Монголын үр тариа эрхлэгчийн Газар тариалан холбооны брэндинг хөгжүүлэлт, медиа удирдлага
10 жил, 12 сар өмнө

Монголын үр тариа эрхлэгчдийн
ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООны брэндинг хөгжүүлэлт болон олон нийттэй харилцах медиа удирдлагын бодлого төлөвлөгөө, агуулга зохиол хөгжүүлэлтийн ажлуудаар хамтран ажиллаа.

ТАРИАЛАНЧ МИНИЙ АМЬДРАЛ (монолог анимайшн зохиол)

2010 оны 11 сар

Тоног төхөөрөмжөө захиалах үе

За шинэ он ч дөхлөө. Ирэх жилийн хадлан тариалангийнхаа бэлтгэлийг эхэлье дээ. Хэдэн банкны хаалга татъя, тоног төхөөрөмжөө ч захиалъя. Банкны бичиг цаас, барьцаа хөрөнгө, гадагшаа дотогшоо захиалга гэсээр сунжирдаг хорвоо, одоо л эхлэхгүй бол амжихгүй.

Ирэх жилийн будааны үнэ ч мэдэхгүй, цаг агаарын байдал ч мэдэхгүй байдаг, бензин шатахууны үнэ ч тодорхойгүй мөн ч бүрхэг байна даа. Энэ өвөл ажилчидынхаа шинэ жилийг нэг тэмдэглээд цагаан сан өнгөөрдөхвөл ч хаварын ажил ч эхэлнэ дээ. Уринш хийчихсэн юм чинь тариа тарьдаг л байх даа.


2011 оны 3- 4 сар

Уриншийн техникийн засварын үе

Хэдэн сэлбэг ч яахав энд тэндээс цуглуулаад боллоо. Одоо сайн засаж сэлбэж авъя. Харин шатахуунаа, хор, бордоогоо яана даа. Энэ жил бас л үнэд орчихож. Хөөрхий дөө, энэ хэдтэйгээ мөн ч олон жил ханиллаа даа. Гадаа хандаж, хөдөө хөхөрч олон ч жил газар шороотой ноцолдлоо. Энэ хэдийн маан ч хүүхдүүд нь том болчихлоо. Энэ жил шижигнэтэл сайн ажлаад гэр бүл, үр хүүхдийг нь баярлуулчихсан юмсан.


2011 оны 5 сар

Уриншийн ажил

Ямартай ч уриншаа хийгээд авлаа. Түрүү жил уринш хийж чадаагүй болохоор энэ жил үрэлгээ хийж чадсангүй. Уриншийнхаа талбайд мал оруулахгүй байх юмсан. Эзэнгүй мал ч хэцүү дээ. Хэдэн харуул авахаас даа. Нутаг усныхан ойлгоод малаа цааш нь бэлчээгээд, тариа сайн ургавал нутаг усны л нэр гарч амьдрал ахуйд нь хэрэгтэй л байх даа.


2011 оны 6- 8 сар

Уриншийн хор цацах үе

Хог ургамалгүй бол тариа сайн ургана. Нэг бүрчлэн нямбай сайн цацаж га талбай бүрээсээ сайн ургац авахын төлөө зүтгэнэ дээ. Энэ жил хор үнэд орчихсон байна шүү. Ямар ч байсан уриншаа дууслаа. Ирэх жил тариа тарьж, уриншаа хийнэ. Өвөл хавар цас их орж газрыг сайхан чийглээд өгөөсэй.


2012 оны 3 сар

Үрлэгээний техникийн засварын үе

Үрлэгч, хавагч, хор цацагч, комбайн тоног төхөөрөмжөө сайн засаж сэлбээд авъя. Зарим нэг байхгүй, эвдэрсэн төхөөрөмжөө хэнээс гуйдаг юм билээ. Энэ жилийн хавар ч хүйтэн болж байна даа. Уул нь энэ жил ч чийгтэй сайхан сайхан байна. Уг нь эрт дулаарах юм гэсэн.


2012 оны 5 сар

Хаврын тариалалтын ажил

Ноднингийн уринш маань сайхан болжээ. Талбай халтартаад л нүнжигтэй харагдаж байна даа. Хаврын 1 өдрийн намрын 10 өдөртэй тэнцдэг гэдэг. Манайхан цаг хугацаатай уралдаж өдөр шөнөгүй л ажиллаж байна даа. Эхнэр, хүүхдүүдээ орхиод ажилд нь гарахаас өмнө цалингийн зээл ч гэсэн авч өгч хэдэн цаастай үлдээхгүй бол болохгүй. Банк ч юм хялайлгах шинж алга. Ломбарднаас л нэг хэдэн төгрөг олъё доо. Хурдран шиг үрээ цэвэрлээд үрэлгээндээ гаръя. Тариа соёолох үед мал идчихвэл хэзээ ч ургахгүй бүтэн жилийн хөдөлмөр талаар болно шүү дээ. Өнгөрсөн жил 10 гаруй хувиа малд идүүлсэн. Жил ирэх бүр л малын тоо толгой нэмэгдээд, талбайд мал орох нь ихсээд байх юм. Энэнд арга хэмжээ авч болдоггүй юм байх даа. Энэ жил яаж идүүлэхгүй байх вэ гэж бодохоор шөнө ч нойр хүрэхээ байлаа. Яана даа.


2012 оны 6 сар

Таримлын болон уриншийн хор цацах үе

Ойрын өдрүүдэд салхи ихтэй, хэт халуун байгаа болохоор хор цацаж болдоггүй ээ. Уул нь цаг уурын мэдээгээр салхигүй л гэсэн юмсан. Манайхан ч уг нь онож бууддаг болчихсон юмсан. Заримдаа бороо шаагиад болохгүйн. 14 хоногт дуусгачихъя гэж бодож байсан ч сар гаруй болчихлоо. Хоол унд ч багасчихлаа. Энэ хэд маань ч зутарчихлаа шүү. Тэнгэр хангай минь биднийхээ хөдөлмөр зүтгэлийг ивээх болтугай.


2012 оны 6- 7 сар

Тариа соёлох үе

7 сард гол хатгаж, сайхан түрүүлж байна. Одоо л нэг бороо орвол мөн ч хэрэгтэй байна даа.


2012 оны 8- 9 сар

Тариа боловсрох үе

Тариа шаргалтаад жигд сайхан болжээ. Гэхдээ бүрэн хэмжээд ургацаа хураах эсэхийг тэнгэр л мэднэ дээ. Аашаа үзүүлвэл, ширүүн бороо, мөндөр, хүйтэн шамрага нэг дайрахад л гүйцээ шүү дээ. Зарим малчид нээрээ үнэхээр увайгүй юмаа. Тариан талбайгаас идүүлэх гэж албаар малаа хөөж оруулж ирж байх юм. Өөрсдийнх нь малыг нядлаад идчихвэл яаж уурлах болоо, гэтэл адилхан нэгнийхээ хөдөлмөрийг устгана гэдэг бол ялгаагүй л гэмт хэрэг шүү дээ. Зарим орнууд газар тариалангаа дэмжих зорилгоор уринш хийснээс хойш мал байтугай, шувуу ч оруулахгүй, талбайд орж ирсэн амтаныг буудах эрх бүхий хуультай байдаг гэсэн. Хуулиа эргэж харах хэрэгтэй байна. Малыг хашиж болно гэдэг. 3 хоног хашигдсан малыг хараад л өрөвдөөд л гаргахаас өөр аргагүй болдог.


2012 оны 9- 10 сар

Ургац хураалтын үе

Тариа тарган шар шиг сайхан болцтой сайхан цутгалттай болжээ. Ид хураалтын цаг даа. Хэдэн комбаничид, жолооч нар нойр хоолгүй л явна даа, хөөрхий. Мөндөр шиг шаагисан тариа хураалаа даа. 45 хоногт багтаж хураахын тулд хоногийн 18 цагаар ажиллана. Анхны цаснаас амжиж хураахгүй бол 2 жилийн хөдөлмөр цасанд дарагдчихна шүү дээ. Сүрэл нь талбай дээрээ үлдээд хөрсөндөө бордоо болвол зүгээр байдаг. Гэтэл мал амьтан орж ирж идээд хөрс дагтаршуулчих юм даа. Тариаланч хүний зовлоон гэж, жилийн дөрвөн улиралд, 24 цагийн турш л үргэлжлэх юм даа.


2012 оны 10, 11 сар

Үтрэм дээр

За одоо хураасан тариагаа муутгаж, малд идүүлчихгүй шиг хурдан тушааж мөнгөтэй золгохгүй бол банкныхан барьж идлээ. Сав суулга муутай болохоор үтрэм дээр л буулгая даа. Уг нь тариаланчиддаа нэгдэж нийлээд том агуулахтай болчихвол хүний царай харахгүй амар юм даа. Будаагаа 25-р нэг гүйлгэчихье дээ, тэгэхгүй бол гурилын үйлдвэрт гологдох байх. Тариалан Эрхлэгчдийг Дэмжих сангийн гадаа олон машинууд хонож байгаа харагдана лээ, зарим нь буцаж байна гэнэ.


2012 оны 11 сар

Борлуулалт: Гурилын үйлдвэр дээр

За одоо ингээд жинхэнэ зовлон эхлэнэ дээ. Хаанаасаа хаалга ч хүртэл дарга болдог үе ирлээ. Биднийг энд үйлээ үзэж байхад будааны үнийг унагачихаж, одоо яана аа. Гурилын үйлдвэрийнхний хийж байгаа ажил байх даа. 24 сар зовж ургуулсан будаа маань савтай усны үнэ ч хүрэхгүй юм даа. Ашиг олох ч өнгөрлөө. Блансаа л бариулах арга чарга байна уу. Одоо хурдлахгүй бол урамшууллаа авч амжихгүй болох нь. За ямар ч байсан будаагаа ачаад Т.Э.Д сан, гурилын үйлдвэррүү гаргы даа. Дээж аваад тарианы хольц гээд хамаг будааны талыг нь хасчихлаа. Чийгтэй будааны хатаалгын хөлс гээл тонн тутамд 20000₮ нэхэж байна.

Тээврийн хөлс гээд тонн тутамд 25000₮ авчихлаа. Үлдсэн будааг нь Т.Э.Д сан өрөндөө авчихлаа. Тушаагаад мөнгө авах нь уу гэтэл өрөндөө суутгаад дуусчихлаа. Ар гэр ажилчиддаа юугаа авч очно доо би.

Будаагаа ургуулах гэж 1 тонн тутамд 300000 гаруй төгрөг зарцуулчихаад, буцаагаад зарсан чинь 200000 төгрөгөөр борлууллаа. Энэ ч мөн сайхан наймаа еэ. Улаанбуудайны үнийг тогтоохдоо тариаланч бидний саналыг аваад өртөгөөс нь үндэслэж тогтоож болдоггүй юм байх даа. Ер нь яахаараа, будааны стандартыг гурилын үйлдвэрийн лаборант тогтоодог юм бэ! Таваарын Будааны стандартыг тогтоохдоо гурилын үйлдвэр л тогтоодог гажиг тогтолцоог яана даа. Ядахдаа батлалцахад нь тариаланчид биднийг оролцуулмаар юм даа.

Бидний худалдаж авдаг шатахуун тос масло, хор бордоо жил болгон л өсөөд байх юм. Гэтэл улаан буудайн үнийг улам л буулгах юм. Бид нар чинь шатахуун сэлбэг худалдаж авч, бүх юмаа зээлээр авна. Байдаг юмаа банкинд тавьна. Хаврын цочир хүйтрэл, хуурай халалт, 6 сарын бороогүй үе, 7 сарын хэт халалт, 8 сарын намрын бороо, мөндөр, 9 сарын мал, 10 сарын цас энэ их эрсдлийг даваад, жаахан будаандаа савлаад авсаны дараа,

Хэн дуртай нь үнэ тогтоож наанадаж бидний амьдралаар тоглож, цаашлаад газар тариалангийн салбар, улс эх орны хүнсний хангамжтай холбоотой асуудал үүсгэчихээд хэнэггүй явж байх юм даа.

Бидний будааны үнэ тодорхойгүй, төлөвлөгөө байхгүй. Бүтэн 2 жил шар махтайгаа хатаж хөдөлмөрлөөд ямар ч орлого олдоггүй. Гурилын үйлдвэрийн тээрмээр нь ороод л мөнгө, дээр нь ашгаа нэмээд, гурилны үнэ нь тогтвортой, төлөвлөгөөтэй, улсаас мөнгөн дэмжлэгтэй. Бидний дэргэд ч дээ, дэндүү жаргалтай юмаа.

Арай ингэж сууж болохгүй ээ.

Нэгдэж нийлэх цаг иржээ, асуудлыг хамтраад шийдэцгээе!

Монголын үр тариа эрхлэгчдийн ГАЗАР ТАРИАЛАН ХОЛБООны захиалгаар бүтээв.
Зохиолыг бичсэн Ж.Лувсандорж 
Найруулагч Очбаяр

http://urtaria.mn