харнууд
9 жил, 3 сар өмнө

Монгол Туркийн Бизнес Консулын тэргүүн

Харнууд Г.ГАНБАЯР: ТУРКҮҮДИЙН ДЭЛХИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИ, НОУ- ХАУ-Г СУРАЛЦАЖ НУТАГШУУЛЖ ЧАДДАГ АРГА НЬ МАШ ИХ СОНИРХОЛ ТАТДАГ.



- Амар байна уу. Сайхан өвөлжиж байна уу. Ажил үйлс өөдрөг сайхан уу. Монгол Туркийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Турк орныг хамгийн сайн мэддэг хүнийг бид эрж хайж байгаад таныг оллоо. Та хэзээнээс турк хүн болон Турк улстай ажил үйлсээ холбох болсон талаар яриагаа эхлэвэл ямар уу?

За, өвөлжөө сайхан даа. Юмны эхлэл гэдэг их сонирхолтой. 1995 онд 77-р сургуулийн 8-р ангиа төгсөөд хуучнаар барилгын коллеж гэж байхад элсэн орж байсан. Намайг орж байхад манай сургууль Монгол Туркийн хамтарсан сургууль болж өөрчлөгдсөн юм. Тэнд 2 жил сураад 1997 онд Туркийн Кониа хотын Селчукийн их сургуулийн бизнесийн удирдлагын ангид орохоор анх Турк улсад хөл тавьсан. Тэнд л анх турк хүмүүстэй танилцаж нөхөрлөж эхэлсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэг хүртлээ нийт 4,8 жил Туркэд суралцсан. Монголдоо ирээд Хас банкинд теллерээс эхлээд бүх албан тушаалыг хашиж хэлтсийн захирал хүртэл дэвшиж ажилласан.

Банкнаасаа гараад хот байгуулалт, улс төрийн чиглэлээр ажилласан. Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байсан. Энэ хугацаандаа Турк улстай хамтран Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнг 2 улсын найрамдалт цэцэрлэгт хүрээлэн болгох, дүүргийн эмнэлэгийн шүдний тасгийг тохижуулах, сургуулийн компютерийн кабинетыг тохижуулах гэх мэт хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэсэн.

2009 оноос бизнес хөрөнгө оруулалтын чиглэлээр Туркийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж эхэлсэн. Бүрэн хэмжээний арилжааны зорилготой кино бүтээх, уул уурхайн бизнес эрхлэгчдийг Монголд авчрах, барилгын материал үйлдвэрлэх чиглэлээр Туркээс хөрөнгө оруулагчдыг татаж багагүй ажиллалаа. Амжилттай хийгдсэн нэлээд ажлууд бий. Хөрөнгө оруулалт татна гэдэг бол маш хэцүү ажил шүү дээ. Амжилтгүй болсон төслүүд ч бий.

- Монгол Туркийн Бизнес Консулыг яагаад байгуулах болсон бэ? Монгол Байгууллагынхаа зорилго, үйл ажиллагааг танилцуулна уу?

Хоёр улсын нэн эртний харилцаа, түүхийн улбаа холбоог танин мэдсэн. Мөн дипломат харилцаа тогтоогоод 45 жил болсон хэдий ч хоёр орны хамтын ажиллагаа сул байсан. Харин 2000 оноос хоёр орны харилцаа идэвхижиж соёл, боловсролын чиглэлээр түлхүү хамтарч ажилласан байдаг. Туркийн техник туслалцааны байгууллага нь манай улсын хэд хэдэн салбарт засгийн газрын шугамаар хэд хэдэн төсөл дээр техникийн туслалцаа үзүүлсэн байдаг. Жишээ нь УИХ- ийн номын сан, архивыг бүрэн техникжүүлсэн, Архангай аймагт Хөшөөт Цайдам руу 45 км зам тавьсан зэрэг. Хүмүүнлэгийн салбарт хийсэн ажлууд ч бий. Харин бизнесийн хамтын ажиллагаанд хийсэн нүдэнд үзэгдэж чихэнд сонсогдохоор зүйл бага байдаг.

Тиймээс найрамдлын нийгэмлэг байгуулъя гэж бодсон боловч, тус байгууллага нь байгуулагдсан хэдий ч үйл ажиллагаа нь идэвхигүй байсан. Мөн "Туркэд төгсөгчдийн холбоо"-г байгуулсан боловч үйл ажиллагаагаа амжилттай явуулж чадаагүй юм.

Турк улс нь барилгын салбарыг бусад салбараасаа илүү хөгжүүлсэн байдаг. Тэр салбарын мэдлэг чадвар, техник технологийг хөрөнгө оруулалт болгон татах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох гүүр болсон байгууллага байх хэрэгтэй гэж бодсоны дүнд Монгол Туркийн харилцаа хамтын ажиллагааны нийгэмлэгийг байгуулсан даа. Бизнес консул гэж нэрлэсэн учир нь хоёр орны бизнес эрхлэгчдийг аль аль талдаа төлөөлөхүйц нэр оршилтой байх ёстой гэж үзсэн. Тэгээд Монгол Туркийн Бизнесийн төлөөлөл буюу Консул гэж нэрлэсэн.

- Туркэд суралцаж байсан цаг үеэ дурсвал?

Би Монголоос Туркэд суралцаж байсан залуусын гурав дахь үе. Тэр үед Туркэд Монголчууд цөөхөн байлаа. Би Туркэд сурснаар нэг зүйлд их олзуурхдаг юм. Төв Ази руу чиглэсэн бодлого явуулахад их үүрэг гүйцэтгэсэн Тургин Тузал гэж ерөнхийлөгчийн зөвлөх байсан хүн манай бизнесийн удирдлагын хичээлийн багш байлаа. Тэр хүнтэй сайхан харилцаатай болж, магтуулж ч, загнуулж ч явсан. Одоо ч гэсэн холбоотой байдаг. Түүний зөвлөгөө яриаг сонсож, ярьж байгаа зүйл нь хөгжин цэцэглэхийг нүдэндээ зураглан харж бахархахын хажуугаар атаархдаг байв. Атаархахдаа хэзээ нэгэн цагт манай улс гүйцэж ирнэ дээ гэж.

Би улсын тэтгэлгээр сураагүй болохоор мөнгө төгрөг муутай ядуу оюутан байлаа. Өлсөж цангах, даарах, ядрахыг үзсэн. Тийм болохоор амжилттай сураад хурдан төгсөх юмсан гэж яарч байлаа. Би оюутан байхдаа охинтой болсон. Тэгээд охинруугаа яарна.

3 настай турк хүүхэд хүртэл улсынхаа төрийн дууллыг босч зогсоод дуулдаг, улсаа өмөөрч уурлаж чаддаг тийм омогшингуй, улсдаа хайртай байдаг нь миний хор шарыг хамгийн их хөдөлгөдөг байлаа. Тэр зан чанар нь надад таалагдсан. Тийм байж л хүн улсынхаа төлөө зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй болдог. Турк хүн бүрт байдаг нэг онцлог бол өөрийгөө боловсруулаад, ар гэрээ төвхнүүлчихээд, улсынхаа төлөө зүтгэнэ гэсэн чин эрмэлзэл юм. Энэ ямар ч Турк хүний сэтгэл зүрхэнд шингэсэн байдаг. Монгол хүн ийм эрмэлзэлтэй байгаасай гэж би хүсдэг. Оюутан байхдаа нэг ч гэсэн Турк хүний дотоод сэтгэл рүү нь орж, яаж ийм чин хүсэл эрмэлзэлтэй болсон тухай мэдэхийг хичээдэг байсан. Төгсөж ирээд Улсаа хөгжүүлэхийн төлөө, сайхан амьдрахын төлөө эрч хүчтэй ажиллаж эхэлсэн. Одоо ч хэвээрээ.

- Турк хүнийг илэрхийлдэг үзэл санаа юу вэ?

Маш амбицтай, эх оронч. Эх оронч учраас Герман хүний цаг баримтлах гэх мэт бусад орны хүмүүсийн сайн зан чанарыг өөртөө шингээж авах хүсэл зорилготой. Турк хүний цаг баримтлах унаган чанар бол тааруу. Ер нь нүүдэлчин талдаа. Гэхдээ эх оронч учраас өөрийгөө хөгжүүлэхийн тулд бусдад байгаа сайн чанарыг надад хэрэгтэй гэдэг үүднээс өөрийн болгож амьдралдаа хэрэгжүүлж авч чаддаг. Туркийн ямар ч бизнес эрхлэгчтэй бизнес ярихад Герман чанар Герман цагийг ярина.

1998 онд Туркэд маш хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амь эрсдсэн юм. Тэр цагаас Туркэд барилгын салбарт европ стандартын шаардлага тавьсан. Энэ Турк улсыг үсрэнгүй хөгжихөд томоохон түлхэц болсон. Зөвхөн бүтээгдэхүүн дээр биш компанийн засаглал, хүний нөөцийн хөгжилд тийм стандарт тогтоочихоор эх оронч чанартай нь нэгдээд их часхийсэн юм гарч ирсэн.

Монгол улс маань ийм стандарттай болчихвол үсрэнгүй хөгжинө гэж би боддог. Сү.Батболд сайдын үед европ чанар гэсэн ярьсан хэрнээ Унгараас авч ирэхээр нь гайхаж байсан. Унгар европ стандарт биш л дээ. Ийм л стандарттай байх ёстой гээд авчраад мөрдөхөөр хүн нь хүртэл тэрэнд нийцүүлж өөрийгөө хөгжүүлдэг. Хогоо хаяхаас эхлээд л. Монголчууд бид яг эх оронч уу гэхээр яг бодит амьдрал дээр үг, үйлдэл нь зөрөөд байгаа юм.

- Турк хүн Монголд их элгэмсэг ханддаг. Яагаад тийм байдаг юм бол?

Туркийн боловсролын хөтөлбөрт түүхийн хичээл их байдаг. Цэцэрлэгээс нь эхлээд их сургуулиа төгстөл нь түүхийн хичээлийг маш сайн заадаг. Турк хүний гарал үүслийн талаар их заадаг. Турк хүн бүр Хөх түрэгийн үеийн Билэг хаанаас эхлээд түүхээ мэддэг. Цэцэрлэгээс нь эхлээд их сургууль төгстөл нь чи хаанаас гаралтай хэн бэ гэдгийг нь хэлээд өгөхөөр халуун дотно байхаас аргагүй. Багаас нь эхлээд чиний өвөг дээдэс энэ газар нутаг дээр амьдарч байсан. Ийм хүмүүстэй ах дүүс явсан гээд хэлээд өгөхөөр элгэмсэг байхаас яах вэ. Турк хүнийг боловсролын систем нь Монголд элгэмсэг болгодог.

- Туркийн ерөнхий сайдын айлчлалаас хойш Монгол Туркийн харилцаа шинэ шатанд гарч эхэлж байна. Тэгэхээр цаашид хоёр улсын харилцаа яаж хөгжөөсэй, ямар түвшинд байгаасай гэж бодож байна?

Өнөөгийн Турк улс бол дэлхийн эдийн засагт маш үсрэнгүй хөгжөөд ороод ирлээ. 2013 онд Европод 4- рт жагссан. Турк улс ойрын жилүүдэд Их 8-ын нэг болно гэж зорьдог. Ямартай ч ойрын 5 жилд, Европтоо 2-рт жагсана гэж үзэж байгаа. Геополитекийн хувьд бол маш тохиромжтой газар бөгөөд дэлхийд амжилттай явж байгаа энэ улс Монголыг халуун дотно харж байна шүү дээ. Энэ тохиолдолд Монгол улс Туркийг 3 дах хөрш гэж тодорхойлсон байхад хоёр улсын харилцааг сайжруулах хэрэгтэй юм.

2-рт Монголд уул уурхай, барилга, аж үйлдвэрийн салбар чухал. Турк улс энэ гурван салбарт асар их туршлагатай, цаг хугацааны явцад шалгарч үлдсэн мэдлэг чадвар, технологижсон ноу-хау нь байна. Тиймээс хамтран ажиллавал маш их ач холбогдолтой гэж хардаг. Монголчууд, Туркийг европын хужаа ч гэж нэрлэдэг. Тэд нар ч энэ нэрэндээ дургуйцдаггүй. "Тиймээ үнэн. Бид хуулж байж өдийг хүрсэн. Харин өнөөдөр бид хуулж биш өөрсдөө зохион бүтээж байна. Тиймээс мэдэхгүйгээсээ ичих хэрэггүй, асуухгүй байх нь ичих зүйл" гэж Турк хүмүүс ярьдаг. Өнөөдөр бидэнд хийж чаддаг хүн нь яаж хийдгийг нь хэлье, заая, хэрэгтэйгээ ав гэж байгаа тохиолдолд хамтраа, сурах, мэдэх ёстой зүйлээ сураад мэдээд авах нь гэж бодож байна. Тиймээс хоёр улс бизнес, худалдаа арилжаа, үйлдвэрлэлийн чиглэлээр идэвхитэй ажиллах хэрэгтэй юм.

- Турк Улс сүүлийн хэдэн жилд хөгжив? Үсрэнгүй байв уу? Урт хугацааны бодлогоор хөгжиж байна уу?

Турк улс хөгжлийн бодлогоо алсыг харж тодорхойлж чадсан. Тиймдээ ч өнөөдөр өндөр хөгжилтэй улс болоод байна. Манай улс хуучин таван жилээр нь төлөвлөдөг байсан. Одоо бол жилээр нь харж байна уу, үгүй юу болчихоод байна шүү дээ. Одоо Турк улс 2023 он гэхэд Их 8-д багтана гэж төлөвлөсөн бөгөөд 2023 он Турк улсын хувьд их чухал он гэж үзэж байгаа.

- Турк хүнтэй харилцахад ямар давуу сул тал, онцлог байдаг вэ?

Монгол бизнес эрхлэгчид дорнын болон 2 хөршийн бизнес эрхлэгчидтэйгээ ихэвчлэн харилцаж ирсэн уламжлалтай. Япон хүн бол их сонсож, удаан бодож байж удаан шийдвэр гаргадаг байхад Турк бизнес эрхлэгч бол нээлттэй, асуудал байвал маш тодорхой яриад шийдвэрээ хурдан гаргадаг. Илэн далангүй, нээлттэй хүмүүс. Турк хүмүүс Монгол хүмүүсд адил тал их олон бий. Хэлье гэснээ шууд хэлдэг түс тас, бас махчин, эршүүд талдаа, хүмүүс шүү дээ. Хэ хэ.

- Одоо бид Туркээс юу юуг суралцах боломжтой харагдаж байна вэ?

Миний бодлоор аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, мэдээлэл технологи зэрэг салбарын технологи ноу-хауг нь авах. Хамгийн гайхамшигтай нь Туркүүдийн дэлхийн техник технологи, ноу-хау-г суралцаж нутагшуулж чадсан аргаас нь суралцмаар. Европын хужаа гэдэг нэрийг зүгээр ч нэг аваагүй. Дууриаж хийж байгаад л сурсан гэж өөрсдөө ярьдаг. Тэгвэл бид дууриалгаад хийе л дээ. Хийж эхлэх юм бол бид шинэ техник технологи ноу-хау-г өөрийн болгож чадна. Хийхгүй байж яриад байвал ямар ч салбарт үр дүнд хүрэхгүй.

Уул уурхайн салбарт Туркууд: "Та нар бүх хүдрээ түүхийгээр нь гаргаад явуулчих юм. Хайран юм, 1 тонн нүүрсний цаана хичнээн хэмжээний эрдэс гараад явж байгааг та нар мэдэхгүй байна. Гэтэл үйлдвэрлэл явуулаад нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод гаргавал улсад чинь хавьгүй илүү хэрэгтэй. Гуравхан сая хүн амтай улс ийм ядуу амьдарч болохгүй шүү дээ" гэдэг. Энэ 3 сая хүний сайхан амьдрах нөхцөл бол ажлын байр гэдэг нь гарцаагүй. Тиймээс бидний гарц бол үйлдвэрлэгч орон болох. Үйлдвэрлэгч орон болъё гэдэг бол цөөхөн хэдэн улс төрчийн ярьдаг сэдэв шүү дээ. Яг энэ бодлого дээр хамгийн их хань болох улс бол Туркууд. Бас Турк улстай барилга болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллавал авах суралцах зүйл асар их байна.

- Турк улсын томъёолол юу вэ?

Турк чанар. Турк өөрөө европ чанарыг хангасан болохоор европ чанар гэж битгий асуу гэсэн утгатай.

- Монгол Туркийн Бизнес Консулаа байгуулснаасаа хойш ямар ажлууд амжуулаад байна вэ?

Консулаа албан ёсоор байгуулахаас өмнө тус улстай үүсгэсэн харилцаа холбоон дээрээ сурилаад 2009 онд Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн, 2010 онд СБД-ийн эмнэлэгийн Шүдний каминетийн тоног төхөөрөмж, бүрэн шинэчлэл, Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуулийн компьютерийн танхим байгуулах, Улаанбаатар хот, Турк улсын Газантеп хоттой ах дүү хот болгох, 2011 онд 4-р сургуулийг радио үелзэлтэй болгох, СБД-ийн ЕБС-ийн хэмжээнд үндэсний бахархал "Төрийн дуулал, Морин хуур" төсөл зэрэг ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлсэн.

2013 онд Бизнес консулаа албан ёсоор байгуулж удирдах зөвлөлөө бүрдүүлснээс хойш, Монголын "Гранд лайн", Туркийн "216" компанийн хамтарсан хөрөнгө оруулалтаар "Түмэн амгалан" орон сууцын хороололыг турк технологиор барих төсөл эхлүүлээд явж байна. 2014 онд соёлын харилцааны чиглэлээр "Алтай ятгыг дуурьсгах их ёслол"-ийг дэмжигч байгууллага, 6 сард Туркийн "Монголчууд" хамтлаг болон "Хурд" хамтлагтай хамтарсан тоглолтыг Монгол улсад зохион байгууллаа. Мөн 6 сард Станбул хотын бизнес эрхлэгчдийн Монгол дахь бизнес аялалыг зохион байгуулсан. Энэ жилдээ бид 2 улсын хоорондын бизнесийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоод, нарийвчилсэн судалгаа, тайлан, төсөл боловсруулах ажилруу түлхүү анхаарч ажиллаж байна.

- Танай байгууллагаар дамжуулаад Турк бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахын ямар нөхцлөөр хамтрах вэ?

Туркийн бизнес эрхлэгчид Монголын жижиг дунд болон томоохон бизнес эрхлэгчдтэй хамтран ажиллах боломжтой. Ямар ч бизнест тухайн сонирхож байгаа салбарынх нь зөв хүн, зөв хамтрагч л хэрэгтэй. Манай байгууллага Туркийн бизнес эрхлэгчдийн итгэлтэй, чансаатай байгууллагуудтай хамтран ажиллаж байна.Туркийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ÇEKSIAD Çekmekoy İş Adamlarin Dernegi, DEIK Dis Ekonomik iliskiler Kurulu зэрэг бизнес эрхлэгчдийн холбоод байна. 2 талын бизнес эрхлэгчдийг зөв холбож, зөв түншлэлийг хөгжүүлэх нь бидний үүрэг шүү дээ. Итгэлтэй зөв бизнес эрхлэгчидтэй хамтрахад бид хэзээд бэлэн. 2 улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт маш их итгэлтэй байна.

- Эртний түүхийн улбаа холбоотой 2 улсын хамтын шинэ түүхийг бичихэд үнэтэй хувь нэмэр оруулах ажил үйлийг бүтээж буй та бүхний зорьсон ажил сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийн өргөе.

Ярилцлагыг бэлтгэсэн

Б.Хандмаа