"​МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ ДЭЛХИЙД ТҮГЭЭЕ" ТӨСЛИЙН НЭЭЛТ
8 жил, 9 сар өмнө

Монголын нууц товчоог хүн төрөлхтөнд таниулан алдаршуулах “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” төслийн хүрээнд хийгдэж буй “Монголын нууц товчоо Түгээмэл эх”-ийн Дэд дэвтэр “Эсгий туургатныг нэгтгэж Их монгол улсыг байгуулав” номын нээлт болон “Чингис хаан” анимейшн кино бүтээх төслийн танилцуулга 2015 оны 5-р сарын 27- нд Төрийн түүхийн музейд боллоо.

Монголы нууц товчоог дэлхийд түгээе” төслийг санаачлагч зураач Р.Батцэнгэл “Монголын нууц товчоо түгээмэл эх” цуврал бүтээл болон Монгол үндэсний имижийг дэлхийд гаргах Монгол брэнд “Чингис Хаан” анимейшн киног бүх монголчуудынхаа хүсэл зоригоор хамтдаа бүтээх зорилготой төслөө танилцууллаа.

Нээлтэнд урилгаар түүхч, археологич Д.Эрдэнэбаатар, түүхч, орчуулагч доктор Г.Аким, түүхч, доктор, профессор С.Цолмон, түүхч, доктор, профессор А.Пунсаг, Төрийн соёрхолт яруу найрагч, зохиолч З.Дорж нар оролцож Монголы нууц товчоо бол Монгол бахархлын ноён оргил, монголын түүх соёлын нэвтэрхий толь- Монгол брэнд мөн тул дэлхий дахинд түгээн алдаршуулах нь маш зүйтэй санаачлага болохыг дуу нэгтэйгээр хэллээ. МНТ түгээмэл эх нь түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтыг тусгаж, эх зохиолын агуулгыг баяжуулж, дутууг нь нөхөх бодит дүрслэлтэй бүтээл болж чадсаныг түүхч, археологич Д.Эрдэнэбаатар онцлон тэмдэглэлээ. Уг бүтээлээс Их Монгол улсын үеийн овог, аймгуудын соёлын хэв маяг, угсаатан ястаны дүр төрхийн ялгаа, дээл хувцас, орд өргөө, хоол хүнс, бүжиг хөгжим, зэр зэвсэг, хуяг дуулга, бичиг соёл, дайны урлаг зэргийг харах боломжтой.

“Монголын нууц товчоо illustration art” үзэсгэлэн 6-р сарын 5 хүртэл 10:00- 13:00 14:00- 16:30 цагийн хуваариар Төрийн түүхийн музейд үргэлжилнэ. Та үзэсгэлэнгээр зочилж МНТ- г зурагт дүрслэлээр үзэхээс гадна МНТ түгээмэл эх номын 1, 2-р дэвтэрийг зураачийн гарын үсэгтэй худалдан авах боломжтой. Таны ном худалдан авсан төлбөр “Монголы нууц товчоог дэлхийд түгээе” төсөлд хандив болон хуримтлагдах юм.

Эрхэмсэг Монгол хүмүүн таныг монгол үндэстэний бахархал, итгэл үнэмшлийг сэргээх, монгол хүний суу алдарыг дэлхийд тунхаглах Монголы нууц товчоог дэлхийд түгээе төслийг дэмжиж түүхэн их үйлсд нэгдэхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/SecretHistoryMongols хуудаснаас авах боломжтой.