Б.Намираа: Сонсголгүй хүүхдэд багаас нь сайн боловсрол олговол тэд жирийн сонсголтой хүүхдийн түвшинд боловсрол эзэмших боломжтой
8 жил, 5 сар өмнө

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэр дундаа 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын хөтөлбөр төдийлөн нарийн, тодорхой байдаггүй.

АНУ-ын Галлаудетын их сургуулийг сонсголгүй хүүхдийн боловсрол, тэр дундаа 0-3 насны сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсрол гэсэн нарийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан Б.Намираатай ярилцлаа.

-Та одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу?
-МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын хичээл заадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай хэрэгцээт боловсролын талаар хичээл ордог гэсэн үг. Би эхээс төрөхдөө эрүүл, сонсголтой төрсөн ч 12 настайдаа хүнд өвчин тусч сонсголгүй болсон. Тэгээд 14 настайдаа сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р сургуульд элссэн юм. Энэ үеэс л дохионы хэлийг сурч сонсголгүй хүний амьдралын зовлон жаргалыг мэдэрч эхэлсэн. Сонсголгүй хүүхдийн хөгжлийн онцлог, саад бэрхшээлийг сайн мэддэг болохоор тэдэнд туслахын тулд энэ мэргэжлийг сонгосон.

-Та АНУ-ын Галаудетын их сургуульд Монголд байдаггүй нарийн мэргэжлийг эзэмшсэн байна. Олон улсын туршлагаас харахад сонсголгүй хүүхдийн боловсролд хэдэн наснаас нь эхэлж анхаардаг юм бэ?
-АНУ-ын Галлаудетын их сургууль нь дэлхийн сонсголгүй хүмүүсийн дээд боловсрол эзэмшдэг ганц сургууль. Энэ сургуульд 70 гаруй орны сонсголгүй хүмүүс ирж боловсрол, мэргэжил эзэмшдэг гэж хэлж болно. Галлаудетын их сургуульд Канад, Кени зэрэг улсын парламент, Засгийн газрын гишүүн сурч төгссөн. Ер нь гадаадын улс орнуудын парлемантад сонсголгүй хүмүүсийн төлөөлөл оруулдаг жишиг гараад байгаа. Ингэснээр тэд сонсголгүй хүмүүсийг төлөөлөн, тэдний эрхийн хүрээнд оновчтой хууль батлуулж чаддаг.

Тухайлбал, Кени улсын парламентийн гишүүн төрөлхийн сонсголгүй Никсон Какири Галлаудетийн их сургуулийг сурч төгссөн. 150 жилийн түүхтэй энэ сургууль нь нийт 2000 гаран оюутантай. Тэгэхдээ тэдгээрийн 40 хувь нь жирийн сонсголтой хүмүүс байдаг. Галлаудет их сургуульд улс төр судлал, бизнес, урлаг зэрэг олон төрлийн мэргэжил олгодог. Би боловсрол судлалын тэнхимд сонсголгүй хүүхдийн боловсролын чиглэлээр суралцсан. Тэнд ер нь сонсголгүй хүүхдийг хүрч болох тэр боломжит түвшин хүртэл хэрхэн хөгжүүлэх вэ, тэднийг жирийн сонсголтой хүүхдийн хэмжээнд хүртэл хэрхэн сургах талаар нарийн мэргэжлийн арга зүй, техник заадаг.

Би тэнд дохионы хэлний хэл шинжлэл, тусгай хэрэгцээт боловсролын арга зүй, мэргэжлийн чиг баримжааг онол практик хослуулан сурсан.

Олон улсын сонсголгүй хүүхдийн боловсрол судлалд сонсголгүй хүүхдийг төрсөн цагаас нь буюу 0 настайгаас нь л анхаарч, тэднийг 0-3 насанд нь хэл сэтгэхүйг нь хөгжүүлэх шаардлагатай гэж үздэг. Ер нь 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээл тус бүрээр нь буюу хөдөлгөөний, харааны, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийнх гэх мэтээр тус тусдаа байдаг. Харин манай боловсролын салбарт энэ 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын байгууллага огт байхгүй. Зарим хүмүүс энэ байгууллагыг яслитай андуураад байдаг. Ясли нь асрах газар болохоос сургалтын байгууллага биш юм.

-Манайд сонсголын бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

-Би хувьдаа сонсголгүй хүүхдийн боловсролд анхаарсан бодлого хэрэгжүүлэхдээ олон улсын туршлагыг нэвтрүүлах хэрэгтэй юмуу гэж боддог. Олон улсад сонсголгүй хүүхдийн боловсролд орчин болох залгамж холбоог чухалчлан үздэг. Тухайлбал: 0-3, 3-6 насныханд зориулсан цэцэрлэг болон 1- 12 ангийн ЕБС-ийг бүгдийг нь нэг хотхонд төвлөрүүлэн байгуулахыг зөвлөдөг. Гэтэл манайд 29-р сургууль гээд нэг газар, 186-р цэцэрлэг буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгт сонсголгүй хүүхдээ хамруулаад нөгөө газар байгуулчихсан, дээр нь 0-3 насны сонсголгүй хүүхдийн сургалтын байгууллага ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл, бид боловсролын буруу системтэй, дээр нь боловсролын залгамж холбоо алга байна. Сонсголгүй хүүхэд 186-р цэцэрлэгт дохионы хэлээ сайн сурдаг боловч 29-р сургуульд элсэхэд багш нар нь дохионы хэлээр ярихыг хориглож зөвхөн бичих, амны хайрцагнаас унших хэрэгтэй гэж үздэгээс хүүхэд цэцэрлэгт сурсан хэлээ мартаж эхэлдэг. Үнэндээ манай улсад 0-3 насны сонсголгүй хүүхдийн боловсролын байгууллага байхгүйгээс сонсголгүй хүүхдүүд хэлээ сурах сайхан цагаа алчдихдаг. 29-р сургуулийн 1-р ангид орж байгаа хүүхдүүд харахад л долоон настай боловч хэл сэтгэхүйн хөгжил нь нэг настай хүүхдийнхтэй адилхан байдаг. Тэд өөрсдийн төрөлх хэл буюу дохионы хэлээ огт сураагүй учраас огт хэл байхгүй, наад захын харилцааны мэдлэг чадваргүй байдаг. Үүнээс болж уг хүүхэд хохирч өөрт тохирсон боловсрол эзэмшиж чадахгүй болдог.

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хэл яриа, бичгийн чадвар муу байх нь бий. Үүнийг сайжруулахын тулд боловсролын салбар хэрхэн анхаарах ёстой бол?
-Ер нь бол сонсдог үгүйг үл харгалзан бүх хүүхэд байгалиас заяасан хэл сурах төрөлхийн чадвартай байдаг. Энэ чухал үе нь хүүхдийн төрсөн цагаас 4-6 нас хүртэл үргэлжилдэг. Яг энэ үед нь сонсголгүй хүүхдэд дохионы хэлийг нь маш сайн эзэмшүүлэх буюу эх хэл нь болгон сургах ёстой юм. Хэрэв энэ чухал үед нь хүүхдэд хэлийг нь сургахгүй алдвал тэр хүүхэд хэзээ ч хэлээ төгс сурдаггүй болохийг олон жилийн судалгаа баталсан байдаг. Тиймээс манайд сонсголгүй хүүхдийг 0-3 насанд нь сургах газар хэрэгтэй байна. Хэрэв энэ л насанд нь дохионы хэл сургаж чадвал тэд цаашид жирийн хүүхэдтэй ижил түвшинд сурч боловсрох боломжтой болох юм. Харамсалтай нь манай боловсролын системийн гажуудлаас болж сонсголгүй хүүхдүүд аль хэзээний хэлээ сурахаасаа өнгөрсөн буюу 7-8 насандаа сургуульд орж байна.

-Манайд хэдэн насанд нь дохионы хэлийг заадаг юм бэ?
-186-р цэцэрлэгийн хүүхдүүд тэнд орсон цагаасаа дохионы хэлээ сурдаг. Гэтэл 29-р сургуульд дохионы хэлийг хэл гэдэг утгаар нь албан ёсоор 6-р ангиас нь эхэлж заадаг. Өөрөөр хэлбэл, 29-р сургууль нь хүүхдийг 1-р ангид ороход нь хэлийг нь заахгүй харин бичиж уншиж, амны хайрцагнаас харж ойлгодог болгоход анхааран ажилладаг. Огтын хэл байхгүй хүүхдэд бичиг үсэг заана гэдэг үнэндээ хэцүү, маш хүнд ажил. Сонсголгүй хүүхдийн гол харилцааны хэрэглэгдэхүүн нь дохионы хэл. Дохионы хэл хэрэглэхгүйгээр зөвхөн амны хайрцагнаас уншаад тэр хүүхэд боловсрол эзэмшинэ гэж байхгүй. Манай улсад ядаж л цэцэрлэг, сургууль аль алинд нь дохионы хэлийг хэрэглэж хүүхдийн боловсролын залгамж холбоог бий болгомоор байна.

-Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн хувьд дохионы хэл нь боловсрол эзэмших чухал хэрэгсэл нь мөн үү?
-АНУ-д сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролд анхаарч, хүүхдийн тусгай хэрэгцээ, боловсролын чанарыг хуулиндаа нарийн зааж өгсөн байдаг. Тиймээс сонсголгүй хүүхдүүд өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд жирийн сонсголтой хүнээс огт ялгаагүй үүрэгтэй оролцож чаддаг. Тэнд эрт оношлогооны систем буюу хүүхдийг төрсний маргааш нь сонсголын бэрхшээлтэй эсэхийг оношилдог хууль байна. Хүүхдийг сонсголгүй болохыг мэдсэн дариуд дохионы хэл сургах үйл ажиллагааг эхлүүлнэ. Сонсголгүй хүүхдийн бүх шатны боловсролын байгууллага буюу цэцэрлэг, сургуульд хичээдийг 100% дохионы хэлээр заадаг.

Манай улсад дохионы хэлийг хэл биш зангаа гэж ойлгоод байдаг. Монгол Улсын хэмжээний сонсголгүй хүүхдийн ганц сургууль нь амны хайрцагнаас уншуулах арга зүйг хэрэглэдэг тул Монгол дохионы хэл нь өндөр түвшинд хөгжиж чадаагүй л дээ. Гэхдээ манайд дохионы хэлийг цэцэрлэг, сургууль аль алинд хэрэглэж, хоорондын уялдаа холбоог нарийн сайн болгож чадвал сонсголгүй хүүхдийг ч, Монгол дохионы хэлийг ч хөгжүүлэх боломж нь бий. Дохионы хэл нь яагаад чухал байдаг вэ гэхээр энэ нь хүүхдийн эх хэл, суурь хэл нь болж өгдөг. Хүүхэд эх хэлээ хэдийн чинээ сайн эзэмшинэ төдий чинээ 2, 3 дахь хэлээ сурах, мэдээлэл олж авах, сэтгэхүйгээ хөгжүүлэх боломжтой болно. Тухайлбал, АНУ- д сонсголын бэрхшээлтэй хүүхдэдтэй төрсөн цагаас нь л дохиогоор харилцаж хэлийг нь сургаснаар тэр хүүхэд ердөө долоо, найман сартайдаа дохиогоор ярьж эхэлдэг. Бүр өгүүлбэрээр ярьдаг. Жишээ нь, “тэр мод байна”, “энэ бол арслан” гэх мэт. Жирийн сонсголтой хүүхэд аман ярианы хэл дээрээ тулгуурлан бичгийн хэл, гадаад хэл сурдаг бол сонсголгүй хүүхэд суурь дохионы хэл дээрээ тулгуурлан тухайн улсынхаа бичгийн хэлийг хоёрдогч хэлээ болгон сурдаг. Тиймээс дохионы хэл нь сонсголгүй хүүхдийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй байдаг байна.

Эх сурвалж: Зууны Мэдээ сонин