд байвал сэтгэхүй дунд зэрэг байгааг илтгэнэ. Харин доор байвал тэнэг хүний “гэрчилгээ” юм. Том босоо эсвэл дэлдэн чих хөгжмийн авъяастайг илэрхийлдэг. Бас шар үстэй бол ирээдүйн “Моцарт” байж магадгүй. Жижигхэн, зузаан чихтэй хүнд хөгжмийн авъяас байдаггүй. Мөн ийм чихтэй хүн худалч хуурмаг, өшөө хонзон өвөрлөдөг. Ер нь зузаан чихтэй хүн бүдүүлэг, хязгаарлагдмал оюунтай байдгийг анхаарахтун. Чонон чихтэй /дээд талаараа шовх/ хүн голдуу харгис хэрцгий авир гаргадаг. Чихний гэдэс их учиртай. Гэдэс багатай чихтнүүд бусдаасаа эелдэг, боловсон зан харьцаагаараа ялгардаг. Гэхдээ шаардлагатай үед тэд ган шиг хатуу, төмөр шиг бөх байдаг. Чихний гэдэс уртсах тусам хүн удаан амьдардаг. Тийм хүмүүсийг дорно дахины оронд эрдэмтэн мэргэд гэж хүндэлдэг. Чихний хэвийн өнгө бол ягаан . Чих шар юмуу хөх туяатай бол өвчин эмгэгийн шинж тэмдэг. Чих хичнээн хатуу байна эрүүл мэнд төчнөөн сайн байна.

 

Эрүү

Хатуужил тэвчээртэй хүмүүс том эрүүтэй байдаг. Тиймээс ч тэд бусадтай зовлон зүдгүүрээ хуваалцах дургүй. Хэрэв том эрүү Карлсоны хамартай хослож байвал зөрүүд, гөжүүд, дураараа зангийн тод илрэл. Үнэг шиг нарийн эрүүтэй хүн юуны өмнө өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг. Ямагт аюул заналтай тулгардаг хүмүүсийн эрүү урагшаа түрсэн байдаг. Давхар эрүүтэй хүмүүст орчин тойрныхны анхаарал халамж дутагддаг. Шовхдуу эрүү, жимийсэн уруул, шонхор хамар хослож байвал хүн бүхнийг сургах гэж оролддог хэнхэг хүний таних тэмдэг. Харин эрүүн дээрээ хонхорхойтой хүн салхи шиг тогтворгүй, түүний ямар үйлдэл хийхийг та хэзээ ч урьдчилан тааж чадахгүй.

Өргөн магнай саруул ухаан, зохион байгуулах ховор авъяасыг гэрчилдэг. Жижиг духтай хүн бурхан шашинд сүсэглэдэггүй, ариун нандин шүтээнгүй, ёс суртахууныг умартсан байх нь элбэг. Хавтгай дух сэтгэлийн тэнхээгүй хүний шинж болно. Харин горим сахисан дуулгавартай хүний дух дээд хэсгээрээ товгор байх нь олон.

Энэ бүхний эцэст “Бурхан тэнгэр биеийг бүтээдгээс сэтгэлийг бүтээдэггүй. Хүн бол сав. Зөвхөн түүнийг юугаар дүүргэх вэ гэдэг нь чухал юм” гэсэн нэгэн эрдэмтний үгийг зориуд хэлье. Чонон чихтэй атлаа сайхан сэтгэлтэй, шантгар хамартай боловч найдаж болмоор, жижигхэн хар нүдтэй мөртлөө хоёр үг холбож чаддаггүй хүн алийг тэр гэхэв. Тиймээс хүнтэй танилцахдаа нүднээсээ гадна сэтгэлдээ итгээрэй.

Ч.Чойсамба