Монгол залуусын бүтээсэн “Ухаалаг гэрэл” японруу экспортлогдож байна
8 жил, 4 сар өмнө

Монголчуудын өдөр тутмын хэрэглээний нэг нь яалт ч үгүй гар утас болжээ. Интернэт, гар утастай байхад хаанаас ч хүссэн мэдээллээ авах боломжтой. Тэгвэл гар утсаа удирдлага болгох боломжтой бүтээлийг монгол залуус хийжээ. Тэд бүтээлээ “Ухаалаг гэрэл” гэж нэрлэсэн байна. Тэдний хийсэн бүтээлээр интернэт, "Wi-Fi", bluetooth ашиглаж гар утаснаасаа гэрлээ асааж, унтраах боломжтой юм. Тодруулбал, гэрээсээ гарахдаа гэрлээ унтраахаа мартсан бол интернэт, "Wi-Fi"-аа ашиглаж гар утаснаасаа гэрлээ унтрааж удирдах боломжтой программыг монгол залуус зохион бүтээжээ. Ингээд “Ухаалаг гэрэл”-ийг зохион бүтээсэн “General smart” компанийн гүйцэтгэх захирал, МУИС-ийн магистрант Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Ухаалаг гэрэл бүтээх санаагаа хэрхэн гаргаж байсан бэ. Бүтээгдэхүүнээ хийхэд хэр их хугацаа зарцуулсан?

-Манай багийнхан бүгд технологийн чиглэлээр сурсан, сурч байгаа залуус байдаг. Бид орчин үеийн технологийн шинэ шийдлийг ашиглаж гар утас, таблетнаасаа гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдаж болох юм байна гэдэг санааг 2013 онд гаргаж, судалж ирсэн. "Ухаалаг гэрэл" бүтээгдэхүүнийг хийхээс өмнө "Ухаалаг гэр" бүтээлийг гаргасан. Өнгөрсөн онд би Бээжинд технологийн чиглэлээр сургалтад суух хугацаандаа тус улсын технологийн үйлдвэрүүдтэй танилцсаны дараа "Ухаалаг гэрэл" бүтээгдэхүүнээ хийх боломжтой гэдэг санаагаа илүү баталгаажуулсан. Бээжинд суралцах хугацаанд Ухаалаг гэрэл бүтээгдэхүүнийхээ "hardware" болон "software" программыг хөгжүүлж эхэлсэн. Энэ оны эхээр Монголдоо ирээд нэг сарын хугацаанд программаа улам сайжруулсан. Манай багийнхан БНСУ-ын Ногоон хөгжлийн сангийн санхүүжилттэй, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Стартал Монголиа ТББ, Интерньюс ОУ-ын ТББ-аас хамтран хэрэгжүүлж буй санаачлагын хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй ногоон хөгжлийн асуудлуудыг илрүүлэх, залуучуудын шинэ санал, санаачлагыг дэмжих, тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх, уламжлалт бус технологийн шийдлүүдийг боловсруулах, цаашид урт хугацаанд үргэлжлэх, бизнес болгон хувиргахад чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулах зорилготой “Хуучин асуудлыг шинэ шийдлээр” уриатай Code for Green UB тэмцээнд амжилттай оролцож эхнийшилдэг 3-н байранд шалгарсан. Мөн энэхүү тэмцээнийхээ хажуугаар хөгжүүлсэн бүтээгдхүүнээрээ Япон улсаас зохион байгуулагддаг технологи программ хангамж хөгжүүлдэг олон улсын тэмцээнд оролцож тэргүүн байрын шагнал авсан. Японы талаас биднийг технологио цааш хөгжүүлж ажиллах санал тавьсан. Бидний бүтээсэн ухаалаг гэрэлнээс эхний ээлжинд 1000 ширхэгийг авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн. Бидний хувьд дөнгөж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, бизнес маань эхэлж байгаа учраас сарын хугацаанд 1000-ыг нийлүүлэх боломжгүй байсан. Одоо бага багаар нийлүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сард эхний 200 ширхэг гэрлээ Япон руу экспортонд гаргасан.

-Японууд та хэдийн бүтээлийг хэрхэн хүлээж авсан бэ. Чанарын хувьд ямар үнэлгээ тавьсан бэ?

-Бидний бүтээлийг нааштайгаар хүлээн авсан. Ер нь маш их сонирхож байгаагаа илэрхийлсэн. Учир нь Японд бидний гаргасан шиг гар утаснаасаа гэр, байгууллагынхаа гэрлийг удирдах шинэ бүтээгдэхүүн гараагүй байгаа юм. Тиймээс их сонирхож байгаагаа хэлсэн. Саяхан Codefor green UB төслийн хүрээнд Солонгос улс руу бизнес аялалаар явахдаа бүтээгдэхүүнээ танилцуулаад ирсэн. Солонгост мөн энэ чиглэлийн санааг хараахан гаргаагүй байгаа.

-Албан байгууллага, айл өрхүүдэд удирдлагатай гэрэл гэж байдаг ш дээ. Удирдлагаараа гэрлээ унтрааж, асаадаг. Энэ шийдлээс юугаараа онцлог вэ?

-Удирдлагатай гэрлийг тодорхой хэмжээний радио давтамжийн хүрээнд асааж унтраана. Телевизорын удирдлагатай адил зүйл л дээ. Сүүлийн үед гар утасны олон аппликейшн шинээр бий болж байна. Хүний зайлшгүй нэг хэрэглээ нь гар утас учраас бусад хэрэглээгээ гар утаснаас удирдах боломжтой гэдгийг энэ бүтээгдэхүүнээрээ гаргаж ирж байна. Нөгөө талаар хүний үйл ажиллагааг улам л хөнгөвчилж байгаа нэг хэлбэр л дээ. Тухайн хүн заавал босч гэрлээ унтраахгүйгээр утаснаасаа асааж, унтраах боломжтой. Хүний үйл ажиллагаа илүү хөнгөвчилсөн бүтээгдэхүүнийг сүүлийн үед ухаалаг хэрэглээ гэж нэрлэдэг болсон. Тиймээс л "Ухаалаг гэрэл" гэж нэрлэсэн. Эхний ээлжинд гар утаснаасаа удирдах программыг хийсэн бол одоо бид гар утасныхаа "Bluetooth"-ээр холбогдож гэрлээ асааж, унтраадаг эрчим хүчний хэмнэлттэй технологийг ашиглах төхөөрөмжийг суурилуулж байна. Одоо "Wi-Fi" ашиглаж гэрлээ унтрааж, асаадаг болгох ажилдаа орсон.

-Иргэд гадуур явж байгаад гэнэт гэрлээ унтраагаагүй явснаа санавал "Wi-Fi"-тай газар ороод л утаснаасаа унтрааж болно гэсэн үг үү?

-Тэгнэ. Интернэттэй нөхцөлд гэрлээ хаанаас ч унтрааж, асааж болно.

-Интернэт цахим ертөнц хөгжсөн үед маш шинэлэг санагдаж байна. Гэхдээ та нарын бүтээсэн гэрлийг Монголд яг одоо ашиглаж байна уу?

-Дотоодод хараахан борлуулж эхлээгүй байгаа. Бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө судалгаа хийсэн. Одоогийн байдлаар бидний бүтээгдэхүүнийг авахаар Монголын хоёр “кофе шоп” захиалгаа өгөөд байгаа. Ер нь кофе шоп, ресторан, паб зэрэг газар олон гэрлийг нэг удирдлагын төхөөрөмж эсвэл таблетаас зэрэг удирдах боломжтой тийм технологиор шийдэж байгаа. Тиймээс үйлчилгээний байгууллагууд илүү сонирхож байна. Өрх айл гэхээс илүү залуус их сонирхож байх гэж бодож байна. Улаанбаатар хотын иргэдийн 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид иргэдээ орон сууцжуулах ажил эрчимтэй явагдана. Бидний зүгээс бүтээн байгуулалтын энэ их ажилд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавьсан байгаа.

-Японд эхний ээлжинд 200 гэрэл гаргасан гэлээ. Нууц биш бол ойролцоогоор хэдэн төгрөгөөр нийлүүлсэн бэ?

-Бидний бүтээсэн гэрлийг дотоодын зах зээл дээр гэхээс илүү гаднын зах зээлд борлуулбал илүү орон зай байгаа санагдсан. Ер нь монгол залуус өөрсдийн бүтээсэн аппликейшнаа дотооддоо ашиглах нь бага байдаг. Энэ нь манайдутасгүй интернет болон түүнтэй холбоотой технологийн салбарууд сул хөгжсөнтэй холбоотой. Гаднын улсууд бидний бүтээсэн гэрлийг дунджаар 99 ам.доллараар зардаг. Бидний хувьд гэрлээ хийгээд борлуулж байгаа зардлаа нөхөөд 25 ам.доллараар зарахад хангалттай гэж үзэж байгаа. Дотооддоо хүчин чадлаас хамаарч 20-25 мянган төгрөгөөр зарна гэж тооцсон.

-Хүчин чадлын хувьд айл өрхүүдийн одоо хэрэглэж байгаа гэрлээс хэр ялгаатай вэ?

-Бид 8-12 ваттын хүчин чадалтай гэрэл үйлдвэрлэж байна. Энэ төрлийн хүчин чадалтай чийдэн нь энгийн улайсах чийдэнтэй харьцуулахад 100 ватт орчимд очдог. 12 ваттын хүчин чадалтай гэрэл хийхэд 100 ваттын чийдэнтэй ижил хэмжээний гэрэлтүүлэлттэй асна гэсэн үг. Гэхдээ манай гэрэл LED технологи ашигласан учраас эрчим хүчийг 85 хувь хүртэл хэмнэх боломжтой.

-Сүүлийн үеийн гэрлүүд хагас жил болоод л шатчихдаг болсон. Танайх хэдэн жилийн баталгаатай вэ?

-Япон руу гаргасан эхний гэрлүүдэд таван жилийн баталгаа олгосон байгаа. Гэрэл хийхэд ашигласан бүтээгдэхүүний технологийн нас 50 мянган цаг асах боломжтой. Тэгэхээр дунжаар 6 орчим жилийн хугацаанд шатах магадлал маш бага гэж үнэлж байгаа.

-Гэрлээ дотооддоо угсардаг юм уу. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх материалаа хаанаас авч байна вэ?

-Гэрэлийн эх бие болох хөнгөн цагаан бүрхүүлийг Хятадад захиалгаар хийлгэсэн. Бидний хийсэн гол төхөөрөмж бол гэрэл доторх удирдлагын төхөөрөмжийг зохион бүтээсэн. Интэрнэт ашиглаад удирдаж болж байгаа тохиолдолд үүнтэй ижилхэн төхөөрөмжийг нийлүүлвэл дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж гарч байгаа юм. Ер нь Монголд технологи хөгжүүлэх чадвартай олон зауус байгаа. Харин технологи угсрах тоног төхөөрмж манайд байдаггүй. Өөрөөр хэлбэл, гар утас зохион бүтээх шинэ санаа сэдэл, программыг бичих чадвартай ч үйлдвэрлэл огт хөгжөөгүй байгаа нь бидний сул тал болж байна. Уг нь технологийн санаа, программчлал нь байдаг. Харин ямар арга замаар яаж технологио бүтээж, яаж зах зээлд нэвтрүүлэх нь тодорхой болбол дэлхийн зах зээлд бид өрсөлдөх бүрэн боломжтой. Ингэснээр Монголын олон брэнд бүтээгдэхүүн төрөн гарна.

-Сүүн гэрэл цахилгаан бага зарцуулдаг гэж ярьдаг. Танай ухаалаг гэрэл цахилгаан хэр хэмнэх вэ?

-Энгийн улайсдаг чийдэнтэй харьцуулахад 85 хувиар бага зарцуулна. Харин өдрийн буюу сүүн гэрэлтэй харьцуулахад 30 хувиар бага цахилгаан зарцуулна. Энгийн "LED" гэрэлтэй харьцуулахад 10-15 хувийн эрчим хүч хэмнэнэ гэж тооцсон. Дээр нь долоо хоногийн аль өдрүүдэд асаахаа тусгай график хөтөлж удирдах боломжтой. Сарын хугацаанд хэдий хэмжээний цахилгаан зарцуулсан гэдэг нь шууд харагдана гэсэн үг.

-Та хэд зах зээлийн судалгаа хийсэн гэж ярилаа. Худалдаанд гаргавал ашигтай байж чадах нь уу?

-Интернэтээр 1000 гаруй хүнээс судалгаа авсан. Судалгаагаар иргэд өрөөнийхөө гэрлийг хагас жилд хоёр удаа сольдог гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 300 мянган өрх байгаа гэж тооцвол хагас жилд 600 мянган гэрэл сольдог гэж тооцсон. Тиймээс бидэнд боломж байна гэж харсан хэрэг. Өөрөөр хэлбэл хагас жилд 600 мянга, жилд нэг сая 200 мянган гэрлийг зах зээлд гаргах орон зай байна гэсэн үг.

-Цаашид ямар бүтээгдэхүүн хийх зорилготой байгаа вэ?

-Бидний хувьд “Ухаалаг гэр” бүтээлээ өргөжүүлэн хөгжүүлж Монголын орчин нөхцөлд тохирсон хямд үнэтэй байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологиудыг шингээсэн ухаалаг ажиллагаатай, интернет ашиглан веб болон ухаалаг утаснаасаа хүссэн газраасаа гэртэйгээ холбогдож хаалга, цонх, залгууруудаас авхуулаад гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг удирдах болон цахилгаан, хэрэглээний усныхаа мэдээллийг хянах боломжтой нэгэн цогц бүтээлийг бүтээхээр ажиллаж байна. Мөн энэхүү бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нэвтрүүлэх зорилгоор олон төрлийн судалгаа шинжилгээний ажлуудыг эхлүүлээд явж байна.

Энхтайван МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: http://www.itoim.mn/index.php/site/news/984