Саад бэрхшээл
12 жил, 10 сар өмнө

Улс хөгжихөд тулгарч байгаа нэг бэрхшээл бол манай төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, ажилтнуудынх нь төрх. Өмнөх социалист нийгмийнхээ олон зүйлээс бид татгалзсан хэр нь нууц дарангуйллаас татгалзаж чадаагүй. Энэхүү нууц дарангуйллын илэрч байгаа хэлбэр нь засаг захиргааны байгууллагын хүнд суртлын систем. Бид хүнд суртлыг бүтээж ирсэн, одоо ч бүтээсээр л байна. Манайд хэн нэгэн хүн ямар нэгэн бизнес эрхлэх гээд зохих бичиг баримтыг бүрдүүлэх гэхэд 12 шат дамжлага дамжиж, 28 хоног хөөцөлдсөний эцэст зөвхөн зөвшөөрлөө олж авч байна. Ганц зөвшөөрлийн төлөө олон шат дамжлага дамжиж байгаа явдал бол бид ганц хоёрхон хүний хийчих ажлыг 12-лаа хувааж аваад хийж байна гэсэн үг. Нууц дарангуйлал бол эрх мэдлээ ашиглан бусдын хүслийн боогдуудах, чирэгдүүлэх, хясах байдлаар илэрдэг бөгөөд энэ нь зайлшгүй авлига өгөх нөхцлийг бүрдүүлдэг. Тийм учраас хүнд суртал бол авлигын шимтэй хөрс мөн. Нууц дарангуйлал нь эрх мэдэлтэн болох, эрх мэдэл рүү тэмүүлэх хүслийг төрүүлдэг. Төр засгийн эрхтэн дархтан болохын хүсэл нь улстөржсөн сэтгэлгээгээр илэрч байна. Манай Монголчууд сүүлийн 10 гаруй жил онцгой их улстөржсөн. Үүнийгээ бид эх оронч үзэл, улс үндсээ гэх сэтгэл хэмээн цагаатгадаг. Бүх нийтээр улстөржих нь түүхэн тодорхой нөхцөлд нийгмийн байгуулал, улс төрийн тогтолцоог өөрчлөхөд үр өгөөжөө өгдөг ч улс орон тогтвортой хөгжлийн замд орсон үед хөгжлийн садаа болдог байна. Нийгэм нэлэнхүйдээ улстөржих нь сэтгэлгээний туйлшралд хүргэдэг бөгөөд туйлшрал бол чөлөөт сэтгэлгээний дөнгө юм. Гэтэл тогтвортой хөгжил бол шинжлэх ухаанжсан чөлөөт сэтгэлгээгүйгээр төсөөлөгдөхгүй. Хөгжил дэвшилд хүрсэн орнуудын их, дээд суруулиудад элсэгчдын 74-89%-нь байгалийн шинжлэх ухаан, технологийн мэргэжил сонгож байхад манайд 74%- нь нийгэм, улс төр, хуулийн мэргэжил сонгож байна. Бидний улстөржсөн байдал бага насны хүүхдийн нялх балчир ой ухаанд тусчихсан байгаа нь хүртэл харагддаг.

Бид өнөөдөр ардчиллын буянаар долоо хоногтоо 2 бүтэн өдөр амардаг. Зөвхөн үүнээ нэмэхэд жилийн 104 хоног нь ажил хийдэггүй хоног болно. Дээр нь наадам, шинэ жил зэрэг баяр ёслолын өдрүүдэд амардаг 10 шахам хонодог, дээр нь ээлжийн амралтын 26 хоногийг мөнөөх 104 дээрээ нэмэхээр яах аргагүй 140 хоног амардаг нь гараад ирнэ. Жилийн 140 хоногийг нь бид амардаг болж таарна. Жил гэдэг яаж ч болохгүй 365 хоногтой юм чинь бид бүхэл бүтэн  жилийн 1/3- ээс илүү хоногийг амардаг. Ийм ард түмэн хичнээн сүрхий авхаалжтай байлаа нэг их юм бүтээж чадахгүй нь тодорхой.

Дарма Батбая