Хэрвээ нарыг (эссэ)
12 жил, 9 сар өмнө

Заримдаа их сонин мангар бодлууд толгойд эргэлдэх, инээд ч хүрэх шиг. Жишээлбэл хэн нэгэн сахилгагүй этгээд хэрвээ нарыг унтраагаад асаавал тасарсан гэрэл ахиад хэдэн жилийн дараа эх дэлхийд ирэх вэ?. Бид нар тэр болтол яах вэ?...... Сонин байгаа биз дээ?

Ихэнх хүмүүс бид цөм үхэцгээнэ гэх байх л даа. Харин надад бол үгүй л гэж бодогдож байна. Бие минь утаа ч юм уу болоод би зэрэгцээ ертөнцөд, өөр долгион дээр нарны гэрэл ирэхийг хүлээнэ байх.

Тийм ээ! Утаа болоод .

Би ер нь утаа л юм байна

Бүлээхэн агаар дагаж суунагласан

Бусдад гэмгүй, өөртөө нүгэлгүй

Би ер нь утаа л юм байна

                          Ууртай нэгэн гараараа савахад хөвөлзөөд холдох

                          Урьж залаад намайг далалбал хөшиглөөд нөмрөх

                          Уршиг удахгүй, яршиг тарихгүй чимээгүй нүүгэлтсэн

                          Утаа л юм байна, Угтаа бол ч байгаа л юм байна аа

Тэгээд л хүлээгээд л. Харин алтан нарны гэрэл ирэнгүүт, намайг шүргэнгүүт

                                      Ахиад би амилна. Хүн болно

                                      Амьсгаа аваад нүүрээ зөөлөн илнэ

                                      Аргалд явж бай луу, түлээнд бил үү

                                      Амьдрал цаашаа ахиад үргэлжилнэ

                        Харин одоо “нам” ярихгүй

                        Хамаагүй их архи уухгүй

                        Хэн нэгэнтэй цэц булаалдахгүй

                        Хэрэггүй юманд амиа тавихгүй

                        Хол оо гэж бодсон чинь ойрхон юм байна аа”

Утаа болж хувираад нарны гэрэл хүлээж суухдаа  өмнө нь юу хийж явснаа, юуны учир амьдран явснаа ахиад сайн эргэцүүлнэ.

                “ Ургаж мандах наран орой заавал шингэнэ

                   Унтаад сэрэхийн цагт өглөө заавал мандана

                   Уйлав ч дуулав ч өнө мөнхийн аашаараа

                   Угтан ирж ,урсан одож өдөр заавал өнгөрнө

                          Үүдэн хоймрын зайд цагаан бороо асгах

                          Үд дундын наранд үхэр тугал ялаархах

                          Үнс нурмаа бужигнуулж айлын ээж бухимдах

                          Үгүй ээ! Энэ он цагт огт хамаагүй юм байна” шүү дээ

Надад үнэтэй, бидэнд үнэтэй байх ёстой тэр он цаг чинь шаал өөр он цагийн тухай яриа юм байна шүү дээ. Тийм байгаа биз дээ ?

Телевиз үзэж диван дээр хэвтэх, тэнэг тэнэг юм ярьж тэрэндээ баясаж найзуудтайгаа буу халах гээд бор амьдрал дээр авчирвал балай балай юм их хийгээд л байгаа юм байна даа би.

Сахилгагүй нөхөр нарыг унтраагаад асаахын хооронд овоо л юм олоод авлаа. Он цаг гэдэг үг огт өөр утга учиртай юм байна аа.