МОНГОЛ ОРНЫ ХӨГЖЛИЙН ГАРЦ ГАРГАЛГАА, ЭХ ОРОНДОО ЭЗЭН БОЛОХ ЦАГ ИРЛЭЭ
3 жил, 11 сар өмнө

"Эмх цэгц тогтоох НЭГДМЭЛ МОНГОЛ хүчин"

Хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засаглалтай, эдийн засгаа бүрэн либералчилсан, үйлдвэрлэл хөгжөөгүй учраас бараг бүх хэрэгцээгээ импортоор хангадаг, нэг хүнд оногдох газар нутаг болон байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг ийм нэгэн улс дэлхийд байна.

Нийт экспортод уул уурхайн баялаг 90-ээд хувийг эзэлдэг. Ашигт малтмалын экспортын бараг 50 хувийг Австрали-Канадын хөрөнгө оруулалттай ганцхан компани дангаар хийдэг. Гэтэл энэ компанийн төлсөн татвар улсын нийт татварын орлогын 5 хувийг эзэлдэг. Эрчим хүч, шатахуунаар хөрш улсаасаа хараат. Улсаараа авилгад хавтгай идэгдсэн, нийт баялгийн 98 хувийг эзэмшдэг цөөнх баячууд, тэдний санхүүжилтээр улстөрийн эрх мэдлийг эзэгнэгч голлох улстөрчид нь гадаадынханд худалдагдсан. Гол лидерүүдийг нь баруунд бэлтгэж төрд нь илгээдэг.

Хүн амын нь бараг тал нь өдөрт 2 доллараас бага орлогоор голоо зогоодог. Ажилгүйдэлд нэрвэгдсэн. Боловсрол эрүүл мэндийн тогтолцоо маш сул. ДНБ нь жилийн 11 тэрбум доллар боловч түүнийг 2 нугалсан өртэй. Энэ ямар улс вэ?

Энэ бол 1990-ээд оны үзэл сурталжсан коммунист сэтгүүлийн нийтлэлд дурдагддаг Бүгд Найрамдах Мозамбик Ард Улс ч биш, 1930-аад оны их хямралын үеийн Америк ч биш, дэлхийн дайны дараахь Европ ч биш, Октябрийн хувьсгалын дараахь иргэний дайнд сүйдсэн Орос ч биш, тэр ч байтугай Манжийн талхидалд хоцрогдсон, их үсрэлтийн туршилтад сүйдсэн Хятад ч биш. Энэ бол гурван сая Чингис амьдардаг, эртний түүхтэй Монгол Улс. Одоо монгол улс дээрх орнуудын тухайн үеийн муугийн жишээг амжилттай орлох тийм л улс болсон байна.

Монголын нууц товчоонд бичсэнчлэн “Монголчууд бид муу боловч сайнаас дутахгүй, цөөн боловч олноос дутахгүй” байж чадна. Өгөдэй хааны хэлсэнчлэн “Бид амссан гурван гашуунаа дурдаж, алдсан гурван алдаагаа засах” цаг ирж байна. Бид эртний уламжлалт төрөө үгүйсгэж, бусдыг хэтэрхий хөнгөмсөглөн дуурайж нэг алдсан байна. Эх болсон газраа эмх замбараагүй ухуулж нэг алдсан байна. Эрх чөлөөндөө сагаж дураар дургиснаас нэг алдсан байна.

Монголчууд “Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг. Энэ бол төрийн сүлдний дүрснээс биш, олон мянган жилийн түүхт төрийн эрх, хүчээс шударга ёсыг хүсч байгаа залбирал юм. Төр авилгачдад хатуу байж гэмээ нь ард олныг төрийн сүлд өршөөдөг. Авилгачдад зөөлөн байвал ард олон хохирдог. Төр гадагшаа ч, дотогшоо ч эмх цэгцтэй, зохион байгуулах чадвартай, хүчтэй байвал ард түмэн хождог. Монголын ард түмэн хүчтэй төрийг хүсч байна.

Монголын төр Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлж, түүнийг тууштай хэрэгжүүлж, хамгаалж чаддаг байхыг ард түмэн хүсч байна. Монголын төр гаднын нэг жижигхэн нэг компанид, гадны нэг намд, гадны нэг хориотой шашны сектэд үйлчилдэггүй байхыг хүсч байна. Өнөөдөр монголын голлох хоёр намын дэргэд гадаадын намуудын сангууд ажиллаж, санхүү, үзэл суртлын дэмжлэг, заавар өгч байгааг бид мэднэ.

Төр ариун байхыг хүсч байна. Монголд буддизмын нэг урсгал, исламын нэг урсгал, уламжлалт бөө мөргөл гурав л төрийн соёрхол дор зэрэгцэн эв найртай оршиж ирсэн. Нэг улсад өөр өөр шашин зэрэгцэн оршиж болдог, харин нэг шашны олон урсгал, тэр дундаа гажсан урсгалууд олноор бий болбол аюултайг бид дэлхий ертөнцөөс харж байна. Яг одоо Монголд буддын шашны 600 гаруй сүм хийд байхад христийн янз бүрийн урсгалын 6000 гаруй сүм хийд үйл ажиллагаа явуулж байна.

Нийгмийн үнэт зүйл ёс суртахуун хэзээ ч байгаагүйгээр дорд орлоо. Эгэл Монголчууд үгээгүйчүүд, орон гэргүйчүүд гэгдэж энэ нийгмээс гадуурхагдсан бүхэл бүтэн давхарга үүссэн байна. Монголоо гэх сэтгэлгүй, монголоо алдсан, монголын гэх бүхнийг муучилдаг, гадныхны гар хөл бологчид энэ улсыг тонон сүйтгэж, монголчуудыг нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхиран хагаралдуулж байна. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа сайт, телевиз, радионуудын олонх нь гадаадаас тэр тусмаа нэг улсаас санхүүжилт авдаг болсон байна.

Монголын банкууд дахь хадгаламжийн ихэнхийг гадаадын банкууд, сангууд, иргэдийн хадгаламж бүрдүүлж байна. Тэдний хүүгийн орлогоос татвар авахыг Монголын парламентын хамгийн баян гишүүд эсэргүүцэж байна.

Энэ юунаас болов, хэний гай вэ? Төргүй байсны гай. Төргүй байсан учраас монголчууд 25 жил эцэг эхгүй өнчин хүүхэд шиг явлаа. Энэ бол төрийн оронд мөнгө шүтсэний гай.

Төр муу менежер, төр шиг хэрэггүй зүйл үгүй, төр өмчтэй байж болохгүй, төр хүчгүй байх ёстой, бүхнийг хувьчил, хувь хүн төрөөс ямагт илүү, гадаадын хөрөнгө оруулагчид бүр илүү... Ийм уншлагатай чөтгөрүүд төрд шүглэснээс бид ийм боллоо. 30 жилийн өмнө эхэлсэн “Нянгаруудын эрин”-г дуусгавар болгохгүйгээр бид Монголоо аварч чадахгүй.

Нянгар гэж хэн бэ? Ямар ч боловсролгүй, наад захын энгийн соёл, ухамсаргүй, ердийн бүдүүлэг архичин Нянгар гэгч нөхөр өөрийн мэдэлгүй явсаар гэнэт төрийн толгойд гарч, чухал албан тушаалд очиж бүхний амь амьдрал шийддэг чухал хүн болж орхидог тухай нэгэн кино байдаг. Монгорлын төр дэх нянгарууд зөвхөн сүүлийн үеийн үзэгдэл огтоос биш юм. Бид ийм Нянгаруудын эринд 25 жил амьдарлаа. Төрийн толгойд төрийн бодлоготон биш ердийн дунджууд, бүр түүнээс доод түвшнийхэн, ижил хүйстэн, гэмт хэрэгтэн, худалч, хулгайч, архичин, луйварчин, дээрэмчдийн бүлэглэл, зүгээрл Нянгарууд гарч 25 жил Монголыг гүнзгий хар ангал руу чирсээр байна. Энэ хар үеийг эхлүүлж, Нянгарууд төр барих бололцоо олгосон, 23, 25тай Нянгаруудад Монгол төрийн жолоог зүгээр л өгчихсөн хүмүүст гомдох ч багадхаар.

Ажил амьдралынхаа захад дөнгөж хөл тавьж байсан, аймаг байтугай айл гэр толгойлж үзээгүй 20, 30-тай залуучуудад төрийн эрхийг өгснөөс төрийн бүтэц, зорилго, эрх үүрэг задран сарниж, улс орон догшин мөрөнд сэлүүргүй завь мэт сэгсчүүлэн зүг чиггүй хөвж явна. Монголын төрийг нэг улсаас хараат байсныг өөрчилсөн гэдэг тэр нянгарууд өөр улсын хараат болголоо. Тэд өөрийн төрөөс биш гадныхнаас туршлага судалж, гаднаас заавар авч, гаднаас загвар хуулж байсан.

Тэд өнгөрсөн 25 жил төр улсыг яаж авч явж болдоггүй вэ гэдгийг хангалттай харууллаа, мэдрүүллээ, төр шиг төртэй байх яагаад хамгийн чухал вэ гэдгийг хатуу ойлгууллаа, яс маханд мэдрүүллээ. Энэ л өнгөрсөн 25 жилийн түүхэн сургамж - гол ач холбогдол байлаа.

1990 оноос хойш юу өөрчлөгдсөн бэ? Энэ үеийн люмпэн-элитүүдийн хэлэх дуртай үгээр жишээлье. ЗХУ-аас хараат коммунист БНМАУ байсныг эрх чөлөөт либерал Монгол Улс болгосон нь үнэн үү? Бид одоо хэнээс хараат байна? Хонхны дуу цуурайтсаар л, урт гар биднийг зовоосоор л байна... 11,8 тэрбум шилжих рублийн өрнөөс салгасан гэдэг. Өнөөдөр 22 тэрбум ам.долларын өртэй байна.

Эрдэнэтийн зэс молибден, Мардайн уран, Бор-Өндөрийн жоншийг ашигласны ашгийг ихэнхийг гадаадынхан дээрэмдэж байна, үүнийг зогсоо гэж байсан. Өнөөдөр Оюу толгойн зэс-алт, Гацууртын алт, Таван толгойн нүүрс, Матадын нефтийн ашиггүй гэж гэрээг хянахыг бид шаардаж байна. Тэд эсэргүүцэж байсан бүхнээ дахиад л бий болгосон, тэгэхдээ хоёр дахин богино хугацаанд хоёр дахин их өрөөр буцаагаад босгочихоод байгаагаа ойлгохгүй байна гэж үү? Өнөөгийн неолиберал удирдагчид тэр үеийн коммунист удирдагчдаас тэгээд илүү сайн сайхан болгочих нь энэ үү?

Малыг малчдад өгсөн гэдэг. Өнөөдөр тэр мал нь банкны мал, ялтай мал болсоон. Иргэдэд байрыг нь өгсөн гэдэг. УИХ саяхан олонхийн шийдвэрээр банкны барьцаанд байгаа хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь иргэдээс булаан авч банкуудад өглөө. Түүнийгээ 5 хувийн зээл өгөх гэж байгаа юм гэж хуурах хэрэг байна уу? Одоо газрыг ч мөн банкны барьцаанд тавих эрхийг өгөхөөр зүтгэж байна. Цалин, тэтгэвэр, хашаа байшин, газар, мал...Иргэдийн байгаа бүхнийг барьцаанд тавиулан өөрсдийн хувь эзэмшдэг, сонгуулийн мөнгөө даалгадаг банкуудыг тэтгэж, харин иргэдийг өрийн дөнгөнд оруулсаар л байна. Үүнийгээ тэд “иргэдийн гар дээрх үхмэл хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах” гэж гоёр нэрлэдэг. Өнөөгийн банкууд Ардын хувьсгалаас өмнөх ДаШинхүү, Да шиндэгийн пүүснээс нэрнээс өөр ямар ч ялгаа алга.

Орон гэргүй, үгээгүйчүүд, архичид, ажилгүйчүүдийн арми бий болж, ядуурал хүн амын тал хувь руу дөхөж явна. Осол аваар гэмтэл, амиа хорлолт гээд цаг бусаар амиа алдаж байгаа хүний тоо дайн тулаан болж байгаатай ялгаагүйгээр нэмэгдэж, хорт хавдар зүрхний шигдээс, БЗХӨ урьд хожид байгаагүйгээр газар авлаа. ДОХ, ижил хүйстэн, хар тамхи мансууруулах бодис, биеэ үнэлэгч, хүний наймаа ... монголчуудын үгсийн санд байгаагүй, ер урьд хожид сонсогдож дуулдаагүй эдгээр үгс 3хан сая хүнтэй Монголд амилан биежихээр барахгүй дасал болж ирээдүй хойчийг нь багалзуурдаж байна.

Тэгээд бидний зорьсон зам, хүссэн нийгэм энэ үү?

1990 онд тэд энэ бүхний төлөө өмнөх үеэ түлхэн унагаж, адлан хавчиж, дэвсэн нулимсан. Тэд 1990 онд юу гэж хэлсээр өмнөх үеэ түлхэн унагаснаа санах ёстой. Тусгай хангамж эдэлдэг гэсэн. Тэр тусгай хангамжаас өнөөдөр өөрсдөө дутуу хангамжтай байна уу? Тэд яг ийм шалтгаар буруутгаж Ю.Цэдэнбалын баатар цолыг хураан авч байсан. Өнөөдөр өөрсдөө баатар цолоо хураалгах ёстой.

Монголчууд эрх чөлөөтэй болсон гэдэг. Ямар эрх чөлөөний тухай яриад байна? Авилга авах эрх чөлөө юу? Авилга авчихаад, авилгыг цэцэглүүлчихээд өршөөгдөх, зугатах, мултрах эрх чөлөө юү? Улс үндэстнийхээ олон мянган жил хамгаалсан газар шороог зарж ихэнхийг нь гаднынханд өгөөд ганцаараа баяжиж, гадаадад амьдрах эрх чөлөөгөө хэлээд байна уу? Үр хүүхдээ гадаадад суулгачихаад өөрөө эх орноосоо хулгай хийн тэднийгээ тэжээх эрх чөлөөгөө яриад байна уу? Өвөг дээдсийнхээ булш бунханг сүйтгэх эрх чөлөө юу? Улсын төсөвтэй тэнцэх мөнгийг нэг компанид дур мэдэн өгөх эрх чөлөө юу?

Банк нэрээр бусдыг хэмжээ хязгааргүй хүүлэн мөлжихөө эрх чөлөө гээд байна уу? Ар гэр, аав ээж эхнэр хүүхдээ асран тэжээхээс зугатах эрх чөлөө юу? Хийх ажилгүй, нааш гэх төргүй үй олон иргэдийн архидан согтуурах нь эрх чөлөө юу?

Нөгөө амлаад байсан тэгш эрх, шударга ёс чинь хаана байна? Амжиж цуслаж, идэж ууж, авилга авч чадаагүйнх нь хохьуу? Монголын тонон дээрэмдэж баяжсан цөөн хэдэн гэр бүл, Монголыг 25 жил завсаргүй удирдсан МАНАНгийн эрх баригчид ташууртай, бусад нь эмээлтэй төрсөн гэж ямар бурхан хэлсэн юм бэ?

Бид 25 жил хэтэрхий их зугааллаа, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээлээ. Тэргүүнгүй өрх, эцэггүй хүүхдүүд байлаа. Одоо болсон! Одоо бидэнд төр шиг төр, зангидах хатуу гар, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалт, хариуцлага, удирдлага, удирдагч хэрэгтэй.

Төр эдийн засгийн удирдлагаа гартаа авах хэрэгтэй байна. Импорт, экспортын гол салбарууд хувь хүмүүсийн халаасанд биш төрийн монопольд байх ёстой. Энэ бол импортын нефть, экспортын ашигт малтмалыг төр мэддэг байх ёстой гэсэн үг. Архи, спиртийн үйлдвэрлэл төрийн монопольд байх ёстой. Архи үйлдвэрлэж, импортлож тамтаггүй ашгийг нь хувь хүн халаасандаа хийгээд, архидалтаас үүдэлтэй өвчлөл, үхэл, өнчрөл хагацал, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн бүхий л сөрөг үр дагавар нь төрийн нуруунд ирж байна. Хэтэрхий шударга биш байна!

Төлөвлөгөөгүй, эмх замбараагүй төвийг чиглэсэн нүүдэл 3-хан сая монголчуудын тэн хагасыг утаагаар амьсгалж толгой дараалан уушигны хорт хавдраар өвчилж, шинэ бүрэлдэж буй ураг хүртэл гажигтай болж байна. Үүнийг хүн бүхний амьдрах суух газраа чөлөөтэй сонгох Үндсэн хуулийн эрх чөлөөгөөр зөвтгөөд л суугаад байх уу? Хот руу чиглэсэн тасралтгүй нүүдлийг тодорхой хугацаанд хүчээр хазаарлан барьж, харин хотоос хөдөө тийш нүүдлийг хөхиүлэн дэмжих ёстой.

Хүн, малаа яс тоолох хэрэгтэй байна. Нэг ч хүн үлдээлгүй бүртгэж цэгцлээд, өрх бүрт хүрсэн, хүн амынхаа давхрага бүрт чиглэсэн үр дүнтэй цэгцтэй бодлого гаргах хэрэгтэй байна.

Хотын захын хогон дээр, оршуулгын газарт үхэгсдээ дэрлэн амьдарч байгаа хүмүүс, нийгэмд тустай хөдөлмөр эрхэлдэггүй тэнэмэл хүмүүсийг бүгдийг бүртгэн хооллож хувцаслаад газар шорооны ажил, зам, барилга зэрэг бүтээн байгуулалтад дайчлан, ажиллах хүч болгон ашиглах хэрэгтэй. Гадаадаас монголчуудын хийж гүйцэтгэж чадах ажилд ажиллах хүч авахыг хориглож, дотоодын иргэдийг шахалтаар хамруулснаар иргэдийг ажилтай орлоготой болгох боломж бий. Тэдний үр хүүхдийг эцэг эхийн нь дараагийн үе болгон бэлтгэхгүйн тулд эцэг эхээс нь тусгаарлан цэцэрлэг сургуульд хүмүүжүүлэх хэрэгтэй байна.

Нийгэмд гадуурхагдсан, тэжээлгэгч сэтгэхүйтэй, амьдрах чадваргүй хүмүүсийн өсч олшрохыг ийм байдлаар таслан зогсоох хэрэгтэй. Бид гуравхан саяулаа. Бидэнд золионд гаргах илүүдээ гарсан хүн ам байхгүй. Хүн ардынхаа нэг хэсгийг тайраад хаядаг гарын хумс шиг үзэж болохгүй. Харин гарын хуруу шигээ санаж өөд нь татаад авъя. Энд ямар ч хүний эрх ярих шаардлагагүй. Монгол үндэсний нийтлэг эрх ашгаас давсан ямар ч эрх чөлөө байх ёсгүй! Энд армиас ч илүү ажиллах хүчний нөөц бий болчихоод байна. Армид алба хаагаагүй хүнийг төрийн албанд ажиллуулахгүй гэсэн хууль гаргачихаад шоронд явсан нь төрийн алба хашиж байгааг юу гэх вэ? Шорон армиас илүү нэр хүндтэй байж болох уу?

Гэр гэрийнхээ мухарт байгаа жижиг гар үйлдвэрүүдийг бүртгэж цуглуулан үйлдвэрлэлийн системд оруулах хэрэгтэй байна. Мал аж ахуйн түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг дэмжиж, энэ салбарт харин зах зээлийг, өрсөлдөөнийг, хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр малыг тавааржуулж, ашиг шимийг нэмэгдүүлж болно. Малыг эрүүлжүүлж, мал эмнэлгийг үр дүнтэй ажиллуулан малын ашиг шимийг нэмэгдүүлж, чанартай түүхий эд бэлтгэж, дотооддоо боловсруулснаар гадаадын түүхий эд бэлтгэгчдийн сүлжээг шахан гаргаж, дотоодын түүхий эд бэлтгэх сүлжээг бий болгож ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй.

Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг хямдруулахын тулд техник технологи, түүхий эдийн импортыг татвараас чөлөөлж, дотоодод үйлдвэрлэж байгаа ижил төрлийн бэлэн бүтээгдэхүүний импортын татварыг үйлдвэрлэлээ хамгаалах хангалттай өндөр хэмжээнд хүртэл нэмэх шаардлагатай. Түүхий эд дотооддоо боловсруулах технологи нэвтрүүлсэн судалгааны байгууллагууд, эрдэмтдийг шагнан урамшуулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх хөрөнгийг төр гаргадаг болох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт нэртэй луйварчид, хөрөнгө гулгуулагчдын эрэлд биш технологийн эрэлд хүмүүсээ явуулах хэрэгтэй. Монголын их дээд сургуулиудаас хамгийн ирээдүйтэй бөгөөд чанартай чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломжтой сургууль бол Хөдөө аж ахуйн дээд сургууль мөн юм. Зөвхөн дотоодын биш гадаадын оюутнуудыг ч сургаж болно.

Хүний нөөц хангалттай бүрдсэн мэргэжлээр суралцагчдад төрөөс олгодог хөнгөлөлтийг зогсоож, эдийн засаг, аж ахуйн салбарт шаардлагатай техник технологийн мэргэжлээр суралцагчдад илүү сайн хөнгөлөлт эдлүүлэх, энэ чиглэлээр суралцах чадвартай орлого багатай, ядуу айлын хүүхдүүдийг олноор дэмжин суралцуулах шаардлагатай байна.

Бидэнд баруунд тархиа угаалгасан, шилэн нүдтэй, эрвээхий зангиатай эдийн засагч, хуульч, философич, орчуулагч, элдэв янзын менежментийн мэргэжил эзэмшигчдээс илүүтэй инженерүүд, технологичид, мэргэжилтэй ажилчид л хэрэгтэй. Даргыг хэзээ ч Америк, Герман, Орос, Хятадад дээд сургуулиар бэлтгэдэггүй, харин эдгээр мэргэжилтэй ажилчин ажилтнуудаас тодруулж, сургаж авдаг системийг эргүүлэн сэргээснээр амьдрал мэддэг, ажлаа мэддэг бүтээлч үндэсний удирдах ажилтны давхаргыг бий болгох болно.

Нийтийн хоол зэрэг үйлчилгээний зарим салбарт гадаадынхан хөрөнгө оруулахыг хязгаарлах хэрэгтэй.

Өнөөдөр Монголд 100 гаруй их дээд сургууль ямар ч чанаргүй бүтээгдэхүүнүүд хэдэн арван мянгаар нь үйлдвэрлэж байна, барилгын 160 гаруй компани зах зээлийн эрэлтэд нийцээгүй барилгыг барьж валют гадагш урсгасаар байна, 150 гаруй компани эмийг хүнс шиг импортолж байна. Элдэв биологийн нэмэлт бүтээгдэхүүнээ зарахын тулд Монголчуудыг махнаас гаргах бизнес хүртэл хийж байна шүү дээ. Гуравхан сая хүнтэй улсад сонин хэвлэл, сайт, сэтгүүл, ТВ, радио нийлсэн 1000 хол гарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол зах зээл биш, үүнийг эмх замбараагүйтэл гэж нэрлэдэг. Бүтээгч салбарт ажиллах хүч дутаж, үйлчилгээ, тэжээлгэгч салбарт ажиллах хүчний нөөц илүүдэлтэй байгааг засах ёстой. Зах зээлийн судалгаа явуулж, энэ бүхнийг цэгцлэх шаардлагатайгаас гадна өнгөрсөн хугацаанд боловсруулж гаргасан бүх хуулиудыг нэгтгэн нэг системд оруулж, зөрчилдсөн заалтуудыг устгаж нэг чиглэлд оруулах учиртай.

Олон шашны төрөл бүрийн урсгалууд, гаднаас санхүүждэг янз бүрийн төрийн бус байгууллагууд энэ бүс нутагт зөвхөн Монголд л дураараа дургиж болж байна. Төрийн шийдвэр төрийн ордонд биш фэйсбүүк, твиттер, нийгмийн сүлжээгээр дамжсан гадны нөлөөлөлд автан гарч байна. Үүнийг ардчилал гэж нэрлэхгүй. Энэ бүхэн нийгмийн оюун санааг самууруулж байгаа хар тамхи. Эднийг бүгдийг цэгцэлж, гаднаас санхүүждэг төрийн бус байгууллагуудыг хуулиар хориглох ёстой.

Нийгмийн сүлжээнд оролцож харилцахдаа заавал албан ёсны нэр хаяг, бүртгэлтэй байхыг хатуу журамлаж, түүгээр хууль бус үйлдэл хийх, өдөөн хатгах, хутган үймүүлэх, хэрээс хэтэрсэн хараал, доромжлол, гүтгэлэг тараахыг хянан хязгаарлаж, иргэдийн оюун санааг хамгаалах шаардлагатай байна.

Хувь хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэгийг тодорхой хүрээ хязгаарт оруулж төр хянах ёстой. Байшин сав, студи, камер, дуран техник хэрэгслийг хувь хүн өмчилж болох боловч, нийтийн өмч-агаарын долгион, сэтгүүлч сурвалжлагчдын итгэл үнэмшил, үнэт зүйлийг ХМХ-ийн эзэн өмчилж болохгүй. Хэвлэл мэдээллийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг шууд хориглох ёстой. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр дамжсан оюун санааны самуурлыг ч цэгцлэхээс өөр арга үлдсэнгүй. Хэрэв төр нь үндэстнийхээ, нийгмийнхээ оюун санааг цэгцлэхгүй бол өөр хэн нэг нь түүнийг цэгцлэх л болдог. Тиймээс төр л үүнийгээ хийх ёстой, үүрэгтэй!

Энэ бол дарангуйлал биш, энэ бол эмх цэгц. Аливаа хүн, юмс байх ёстой байрандаа байхыг л эмх цэгц гэдэг. Төр нь төрийнхөө байх ёстой байранд, төрийн хүн нь төрдөө, гэмт хэрэгтэн шорондоо байхыг эмх цэгц гэдэг. Нянгарууд ч бас байх ёстой газартаа л байхыг эмх цэгц гэдэг. Бас аав нь шоронд биш гэрийнхээ хойморт, гудамжны буланд архичидтай биш гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг, хүүхдүүд нь гудамжинд тэнэж биш сургууль цэцэрлэгтээ байхыг эмх цэгц гэдэг.

Ийм эмх цэгцийг хүлээн зөвшөөрч, ийм бодлого явуулахыг дэмжиж байгаа хүмүүс, нийтлэгүүд, хамт олныг нэгтгэж улстөрийн цоо шинэ хүчин байгуулах шаардлагатай гэж бодож байна.

Төрөөс мөнгөний бодлогыг гартаа бүрэн авч, хэрээс хэтэрсэн өндөр хүүгээр хүүлэх, дамлах, түрээс, рентээр мөлжих явдлыг таслан зогсоох ёстой. Үнэ бүрдэлтийн хууль гаргаж стандартчилах, түрээсийн хэмжээг тодорхой хуульчлах, иргэд үйлдвэрлэл эрхлэгчдэд дарамт болохооргүй байхаар зохицуулах ёстой. 

25 жил хөрөнгө үрж хэрэн хэсүүчилж “гаднаас туршлага судаллаа”. Одоо өнгөрсөн үеийн алдаа оноо, ололт сургамжаа эргүүлэн судлая. Гаднаас биш өөрөөсөө өөрийгөө хайж олъё!

Дэвэн дэлхийгээр хий хоосон ардчилалынхаа талаар ярьж явах хэнд ч хэрэггүй. Очоод ярихад байтугай ирээд үзсэн нь “дүр эсгэсэн” Монголыг мэдэж байна. Аливаа улс-үндэстэн төрийн ямар хэлбэр, зохион байгуулалтыг сонгох нь тэдний хэрэг, бид ардчилсан манай хөршүүд дарангуйлагч, авторитар, коммунист гэж шүүмжлэх нь бидэнд ямар ч хэрэггүй. Үр дүн чухал. Үр дүн нь тэд хөгжиж, бид хямарч байна! Бид хөршүүддээ хүндэтгэлтэй найрсаг байж хамтран ажиллах замаар, тодорхой хэлбэл бүс нутагтаа байр сууриа эзэлж чадсанаар л цаашид оршин тогтнох урт удаан мандан бадрах боломжоо бүрдүүлнэ.

Бид энэ бүсэд, энэ нутагт төрийн албан ёсны тооллоор 2225 жил, үндэсний насжилтаар бүр ч олон мянган жил амьдарсан тооцогдохуйц үндэстэн- улс мөн. Дэлхий биднийг муухан мэднэ, 800 жилийн өмнөх сургаар мэднэ, харин хоёр хөрш маань сайн мэднэ. Яг өнөөдрийн байгаагаар маань мэднэ.

Томоохон дэд бүтцийн болоод ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг дотоодын явцуу эдийн засгийн хүрээнд тооцож хэрэгжүүлснээр олонх нь үр ашиггүй, эргэн төлөгдөхгүй, үрэлгэн, дарамт болсон алсын хараагүй, амжилтгүй, оноо авах төдий ажил болон хувирч байна. Үүнийг бид бүс нутгийн эдийн засгийн интеграци, хөгжлийн чиг хандлага, хөршүүдийн харилцан сонирхолтой уялдуулан ухаалгаар, тэдний тэнцвэртэй хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломж байсаар байгааг харж байна. Бид ингэж л эдийн засгаа бодит эдийн засгаар тэлж тогтвортой хөгжих тухай ярих учиртай. Гэтэл бид хоёр хөрштэйгээ биш далайн цаадах гурав дахь хөршүүдтэйгээ харилцаагаа хөгжүүлэх тухай л дэвэн дэлхийгээр нэг ярьсаар байгаа нь “дэвхрэг дэвхрээд буух газраа мэддэггүй” гэсэн монгол үгийг санагдуулж байна. Мэдээж гуравдагч хөрш хэрэгтэй ч тэд гуравдагч л юм шүү дээ.

Ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз олгодгоо яг одоо зогсоох хэрэгтэй. Эх орон хилээсээ биш дотроосоо шүүрэн шанага шиг болтлоо гадныхны мэдэлд очлоо. Хайгуулын лиценз эзэмшигчид өөрсдөө хайгуул хийхээсээ илүү гадныханд зардаг, лицензийг нь хураах болоход төрөөс нөхөн олговор авах нэрээр их хэмжээний мөнгө хулгайлдаг явдлыг даруй таслан зогсоох ёстой. Ийм явдлыг шалгаж, гэмт этгээдийг яллах ёстой. Одоо илэрсэн, одоо ашиглаж байгаа ордууд бидэнд хангалттайгаар барахгүй ихдэж байна.

Зөвхөн дархан цаазат газар гэлтгүй түүхэн дурсгалт, орчныхоо экологийн тэнцвэрийг хангадаг бүсүүдэд лиценз олгохыг зогсоох, тодорхой бүсүүдэд байгаа лицензийн төлбөрийг хэт өндөр тогтоох замаар буцааж авах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол ямар нэг “Юань” нэртэй компани Бурхан халдуны алтыг ухна гээд хахуульдвал манай Ерөнхий сайд, Их хурлын даргаас эхлээд арван лангийн ембүүнд алгаа тосдог аавууд хэтэрхий олширсон байна. Одоо нэмж хайх биш харин олсноо бодлоготой төлөвлөгөөтэй ашиглах цаг болсон.

Монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалахын тулд төрийн захиргааны хатуу тогтсон босоо тогтолцоог сэргээн бэхжүүлэх шаардлагатай байна. Холбооны улсын санхүүжилтээр нэгдмэл улсын аймаг хэмээх засаг захиргааны нэгжээ муж улс шахуу болгож байгааг нэн даруй зогсоох ёстой. Засгийн газар нь нэг тийшээ, аймаг хот нь нөгөө тийшээ, дүүрэг сум нь бүр өөр тийшээ харсан, лиценз уралдаж зарсан, сангийн мөнгө хулгайлж шамшигдуулсан, улсын үндэс болсон газраа нууж худалдсан гэх мэт үй олон булай булхай үйлдлүүд илэрсээр байхад орон нутгийн бие даасан байдал гээд нүдээ аниад өнгөрөөж болохгүй. Тэд ямар автономит улс, өөр үндэстэн үү? Сүүлдээ байчихаад аймаг, сум өөрийн төлөөлөгчийн газруудыг гадаадад байгуулж байгаа солиорол нь гадаад харилцааны нэгдмэл байдал алдагдах аюулд хүргэж байна.

Дээд шатны шийдвэрийг дунд шатанд эсэргүүцдэг, дунд шатны шийдвэрийг доод шатанд улдан унагадаг үүнийгээ намын эрх ашгаар тайлбарладаг, шат шатандаа хуралтай, дээд газрын биш доод хурлын шийдвэрээр ажил унагадаг, шагнал тараах болохоор уралдан гүйдэг, хариуцлага хүлээх болохоор нэгэн рүүгээ бухдаг байж болохгүй. Нэг улсыг өөр өөр намууд хуваан захирч болохгүй! Нэг улсыг нэг төр л захирдаг! Аймаг болгон сум болгон есөн хөлт цагаан сүлдтэй, аймаг сум бүр туг далбаатай хуралтай, арай л хаангүй байх шиг. Энэ тэгээд феодалын бутрал уу? Хувааж захирахаас гадна хуйвалдаж иддэг, нэгнээ хаацайлдаг, хамаатан саданаар талцдаг, угсаа залгамжилдаг байдлыг нэн даруй устгах ёстой. Засаг захиргааны нэгж эдийн засгийн ашиг хонжоогоор нэг компанийн халаасанд орж буй жишээ үй түм, тэр компаниуд нь сумыг байтугай Засгийн газрыг худалдаад авчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ.

Товчхондоо эмх цэгцэндээ орцгооё! Эцэст хэлэхэд одоо бид эвлэлдэн нэгдэж мартсаныг сануулж, унтсаныг сэрээж, хүн бүр дор бүртээ хувийн хариуцлагаа ухамсарлаж, харь сэтгэлт этгээдүүдийг илрүүлэн зайлуулж, эх орныхоо ирээдүйн хувь заяаг гартаа авах цаг ирсэн байна. Энэ тэмцлийн эгнээнд хуучин хонзонгоо авахыг хүсэгчид, гомдож тунирхагчид, өмнөх алдаагаа үл хүлээгсэд, ашиг хонжоо хайгчид нэгдэх зай завсар байх ёсгүй. Бид сонгууль хоорондын хариуцлагыг биш нийгмийн бүхэл бүтэн үеийг хорлонтойгоор сүйтгэсний хариуцлагыг ярьж байна. 25 жил Монголыг сүйрүүлж сүйтгэхэд хамгийн нөлөөтэй оролцож төрийн бүх шатны албан тушаалд тасралтгүй суучихаад өнөөдөр ачтаны дүрээр ард олныг хууран мэхэлж болохгүй! Ард иргэд минь рашаан гээд шалбааг уух вий, ачтанаа гээд араатныг дагах вий!

Зөвхөн сонгууль болохоор нойрноос сэрж их дуугаар зандчаад бусад цагт бэртэгчин зан гаргаж гар хумхин суухыг өөртөө зөвшөөрч болохгүй. Бид нэгдвэл, бид ард түмэнтэйгээ нэгдвэл тэмцэл ялалт болно. Бид зангидсан нударга шиг, ард түмэн хүчирхэг булчинлаг шуу шиг байх хэрэгтэй. Хий хоосон сарвагнацгаавал хуруугаа нэг нэгээрээ хугачуулахаас өөр үр дүнд хүрэхгүй гэдгээ одоо ухамсарлах ёстой.

Монголын нийт ард иргэдэд өнгөрсөн 4 биш 25 жилийн хариуцлага ялыг эрх баригчдаас, эрх барьж байсан, барихыг санаархагчдаас нэхэхийг уриалан дуудаж байна.

Гантөмөрийн Уянга