Монгол Улсын Шинэ үеийн шилдэг хуульчид
5 жил, 4 сар өмнө

2020 ОНЫ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРТ ӨӨРИЙГ ТАНЬ УРЬЖ БАЙНА.

“Шинэ хуульчдын Орчлон клуб”-ээс хэрэгжүүлэх залуу хуульч болон хуулийн сургуулийн ахлах дамжааны оюутнуудыг дадлагажуулах, мэргэшүүлэх зорилготой “Менторшип хөтөлбөр” эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь мэргэжлийн өндөр боловсрол эзэмшсэн, ажил мэргэжлийн оргилд өөрийн шударга, ариун цагаан хөдөлмөрөөр хүрсэн, нийгэмд танигдсан, туршлагатай, хуульчдын хүрээлэл дунд нэр хүндтэй хуульч, эсхүл олон улсын эрх зүй, хүний эрх болон түүнтэй адилтгах бусад чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийг залуу хуульч/эрх зүйч (35 хүртэлх насны) болон хуулийн сургуулийн (3 ба түүнээс дээш дамжааны) оюутнуудтай холбон өгч, дадлага туршлагаа хуваалцах, тэдэнд боловсрол мэргэжлийн зөвлөгөө, чиглэл өгөх боломжийг бий болгоход оршино. Энэхүү хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.

“Менторшип хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт гаргагч нь дараахь материалыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний дотор багтаан orchlon.club@gmail.com хаягаар ирүүлнэ. Үүнд: 1. Өөрийн дэлгэрэнгүй CV /цээж зурагтай байх/; 2. Өөрийнхөө талаар дор дурдсан асуултын хүрээнд бэлтгэсэн 5 минутын дүрс бичлэг;
- Та яагаад хуульч мэргэжлийг сонгосон бэ?
- Та ажил мэргэжлийн зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн ажилладаг вэ?
- Та өөрийнхөө ажил мэргэжлийн карьерыг 10 жилийн дараа хаана хүрсэн байгаагаар төсөөлдөг вэ?
- “Менторшип хөтөлбөр”-т хамрагдсанаар таны ажил мэргэжилд ямар өөрчлөлт гарна гэж төсөөлж байна вэ?

Дээр дурдсан материалыг ирүүлэхдээ холбогдох файлынхаа нэрд өөрийн овог, нэрээ оруулсан байх ёстойг анхаарна уу. Эхний шатанд шалгарсан хүсэлт гаргагчтай “Шинэ хуульчдын Орчлон клуб”-ын Админ 2019 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ярилцлага хийх бөгөөд ярилцлагын шатанд тэнцсэн хүсэлт гаргагчийг энэхүү хөтөлбөрт хамруулна.

Хөтөлбөрт тэнцсэн Ментий нарыг өөрсдийнх нь сонирхол, мэргэшлийн чиглэлийг харгалзан Ментортой тааруулах ба хамтдаа төлөвлөгөө гарган хамтран ажиллана. Амжилт хүсье!

2019 ОНЫ МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Хатагтай Мандах-Аюушийн Алтантулга

Одоогоор “И Эл Би Партнерс” хуулийн фирмд партнер, хуульч, “Аригу”, “Непко” зэрэг хэвлэлийн компаиудын гэрээт орчуулагч, “И Эл Си” хуулийн фирмд хуульч, АНУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн банк, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Ийгл ТВ-д орчуулагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистр, Японы Хирошима хотын Их Сургуульд олон улсын харилцааны магистр зэрэг хамгаалсан. Мөн Хүмүүнлэгийн ухааны Их Сургуульд англи, орос хэлний багш мэргэжлээр суралцсан. Уран зохиол болон манлайллын чиглэлээр хэд хэдэн ном орчуулсан. Орос, англи, япон хэлтэй.

Хатагтай Батдоржийн Алтантуяа

Монгол судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Монголын Эмнести Интернэшнл байгууллагад хэвлэл мэдээллийн ажилтан, кампанит ажлын зохицуулагчаар ажиллаж байгаад 2000 оноос өнөөг хүртэл захирлаар нь ажиллаж байна. Эмнести Интернэшнлийн олон улсын нарийн бичгийн дарга нарын газарт Даяар менежментийн багийн гишүүн, кампанит ажлын менежментийн багийн гишүүнээр тус тус уригдан ажилласан, Эмнести Интернэшнлийн захирлуудын зөвлөлийн гишүүн, хэлний зөвлөлийн гишүүн, Цаазаар авах ялын эсрэг Ази Номхон далайн бүсийн сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн болон дотоодын олон хүний эрхийн төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан. Англи, орос хэлтэй.

Хатагтай Цэвэлрагчаагийн Арилдийпүрэв

Одоогоор Эркари Интэрнэйшнл ХХК захирал. Өмнө нь олон yлсын байгууллагад зөвлөх ажиглагч, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга, Монголын Хуульчдын Холбооны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, “Чоно” группийн ерөнхийлөгчийн зөвлөх, АНУ-д “Ванг Леонард ба Кондон” хуулийн фирмд хүний эрхийн хуульч судлаач, Сайнт Томас Их Сургуульд зочин профессор, судлаач мөн Билиг Дээд Сургуульд профессор, клиник сургалтын албаны захирлаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Сайнт Томас Их Сургуулийн Удирдлагын ухааны сургуулийн Удирдлага ухааны доктор (Ed. D), мөн сургуулийн Хуулийн сургуулийн хүний эрхийн магистр (LLM), Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын хувийн эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. АНУ, Филиппин, Украин улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Орос, англи хэлтэй.

Хатагтай Хүрэлбаатарын Ариунгоо

Одоогоор Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилттэй “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-т сургагч багш, Азийн Бизнесийн Холбоо ба Эдүкэйтэд Энтерпрайз байгууллагуудад консалтантаар тус тус ажиллаж байна. Өмнө нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Төрийн албаны шинэчлэл” төсөлд эрх зүйн эксперт, Дэлхийн Банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБХХ-ийн төслүүдэд судлаач, сургагчаар ажилласан. “Хоган Ловеллз”, “Минтер Эллисон” олон улсын хуулийн фирмын Улаанбаатар дахь салбаруудад хуульч, “Очир Ундраа” компанид бизнес хөгжлийн захирал, менежерээр тус тус ажиллаж байсан. Мөн олон улсын болон дотоодын хүний эрхийн, хүмүүнлэгийн чиглэлийн байгууллагуудад гишүүн, сайн дурын ажилтнаар ажиллаж ирсэн. Мэргэжлийн боловсролын хувьд Японы Нагояагийн Их Сургуульд харьцуулсан эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй. Орос болон япон хэлний мэдлэгтэй.

Хатагтай Биегарисийн Арна

Турк Улсын Истанбул хотноо “Эй Ви Кэй” хуулийн фирмд 2009 оноос хойш бизнесийн эрх зүйн чиглэлийн хуульчаар ажиллаж байна. Мэргэжлийн боловсролын хувьд Туркийн Анкарагийн Их Сургуульд эрх зүйн баклавр, магистр, мөн Туркийн Анадолу Их Сургуулийн бизнесийн бакалаврын зэрэг тус тус хамгаалсан. Турк, англи хэлтэй.

Хатагтай Цэрэнхүүгийн Баттуяа

Одоогоор бие даасан стратегийн өмгөөлөл болон олон улсын хуулийн байгууллага болон Монголын Харвард инишиатив байгууллагад гэрээт хуульчаар ажиллаж байна. Өмнө нь Улсын Их Хуралд хуулийн зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлд референт, НҮБ-д төслийн менежер, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Цагдаагийн ерөнхий газарт мэргэжилтэн, "Халх журам" хууль зүйн сургууль болон бусад сургуульд багшаар ажиллаж байсан туршлагатай. Мөн хэд хэдэн хүмүүнлэг болон хүний эрхийн чиглэлийн төрийн бус байгууллагад хуулийн зөвлөх, идэвхтэн гишүүнээр ажилладаг. Түүчлэн Польш Улсын Парламентад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн судалгааны болон хуулийн төслийн багт ажилласан туршлагатай. Мэргэжлийн боловсролын хувьд Польшийн Лодзийн Их Сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор МУИС-ын ХЗС-д докторант. Англи, орос, польш хэлтэй.

Эрхэм Аюушийн Бат-Эрдэнэ

Одоогоор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын Хөгжлийн Эрх хариуцсан хэлтсийн даргаар ажилладаг. Энэ байгууллагад 25 жил орчим ажиллаж НҮБ-н Хүний Эрхийн Зөвлөл, түүний тусгай хороод болон илтгэгчид, ажлын ба мэргэжилтний хэсэг, олон улсын болон улс орнуудын хүний эрхийн асуудал зэрэг төрөл бүрийн салбарт ажиллаж ирсэн. Мөн НҮБ-ын Зэвсэг Хураах Албанд улс төрийн ажилтан, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Олон Улсын Байгууллагын Газарт дипломат ажилтан, Англи ба АНУ - ын Элчин Сайдын Яамдад туслах ажилтан зэргээр ажиллаж байсан. Боловсролын хувьд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн улс төр, олон улсын харилцаа ухааны магистр цолтой. Мөн олон улсын хүний эрхийн хуулийн чиглэлээр АНУ, Швейцарь ба Финланд улсуудад мэргэшил дээшлүүлэх сургалтууд дүүргэсэн. Орос, Англи ба Франц хэлтэй.

Хатагтай Энх-Амгалангийн Байгал

Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимд дэд профессороор ажиллаж байна. Өмнө нь тус сургуульд ахлах багш, “Хүний эрхийн төв” Төрийн бус байгууллагын судлаачаар тус тус ажиллаж байсан. Мөн Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын арбитрч. Мэргэжлийн боловсролын хувьд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн хууль зүйн доктор (PhD), ХБНГУ-ын Байройтын Их Сургуулийн магистр, МУИС-ийн ХЗС-ийн хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Түүнчлэн МУИС-ийн ОУХНУС-д герман хэлний хэлмэрч мэргэжлээр суралцаж төгссөн. Мэргэжлийн хүрээнд нилээд судалгааны төсөлд оролцож, олон тооны эрх зүйн ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүллэг хэвлүүлж, илтгэл хэлэлцүүлж байсан. Англи, герман хэлтэй.

Эрхэм Маналжавын Баярманал

Одоогоор "Гоби Консолидэтэд" компанид Байгууллагын хөгжил, хуулийн хэрэгжилт хангах газрын захирлаар ажиллаж байна. Өмнө нь МАК компанид Эрх зүйн газрын орлогч захирал, “Хасвуу Групп” компанид хуулийн зөвлөх, “Жи Ти Эс Адвокатс” (Хоган Лавэллз Олон Улсын Хуулийн Фирмийн Монгол дахь түнш) ХХН-д хуульчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Дандигийн Их Сургуулийн Эрчим хүч, газрын тос, эрдэс баялгийн бодлого, эрх зүйн төвд зочин судлаачаар ажиллаж, Лондонгийн Сити Их Сургуульд олон улсын банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Английн Вестминстрийн Их Сургуулийн олон улсын худалдааны эрх зүйн магистр, МУИС-ийн ХЗС-ийн олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Англи хэлтэй.

Хатагтай Сарантуяагийн Мойлтмаа

Одоогоор Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн санд хамтын ажиллагаа хариуцсан консалтантаар ажиллаж байна. Өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн "Ошми" компанид гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хараат бус судалгааны институтэд үйл ажиллагаа хариуцсан захирал, төслийн менежер ба судлаач, Дэлхийн банк болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлсэн “Төрийн удирдлагын хүний нөөцийн стандартчилалын төсөл”-д туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Сассэксийн Их Сургуульд олон улсын хүний эрхийн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг тус тус хамгаалсан. Англи, Унгар улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи хэлтэй.

Хатагтай Галсанжамцын Мөнхжаргал

Одоогоор “Эм Си Эс Интерэшнл” компанид хуулийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь “Ананд Адвокатс” хуулийн фирмд хуульч, “Саут Гоби Сандс” компанид гэрээний хуульч, “Нээлттэй академи” байгууллагад эрх зүйн судлаачаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Австралийн Мельбурнийн Их Сургуульд бизнесийн эрх зүйн магистр (LLM) зэрэг хамгаалсан. Голландын Гааг хотноо Олон Улсын Эрх Зүйн Академийн зуны хөтөлбөр дүүргэсэн. Англи хэлтэй.

Эрхэм Тэрбишийн Мөнх-Эрдэнэ

Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд багш, ХБНГУ-ын Шпайерын Захиргааны шинжлэх ухааны их сургууль, Германы нийтийн захиргааны судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Өмнө нь Худалдаа, хөгжлийн банкны Хуулийн газарт хуульчаар ажиллаж байсан. Мэргэжлийн хүрээнд олон тооны судалгааны ажлын багт судлаачаар ажилласан бөгөөд хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүллэгийг монгол болон англи хэлээр нийтлүүлсэн. Мэргэлийн боловсролын хувьд Австри Улсын Вена хотын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд олон улсын болон европын бизнесийн эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Түүнчлэн мөн улсын Зальцбург хотын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн “Эрх зүй ба эдийн засаг” хөтөлбөрт хамрагдсан. МУИС-ийн ХЗС-ийн докторантурт суралцаж байна. Англи, герман, орос хэлтэй.

Хатагтай Цэвэлийн Отгонтунгалаг

Одоогоор Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Дэд ерөнхийлөгч, Эрх зүйн бодлого, мониторингийн газрын даргаар ажиллаж байна. Өмнө нь тус байгууллагад Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга, Хөгжлийн бодлогын газрын дарга, Төлөвлөлтийн газрын дарга, хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Хөдөлмөрийн Их Сургуульд эдийн засгийн ухааны магистр, Итали Улсын Турины Их Сургуульд эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Англи хэлтэй.

Хатагтай Дугарын Сүнжид

Одоогоор Хууль зүй, дотоод хэргийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар ажиллаж байна. Өмнө нь ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “Юстиция” хуулийн фирмд хуульч, “Эм Си Эс Проперти” компанид хуулийн зөвлөх, Монгол Улс дахь Швейцарын Консулын газарт богино хугацааны хуулийн зөвлөх, “Жи Ти Зи” байгууллагаас хэрэгжүүлсэн “Газрын менежмент-санхүүгийн кадастр” төслийн дотоодын зөвлөх, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвд судлаачаар тус тус ажиллаж байсан. Мөн Удирдлагын академид эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байсан. Бие даасан болон хамтарсан олон тооны эрдэм шинжилгээний бүтээл монгол, англи, герман хэлээр нийтлүүлж, илтгэл хэлэлцүүлж байсан. Түүнчлэн олон тооны судалгааны төсөлд багийн ахлагч, судлаачаар ажилласан туршлагатай. Эдгээрийн хажуугаар Монголын Хуульчдын Холбооны Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхлэх хорооны тэргүүн зэрэг сонгуульт ажил эрхэлжээ. Мэргэжлийн боловсролын хувьд ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуульд хууль зүйн доктор (Dr.jur), олон улсын харьцуулсан эрх зүйн магистр (LL.M), Монгол Улсын Их Сургуулийн Хууль зуйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мөн Швейцарь Улсын Базелийн Их Сургуулийн олон улсын эрх зүйн чиглэгээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Түүнчлэн МУИС-ийн ОУХНУС-д герман хэлний хэлмэрч мэргэжлээр суралцаж төгссөн. Англи, герман хэлтэй. Орос хэлний мэдлэгтэй.

Хатагтай Дэлгэрийн Уянга

Одоогоор “Дэлгэр Ай Пи” хуулийн фирмийг үүсгэн байгуулсан бөгөөд хуульчаар ажиллаж байна. Өмнө нь оюуны өмч, патентийн эрх зүйн чиглэлээр хэд хэдэн хуулийн фирмд хуульчаар ажиллаж байсан. Оюуны өмч, патентийн эрх зүйн сэдвээр англи, герман хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээс гадна улс төр, хууль зүйн чиглэлээр нийтлэл бичиж, эрхлэн гаргадаг. Мөн ХБНГУ-ын Оюуны Өмчийн Хамгаалах Холбооны гишүүн. Мэргэжлийн боловсролын хувьд Герман Улсын Фрейбургийн Их Сургуульд оюуны өмчийн эрх зүйн доктор (PhD), Лейпцигийн Их Сургуульд магистрын (LLM) зэрэг тус тус хамгаалсан. Герман, англи хэлтэй.

Хатагтай Гүндсамбуугийн Халиун

Одоогоор бие даасан хуульчаар ажиллаж байна. Өмнө нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хуулийн мэргэжилтэн, “Айзиа Коал Лимитед” компанийн суурин төлөөлөгч, Чингис Хаан банкинд гэрээний хуульч, Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хөтөлбөрт төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Английн Вестминстрийн Их Сургуульд олон улсын бизнесийн эрх зүйн магистр (LLM), Австралийн Ла Троб Их Сургуульд бизнесийн удирдлагын магистр, Польшийн Лодц Их Сургуульд захиргааны эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. АНУ, Англи ба Хонгконгод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи, орос, польш хэлтэй. Франц хэлний мэдлэгтэй.

Эрхэм Жаргалсайханы Хунан

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, мөн холбоонд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн зөвлөх, Партнерс форевер компанид хуульч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн "Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь" ба "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх" төслийн зохицуулагч,
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн зэргээр ажиллаж байсан. Мөн хэд хэдэн төрийн бодлого, хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажилласан туршлагатай. Улс төр хууль эрх зүйн чиглэлээр нийтлэл, орчуулга, судалгааны ажил эрхлэн гаргадаг. Боловсролын хувьд Унгарын Ёотвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүйн сургуулийн төр, эрх зүйн ухааны магистр. Орос, Англи, Унгар хэлтэй.

Эрхэм Мөнхжаргалын Энх-Од

Одоогоор “Аспайр Майнинг” компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байна. Өмнө нь МАК компанид хуулийн ахлах зөвлөх, “Монцемэнт” компанид хуулийн зөвлөх, “Баян Айраг” компанид гэрээний хуульчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд Нидерландын Маастрихтын Их Сургуулийн олон улсын эдийн засгийн эрх зүйн магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд хувийн эрх зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мөн АНУ-ын Пенсильванийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Англи хэлтэй.

Эрхэм Наранцэцэгийн Орчлон

Голландын Гааг хот дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхэд 2006 оноос хойш ахлах өмгөөлөгчөөр ажиллаж байна. Өмнө Монголд олон улсын байгууллагуудад хуулийн зөвлөх, өмгөөлөгч, АНУ-д өмгөөлөгчийн туслах, Монгол Улсын цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Мэргэжлийн боловсролын хувьд АНУ-ын Миннесотагийн Их Сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Мөн олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Австри, АНУ, Бельги, Герман, Голланд, Франц, Итали, Швейцарь, Шинэ Зеланд зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдсан. Мөн Австрийн Зальцбургийн Их Сургууль, Ирландын Гальвэйн Их Сургууль, Кутафины нэрэмжит Москвагийн Хуулийн Их Сургуульд олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр тус тус лекц уншиж байсан болно. Англи, франц хэлтэй.

Эх сурвалж:  Шинэ Хуульчдын "Орчлон" Клуб

https://www.facebook.com/groups/1060904903940694/