​Нүүдэлчдийн сэтгэлгээ, эрхэм зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэдийн үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид​ автсан
8 жил өмнө

Үндэстнийг устгахын тулд хамгийн түрүүнд түүх, өв соёлруу нь дайрдаг технологи бий бөгөөд бид ч энэхүү түүх, соёлын геноцидэд хоёронтоо өртсөн ард түмэн юм.

Чухам бид ийнхүү түүх, соёлын устгалд өртөж, мартаж, ихээхэн элэгдэж хорогдсон нь өнөөдөр Монголчуудад нийтээр дагадаг ёсзүйн цогц үзэл баримтлал байхгүй гэсэн эргэлзээг төрүүлдэг. Өнөө байхгүй мэт байж болно, урьд өмнө байсан болохыг буурал түүх гэрчилнэ, харин хожмоо түүнээ сэргээн босгож чадах эсэхийг чухам бид мэдэх хэрэг билээ.
Нүүдэлчид бидний сэтгэлгээ ахуй амьдралын онцлог, үнэт зүйлс, өв соёлыг сайн мэдэхгүй гаднаас нь ажигласан гадаадын эрдэмтэн судлаачдын үгээр өөрсдийгөө дорд үзэн үгүйсгэх үзэлд бид хэсэгтээ л автсан. Тухайлбал, барууны түүхийн шинжлэх ухаанд нилээд түгээмэл болсон иргэншлийн онолд ард түмнүүдийг соёл иргэншлийг бүтээгчид, түүнийг эвдлэн нураагчид, хөгжиж чадалгүй иргэншлийнхээ эхэн үед зоогдон гацагсад хэмээн гурав ангилж, монголчууд биднийг болон бидний дээдэс хүннүчүүдийг тэрхүү эвдлэн нураагчид мөн хэмээн үзэж байв.
Мөн,
- монголчууд бол хоцрогдсон нүүдэлчид, умардын зэрлэгүүд, монголчууд бол эртний бүдүүлэг цаг үеэс тохиолдлоор гээгдэн үлдэгсэд,
- нүүдэлчдийн соёл иргэншлийг соёл иргэншилийн ай савд хамруулахгүй, соёл иргэншил төстэй үзэгдэл гэх нь ч байна.
Мөн цагийг эзэлсэн социалист үзэл суртлын нөлөөнд ч автаж, үндэснийхээ өв соёлоос бишгүй хөндийрсөн. Манж, хятад мэт харийн хорлонт бодлогод өртөж, үндэснийхээ онцлог шинж төрхийг ч багагүй гээжээ.
Гадна ертөнцөд бидний ийн дооршааж үзэхийн хажуугаар “Тамын тогооны монголчууд”, “Нүүдэлчид бол язгуурын бэртэгчид юм”, “Зэрлэг бүдүүлэг монголчууд”, “Эвлэж нийлж чаддаггүй монголчууд”, “Урт гарт монголчууд”, “Хүний мууд дуртай, ядарсандаа ноён зант монголчууд” гэх мэтээр өөрсдийгөө, бие биесээ үргэлжийн доордод үздэг үзэл хандлага хүчтэй байна.
Энэ бол яавч өнө эртний тэрхүү өв соёл, итгэл үнэмшлээс үүдэл гарвалтай биш юм. Энэ бол бид өөрсдөө үнэт зүйл бүхий дотоод ертөнцийнхөө хамгаалалтын кодыг санаатай болон санамсаргүйгээр эвдэлсний, эвдүүлсний, мөн гадны колоничлолын олон зуун жилийн шургуу хатгаас, зарим тохиолдолд хүч түрэн хэрэгжүүлсэн аймшигт үр урхагтай соёлын геноцитээс үлдсэн шарх сорви, хорт хавдар болно. Өнөөдөр ч яг тийм үйл явц үргэлжилж байна. Сүүлийн үед үндэстнийхээ сэтгэлгээний онцлог, уламжлалт өв соёлыг гүйцэд сайн ойлгож ухаараагүйгээс гадны буруу үзэл хандлагын нөлөөнд орж “Нүүдэлчин монголчууд бол язгуурын бэртэгчид” юм гэсэн үзэл хүчтэй дэлгэрч, олныг итгүүлэн үнэмшүүлээд зогсохгүй, онол ном болохоо шахан, төрийн бодлого, нийгэм-эдийн засгийн бодлогын суурь болон хэрэгжиж байгаа харамсалтай явдал ч бий. Биднийг сайтар мэдэхгүй гадаад судлаачид тийн хэлж, дүгнэж буй бол өөр хэрэг, харамсалтай нь бидний дотроос ийн дүгнэж итгэдэг хүмүүс цөөн биш болжээ.
Гэсэн ч өнөөдөр бид хараахан өөрсдийн өвөрмөц онцлог шинжээ бүрэн тавьж туучихаагүй байна. Түүний илрэл нь бид өнөөдөр ард түмний сэтгэлгээний дотоодод өөрсдийн үнэ цэнэт зүйлсээ эрж хайсан, үгүйлсэн хандлага, орь дуу ихээр сонсогдох болжээ.
Үндэстэн өөрийн шинж төрхөө алдаж эхэлбэл үндэстэн биш болж, мөхлийн сүүдэр нүүрлэж эхэллээ гэсэн үг болно. Харин бид өнөөдөр өөрсдийн шинж төрхөө үгүйлэн нэхэж байна. Түүнийг дахин сэргээж, цогцлоохыг эрмэлзэж байна.
Монгол үндэстний эрхэм шинж алдраагүй, бидний иргэншил амьд хэвээр байгаа гэдэгт итгэнэм.
Монгол хүний үнэлэмж сулран бүдгэрсэн цагтаа задрал бутрал, доройтолд унаж, бусдын хараан дор хэдэн зуунаар бөхөлздөг гашуун түүх нэг бус давтагдсан болно. Гэсэн хэдий ч мянга мянганы тэртээгээс хүчирхэг эзэнт гүрнүүдийг ээлж дараалан байгуулж явсан ой санамж, мэдээлэл нь бүрэн арчигдсангүй, МОНГОЛ ХҮНИЙ ЭРХЭМ ДЭЭД ҮНЭЛЭМЖ нь ор тас мартагдсангүй, зан заншил, ёсзүйнх нь харилцааны гүнд ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж ирсний ул мөр бол эхэнд дурдсан мөнөөх “МОНГОЛ ХҮН БАЙНА ДАА”, “МОНГОЛОО АЛДСАН” гэх мэт хэллэг, ойлголт, хандлага болно.
“Монголоо алдсан”-ийн цаанаас ёс бусыг жигшсэн жигшил, зэвүүцэл, ёс зүйн хувьд “монгол хүн биш” болвоос Монголоо бүхэлд нь АЛДАХ аюултай гэсэн айдас, түгшүүртэй хослон сонсогдоно. Ашигч, завшаанч, зальтай, зусарч, хорон, хонзогнуур, товчхондоо ёсзүйгүй хүмүүн бол дотоод мөн чанараараа “Монгол хүн” биш гэж үзэж, тойргийн гадна гаргадаг сэтгэлгээний муруйлт нь өнөөдөр “эрлийз хурлийз” гэх мэтээр илэрдэг.

Б.Номинчимэд
https://www.facebook.com/NominchimedB