Балжиннямын НАМИРАА
8 жил, 4 сар өмнө

Б.Намираа нь 12 настай байхдаа өвчний улмаас сонсголоо бүрэн алдсан. 2005 онд МУИС-ийг Эх бичиг судлаач, Төвдөч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2007 онд МУБИС-ийг Боловсрол судлаач мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. 2009- 2013 оны хооронд АНУ-ын Галлаудет их сургуульд суралцаж Тусгай хэрэгцээт боловсрол (нарийн мэргэжил нь сонсголгүй хүүхдийн ерөнхий боловсрол, заах аргазүй) болон Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсролоор 2 мастер зэрэг хамгаалсан. Тэрээр сонсголгүй хүүхдийн хос хэл, соёлын боловсролын болон эрт оролцооны боловсролын Монгол Улсын хэмжээний цор ганц мэргэжилтэн юм.

"Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, түүний боловсрол" номын зохиогч

Тэрээр Үндэсний номын санд төслийн ажилтан, МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшаар ажиллаж байсан. Тэрээр Монголын сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын түвшин дэлхийн чиг хандлагаас хэдэн арван жилээр хоцорч, тэр хэмжээгээр мянга мянган сонсголын бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд хохирч үлдэж байгааг сонсголгүй хүүхдийн тусгай 29-р сургуульд сурч байх үедээ ажиглан мэдэж тэрхүү хоцрогдмол байдлыг халж Сонсголгүй хүүхдийн боловсролыг шинэ шатанд гаргаж олон зуун сонсголгүй хүүхдүүдийг бүрэн чадамжаараа суралцаж мэдлэг чадвар, оюун сэтгэхүйн хувьд жирийн сонсголтой иргэдийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна.

Тэрээр Галлаудет их сургуульд мастер хамгаалсан бүтээлээрээ төсөл боловсруулж “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ- тай хамтран 2014 оны 9-р сараас Монголын анхны Сонсголгүй хүүхдийн эрт оролцооны боловсрол болон 29-р сургуулийн бага ангид “хос хэл, соёлын арга зүй”-н ангиудыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) буцалтгүй тусламжаар нээн ажиллуулж байна. Төслийн хамт олон болон USAID байгууллага нь уг шинэ тутам боловч олон улсын жишиг, чиг хандлагад нийцсэн сонсголгүй хүүхдийн эрт оролцоо, хос хэл, соёлын арга зүйг цаашид нутагшуулан хөгжүүлж, улам өргөжүүлэн дэлгэрүүлэхээр хичээн ажиллаж байна.

Ярилцлага унших

https://www.facebook.com/Namiraausa