Сонсголгүй хүмүүс нь өөрийн гэсэн хэлтэй бөгөөд сонсдог хүнээс огт ялгарахгүй оюун ухаан, сэтгэхүй, бие бялдар, зан суртахуун, нийгэмшлийн бүх чадварыг эзэмших боломжтой
Монгол улсын хэмжээнд сонсголгүй хүүхдийн боловсрол судлал нь цоо шинэ бараг судлагдаагүй шинжлэх ухаан гэж болох юм. Учир нь дэлхийн олон орны үндэсний их сургуулиуд нь сонсголгүй хүүхдийн боловсрол судлалын бүхэл бүтэн тэнхимтэй байдаг боловч манай улсын их сургуулиудад тэнхим байтугай сонсголгүй хүүхдийн боловсролын тухай ганц курс хичээл ч заадаггүй. Мөн манай улсын сонсголгүй хүүхдийн цор ганц дунд сургууль болох 29-р сургууль нь дэлхийн сонсголгүй хүүхдийн боловсролын хөгжил, хандлага, арга зүйгээс олон арван жилээр хоцорч, аль хэзээний үр дүнгүй болох нь нотлогдож дэлхий нийтээр хэрэглэхээ больсон амны хайрцагнаас уншуулах арга зүйгээр сургалтаа явуулсаар байгаа юм. Энэхүү буруу арга зүйг олон жил хэрэглэж байгаагаас сонсголгүй иргэдийн нэг бүхэл бүтэн үе хэл, сэтгэхүй, оюун ухааны хоцрогдолд орж, нийгэмд бие даан амьдрах чадваргүй болсон байна. Миний бие энэхүү эсээд Монголын сонсголгүй хүүхдийн боловсролын хөгжилд тулгамдаж буй асуудлыг хөндөж, бэрхшээлээс гарах арга замын талаар бичигдсэн болно.
Дэлхийн сонсголгүй хүүхдийн боловсролд сонсголгүй суралцагч болон иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэггүй бөгөөд харин тэднийг өөрсдийн бие даасан хэл (дохионы хэл) соёлтой (хараан дээр суурилсан соёл) нийгмийн цөөнх юм хэмээн үздэг. Сонсголгүй иргэд нэгэнт жирийн сонсголтой иргэдтэй хамт нэг нийгэмд амьдарч байгаагийнхаа хувьд тэд тухайн улсынхаа бичгийн хэлийг эх дохионы хэлтэйгээ хослуулан хэрэглэдэг тул тэд нийгмийн шаардлагаар хос хэлтэй болдог. Дохионы хэл нь аман хэлтэй ижил түвшний бие даасан хэл бөгөөд аман хэлээр илэрхийлж болох тэр бүх ухагдахууныг дохионы хэлээр төгс илэрхийлэх боломжтой байдаг. Аман хэлд байдаг бүх л хэл зүйн шинжүүд буюу үг зүй, найруулга зүй, дүрэм, үгийн сан зэрэг нь мөн дохионы хэлэнд байдаг байна (Schick, et al, 2006; Valli, et al, 2011). Тиймээс сонсголгүй хүмүүс нь өөрийн гэсэн хэлтэй бөгөөд сонсдог хүнээс огт ялгарахгүй оюун ухаан, сэтгэхүй, бие бялдар, зан суртахуун, нийгэмшлийн бүх чадварыг эзэмших боломжтой. Сонсголгүй хүүхдийг жирийн сонсголтой хүүхдийн хэмжээнд хүртэл хэл сэтгэхүй, оюун ухааны чадвартай болгон хүмүүжүүлэхэд бид дэлхийн сонсголгүй хүүхдийн боловсролын дэвшилтэт арга зүй, чиг хандлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж би боддог.
29-р сургууль нь анх 1964 онд амны хайрцагнаас уншуулах арга зүйг сургалтын гол чиглэлээ болгон байгуулагдсан нь тухайн үедээ тодорхой учир шалтгаантай байсан юм. Олон улсын сонсголгүй хүүхдийн боловсролын мэргэжилтэн судлаачдын чуулга уулзалт гэж болдог бөгөөд энэ чуулганд олон улсын онол практикын дэвшилтэт арга зүйг хэлэлцэж эндээс гарсан шийдвэрийг дэлхий даяар хэрэгжүүлэхэд анхааран ажилладаг байна. 1880 онд 2-р чуулган Итали улсын Мелан хотод болсон бөгөөд энэ чуулганаас амны хайрцагнаас уншуулах арга зүй нь хамгийн үр дүнтэй арга мөн гэсэн шийдвэр гаргасан байна (Милан Конгресс, 1880). Тийнхүү 29-р сургууль нь энэ арга зүйгээр байгуулагдсан юм. Харамсалтай нь олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд уг арга зүй нь огт үр дүнгүй, тэр ч байтугай сонсголгүй хүүхдүүдийн хэл сэтгэхүйн хоцрогдолд орох гол шалтгаан болж байгааг илрүүлсэн байна. Дэлхийн сонсголгүй хүүхдийн боловсролын түүхэнд 1880-1960 онууд буюу амны хайрцагнаас уншуулах арга зүй ид цэцэглэж байсан үеийг “Dark Ages” буюу “Бурангуй Үе” хэмээн нэрлэдэг (Daley, 2010). Учир нь уг буруу арга зүй хэрэглэснээс болж дэлхийн сонсголгүй хүүхдийн боловсрол, сонсголгүй хүмүүсийн аж амьдрал бүрэн уналтад орсон байна.
2010 онд Канадын Ванкувер хотод болсон Дэлхийн Сонсголгүй хүүхдийн боловсролын мэргэжилтэн судлаачдын 21-р чуулганд 1880 онд буруу арга зүйг хүчээр хэрэглүүлж дэлхийн олон сая сонсголгүй хүмүүсийн амьдралд засаж болшгүй уршиг тарьсан болохоо хүлээн зөвшөөрч дэлхийн нийт сонсголгүй иргэдээс албан ёсоор уучлалт гуйсан юм. Ингээд энэ чуулганаас 1880 оны чуулганаас гарсан бүх шийдвэрийг хүчингүйд тооцох буюу амны хайрцагнаас уншуулах арга зүйг сонсголгүй хүүхдэд боловсрол олгох үндсэн арга зүй болгохгүй байх, мөн НҮБ-аас гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн заалтыг үндэс болгож аливаа улсын сонсголгүй хүмүүсийн мэдлэг, боловсрол, мэдээлэл олж авах үндсэн хэл нь тухайн улсын сонсголгүй иргэдийн хэрэглэдэг дохионы хэл байх, сонсголгүй хүүхдийн боловсролын байгууллага нь дохионы хэлээр үнсэн сургалтаа явуулах, сонсголгүй хүний соёлын үнэт зүйлсийг сургалтандаа тусгасан байх зэрэг зөвлөмжүүдийг гаргасан байна (Statement of Priniciple, Vancouver, 2010)
Монгол улс нь 2007 онд НҮБ-аас гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид албан ёсоор нэгдсэн тул Монгол дохионы хэл нь сонсголгүй хүүхдийн эх хэл болох бөгөөд 29-р сургууль нь дохионы хэл, сонсголгүйн соёл, бичгийн хэлний хосолсон арга зүй буюу хос хэл соёлын арга зүйгээр сургалтаа явуулах нь сонсголгүй суралцагчдийн хуулиар олгогдсон эрх юм. Монгол улсын боловсролын тухай хуульд боловсрол “сургалтын байгууллага нь тухайн хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн байх”, мөн бага дунд боловсролын тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурах нөхцөл боломжийг төрөөс хангах” гэсэн заалтууд байдаг боловч эдгээр нь амьдрал дээр хэрэгжихгүй байна.
Монгол улсын хүн ам, орон сууцны 2010 оны нэгдсэн тооллогоор манай улсад нийт 12633 сонсголгүй иргэд амьдардгаас 2915 нь хотод оршин суудаг ба тэдний 403 нь 0-16 насны хүүхдүүд байна (Үндэсний статистикийн газар, 2010). Гэтэл 29-р сургууль болон 186-р цэцэрлэгт нийт ердөө 145 хүүхэд суралцаж, үлдсэн 258 хүүхдүүд сургуульд сурдаг үгүй нь тодорхойгүй байна. Тэдний дийлэнх нь жирийн хүүхдийн сургуульд сурсан сураагүй хоёрын хооронд явж байх өндөр магадлалтай бөгөөд эндээс ямар гаргалгаа гарч байна вэ гэхээр Монголын сонсголгүй хүүхдүүдийн талаас илүү хувь нь өөрийн хөгжлийн бэрхшээлд тохирсон сургалтын үйлчилгээ авах хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа явдал юм.
Сонсголгүй хүүхдийн боловсрол гэдэг бол бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, заах арга зүйгээс тэс ондоо юм. Сонсголгүй хүүхдийн боловсрол, эх хэлээ сурах үйл ажиллагаанд орчин нь хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс дэлхийн сонсголгүй хүүхдийн боловсрол судлалд сонсголгүй хүүхдүүдийг тусгаарладаггүй харин хамтад нь сургах буюу хотхон (campus) хэлбэрээр хүүхдийн сурах орчинг бүрдүүлж өгдөг байна. Гэтэл Монголд орчинг нь бүрдүүлж өгөх биш харин 29-р сургууль, 186-р цэцэрлэг хэмээн тус тусад нь байгуулж салгасан байдаг.
Олон улсын практикт сонсголгүй хүүхдийн боловсрол, хэл сэтгэхүйн хөгжилд 0-3 насны сонсголгүй хүүхдийн боловсролын байгууллага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг (Kushalnagar, et al, 2010). Хүүхдийн эх хэлээ байгалийн буюу төрөлх зөнгөөрөө сурах эгзэгтэй үе нь 0-3 нас байдаг тул уг сургалтын байгууллага нь сонсголгүй хүүхдийн боловсролын гол суурь нь болдог байна . Харамсалтай нь манай улсад ийм сургалтын байгууллага огт байхгүйгээс Монголын сонсголгүй хүүхдүүд аль хэзээний хэлээ сурахаасаа өнгөрсөн насандаа буюу 6-7 насандаа сургуульд орж байна. Нэгэнт суурь хэлгүй, харилцааны наад захын мэдлэггүй хүүхдэд боловсрол олгоно гэдэг бол туйлын хүнд ажил юм. Энэ нь 29-р сургуулийн багш ажилчид шантрах, сонсголгүй хүүхдийг юм сурах чадваргүй, оюун ухааны хоцрогдолтой гэж дүгнэх гол шалтгаан болж байгаа юм.
Монголын сонсголгүй хүмүүсийн боловсрол туйлын хангалтгүй байгаагийн нэг баримт нь Монголын 15-аас дээш настай сонсголгүй хүмүүсийн 40.9% буюу бараг л тал шахуу хувь нь бичиг үсэг тайлагдаагүй болон бага боловсролтой байгаа явдал юм (Үндэсний статистикийн газар, 2004).
Тэгэхлээр бид өнөөдөр юу хийх хэрэгтэй байна вэ?
Юуны өмнө бид сонсголгүй хүүхдийн бүрэн чадамжийг хөгжүүлэх сургалтын сайн системтэй байх хэрэгтэй. Уг боловсролын систем нь сонсголгүй хүүхдийг жирийн сонсголтой хүүхдийн хэмжээнд хүртэл сурган боловсруулж чадахуйц тийм боловсролын систем байх юм.
Нэгдүгээрт, 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын байгууллагыг бий болгож сонсголгүй хүүхдийг төрсөн цагаас нь “эгзэгтэй үе”-д нь хэлийг нь сургаж, хэл сэтгэхүй, оюун ухааны хөгжлөөр жирийн сонсголтой хүүхдийн хэмжээнд хүргэх.
Хоёрдугаарт, өндөр боловсролтой, багшлах чадвартай, сонсголгүй багш нарыг 29-р сургуульд үндсэн болон туслах багшаар ажиллуулж хос хэл соёлын орчинг бүрдүүлэх.
Гуравдугаарт, Deaf campus буюу сонсголгүй хүүхдийн боловсролын хос хэл соёлын хотхонг бий болгож хөгжүүлэх. Миний бодлоор хос хэл соёлын орчинг бүрдүүлэх суурь бааз нь бидэнд бүрэн бий. Бид ердөө л 29-р сургуульд 186-р цэцэрлэгийн сонсголгүй хүүхдийн ангийг нэгтгэх, дээр нь 0-3 насны сонсголгүй хүүхдийн боловсролын байгууллагыг 29-р сургуулийн суурь бааз дээр тулгуурлан байгуулах юм. Ингэснээр бид Монголын сонсголгүй хүүхдийн боловсролд тулгараад буй асуудлуудыг цогцоор шийдэх боломж гарах болов уу. Бүх шатны сонсголгүй хүүхдийн боловсрол 29-р сургууль дээр төвлөрснөөр дараах үр дүн гарна:
• Сонсголгүй хүүхдийн боловсролын залгамж холбоо бий болно
• Хос хэл соёлын орчин бий болно
• Сонсголгүй хүүхэд залуучууд, сонсголгүй хүүхдийн эцэг эхчүүд хоорондоо холбоо харилцаатай болж мэдээлэл туршлагаа солилцох боломжтой болно
• Сонсголгүй иргэдийн хэл сэтгэхүйн хоцрогдол арилна
Сонсголгүй байх нь хөгжлийн бэрхшээл биш бөгөөд тэд бол өөсдийн хэл соёлтой нийгмийн цөөнх юм. Би хувьдаа Монголын сонсголгүй хүүхдийн боловсролд шинэчлэл хийж, хүүхдийг багаас нь системтэй, зөв программаар сургаснаар тэд бусад сонсдог иргэдтэй эн зэрэгцэн хөгжиж, нийгэм, улс эх орондоо ихийг хийж бүтээж чадна гэдэгт маш итгэлтэй байдаг. Угтаа хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж байдаггүй харин нийгэм нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бий болгодог юм байна. Америкийн сонсголгүй Оскарын шагналт жүжигчин эмэгтэй Marlee Matlin “Сонсголгүй байхын хөгжлийн бэрхшээл нь чихэнд биш харин хүний оюун санаанд бий” хэмээн хэлсэн байдаг (Matlin, 2009).
Балжиннямын Намираа. МА. МУБИС-ийн цагийн багш