ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ | Борлуулагчийн ур чадвараа сайжруулах зөвлөмж
15 жил, 4 сар өмнө

ХЭРХЭН САЙН БОРЛУУЛАГЧ БОЛОХ ВЭ?

Сайн борлуулагч болохын гол түлхүүр нь түүний борлуулалтын үйл явцаас шууд хамааралтай. Хэдийгээр бид тодорхой заасан хэмжээ бүхий бараа бүтээгдэхүүн худалдаалах зорилготой ч, үүний ард ямарваа нэг үйл явц бий болох нь чухал юм. Энэхүү тодорхойлолт буюу зөвлөмж нь борлуулалтын эцэст шууд гарах үр дүнгээс үл хамааралтай юм. Мөн энэ зөвлөмжөөр бид борлуулалтын эцсийн үр дүнг амжилтанд хүргэх үйл явцтай холбохыг зорилоо .Дэлхийн 2-р дайны дараа Япончууд үйлдвэрлэлтэндээ “үргэлжилсэн сайжруулалт” хэмээх үйл явц буюу арга барилыг нэвтрүүлсэн байна. Доорхи зөвлөмж нь худалдааны ертөнц дэх мэргэжлийн болон борлуулалт хийж буй бүхий л салбарын хүмүүст зориулсан юм.

Сайн борлуулагч болох 3 дүрэм

  1. Сайн борлуулагч нь овсгоотой байх ёстой. Худалдаа хийж буй хүмүүс ихэвчлэн “зарах” гэсэн ганц л зорилготой байдаг ч, борлуулалтын зорилго нь худалдан авагч юу хүсэж буйг мэдэх явдал юм. Дээхэн үеийн зах зээлийн хандлага нь худалдан авагч өөрөө юу хүсэж буйгаа тодорхойлж, борлуулалтын үйл явцыг эхлүүлдэг байв. Харин үүний оронд компаний ахлах удирдлагууд болон ажиллагсдын амжилтанд хүрэх гол зам нь тэд идэвхитэйгээр ур чадвараа үзүүлээд зогсохгүй худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг мэдэж, судлах ёстой байна.
  2. Сайн борлуулагч нь зөвхөн худалдан авагч юу хүсэж буйг анхааралтай сонссоны дараа л яриж эхлэх ёстой. Худалдан авагч юу эрж хайж буйг мэдэлгүйгээр ямар нэг зүйл санал болгох нь утгагүй хэрэг. Үүний тулд бид анхааралтай сонсож сурах гэсэн нэг л дүрмийг чандлан сахих нь гол. Борлуулалтын үйл явцыг амжилттай дуусгахын тулд борлуулагч нь худалдан авагчаас юуг, яагаад худалдан авах болсныг асууж мөн өөрийн зөвөлгөөн дээр худалдан авагчийн санал сэтгэгдлийг харгалзан үзэж дахин нягтлах ёстой.
  3. Эцэст нь дараах зөвлөмжүүдийг нэгд нэгэнгүй дагах нь чухал. Борлуулатын үйл явцыг судалж үзэхэд борлуулагчийн худалдан авагчид зориулах цагийн 80% нь худалдааг хийдэг, харин зөвхөн 20% нь л борлуулалтын дараах асуудлуудыг шийдэхэд зарцуулагддаг гэж гарчээ. Борлуулалт хийж дууссанаар харилцагчтай холбоогоо таслах биш энэхүү үйл явцыг худалдан авагчтай ойр дотно харилцаа бий болгож эхлэх ёстой. Бас нэгэн судалгаагаар сэтгэл ханамж авч чадаагүй худалдан авагч дунджаар 12 хүнд тэрхүү таагүй байдлын талаар яридаг байна. Төгсгөлд нь сануулахад, худалдан авагчтай харилцаа холбоо үүсгэх нь бүтэлгүй хуримтай адил бөгөөд борлуулагч нь худалдан авагчид дээд зэргээр анхаарал хандуулах ёстой байдаг юм гэж зөвлөж байна.



БОРЛУУЛАЛТ ХИЙХЭД ШААРДЛАГАТАЙ УР ЧАДВАРУУД

Борлуулалтыг амжилттай гүйцэтгэхэд ямар ур чадвар хамгийн чухал шаардлагатай вэ? Энэ нь маш энгийн боловч тэр бүр хүмүүсийн анзаарч ач холбогдол өгөлгүй орхидог зүйлс байдаг аж.

Сурч мэдэхийг хүссэн хүн бүр эдгээр чадварыг өөрийн болгон эзэмших нь тийм ч төвөгтэй зүйл биш юм. Хэрэв та бизнестээ амжилт олохыг хүсч байгаа бол танд эдгээр ур чадвар зайлшгүй шаардагдана. Эдгээр чадвар байхгүй амжилт оллоо ч гэсэн түүнд маш их хугацаа хэрэг болно.

Борлуулалтад хэрэгтэй эдгээр чадвар байхгүй, хөгжүүлээгүй тохиолдолд та борлуулалт хийхэд маш их цаг, хүч, гаргасан ч тэр бүр амжилт олохгүй. Үр бүтээл муутай ажилласнаасаа болоод та магадгүй сэтгэл санааны хямралд ч орж болзошгүй.

Сайн харилцагч байх

Харилцаа гэдэг нь бүхий л талбарт хамгийн гол хүчин зүйл юм. Энд бид гайхамшигтай уран илтгэгч байх тухай яриагүй байна. Гэвч сайн харилцагч байж ойлгомжтой цэгцтэй ярьж чадна гэдэг бол өөр хэрэг. Худалдаа хийнэ гэдэг нь зорилгоо ухамсарлан хүмүүст оновтой байдлаар мэдээлэл өгөх, цаашлаад сэтгэгдэл төрүүлэх, юу хүсч байгааг нь мэдрэх гээд бүхэлдээ харилцаанд суурилан хэрэгждэг үйл явц билээ.

Сонсох чадвар

Хамгийн сайн борлуулалт хийдэг хүн бол хэдийд ярьж хэдийд нь сонсох хэрэгтэй гэдгийг мэддэг. Тэд хэзээ ч хүний яриаг тасалдуулдаггүй. Учир нь сонсох гэдэг нь харилцагчаа ойлгон, юу хүсч хүлээж байгааг нь мэдрэх хамгийн чухал түлхүүр элемент юм.

Оновчтой асуулт тавих

Борлуулалт хийдэг хүмүүст сониуч зан чанар байх хэрэгтэй. Ингэж байж л харилцагч нарынхаа бодит хэрэгцээг мэдэрч, тэдний хүсэлт шаардлагад нийцсэн зүйлээр туслан бизнестээ амжилт олох бололцоотой. Тиймээс оновчтой асуултыг тэдэнд тавьж чаддаг байх хэрэгтэй.

Асуудлыг шийдвэрлэгч байх

Бас нэг чухал чадвар нь аливаа тулгарсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх явдал юм. Сайн борлуулагч хүн бол үргэлж асуудлыг шийдвэрлэж байдаг. Өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний явцад гарсан аливаа асуудал, хэрэглэгч нарт тулгамдсан асуудлыг оновчтой байдлаар шийдвэрлэх чадвар хамгаас чухал.

Эмх цэгцтэй байдал

Зөвхөн таны хүрээлэн буй орчины тухай ойлголт биш. Таны бодол санаа, төлөвлөгөөний арга гээд бүх зүйлсийн эмх цэгцтэй байдлын талаар энд яригдаж байна. Аливааг эмх цэгцтэй, тодорхой байлгаж чадвал энэ нь таны хувьд давуу тал болно. Үйл явцыг төлөвлөн зохион байгуулахдаа хамгийн жижиг зүйлсийг ч орхигдуулахгүй анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр зорилгоо ухамсарлах, тухайн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн нягтлах, дараагийн ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нь илүү тодорхой болно.

Өөрөө эхлүүлсэн бол өөрөө дуусгах

Амжилттай борлуулагч нар өөрсдөө тэргүүн эгнээнд явдаг. Тэд хэзээ ч өөрийн ажлаа хэн нэгэнд даатган орхидоггүй. Учир нь тэд л ажиллахгүй бол орлого үгүй гэдгийг маш сайн мэддэг. Тэд эхэлсэн зүйлээ тасалдуулалгүй эцсийг нь хүртэл бүрэн гүйцэтгэн жижиг зүйлийг ч өөлөх юмгүй хийдэг.

Эерэг хандлагатай байх

Амжилттай бизнес эрхлэгч нар аливаад эерэг сэтгэлгээгээр ханддаг хүмүүс байдаг. Тиймээ аливаа нэг уулзалтад очих, шинэ ажил хэргийн ярилцлагаас хэзээ ч эмээж хойшлуулдаггүй. Бүхнийг эерэг хандалгаар хүлээж авч, бусдад өөрийгөө илэрхийлэх болон бүтээгдэхүүнээ танилцуулах, харилцагчийн сонирхлыг тандаж мэдэхдээ гарамгай бөгөөд, бусдыг зөвшөөрүүлэх тал дээр хамгаас илүү чадварлаг байдаг. Учир нь тэд өөрсдийгөө хэн гэдгийг ямар чадвартай гэдгээ маш сайн мэддэг ба өөрийн эерэг хандлагаараа бусдад нөлөөлөх чадвартай байдаг.

Найрсаг хошин зантай байх

Хамгийн сайн борлуулалт хийдэг хүмүүс маш найрсаг бөгөөд шог хошин зантай байдаг. Магадгүй та үүнийг сайн төсөөлөхгүй ч байж болох юм. Гэхдээ хошин шогийн мэдрэмжтэй хүн  бусдад илүү хүндлэгддэг байна. Хүмүүс тэдгээр нээлттэй найрсаг шог хошин зантай хүмүүст татагдаг ба тэднийг хүндлэн урт хугацаанд нөхөрлөдөг аж. Мэдээж тэдний дунд худалдан авагч нар ч бий.

Тууштай зан

Борлуулалт хийдэг хүний салшгүй байх ёстой бас нэг чадвар бол хүссэн зүйлээ хэрхэн авахаа мэддэг, түүндээ хүрнэ гэсэг итгэл дүүрэн байдаг явдал юм. Тэд өөрийн хүсч зорьж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ биелүүлэх хүртлээ цөхрөлтгүй тууштай байж чаддаг. Тэд хэзээ ч бууж өгч ажлаа орхидоггүй.

Шударга зан чанар

Борлуулалт хийдэг хүнд шударга зан чанар байхгүй бол тэр хүн маш олон бэрхшээлтэй тулгарч, улмаар  нэг ажлаас нөгөө рүү үсчих болно. Тиймээс үнэнч шударга байдал энэ ажилд маш чухал зүйл бөгөөд уг чадварыг хүнд зааж сургана гэдэг нь бараг боломжгүй юм. Гагцхүү тухайн хүний төрөлх зан чанар, хүмүүжлээс шалтгаална. Хэрэв та борлуулалт хийдэг бол эсвэл хэн нэгнийг энэ ажилд авах гэж байгаа бол танд болон тухайн хүнд дээрх шударга зан чанар байгаа эсэхийг сайтар үнэлж дүгнэн мэдсэн байх хэрэгтэй.

Сайн борлуулагч хүний биеийн хэлэмжийг уншиж үнээ хэлдэг. Толгойн хөдөлгөөн, нүд, хүүхэн хараа, дууны өнгө.



БОРЛУУЛАГЧ ХҮНИЙ ӨӨРТӨӨ ХЭВШҮҮЛЭХ ДАДАЛ

Бизнес эрхлэгчид: Худалдаагаа илүү амжилттай явуулахын тулд долоо хоног бүр 30 минутыг зорилгодоо зарцуулдаг.

Үйлчлүүлэгчиддээ хэрхэн мэдрэмж төрүүлэх вэ? Ямарваа зүйлийг хийж эхлэхээсээ өмнө шаардлагатай бүхий л зүйлсийг бодож төлөвлөх хэрэгтэй. Миний хувьд бүтээмж болон хөшүүргийн хүчинд итгэдэг. Мөн зорилготой дадал зуршлын хүчинд итгэдэг.

Иймээс би та бүхэнд дөрвөн шинэ дадлын талаар зөвлөгөө өгөх гэж байна. Илүү сайн борлуулалт хийхийн тулд долоо хоногт 30 минутын зорилт тавь. Гэхдээ үүнийгээ долоо хоног болгон хий. Энэ нь таны амьдарлыг өөрчилж, орлогыг тань өсгөх болно.

1. 30 минутыг үйлчлүүлэгтэйгээ ярилцахад зарцуул. Тэдэнд одоо юу хийж байгаагаа болон улаан бурхан өвчний талаар яриад ямар ч хэрэггүй. Иймэрхүү дэмий яриа нь дотно харьцаа нөхөрлөлийн мэдрэмжийг төрүүлдэггүй. Энэ нь та хоёрт хоёуланд нь үнэтэй зөвлөгөө болно. Үйлчлүүлэгчтэйгээ дараах байдлаар яриа өрнүүл.

  • Үйлдвэрийнхээ ирээдүйн эдийн засаг, маркетинг болон өрсөлдөөний талаарх хэтийн төлөв байдлыг илүү ойлгомжтой байдлаар ярилцах хэрэгтэй.
  • Мөн дараагийн зургаан сарын хугацаанд компанийнхаа ирээдүйн талаар ярилцаж тэдний байр суурийг олж харах нь чухал. Тэд энэ талаар сонирхож байгаа эсэх, мөн энэ талаар тэдний мэдлэгийн хүрээ нь хэр далайцтай байгааг олж мэдэх хэрэгтэй.
  • Бүтээгдэхүүн, маркетинг болон технологийн талаар үр дүнтэй шинэлэг санаа байгаа эсэхийг асууж мэдэх Шийдвэр гаргаж буй хүний үйлдэлд хэрхэн нөлөөлж байгаа учир шалтгааныг тайлбарлан хэд хэдэн оновчтой санаануудыг олж харж бизнесдээ хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр таны бизнесийн чанар ихээр нэмэгдэх болно.

2. Дараагийн 30 минутаа эрлийнхээ түлхүүрээ олоход зарцуул.

Та магадгүй худалдагч, маркетингийн үйл ажиллагаа, хувийн харьцаа болон урамшууллаар дамжуулан судалгаа хийх боломжтой. Аль нь ч байсан тийм чухал биш. Та зөвхөн долоо хоног бүр нэг судалгааг маш сайн хийх хэрэгтэй.

Та ямар төрлийн үйлчилгээг илүү их хүсч байна вэ? Бидний бизнесийг амжилттай үргэлжлүүлэх гарц юу вэ? Мөн тэдний шийдэхийг хүсч байгаа асуудлууд юу байна вэ? эдгээр асуултуудаар эхлэх нь хамгийн зүйтэй.

Та мэдээж цахим хэлбэрээр холбогдож болно. Гэхдээ та борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсч байвал илүү сайн түншүүдтэй холбоо тогтоож, борлуулалтандаа гар бие оролцох хэрэгтэй. Энэ арга нь танд нэг жилд 52 боломжийг авчрах болно.

3. 30 минутыг байгууллагынхаа удирдлагатай ярилцахад зориул. 

Энэ нь чиний борлуулалт болон үйлдвэрлэлийг сайжруулахад хамгийн хэрэгтэй хүн болохыг харуулах болно. Зүгээр л хамгийн ухаалаг хүмүүстэй ярилц. Энэ нь тийм ч хэцүү зүйл биш. 30 минутын ярилцлагын зорилго нь компанийнхаа лидерүүдтэй компанийнхаа ирээдүйн талаарх үзэл бодлыг хуваалцахад оршино. Мөн тэдний хариултыг анхааралтай сонсох хэрэгтэй.

Ямар хүмүүстэй ярилцах хэрэгтэй вэ?

  • Байгууллагынхаа худалдааны нийгэмлэгийн зөвлөлийн гишүүд
  • Блогчид
  • Хэвлэл мэдээллийн ажилтнууд
  • Хувь нийлүүлэгчид, судлаачид болон технологийн компаниудын гүйцэтгэх зөвлөлийн гишүүд. Эдгээр хүмүүс нь ямар зорилгоор тэдэнтэй холбогдож байгааг сонирхох болно. Эдгээр хүмүүстэй хобоо тогтоох нь таныг энэ чиглэлийн бүхий л хүмүүстэй холбогдох боломжийг олгодог.

4. 30 минутыг худалдагч нартайгаа ярилцахад зориул.

Хэрвээ танайд борлуулагч байдаг бол үйлдвэрлэлийн төлөөлөгч, худалдаачид болон зуучлалын байгууллагатай уулзахад долоо хоногт 30 минут зарцуулах боломжгүй юм.

Үүнээс үүдээд дахиад л ажил хэргийн дуудлагаас болж стресст орох болно. Ийм тохиолдолд одоогийн болж байгаа хэлэлцээр болон төвөгтэй асуудлуудаас түр ч гэсэн холдож ирээдүйгээ томоор харж ямарваа нэг стратеги зохиоход бүх анхаарлаа хандуул. Энэхүү дөрвөн чиглүүлэгчийн тусламжтайгаар шинэлэг харилцаа, шинэлэг стратегийг олж харах болно. Та зөвхөн 90 хоногийн турш эдгээр дөрвөн аргийг дагаж мөрдсөнөөр таны орлого өсч, бизнес тань гайхалтайгаар цэцэглэх болно.




БҮТЭЭМЖ ӨНДӨРТЭЙ БОРЛУУЛАГЧИЙН 7 ДАДАЛ

Дадал 1. Бүтээгдэхүүн болон өрсөлдөгчөө мэддэг байх

Үр дүнтэй борлуулалт хийхийн тулд та юуны өмнө өөрийн бүтээгдэхүүний шинж чанар буюу давуу болон сул талыг мэддэг байх, энэ нь худалдан авагчдад юуг санал болгож байгааг мэддэг байх ёстой. Дараагийн алхам нь өрсөлдөгчийнхөө давуу тал, сул талыг үнэлж, өөрийнхтэйгээ харьцуулах явдал юм. Өөрийгөө шударгаар үнэлэх нь борлуулалтын ажилтанд өрсөлдөгчөө ялж худалдан авагчид бүтээгдэхүүнээ зарахад тусладаг.

Дадал 2. Хэрэглэгчээ хэн болохыг мэддэг байх

Бүх хүмүүст тохирох бүтээгдэхүүн гэж байхгүй. Зочид буудал гэхэд зах зээлийн тодорхой нэг хэсэгт зориулагдсан байдаг. Тиймээс борлуулагч хүн бараа бүтээгдэхүүнээ зорилтот тодорхой зах зээлд чиглүүлж, тэрхүү зах зээлийг мэддэг байх нь чухал. Энэхүү суурь үндсийг мэдэхгүй бол бүтээгдэхүүнийг нь огт хэрэглэдэггүй худалдан авагчид зарахыг оролдон цаг их гарздах болно. Жишээлбэл хямд бүтээгдэхүүн хүсэмжилж буй худалдан авагч урлагийн үнэтэй бүтээл, өндөр зэрэглэлийн хадгаламж зэргийг огт сонирхохгүй. Хэрвээ та бүтээгдэхүүн тань хэнд зориулагдсан бэ гэдгийг мэдэж байвал худалдан авагч бүртэй тохиролцох гэж оролдохгүй.

Дадал 3. Худалдан авагчийг сонсдог, хэрэгцээг нь мэдэрдэг байх

Эхний хоёр дадлыг өөрийнх болгочихвол худалдан авагчийн хэрэгцээг бүрэн гүйцэд мэдрэхэд амархан байх болно. Бүтээгдэхүүн тань Монгол улс даяар гүйлгээтэй байгаа ч тухайн Дорж, Дулмаа нарын хувьд хэрэгцээтэй эсэх нь чухал юм. Худалдан авагчаас асуулт асууснаар түүнд чухам юу чухал вэ, хэр зэрэг чухал вэ гэдгийг мэдэх боломжтой. Мэдээлэл сайн цуглуулж чадвал ажил хэргээ амжилттай дуусгах давуу талыг олж авна. Жишээлбэл олон улсын хуралд зочид гийчдийг авчирч буй байгууллагын хувьд танай зочид буудал нисэх буудалд ойрхон гэдэг нь хамгийн чухал бол борлуулагч тэдний энэхүү хэрэгцээнд төвлөрөх хэрэгтэй байдаг. Хэрвээ бүтээгдэхүүн тань хэрэглэгчийн амин чухал хэрэгцээг хангахааргүй бол борлуулагч худалдан авагчийг орхиж өөр хүнтэй ярих ёстой.

Дадал 4. Хэрэглэгчиддээ сайн хандах, захирлынхаа өгсөн үүрэг даалгавар хоёрыг тэнцвэртэй хадгалдаг байх

Борлуулалт нь хүмүүстэй байнгын харилцаанд ороход хүргэдэг болохоор борлуулагч нар энэхүү ажилдаа дуртай байдаг. Тэд хүмүүст дуртай, хүмүүс ч тэдэнд дуртай. Тиймээс заримдаа борлуулагчид худалдан авагчаа баярлуулах гээд захирлынхаа өгсөн үүрэг даалгаварыг мартаж, бүтээгдэхүүнээ хэт хямдаар өгчих гээд байдаг. Харин амжилттай борлуулагч хүн худалдан авагчтайгаа найрсаг харилцаа үүсгэдэг, санхүүгийн хариуцлагаа ч биелүүлдэг. Худалдан авагч хэрэгцээг нь мэдэрч, хүндэтгэж буй борлуулагчийг итгэн хүндэтгэдэг бөгөөд бүтээгдэхүүний зах зээлийн үнээр хэлцэл хийж хоёр тал хоёул сэтгэл хангалуун үлддэг.

Дадал 5. Зохион байгуулалтын өндөр чадвартай байх

Хүмүүстэй ажилладаг ч гэлээ зарим борлуулагчид нарийн ширийн зүйлийг төдийлөн анхаарч чаддаггүй. Гэтэл нарийн ширийн зүйлийг зохицуулах нь худалдан авагчдын итгэлийг хүлээхэд хамгийн чухал зүйл байдаг. Хэрвээ та хүмүүсийн нэрийг буруу дуудаж, албан тушаалыг нь буруу хэлж, хүссэн кофены завсарлагааг нь уулзалтдаа багтаагаагүй бол яаж сайн уулзалт болно гэж найдах билээ? Нарийн ширийн зүйлийг ч нямбай хийж, ажлаа нэгд нэггүй шалгаж бай. Зохион байгуулалт сайтай бай. Борлуулагч хүний эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалтай сайтай байдал худалдан авагчид мөн л итгэлийг төрүүлдэг. Хүмүүст хариу хэлэхдээ хурдан бай. Зохион байгуулалтын чадвар сайтай байх нь худалдан авагчийн зүгээс хүндэтгэлийг аяндаа бий болгодог.

Дадал 6. Найдаж болохуйц буюу үг үйлдэл зөрдөггүй байх

Ярьсан зүйлээ хийдэг бай. Нөхцөл байдлаас болж амласнаа биелүүлж чадахгүй болоход хүрвэл энэ тухайгаа худалдан авагчид заавал мэдэгдэж бай. Найдаж болохуйц байх, харилцаа холбоо сайтай байх нь хүмүүст итгэл төрүүлдэг. Итгэл бол худалдан авагчийг танаас удаа дараа бүтээгдэхүүн худалдан авахад хүргэдэг зүйл юм. Борлуулагч хүн хийх ёстойгоо бүгдийг хийсэн, ямар ч нөхцөл байдалд хандаж болно гэсэн итгэлийг төрүүлэх, үнэнч байдлыг бий болгох нь хожим ямар ч асуудал гарсан шийдэх боломжийг олгоно. Худалдан авагч, хэрэглэгч утсаар яривал байнга хариу өгч, холбоотой бай. Үг үйлдэл зөрдөггүй байх нь борлуулагчийг найдаж болохуйц хүн болгодог.

Дадал 7. Үргэлж өөрийгөө хөгжүүлдэг байх

Бизнес нь шинэ технологи, шинэ зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлс зэргээс болж үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг. Бүтээмж өндөртэй борлуулагч хүн энэхүү асуудлуудтай үргэлж хөл нийлүүлэн алхаж байх нь стратегийн зөв төлөвлөлт хийхэд хүргэдэг гэдгийг мэддэг. Үндэслэгээ сайтай төлөвлөгөө нь шинэ стратеги баримтлах, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад тусладаг. Бусадтай хөл нийлүүлэн алхахын тулд салбарынхаа янз бүрийн холбоод, сайн дурын байгууллага, эвслүүдэд нэгдэхэд тусладаг. Мөн үүний тулд өдөр тутмын хэвлэл сайн унш. Бизнес ажил хэрэгт гарч буй үндэсний болон орон нутгийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Орон нутгийн байгууллагуудад элс. Ингэснээр борлуулагч хүн зөвхөн өөрийнхөө бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй худалдан борлуулдаг бүтээгдэхүүнээ ч шинэчилж, сайжруулах боломжтой.